Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2022/00257

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 12 өдөр                 Дугаар 102/ШШ2022/00257                                Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Б холбогдох,

      Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,795,902 төгрөг /арван долоон сая долоон зуун ерэн таван мянга есөн зуун хоёр/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхболд, нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.Б нь 2016.08.09-ний өдөр Гтай ЗГ/КР/20160801 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, хосолсон валюттай Американ экспресс картыг 6,500,000 төгрөг, 50 ам.долларын зээлийн эрхтэй авсан. Кредит картын үндсэн нөхцөлд бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан. Зээлдэгчийн Кредит картын гэрээний хугацаа 2018.08.31-ний өдөр дууссан боловч үндсэн зээл 6,715,808.5 төгрөг, бэлэн авсан зээлийн үндсэн хүү 4,089,336.49 төгрөг, бэлэн бус зээлийн үндсэн хүү 2,227,106.39 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2,275,682.53 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2,487,968.55 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний үүрэгт 17,795,902.46 төгрөг гаргуулна гэв.

 

     Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2016.08.09-ний өдөр Гтай 6,500,000 төгрөгийн эрхтэй кредит карт эзэмших гэрээ байгуулж бэлэн мөнгө авч ашигласан нөхцөлд сарын 3,5 буюу жилийн 42% бэлэн бус гүйлгээнд жилийн 24 % хүүтэй, 2 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Энэ хугацаанд банкны гаргаж өгсөн мэдээллээр би бэлнээр 19,137,100 төгрөг зээлснээс 15,706,763 төгрөг төлсөн, бэлэн бусаар 5,671,186 төгрөгөөс 2,389,013 төгрөг төлсөн гэжээ. Мөн дээрх хугацаанд нийт 4,176,912 төгрөгийг хүүнд зээлийн өр төлбөрт 18,316,777 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл зээл, зээлийн хүүнд 22,193,689 төгрөг төлсөөр байтал хуульд зааснаас өөр хүү бий болгон нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

     Хэрэгт нэхэмжлэгчээс 2016.08.09-ний өдрийн Кредит карт эзэмших гэрээ, Зээлийн картны хүү тооцооллын хүснэгт, 2021.08.12-ны өдрийн Мэдэгдэл зэрэг баримтыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

     “Г” ХХК нь М.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,795,902.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ гэрээний хугацаа дууссан, зээлийг буцаан төлөх үүргээ зөрчсөн гэж тайлбарлав.

 

      Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ үндсэн зээл болон зээлийн үндсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн эрх хэтрүүлсний болон хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

     

     Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

     Г” ХХК нь 2016.08.09-ний өдөр ЗГ/КР/20160801 тоот кредит карт эзэмшигчийн гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлжээ.

 

       Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйл болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүргийг, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

 

     Талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсэн ба нэхэмжлэгч нь гэрээний дагуу зээлийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, Кредит картыг эзэмшсэнээр зээлийн эрх үүсссэн, бэлэн бус гүйлгээнд 3,5 хувийн, бэлэн гүйлгээнд 2,0 хувийн хүүг сард тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д заасанд нийцжээ.

 

     Иймд зээлийн гэрээний хугацаа дууссан, хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд зээлийг бэлэн болон бэлэн бусаар ашигласны хүүг зээлийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байх тул үндсэн зээлийн төлбөрт 6,715,808.5 төгрөг, бэлэн авсан зээлийн үндсэн хүү 4,089,336.49 төгрөг, бэлэн бус зээлийн үндсэн хүү 2,227,106.39 төгрөг, нийт 13,032,251 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

     Талууд гэрээний 2.1 дэх заалтаар төлбөр тооцооны нөхцөлийг тодорхойлж, гэрээний үүрэг зөрчигдсөн тохиолдолд гэрээний 3.5 дахь заалтаар зээлийн эрх хэтрүүлсний хүүг 2 хувиар, 3.6 дахь заалтаар зээлийн хугацаа хэтрүүлсний хүүг 1 хувиар үндсэн зээлээс тооцохоор тохиролцжээ.

     Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэжээ.

    Гэтэл банк нь дээрх хуулиар зохицуулсан нэмэгдүүлсэн хүү тохиролцох заалтыг зөрчсөн буюу өөрөөр хэлбэл зээл, хүү төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд зээлийн хүүнээс нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлагыг эрх хэтрүүлсний хүү болон хугацаа хэтрүүлсний хүүг тооцохоор гэрээнд заасан байна.

     Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж тодорхойлсон байна.

 

      Тухайн тохиолдолд гэрээний нэг тал болох банк нь хариуцагчид гэрээний стандарт нөхцөлийг санал болгосон байх бөгөөд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг зөвшөөрөгч талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэжээ.

   

      Хэдийгээр нэхэмжлэгч тал гэрээнд тусгах болсон нөхцөлийг 45 хоногийн дотор төлөхөд хариуцлага тооцохгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү нөхцөл байдал нь хуульд нийцсэн байхыг шаардана.

 

      Зүй нь  Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд заах байжээ.

 

     Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх бөгөөд талуудын байгуулсан Карт эзэмших гэрээний 3.5 болон 3.6 дахь заалт нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байна.

 

      Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж зааснаар Карт эзэмших гэрээний бусад заалт нь хүчин төгөлдөр байна.

 

     Иймд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2,275,682.53 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2,487,968.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болголоо.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 246,930 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 223,086 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

     Энэ өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу баримтын хүрээнд түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан Бгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,032,251 /арван гурван сая гучин хоёр мянга хоёр зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулан, “Г” ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 4,763,651 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 246,930 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 223,086 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар гардаж авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