Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 02403

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/03121 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.М-д холбогдох

 Зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Ц.М-тэй зээлийн гэрээ байгуулж, 4 200 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн, мөн 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр авсан 2 500 000 төгрөгийн зээлийг төлөөгүй. Хариуцагч Барс худалдааны төвд цайны газар ажиллуулдаг байсан бөгөөд сарын түрээсийн төлбөрт 1 800 000 төгрөг төлдөг байсан бөгөөд уг мөнгийг надаас зээлэн авч, орлогоосоо өдөрт 80 000 төгрөг, сард 2 400 000 төгрөгийг буцаан төлж, үүнээс 500 000-600 000 төгрөгийг хүү гэж тооцдог байсан. Би хариуцагчид түрээсийн төлбөр төлөхөд 16 200 000 төгрөгийг зээлж, 5 400 000 төгрөгийн хүү авсан. Бидний хооронд 21 600 000 төгрөгтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй, энэхүү нэхэмжлэлд хамааралгүй юм.

Хариуцагч Ц.М надаас 4 200 000 төгрөгийг 2 охины хуримын бэлтгэл ажилд зориулж, 2 500 000 төгрөгийг Барс худалдааны төвд 2017 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөр болон өнгөрсөн хугацаанд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг төлөхөөр авсан. Иймд хариуцагчаас 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн үндсэн зээл 4 200 000 төгрөг, түүний 3 сарын хүү 630 000 төгрөг, алданги 2 720 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлсэн 2 500 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Б.Э-тай 2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд хамтран ажилласан. Уг хугацаанд Б.Э өдөр бүр түрээсийн мөнгө 60 000 төгрөг, өөрийнхөө ашиг 20 000 төгрөгийг бэлнээр өдөр бүрэн төлж 9 сарын хугацаандаа 21 600 000 төгрөг бэлнээр төлж байсан. Энэ мөнгийг өгөхөөс өмнө Б.Э-аас ажлын байрны түрээсэнд 1 800 000 төгрөг, ажлын байрны барьцаанд 1 500 000 төгрөгийг тус тус авсан. Мөн 9 сарын хугацаанд ажиллаад миний бие ажилчдын цалин, цахилгаан, ус, хогны мөнгийг Барс худалдааны төвд төлдөг байв. Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 11-нээс цахилгааны мөнгө төлөөгүй шалтгаанаар ажлын байрыг хаасан юм. Иймд Б.Э-аас ашиг 20 000 төгрөг, түрээсийн төлбөр 60 000 төгрөгийг төлөх боломжгүй болсон. Ингээд ажлын байргүй болсон тул Б.Э намайг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дуудаад ажлын байрны барьцааны 1 500 000 төгрөгөнд 8 сарын хүү бодож 600 000 төгрөг, 1 000 000 төгрөгөнд 3 сарын хүү бодож 150 000 төгрөг, 50 000 төгрөгөнд 5 сарын хүү бодож, нийт 4 000 000 төгрөг болсон бөгөөд энэ мөнгөндөө 200 000 төгрөгийн хүү бодож 4 200 000 төгрөгийг тэтгэврийн мөнгө бүтэхээр авна гэж гэрээ хийсэн юм. Тухайн үед тэтгэвэр хөөцөлдөөд одоог хүртэл бүтээгүй тул өгч чадаагүй болно. 

 Мөн зээлийн гэрээний ард бичигдсэн 2 500 000 төгрөгийг би Барс худалдааны төвд 2017 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрт 1 800 000 төгрөг төлөхөөр авч, буцаан төлж чадаагүй учраас хүү 700 000 төгрөгийг нэмж, нийт 2 500 000 төгрөг авсан гэж бичсэн юм. Надад эхэмжлэгчид төлөх 10 000 000 төгрөг байхгүй, түрээслэж байсан газартаа 16 000 000 гаруй төгрөгийн тоног төхөөрөмжөө үлдээгээд авч чадахгүй, түүнээс гадна цахилгааны мөнгө төлөөгүй хүнд нөхцөл байдалд барьцаалагдаад байна.

Би нэхэмжлэгчид 4 200 000 төгрөгийг төлөхөөр зээл авах гэсэн боловч бүтээгүй, тэрээр намайг Архивын ерөнхий газрын цайны газрыг түрээслэж өгнө гэж худал хэлж, эдгээр гэрээнүүд дээр гарын үсэг зуруулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

      Шүүх: Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг тус тус үндэслэн Ц.М-ээс 8 537 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 462 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 151 550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэжээ.

