Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 3121

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э гаргасан,

 

Хариуцагч: М холбогдох,

 

10,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э, хариуцагч М, өмгөөлөгч Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:


            Нэхэмжлэгч Э тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

            “Би, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Мтэй зээлийн гэрээ байгуулж, түүнд 4,200,000.00 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэтэл тэрээр зээлийн гэрээний хугацаа дууссан байтал мөнгийг хүүгийн хамт буцаан төлөөгүй, мөн үүнээс өмнө 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр авсан 2,500,000.00 төгрөгийн зээлийг буцаан төлөөгүй өнөөдрийг хүрч байна.

 

            Хариуцагч тал “*******” худалдааны төвд цайны газар ажиллуулдаг байсан бөгөөд сарын түрээсийн төлбөрт 1,800,000.00 төгрөгийг төлдөг, гэвч түүнд уг мөнгийг шууд төлөх боломж байдаггүй байсан учраас надаас зээл авч, орлогоосоо өдөрт 80,000.00 төгрөг, сард нийт 2,400,000.00 төгрөгийг буцаан төлж, үүнээс 500,000.00-600,000.00 төгрөгийг хүү гэж тооцдог байсан.

 

            Бид, яг энэ байдлаар 9 сарын хугацаанд хамтран ажиллаж, би хариуцагчид түрээсийн төлбөр төлөхөд нь 16,200,000.00 төгрөгийг зээлж, үүний хариуд 5,400,000.00 төгрөгийн хүү авсан байдаг. Гэвч бидний хооронд 21,600,000.00 төгрөгтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй, энэхүү нэхэмжлэлд хамааралгүй юм.

 

            Хариуцагч М нь надаас 4,200,000.00 төгрөгийг 2 охиныхоо хуримын бэлтгэл ажилд зориулж авсан бол 2,500,000.00 төгрөгийг “*******” худалдааны төвд 2017 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөр болон өнгөрсөн хугацаанд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг төлөхөөр авсан юм.

             

            Иймд, хариуцагчаас 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн үндсэн зээл 4,200,000.00 төгрөг, түүний 3 сарын хүү 630,000.00 төгрөг, алданги 2,720,000.00 төгрөг болон 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээл болох 2,500,000.00 төгрөг, нийт 10,000,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

            Миний бие хариуцагчийн оршин суугаа хаягийг олж тогтоохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 70,200.00 төгрөгийг төлсөн боловч уг мөнгийг энэ хэргийн тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжлэхгүй. Учир нь, хариуцагчийг өнөөдрийн байдлаар тус цайны газрыг ажиллуулахгүй боломжгүй болсон, ямар нэгэн орлогогүй байгааг мэдэж байна” гэв.

 

            Хариуцагч М шүүх хуралдаанд өмгөөлөгч Эгийн хамт гаргасан тайлбартаа:

 

            “Би, нэхэмжлэгч Этай 2016 оны 04 дүгээр сараас 2017 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд хамтран ажилласан бөгөөд түүнээс 16,200,000.00 төгрөгийг цайны газрын түрээсийн төлбөр төлөхөд зориулан зээлж, бүгдийг нь 5,400,000.00 төгрөгийн хүүгийн хамт төлсөн байдаг.

 

            Нэхэмжлэлд дурьдсан 4,200,000.00 төгрөг бол бодитоор тухайн өдөр авсан зээл биш, харин миний бие нэхэмжлэгчээс 1,500,000.00 төгрөг, 600,000.00 төгрөг болон 1,000,000.00 төгрөгийг авсан бөгөөд эдгээр мөнгөнд бодогдсон хүүгийн нийлбэрээр бид 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан.

 

            Мөн хэрэгт авагдсан зээлийн гэрээний ард бичигдсэн 2,500,000.00 төгрөгийн хувьд би “*******” худалдааны төвд 2017 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрт 1,800,000.00 төгрөгийг төлөхөөр авч, буцаан төлж чадаагүй учраас хүү болох 700,000.00 төгрөгийг нэмж, нийт 2,500,000.00 төгрөг авсан гэж бичсэн юм.

 

            Надад одоо нэхэмжлэгчид төлөх 10,000,000.00 төгрөгийн хөрөнгө байхгүй, би түрээслэж байсан газартаа 16,000,000.00 гаруй төгрөгийн тоног төхөөрөмжөө үлдээгээд авч чадахгүй, түүнээс гадна цахилгааны мөнгө төлөөгүй гэсэн хүнд нөхцөл байдалд барьцаалагдаад байна.

 

            Би, нэхэмжлэгчид 4,200,000.00 төгрөгийг төлөхөөр ажилласан жилээ тогтоолгож, банкнаас зээл авах гэсэн боловч бүтээгүй, тэрээр намайг Архивын ерөнхий газрын цайны газрыг түрээслэж өгнө гэж худал хэлж, эдгээр гэрээнүүд дээр гарын үсэг зуруулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

    

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Эаас хариуцагч Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэхүү хэрэгт шүүхээс 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Э 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Мтэй зээлийн гэрээ байгуулж, түүнд 4,200,000.00 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсоноос гадна мөн зохигчид 2,500,000.00 төгрөгийг хүүгүйгээр зээлэхээр болжээ /х.х-ийн 5-р хуудас/.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдснаар хэдийгээр хариуцагч тал зээлийн гэрээнд гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй ч тэрээр гэрээнд заасан 4,200,000.00 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бодитоор хүлээн аваагүй, харин өмнө нэхэмжлэгчээс авсан 1,500,000.00 төгрөг, 600,000.00 төгрөг болон 1,000,000.00 төгрөг, нийт 3,100,000.00 төгрөгт бодогдсон 1,100,000.00 төгрөгийн хүүг нэмсэн, мөн 2,500,000.00 төгрөгийн хувьд бусдад төлөх ёстой байсан 1,800,000.00 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлөхөөр зээлсэн боловч үүн дээр 700,000.00 төгрөгийн хүүг нэмсэн гэж маргасан.

