Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/00674

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/00257 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн хариуцагч М.Бд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 17,795,902 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхболд, хариуцагч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.Б ХХК-ийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: М.Б нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Г.Бтай ЗГ/КР/20160801 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, хосолсон валюттай Американ экспресс картыг 6,500,000 төгрөг, 50 ам.долларын зээлийн эрхтэй авсан. Кредит картыг бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Зээлдэгчийн кредит картын гэрээний хугацаа 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр дууссан боловч үндсэн зээл 6,715,808.5 төгрөг, бэлэн авсан зээлийн үндсэн хүү 4,089,336.49 төгрөг, бэлэн бус зээлийн үндсэн хүү 2,227,106.39 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2,275,682.53 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2,487,968.55 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний үүрэгт 17,795,902.46 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Банкны гаргаж өгсөн мэдээллээр би бэлнээр 19,137,100 төгрөг зээлснээс 15,706,763 төгрөг, бэлэн бусаар 5,671,186 төгрөг зээлснээс 2,389,013 төгрөг тус тус төлсөн гэжээ. Мөн дээрх хугацаанд нийт 4,176,912 төгрөгийг хүүнд, 18,316,777 төгрөгийг зээлийн өр төлбөрт тус тус төлсөн. Өөрөөр хэлбэл зээл, зээлийн хүүнд 22,193,689 төгрөг төлсөөр байтал хуульд зааснаас өөр хүү бий болгон нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан Зэлмэ овогтой Мэнбаярын Батхүүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,032,251 төгрөгийг гаргуулан Г.Б ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 4,763,651 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 246,930 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 223,086 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

  4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хариуцагч Мэндбаярын Батхүү миний бие Г.Бнаас 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/КР/20160801 тоот 6,500,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт эзэмших гэрээг 2 жилийн хугацаатай бэлэн гүйлгээ 42 хувь, бэлэн бус гүйлгээ 24 хувийн хүүтэйгээр гэрээ байгуулж авсан юм. Гэтэл Г.Б шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээнд огтхон ч дурдагдаагүй бэлэн гүйлгээ сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээ сарын 2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай авсан мэтээр нэхэмжилсэн. 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүгчийн туслахаас 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүх хуралдаан болсныг утсаар мэдэн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан билээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмаар ханган мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгөхийг хүсье. Миний бие оршин суугаа хаягтаа байнга байдаг бөгөөд шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг биечлэн аваагүй болно гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талаас 2 үндэслэлээр гомдол гаргасан байна. Гэрээнд огт дурдаагүй бэлэн гүйлгээ сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээ сарын 2 хувийн хүүтэйгээр авсан мэтээр нэхэмжилсэн гэж гомдолдоо дурдсан. Гэрээний 2.2-т бэлэн, бэлэн бус гүйлгээний талаар тодорхой дурдсан байгаа. Үүнийг гэрээнд огт дурдаагүй гэж үндэслэлгүй зүйл ярьж байна. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг мэдээгүй гэж гомдолдоо дурдсан байна. Шүүх хуралдаан болохоос 7 хоногийн өмнө миний бие хариуцагчтай утсаар ярьсан. Тухайн үед 01 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаан болно гэж байна, танайх яах гэж байна гэхэд манайх сөрөг нэхэмжлэл гаргах гэж байгаа гэж хэлж байсан. Тэгэхээр хуралдааны тов мэдээгүй гэх үндэслэл байхгүй, шүүгчийн туслах мэдэгдсэн, миний хувьд ч гэсэн утсаар ярьсан. Иймд үндэслэлгүй гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Г.Б ХХК нь хариуцагч М.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,795,902 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Зохигчид 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/КР/20160801 дугаартай кредит карт эзэмших гэрээ байгуулж, уг гэрээгээр М.Б 6,500,000 төгрөг, 50 долларын зээлийн эрхтэй картыг бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувь, бэлэн гүйлгээний хүү жилийн 42 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай эзэмшихээр, зээлийн эрх хэтрүүлсэн тохиолдолд нийт зээлийн эрхээс 5 хувийн хүү төлнө гэж тохиролцжээ. /хх-7/

4. Зээлдэгч 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртэл үндсэн зээл 18,316,777.60 төгрөг, хүү 4,176,912.40 төгрөг, нийт 22,493,690 төгрөгийг төлсөн, үүнээс хойш төлбөр хийгээгүй үндэслэлээр нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрөө гэрээгээр тохирсон хүүгийн хамт нэхэмжилжээ.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байхаас гадна нэхэмжлэлийн үндсэн зээл, хүү гаргуулах шаардлага Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийг зөрчөөгүй, харин нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлага 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийг зөрчсөн талаархи дүгнэлт хуульд нийцжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зохицуулжээ.

Зээлдэгч 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 6,715,808.50 төгрөг, зээлийн хүү 6,316,442.88 төгрөг, нийт 13,032,251.38 төгрөгийн төлбөртэй талаархи нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй, тооцоог эс зөвшөөрсөн үндэслэл, тайлбараа нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

6. Зээлдэгч зээл авсан талаар маргаагүй боловч бэлэн гүйлгээ сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээ сарын 2 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай авсан талаар гэрээнд огтхон ч дурдагдаагүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээнд картын хугацаа 2 жил, бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24 хувь буюу сарын 2 хувь, бэлэн гүйлгээний хүү жилийн 42 хувь буюу сарын 3.5 хувь байхаар заасан бөгөөд гэрээнд талууд гарын үсгээ зурсан байх тул хариуцагчийн тайлбар, гомдол тус тус үндэслэлгүй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсыг утсаар мэдэгдэж болох ба хариуцагчид шүүх хуралдааны товыг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр утсаар мэдэгдсэн нь шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтаар нотлогдож байх тул шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргаантай харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцжээ. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчийн овгийг буруу бичсэн алдааг залруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/00257 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Мэнбаярын гэснийг Мэндбаярын гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

  

Д.БЯМБАСҮРЭН