        Хариуцагч Ц.М давж заалдах гомдолдоо: Миний бие иргэн Б.Э-тай өөрийн нэр дээрх Барс захад байрлах хоол хийдэг ажлын байрны сарын түрээс 1 800 000 төгрөгийг аваад өдөр бүр 80 000 төгрөгийг өгөхөөр тохирсон. Үүнээс өдөрт цалин 20 000 төгрөгөөр, 60 000 төгрөгийн байрны түрээс гэж Б.Э-д өгч, 2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 01 дүгээр сар хүртэл хамтран ажилласан. Түүнээс авсан 1 800 000 төгрөгийг төлөөд дараа нь өдөр бүр цалин 20 000 төгрөгөөр тооцон сард хоног 600 000 төгрөг өгч, 30 хоног 60 000 төгрөг 1 800 000 төгрөгийг түрээс гэж түүнд хадгалуулан Барс төвд өгдөг байсан. Гэтэл би 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр Барс худалдааны төвд ажиллуулах боломжгүй болох үед Б.Э  нь “би ажиллах байр олж өгнө, чи 4 200 000 төгрөг дээрээ зээлийн гэрээ хийчих” гээд намайг төөрөгдүүлэн зээлийн гэрээ байгуулж, дараа нь шүүхэд гомдол гаргасан байна. Энэ хугацаанд түүнд 21 600 000 төгрөг төлсөн. Гэтэл анхан шатны шүүх энэ нэхэмжлэлд хамааралгүй гэсэн нь мөн банкны баримтаар болон нэхэмжлэгчийн тайлбараар 21 600 000 төгрөг төлөгдсөн нь нотлогдож байхад ямар нэгэн төлбөр төлөөгүй зэргээр шийдвэрийн тодорхойлох, үндэслэх хэсэгт дурдсан нь нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй.

    Мөн Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2.5-д зааснаар гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасныг зөрчсөн хэлцэл байхад анхан шатны шүүх хүчин төгөлдөр хэлцэл гэж шийдвэр гаргасанд бид гомдолтой байна. Дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Ц.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 4 200 000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд мөн тухайн гэрээний ард 2 500 000 төгрөгийг хүүгүй зээлдүүлсэн гэх баримт үйлджээ. /х.х-ийн 5 дугаар тал/

Дээрх  зээлийн  гэрээний  дагуу  зээлдүүлэгч нь бодитойгоор 4 200 000 төгрөг болон 2 500 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлээгүй, харин өмнө нь нэхэмжлэгчээс хариуцагчид өгсөн төлбөр мөнгийг хариуцагч хүлээн зөвшөөрч, талуудын хэн аль нь гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдсон. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч бичгийн гэрээний дагуу гэрээний үүрэг үүссэн эсэх талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна.

Талууд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 3 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох нөхцлийг заажээ.  Уг зээлийн гэрээний ар талд “4 200 000 төгрөгийг авлаа” гэж хариуцагч Ц.М гарын үсэг зурсан талаар маргаагүй. Харин 4 200 000 төгрөгийг тухайн өдөрт нь энэ зээлийн гэрээнд зориулж олгоогүй, харин өмнө үүссэн өр авлага, авсан мөнгөө нийлүүлэн зөвшөөрч гарын үсэг зурсан үйл баримт зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байна. Иймд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн гэрээний дагуу зээлийн үүрэг үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцэхгүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд гэрээний зүйл болох 4 200 000 төгрөг, 2 500 000 төгрөгийг бодитой шилжүүлэн өгөхөө баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох ёстой.

Харин Ц.М нь “4 200 000 төгрөгийг авлаа” мөн “Б.Э-аас 01-р сарын түрээс болох 2 500 000 төгрөгийг хүүгүйгээр зээл авлаа” гэсэн бичилтүүдийг өөрөө бичиж, гарын үсгээ зурж, зээлийн харилцааны дагуу мөнгө төлөх үүрэг байгаа талаар хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгаврар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дах хэсэгт “Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно” гэж тус тус зааснаар эрх зүйн бүрэн чадамжтай буюу өөрийнхөө үйлдлийг бүрэн ойлгож байгаа этгээд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж гарын үсэг зурсан байгаа хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иймд хариуцагч Ц.М нь нэхэмжлэгчид буцаан төлөх нөхцөлтэйгээр 4 200 000 төгрөг болон 2 500 000 төгрөг, нийт 6 700 000 төгрөгийн өртэй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Б.Э-д буцааж төлөх үүрэг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүссэн байна. Харин гэрээний ар талын доод талд “01-31-нд 73 500 төгрөгийг бэлэн өглөө Мөнгөлэй, авсан Б.Э ” гэж бичсэн баримтыг үндэслэн 6 700 000 төгрөгөөс төлсөн 73 500 төгрөгийг хасч, 6 626 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хэдийгээр гэрээний ар талд “01-31” гэж бичсэн нь хэдэн оных гэдэг тодорхой бус боловч талууд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд ямар нэгэн байдлаар мөнгө төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй. Уг 73 500 төгрөгийн өр төлбөрийн асуудал дээрх зээлийн гэрээнд хамааралгүй гэдгээ нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй тул 73 500 төгрөгийг 6 700 000 төгрөгөөс хасч тооцно.

Хариуцагч Ц.М нь өөрийн ХААН банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 5015280881 тоот дансанд “түрээс, орлого” гэх утгатай шилжүүлэг хийсэн байна. /х.х-ийн 23-30 дугаар тал/ Тэрээр 2016 онд зээлийн төлбөрөө нэхэмжлэгчид буцаан төлсөн гэх боловч 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өөрөө 4 200 000 төгрөг, 2 500 000 төгрөгийн өр төлбөр байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байгаагаас үзэхэд дээрх шилжүүлсэн мөнгийг уг төлбөрөөс хасах үндэслэлгүй. Иймд хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Дээр дурдсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/03121 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “8,537,500.00” гэснийг “6 626 500” гэж, “1,462,500.00” гэснийг “3 373 500” гэж, 2 дах заалтад “151,550.00“ гэснийг “120 974” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               ШҮҮГЧИД                                            Г.ДАВААДОРЖ

                                                                                                            Д.БАЙГАЛМАА