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

            Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хэдийгээр хариуцагч тал 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээгээр нэхэмжлэгчээс өмнө авсан 3,100,000.00 төгрөг болон 1,800,000.00 төгрөгийг авсан гэж тайлбарлаж буй  боловч тус гэрээнд 4,200,000.00 төгрөг болон 2,500,000.00 төгрөгийг хүлээн авсан гэж хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зуржээ. 

 

 

            Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж, мөн 198 дугаар зүйлийн 198.1.-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан.  Өөрөөр хэлбэл, тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээнд бичиж илэрхийлсэн хүсэл зоригийг тайлбарлавал тэрээр нэхэмжлэгчээс 4,200,000.00 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, түүнээс уг мөнгө болон мөн 2,500,000.00 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэж үзэхээр байна.

 

            Тодруулбал, хариуцагч нь 4,200,000.00 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бодитоор аваагүй боловч тус мөнгийг өмнө нь авсан үйлдэл болон амаар илэрхийлсэн зүйлээ ийнхүү талууд баримтжуулах зорилгоор энэхүү гэрээг байгуулсан ажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3.-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

 

Тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч М нь нэхэмжлэгч Эаас 6,700,000.00 төгрөгийг бодитоор хүлээн аваагүй, өмнө олгосон зээлийн хүүгийн нийлбэр байдлаар гэрээг байгуулсан гэдэг тайлбар, татгалзлаа тодорхой баримтаар нотлох ёстой, тэрээр 4,200,000.00 төгрөг болон 2,500,000.00 төгрөгийг хүү нэмэгдсэн дүн байсан гэдгийг гэрээнд тодорхой илэрхийлээгүй учир шалтгааныг үндэслэлтэй тайлбарласангүй.

 

Иймд, зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1.-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч тал үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх ёстой бөгөөд хэрэв тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцох ба үүний улмаас зээлдүүлэгчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагчаас өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчид ямар нэгэн төлбөр төлөөгүй байх тул тэрээр Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

Хэдийгээр тус хуулийн 222 дугаар зүйлийн 222.2.-т “үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн нь үүрэг гүйцэтгэгчийн буруугаас болоогүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” байх тухай зохицуулалттай ч хариуцагчийн зүгээс үүргээ гүйцэтгэхгүй байсан шалтгаан болон үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлэхэд хүргэсэн хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан эсэх талаар баримтаар нотлохгүй байна.

 

Иймд, нэхэмжлэгч Э нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч Мгээс 4,200,000.00 төгрөг, 3 сарын хүү 630,000.00 төгрөгийг тус тус хүүгүй зээлдүүлсэн 2,500,000.00 төгрөгийн хамт нэхэмжлэх эрхтэй юм /4,200,000x5%=210,000x3=630,000/.

 

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлд зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирсон боловч алдангийн талаарх тус тохиролцоо гагцхүү 4,200,000.00 төгрөгийн зээлд хамаарах ажээ.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-д “анзын гэрээг бичгээр хийнэ” гэж, мөн 232.7.-д “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй” гэж заасан ба талууд 2,500,000.00 төгрөгийг буцаан төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд анз төлөх талаар тусгайлан тохироогүй байна.

 

Тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, түүнчлэн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заажээ.

 

Зохигчид, зээлийн гэрээг хүүтэй байхаар тохиролцсон тохиолдолд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1.-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэгт гэрээнд заасан хүүг төлөх үүрэг хамаардаг тул энэхүү үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хүүгээс алданги тооцож төлөх үүрэг үүсдэг.

 

Нэгэнт хариуцагч буюу зээлдэгч тал 4,200,000.00 төгрөгийг хүүгийн хамт буцаан төлөх гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлсэн байх тул тэрээр гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид алданги төлөх бөгөөд түүний төлбөл зохих алдангийн хэмжээг тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т зааснаар 50 хувиас хэтэрч байгааг үндэслэн 2,415,00.00 төгрөг гэж тогтоов /4,830,000x0.5%=24,150 /1 өдрийн/ 24,150x406=9,804,900/.

 

Гэвч, шүүхээс талуудын хооронд бий болсон үйл баримт, бусад нөхцөл байдлыг харгалзан хариуцагчийн төлбөл зохих алдангиас 50 хувь болох 1,207,500.00 төгрөгийг хасч шийдвэрлэв.

 

Учир нь, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасныг үндэслэн хэдийгээр хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийг хугацаандаа төлөөлөгүй ч өнөөдрийг хүртэлх хугацаанд түүнд хүнд нөхцөл байдал буюу орлогын эх үүсвэр муудсан, эрхэлж байсан ажил зогссон зэргээс шалтгаалан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой харгалзан үзвэл зохих нөхцөл байдал байсан, үүнийг нэхэмжлэгч тал мэдэж байгаа ажээ.

 

Иймд, хариуцагчаас 4,200,000.00 төгрөг, 3 сарын хүү 630,000.00 төгрөг, алданги 1,207,500.00 төгрөгийг хүүгүй зээлсэн 2,500,000.00 төгрөгийн хамт нийт 8,537,500.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,462,500.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Мгээс 8,537,500.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,462,500.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,000.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 151,550.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР