Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/00389

 

 

                               

 

 

 

                                       

 

 

 

2022 оны 01 сарын 31 өдөр                   Дугаар 102/ШШ2022/00389                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Оийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А ,

Хариуцагч Б нарт холбогдох,

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 511,562,242 /таван зуун арван нэгэн сая таван зуун жаран хоёр мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баасанжав, П.Сарантуяа, хариуцагч С.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батбэх, хариуцагч С.Агийн өмгөөлөгч Ч.Анар, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 10 сард өөрийн танил Д.Эоор дамжуулан С.Атай танилцаж байсан. Тухайн үед С.А хэлэхдээ “би өөрийн өмчлөлийн газруудаа Солонгосын иргэдэд зарахаар тохиролцсон юм гэтэл газрын гэрчилгээнүүд Г.Б гэдэг хүнд 500,0 гаруй сая төгрөгийн барьцаанд байгаа болохоор боломжгүй байна, бид газраа Солонгос иргэдэд зарахаар тохирсон юм хэрэв өөрийг чинь туслалцаа үзүүлж миний өмнөөс зээлийг минь төлж, газрыг маань барьцаанаас суллаж өгвөл би газраа зараад мөнгийг чинь 2 дахин өсгөж өгье гэсэн учир миний бие газрыг зарагдтал 470,0 төгрөгийг зээлдүүлэхээр болж маргааш нь буюу 2013.10.10-ны өдөр Маргааш нь нотариатч дээр очиход С.А нь худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зуръя гэхэд нь би татгалзаж газрыг худалдаж авахгүй гэхэд тэгвэл хамтран ажиллах гэрээ байгуулья гэж тулган 2013.10.10-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр миний С.Ад зээлдүүлсэн 470,0 сая төгрөгийн барьцаа болгож С.Агийн нөхөр Б.Б нэр дээрх “Э” ХХК-ийн 14 хувийн хувьцааг надад эзэмшүүлэхээр болсон. Ийнхүү гэрээ хийсний дараа би өөрийн дансанд хугацаатай хадгалуулж байсан Худалдаа хөгжлийн банкны хадгаламжийн гэрээгээ цуцлаж 200,0 сая төгрөг, өөрийн Хаан банкинд хугацаатай хадгалуулж байсан хадгаламжийн мөнгөө барьцаалан 270,0 сая төгрөгийн зээл гаргуулан үүнээс 417,0 сая төгрөгийг газрыг барьцаалж зээл олгосон гэх Г.Бын дансанд, 57,0 сая төгрөгийг С.Агийн дансанд тус тус шилжүүлсэн. С.А нь Г.Боос газрын гэрчилгээг чөлөөлүүлэн газрын гэрчилгээнүүдийг “Э” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн ба намайг “Э” ХХК-ийн 14 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Удалгүй газрыг авах гэж байсан Солонгосчууд нь газар авахаа больчихлоо, хамтарч газар авах хүн хайя гэх зэргээр миний мөнгийг буцаан төлөхөөс зайлсхийж мөнгийг минь буцаан өгөлгүй хохироож байна. 2014 оны 6 сард Г.БЭ” ХХК-ийн 14 хувийн хувьцааг буцаан авахаар намайг шүүхэд өгч, би хувьцааг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй харин надаас авсан мөнгөө хүүгийн хамт эргүүлээд өгчих гэхэд хувьцааг буцаан шилжүүлвэл мөнгийг төлөхөд татгалзахгүй гэж мэдэгдсэн. Би мөнгөө авч л байвал компанийн хувьцааг өгөхөд татгалзахгүй гэж 2014.06.24-ний өдөр С.А, Б.Б, Х.Дайвийнямбуу, Д.Э бид Иргэд хоорондын болзолт гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 600,0 сая төгрөгийг С.А, Б.Б нараас надад шилжүүлэх, мөнгө шилжин орсноор 2013.10.10-ны өдрийн худалдах худалдан авах гэрээ, хамтран ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болохоор харилцан тохиролцсон. Ингээд Г.Б бид хоёрын хооронд 2014.07.02-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулагдан, уг гэрээний нөхцөл нь надаас 14 хувийн хувьцааг гаргуулж Г.Бд шилжүүлэх, Г.Бас 600,0 сая төгрөг гаргуулж надад олгох ба уг гэрээ шүүгчийн захирамжаар баталгаажсаны дагуу би өөрийн эзэмшиж байсан Э ХХК-ийн 14 хувийн хувьцааг Г.Батгулгад шилжүүлсэн. Харин Г. Б нь шүүгчийн захирамжийг үл хүндэтгэж надад төлөх ёстой байсан мөнгөө төлөхгүй байсан тул шүүгчийн захирамжийг албадан биелүүлэхээр ШШГА-нд хандаж түүнээс төлбөр гаргуулах ажиллагааг албадан явуулж байх үед түүний эхнэр С.А нь “Өөр гэрээний харилцаатай маргааны зүйлийг үндэслэл болгон талууд эвлэрсэн нь хууль зөрчиж байна” гэдэг үндэслэлээр шүүгчийн захирамжид гомдол гаргаж албадан гүйцэтгүүлж байсан захирамжийг хүчингүй болгосон. С.А надаас мөнгө авч зээлээ төлүүлж газраа чөлөөлүүлэх зорилготой байсан ба надтай хийсэн гэрээнүүд нь анхнаасаа дүр үзүүлж хийсэн хэлцлүүд байсан. Иймээс дээрх гэрээ тус бүрийг цуцлаж дуусгавар болгосон. Ингээд болсон үйл явдлыг том зургаар нь харахад С.А өөрийн нөхөр Г.Бтай хамтарч намайг залилан мэхэлж миний мөнгийг авсан байсан тул шалгуулахаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан ч Баянгол дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, энэхүү шийдвэрт нь Монгол Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авахаас татгалзаж, иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж прокурорын байгууллагаас үзсэн. С.Ад богино хугацаанд мөнгө зээлдүүлж түүний зээлийн барьцаанд тавьсан газрыг чөлөөлөх зорилгоор өөрийн хугацаатай хадгаламжийн гэрээг цуцлан мөнгийг шилжүүлсэн ба гэрээ цуцласантай холбогдуулан дараах хохирол учирсан. Би Худалдаа хөгжлийн банктай 2013.01.21-ний өдрийн 458/1064 тоот Мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулан 200,0 сая төгрөгийг 3 сарын хугацаатай 10.20 хувийн хүүтэй хадгалуулахаар харилцан тохиролцсон байсан. С.Ад мөнгө шилжүүлэх зорилгоор уг хадгаламжийн гэрээгээ 2013.10.10-ны өдөр цуцлан 200,0 сая төгрөгийг шилжүүлж байсан. Уг гэрээг тухай бүр 3 сараар сунгаж байсан 2013.08.02-ны өдрөөс 2013.11.02-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай сунгасан байсан. Зээлийн 3 сарын хүү гэрээнд заасан 10.20 тооцон бодвол 20,4 сая төгрөгийн хадгаламжийн хүүгийн олох ёстой байсан орлого байсан. Би банктай байгуулсан гэрээгээ цуцалж, мөнгөө С.Ад өгөөгүй байсан бол хадгаламжийн гэрээгээ өнөөдрийг хүртэл хугацаанд сунган хүүгийн орлогоо авах байсан бөгөөд зөвхөн 2013.11.02-ны өдрөөс 2014.01.02-ны өдрийг хүртэл тооцон үзвэл 20,4 сая төгрөг байна. Түүнчлэн Хаан банктай 2013.01.23-ны өдөр Иргэдийн хугацаат хадгаламжийн гэрээ байгуулан тус банкны 5006900894 тоот дансанд 300,0 сая төгрөгийг 2014.02.21-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай 15.2 хувийн хүүтэй хадгалуулж байсан ба С.Ад мөнгө зээлдүүлэх зорилгоор тус хугацаатай хадгаламжаа барьцаалан 270,0 сая төгрөг зээлдэн шилжүүлсэн тул зээлийн хүү хуримтлагдан 21,162,242 төгрөг нийт 291,162,242 төгрөгийг 2014.02.22-ны өдөр банкинд төлсөн. Энэхүү зээлийн төлбөрийг 5006900894 тоот 300,0 сая төгрөг барьцаалуулсан хадгаламжийн гэрээгээ цуцлан зээлээ төлж хаасан. Уг зээлийг төлснөөр 21,162,242 төгрөгийн хүүг С.Аас шалтгаалан банкинд төлж хохирсон. Мөн хадгаламжаа цуцлаагүй бол олох ёстой байсан хүүгийн орлогоороо хохирсон. Дээрх 2 зээлийн хувьд надад учирсан бодит хохирол ба хэрэв С.А мөнгийг минь хугацаандаа төлсөн бол Хаан банктай байгуулсан 2013.10.10-ны өдрийн 270,0 сая төгрөгийн зээлийн гэрээгээ дуусгавар болгон, 2013.01.23-ны өдөр Иргэдийн хугацаат хадгаламжийн гэрээний дагуу 300,0 сая төгрөгийн хүүгийн ашгийг авах естой байсан тул Иргэний хуулийн 205.1, 219.1, 225.1, 227.3-т зааснаар С.А, Б.Б нараас зээлийн төлбөр 470,0 сая төгрөг, мөнгийг буцаан төлөөгүйгээс учирсан хохирол Хаан банкинд зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 21,162,242 төгрөг, олох ёстой байсан хадгаламжийн орлого буюу Худалдаа хөгжлийн банкнаас авах ёстой байсан хүүгийн орлого 20,4 сая төгрөг, нийт 511,562,242 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлага нь Д.О 2013 оны 10 сард өөрийн танил Эоор дамжуулан С.Атай танилцаж байсан. Тухайн үед хариуцагч С.А өөрийн өмчлөлийн газруудаа Солонгос улсын иргэдэд зарахаар тохирсон. Уг газрын гэрчилгээний эзэн н.Б гэдэг хүнд  500,000,000  төгрөгийн барьцаанд байгаа учраас зарж чадахгүй байна. Уг газраа Солонгос улсын иргэнд зарахаар тохирсон. Хэрвээ өөрийг чинь туслалцаа үзүүлж миний өмнөөс мөнгийг минь төлж өгвөл мөнгийг чинь 2% өсгөж төлье гэдэг санал тавиад газрыг зарахаар 470,000,000 төгрөгийг Д.Оөөс зээлэхээр болж  2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах, Гранд плаза төвийн 1 давхарт   н.Мөнхзаяа гэдэг нотариаттай уулзахаар тохирсон байдаг. Ийнхүү С.А, Д.О нар нь нотариат дээр ирээд Худалдах, худалдан авах гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээ, Хамтран ажиллах гэрээ гэдэг 3 төрлийн гэрээ байгуулсан байдаг. Яагаад ийм гэрээ хийж байгаа юм гэхэд, С.А наадах чинь бол  хамаагүй, мөнгийг чинь авсны баталгаатай болгох зорилгоор ийм гэрээ хийж байгаа юм гэж хэлээд агуулга бүхий 3 төрлийн гэрээ хийсэн байдаг. Энэ 3 гэрээ гурвуулаа хэрэгжээгүй байдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56.2-т зааснаар дүр үзүүлсэн гэрээ юм. Эдгээр гэрээ нь биелж байгаагүй. С.Агийн нөхөр Б.Б өөрийн нэр дээрх “Э” ХХК-ийн 14 хувийн хувьцааг, мөнгийг авсанд барьцаа болгож нэхэмжлэгч Д.Од эзэмшүүлсэн. Ийнхүү асуудал гаргахаар нь мөнгийг чинь буцаагаад өгье. 2014.06.24-ны өдөр иргэд хоорондын болзолт гэрээ хийгээд, уг гэрээнд С.А, Б.Б нар нь нийт 600,0 сая төгрөг өгөхөөр гэрээнд тохиролцсон. Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар хариуцагч нар нь хамтран үүрэг хүлээж энэ мөнгийг хамтдаа төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн. Гэрээ өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр талууд ямар нэгэн байдлаар маргаан үүсгээгүй хүчинтэй. Нотариатаар батлагдсан маргаангүй гэрээ бий. Тухайн гэрээнд бусад иргэд болох Д.Э, Х.Дайвийнямбуу гэдэг хүмүүс гарын үсэг зурсан. Гэрчийн мэдүүлгээр Х.Дайвийнямбуу нь тухайн гэрээнд хамааралгүй, зөвхөн гэрээ хийсний баталгаа өгөх гэж гарын үсэг зурсан. Д.Эыг ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Д.Э хамааралгүй. Гол нь нэхэмжлэгчээс авсан үүргийн нөхөн төлүүлэх хэлцэл байгаа. Уг хэлцлийн дагуу С.А компаниа хариуцагч нарт буцаагаад шилжүүлээд өгсөн. Хариуцагчийн тайлбарт хувьцаагаа өөрийн 100% болгож аваад Мандах бүртгэлийн дээд сургуульд зарсан. Энэ төлбөрт одоо хариуцагч нарын амьдарч байгаа Баянгол дүүргийн 6 хороо, 78б байрыг бартераар авсан. Өнөөдрийг хүртэл энэ байрандаа амьдарч байгаа. Хариуцагч нар ингээд хөрөнгөжсөн. Бид 470,0 сая төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагч нарт өгөх зорилгоор банкинд хадгалуулж байсан мөнгөө хадгаламжийг гэрээгээ цуцлаад шилжүүлсэн. Иргэний хуулийн шаардлагын үндэс нь 242.2, 242.3-т заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэдгээр Б.Батулга өөрийн компани дээр газрын гэрчилгээг өөрийн нэр дээр болгож авч ашиглаад хувьцаа өгч байсан, гэр бүл учраас хамтран үүрэг хүлээх ёстой гэж үзэж хувь тэнцүүлэн гаргуулна. Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар Болзолт гэрээгээр дуусгавар болгоод 600,0 сая төгрөг өгье гэсэн тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Агаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Ад 470,0 сая төгрөг зээлдүүлсэн гэсэн нь огт үндэслэлгүй. Д.О, С.А нарын хооронд зээлийн гэрээ нь амаар бичгээр аль ч хэлбэрээр байгуулагдаагүй, тэдний хооронд үүссэн үндсэн харилцаа нь 2013.10.10-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ болно. Бидний хооронд байгуулагдсан дээрх Худалдах худалдан авах гэрээнд зааснаар худалдагч С.А нь Баянгол дүүргийн 16 хороо, Орхоны 1 гудамж, 25, 26, 27, 28, 29, 31 а, 316, 32 тоот хаягт байрлах, өөрийн өмчлөх эрх бүхий газрууд, 63 м.кв талбай бүхий сууц болон 6 автомашины гаражийг 1,900,000 ам доллараар худалдах, худалдан авагч Д.О нь урьдчилгаа төлбөрт 281,437 ам доллар буюу 470,0 сая төгрөгийг төлж, үлдэх 1,618,563 ам долларыг 2013.10.25-ны өдрийн дотор төлөх, эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 189.1-д заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд, сайн дурын ундсэн дээр харилцан тохиролцож, эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжүүлэхээр тохиролцсон хүчин төгөлдөр гэрээ юм. Гэвч Д.О нь үлдэгдэл төлбөр 1,618,563 ам долларыг гэрээнд заасан хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй. Д.О нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авах санал гаргаж гэрээ байгуулаагүй бол өөр этгээдүүдэд худалдаж, зах зээлийн хөрөнгийн өсөлтөө алдахгүй байх байсан. Д.О 4 жил гаруй хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөхгүй удаашруулж, түүнийг төлбөрөө төлөхийг хүлээснээс шалтгаалан бизнесийн үйл ажиллагаа тасалдаж, газар зарсан мөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд бусадтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхийн тулд арилжааны банкуудаас олон тэрбум төгрөгийн зээл авч, олон зуун сая төгрөгийн үндсэн зээлийн болон хугацаа хэтэрсний, нэмэгдүүлсэн хүү төлж хохирсон. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний  үүргээ биелүүлээгүйгээс их хэмжээний хохирол амссан тул шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр аргагүйд хүрсэн. Иймээс худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 910,879,785 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Д.Оөд холбогдуулан Сонгино-хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 онд гаргасан ч анхан, давах, хяналтын шатны шүүхэд 3 жил орчим хянан хэлэлцэгдсэн Э гэж иргэний хэргийн нэхэмжлэгч, хариуцагч бус этгээдийн гаргасан гомдол мэдээллээр хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байгаа тогтоолд үндэслэн надад эрүүгийн хэрэг үүсгэсэн учир ИХШХШТХ-ийн 65.1.8 болон 117.1-д заасны дагуу иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэлд дурдсан Хамтран ажиллах, Иргэд хоорондын болзолт, Ажил гүйцэтгэх, Компанийн эрх шилжүүлэх зэрэг худалдах, худалдан авах гэрээг халхавчилсан гэрээг байгуулах болсон үндэслэл нь худалдагч газар өмчлөх эрхийг шилжүүлэх, худалдан авагч төлбөрөө хугацаандаа бүрэн төлж, газар өмчлөх эрхийг шилжүүлэн авах үүргийг талууд биелүүлэхгүй байх эрсдлээс сэогийлэхийн тулд хийсэн аль алиных нь хамгаалалт буюу баталгаа юм. Иймээс Д.О бидний хооронд “Зээлийн гэрээ” огт байгуулагдаагүй, зөвхөн худалдах, худалдан авах гэрээний талаар анхан, давах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг болон шийдвэр, захирамжуудад тодорхой дүгнэснийг манайх нотлох баримтаар гаргаж өгөх болно. Д.О 470,0 сая төгрөгийг зээлүүлсэн хэмээн өмнө нь шүүхээр маргаж байхдаа ч мөн адил тайлбарладаг ч бодит байдалд уг мөнгийг зээлсэн тухай гэрээ, хэлцэл, нотлох баримт байхгүйгээс гадна  миний өмнө нь түүнээс нэхэмжилсэн 910,879,785 төгрөгийг төлөхгүйн тулд худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгө биш хэмээн зориуд маргаж, худалдах, худалдан авах гэрээг үгүйсгэх зорилготой нь холбоотой тул 470,0 сая төгрөгийг төлөх үндэслэлгүй.  Нэхэмжлэгч нь С.Ад мөнгө зээлүүлэх зорилгоор ХХБ-д хадгалагдаж байсан мөнгөний хадгаламжийн хүү 20,4 сая төгрөг болон хадгаламж барьцаалан, Хаан банкнаас зээл авч, зээлийн хүүнд төлсөн 21,162,242 төгрөг, нийт 41,562,242 төгрөг нэхэмжилсний гол зорилго нь 470,0 сая төгрөгийг С.Ад зээлүүлсэн болгож харагдуулан шүүх болон шүүгчийг зориуд төөрөгдүүлэх зорилго агуулсан нь илэрхий байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэгчийн хариуцагч нараас 511,562,242 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Агийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.А Д.О нарыг төлөөлж Д.Э гэдэг хүн явж байсан. 2013.10.10-ны өдөр худалдах худалдан авах гэрээ хийгээд, С.А анхнаасаа тэр газрыг зарна, худалдана гэж байсан. Д.Э би авна гээд Д.От ийм газар байна, зараад цаашаа хэдэн төгрөг өндөр үнээр олгох юм байна гэсэн. Д.О 1,900,000 ам доллароор авахаар тохиролцож түүнийхээ 470,0 саяыг өгөөд, тэр нь 281,437 ам доллар болоод үлдэгдэл 1,618,563 ам долларыг 2013.10.25-ны дотор төлөхөөр тохиролцсон ч өгч чадахгүй болсон. Хамгийн гол нь Солонгосчуудад 5 тэрбумаар зарахаар тохироо хийсэн байдаг. Талуудын хооронд 2013 оны худалдах, худалдан авах гэрээ болон 01 дүгээр сарын 10-ны худалдах, худалдан авах гэрээ бол үндсэндээ талуудын хүсэл зориг илэрхийлэгдээд тухайн хэргийн оролцогч С.А, 2 этгээд 2 иргэн байгаа. Энэ оролцогч дотор Б.Б, Д.Э нар байхгүй. Хүсэл зориг С.А, Д.О нарын хооронд хийгдсэн. Уг асуудлаар Д.О үл хөдлөх хөрөнгө болон газрын нэр шилжүүлэх гэрээг нотариатаар гэрчлэхийн тулд нотариат эрх, үүргийг тайлбарлаж өгсөн. Тодруулах ажиллагааг заавал хийдэг. Энэ ажиллагааг Д.О хийгдээгүй, өөр зорилготой байсан гэдэг утгаар нэхэмжлэл гаргаад, тухайн нэхэмжлэл хэрэгсэхгүй болж хуулийн хүчин төгөлдөр болсон. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн гаргаж тавьсан дүр үзүүлсэн хэлцэл хийх нэхэмжлэлийн үндэслэл дээр дурдсан зүйл бол өмнө нотлогдчихсон тухайн өдөр тодорхой хэмжээгээр хүчин төгөлдөр болсон. Дараагийн асуудалд үл хөдлөх хөрөнгө хүчин төгөлдөр байх шаардлага нь Улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог гэж хуулийн заалтыг жаахан гажуудуулаад тайлбарлачихлаа. Үл хөдлөхийн дүрэмд нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болдог. Тэгэхээр Иргэний хуулийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлсэн хэлцэл байсан. Халхавчлагдсан хэлцэл нь зээлийн гэрээ байсан гэдэг тайлбар бол одоо хавтаст хэрэгт байгаа байдлаар нотлогдохгүй. Нэхэмжлэлийн шаардлага болсон 511,562,242 төгрөг бол үндсэндээ 2014.07.02-ны өдрийн эвлэрлийн гэрээ мөн 2014 оны талуудын дурдаад байгаа иргэд хоорондын болзолт гэрээ 6 сарын 24-ны өдрийн 2 гэрээг үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хоорондоо зөрүүтэй байна. 2014 оны иргэд хоорондын болзолт гэрээ бол болзол тавьсан тухайн болзол биелэгдээгүй. Тэгэхээр болзол тавьж хийсэн хэлцлийн хувьд биелэгдээгүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болгож байгаа нь нэхэмжлэлийг үндэслэлгүй болгож байна. 2-рт 2014 оны 7 сарын эвлэрлийн хэлцлийг хууль зөрчсөн эвлэрэл гэдэг хэлцлээр шүүх дүгнэсэн байгаа гээд өөрсдөө нэхэмжлэл дээрээ дурдсан байна. Нэхэмжлэлийн гол үндэслэл нь уг итгэмжлэгдсэн төлөөлөгч анх илүү тодорхой байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор, гэтэл одоо бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болчихлоо. Үүрэг үүссэний дагуу үүрэг шаардах, үүрэг хүчин төгөлдөр бус байсны төлөө үндэслэлгүй нэхэмжлэл шаардах 2 бол тэс ондоо 2 зохицуулалт. Нэхэмжлэлийн  үндэс тодорхой бус үед бид аль талаар маргах вэ гэвэл Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн харилцаа үүсгэх амаар, бичгээр гэрээгээр олгогдсон асуудал, ямар нэгэн үйл баримт байхгүй. Хүү тогтоосон эсэх асуудал байхгүй. Үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал дээр тайлбар өгөхөд үндсэн хэлцэл хүчин төгөлдөр бусд тогтоогдох ёстой. Яг нэхэмжлэл дээр яагаад нэхэмжлэлийн гол үндэслэл болсон үйл баримтаа шүүхэд хүчин төгөлдөр бус хэлцэл болгохыг тогтоолгохоор хандаагүй гэдгийг одоо болтол ойлгохгүй байна. Иргэний хуулийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч өөрөө нотлох үүргээ ажиллагааны явцад огт биелүүлээгүй, нотлоогүй, яагаад гэхээр нэхэмжлэлийн үндсэн шаардлага гэрээ цуцалсны хохирол ярьж байгаа юм. Тэгэхээр гэрээ цуцалсан нь ямар гэрээг ярьж байгаа юм бол гэхээр өөр хуулийн этгээд болох банк, мөнгөн хадгаламж үзүүлэх банктайгаар гэрээг цуцалсны хохирлыг нэхээд байна. 1-рт: зээлийн гэрээ байгуулсан эсэх тогтоогдоогүй. 2-рт: байгуулагдсан эсэх тогтоогүй гэдэг зээлийн гэрээг цуцлах асуудал байхгүй. Зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдсоны дараа цуцлах асуудал яригдана. Зээлийн байгуулсан эсэх дээр маргаад байхад зээлийн гэрээ цуцалсны хохирол нэхээд байхаар нэхэмжлэгч С.Аг торгуулийн төлбөрийг гэрээний дагуу нэхэх үндэслэл 2020 онд бүрдсэн эсэх түүнийг урьдчилан тооцож түрүүлж нэхэмжлэл гаргалаа гэж тайлбарлаад байгаа нь нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр тогтоогоод байна. Өнөөдөр нэхэмжлэгч Иргэний хуулийн 205.1, 219.1, 225.1, 227.3, 281, 492.1.1 гээд маш олон үндэслэлээр Иргэний хуульд байж болох нэхэж болох 4, 5 шаардлагын 3, 4-ийг нэг доор тодруулсан нь ач холбогдолгүй, нэхэмжлэлийн шаардлага анхнаасаа бодит байдалд нийцэхгүй байна гэв.

 

Хариуцагч Б.Бас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Энэ хэрэгт намайг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Намайг хариуцагчаар татаж иргэний хэрэг шүүгчийн захирамж нь хууль, эрх зүйн үндэслэлгүй байна. Миний бие 2014 оны 5 сард Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд иргэн Д.Оөд холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжпэл гаргасан. Учир нь “Энх-Ертөнц” ХХК-ийн 14 хувийн хувьцааны үнэ 7,353,640 төгрөгийг Д.Оийн өмчлөлд шилжүүлж компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан ба уг гэрээ байгуулах болсон үндэслэл нь эхнэр С.А нь 2013.10.10-ны өдөр Д.Отэй ХХАГ байгуулж өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16 хороо, Орхоны 1-25, 26, 27, 28, 29, 31А, 31Б, 32 тоот хаягт байрлах 2615 мкв газрыг худалдах тохиролцоо хийсэнтэй холбоотой. Д.О нь 2013.10.10-ны өдөр 470,0 сая төгрөгийг гэрээний урьдчилгаанд төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр 1,618,563 ам доллар төлөхөөр тохиролцсон ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй юм. Энэхүү нэхэмжлэлийн дагуу Д.О нь С.Ад шилжүүлсэн 470,0 сая төгрөгийг буцаан шилжүүлэх тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөр надтай харилцан тохиролцсон тул Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.07.02-ны өдрийн "Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлах тухай” 2944 дүгээр захирамжийг, түүнд хариуцагч Д.Оийн гомдлоор өөрчлөлт оруулсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 2015.12.28-ны өдрийн Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай 102/Ш32016/00954 тоот захирамжийг ИХШХШТХ-ын 124.1-д заасны дагуу илт үндэслэлгүй болох талаарх гомдлыг С.А нь 2016.09.12-ны өдөр гаргаж, дээрх шүүгчийн захирамжуудыг өөр гэрээний харилцаатай маргааны зүйлийг үндэслэл болгон талууд эвлэрсэн нь хууль зөрчсөн үндэслэлээр 2016.10.06-ны өдрийн 04546 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Миний бие Д.О, С.А нарын 2013.10.10-ны өдөр байгуулагдсан “Худалдах худалдан авах гэрээний оролцогч биш, зээлүүлсэн гэх 470,0 сая төгрөгийг аваагүй, мөнге аваагүй тул хохирлыг хариуцах үндэслэлгүй. С.А хэдий миний эхнэр боловч хуульд заасны дагуу эрх зүйн харилцаанд бид бие даасан субъект гэжээ.

 

Хариуцагч Б.Бас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Анх Д.Э гэдэг хүн анх газрыг зарж өгье гээд Б гэдэг хүнтэй байшин барилга барихаар тохиролцсон. Хотын гүйцэтгэх захиргаагаар явж тодорхой хэмжээний зардал гаргасан. Тэгээд мөнгө хэрэгтэй байсан, хурдан зарсан ч яахав гэхэд Мөнхбат, Э хоёр бидэнтэй ирж уулзсан. Үндсэндээ Мөнхбат зуучлаад Д.Э Солонгосчуудад 1,900,000 ам доллараар зарах боломжтой байна, 7 хоногийн хугацаанд хийгдэх ёстой ажил гэсэн. Бид нар ийм ийм зардал гаргасан яах вэ гэхэд би хариуцъя гээд ажлаа зогсоогоод, наймаагаа хийгээд мөнгөө аваад салъя гэсэн. Тэгээд нөгөө хүнтэйгээ ярилцаж тохиролцоод авсан мөнгөө буцааж өгөх хэрэгтэй болсон. Энэ асуудлыг шийднэ гээд нотариатаар оруулж гэрээ хийх болоход Д.О хамт ирсэн. Ямар учиртай хүн бэ гэхэд энэ хүн нөгөө мөнгийг чинь гаргаж өгөх ёстой хүн. 470,0 сая төгрөгийг асуудалгүй шууд шилжүүлье. Тэр доор нь шийдээд 7 хоногийн дотор маш яаралтай хийгдэх наймаа учраас энэ хүн мөнгө авах учраас гэрээнд орох ёстой гээд Д.Оийг оруулсан. Харин ганц Д.Отэй гэрээ хийгээд оруулчихаар дараа нь та 2 гэрээнд орохгүй бол болохгүй гэхэд за тэгвэл хамтран ажиллах гэрээ хийгээд бид оръё гэсэн. Түүнээс гадна ажил гүйцэтгэх гэрээ байгаа. Энэ ямар учиртай юм гэхээр бид нарын өмчилсөн газрыг Солонгос хүн худалдаж авч чадахгүй учраас буцааж эзэмшил болгох ёстой. Үнэ цэнэтэй газрыг эзэмшил болгох гэж байгаа учраас тодорхой хэмжээгээр үнэ доошлоно. Мөн газрын эзэмшил болгохын тулд нэлээн мөнгө шаардлагатай түүн дээр тодорхой тохиролцъё. Бид урьдчилгаа мөнгө орж ирж байгаа юм чинь асуудалгүй юм байна гээд бүх гэрээг нотариатаар батлуулаад гэрээнийхээ гэрчилгээг эзэмших болгох гээд Улсын бүртгэлд хүсэлт гаргасан. Солонгос хүмүүсийн нэр дээр байх учраас заавал компани дээр нэрийг шилжүүлэх учир танай компанийн нэрийг ашиглах үүнээс миний нэр дээр Х тайлан хийж компани үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэдэг нэрийдлээр шилжүүлж гэрчилгээг гаргасан. Ингээд бичиг баримт шилжүүлэх үйл ажиллагаа явагдсан. 7 хоногийн дараа шал өөр асуудал яригдсан. Ярилцсан Солонгосчуудаа зарах гэсэн арай хямд санагдсан юм шиг байгаа юм. Дахин цаана өөр Солонгос хүн илүү өндөр үнээр авах санал тавьсан. Тэгэхэд нөгөө Солонгосчууд бидэнтэй уулзаад та нар хэдээр зарах гэж байгаа юм гэж асуугаад бид мэдээгүй байсан учраас хэлээд, тэгээд тэр Солонгосчууд Д.Этой хэрэлдсэн. Өндөр үнээр авах гэж байсан солонгосчууд нь нөгөө хүмүүсээ таньдаг. Тэгээд хоорондоо маргаан үүссэн. Д.Оөд ямар ч мэдээ мэдээлэл байгаагүй, энэ асуудалд хамаагүй. Д.Э гэдэг хүнтэй ярилцсан.  Д.О Д.Этой мөнгөө өсгөх талаар хоорондоо гэрээ хийгээд, Д.Э бид нартай гэрээ хийгээд гарын үсэг зуруулсан байх. Би 470,0 сая төгрөг дээр маргахгүй, харин хохирол 41,562,242 төгрөгийн шаардлагыг хүлээж авах боломжгүй. Яагаад гэвэл Д.Этой ярьсан асуудлыг Д.Эоос нэхэмжлэх эрхтэй гэв.

 

Шүүхэд нэхэмжлэгч талаас 2013.10.10-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2013.01.10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2013.10.11-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, ХХБ болон Хаан банкны шилжүүлгийн баримт, 2014.06.24-ний өдрийн Иргэд хоорондын болзолт гэрээ, 2014.07.02-ны өдрийн Эвлэрлийн гэрээ, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.12.28-ны өдрийн 954 дугаар шүүгчийн захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.17-ны өдрийн 623 дугаар шүүгчийн захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 2017.01.21-ний өдрийн А/122 тоот тогтоол, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019.12.09-ний өдрийн 385 тоот болон 2020.01.13-ны өдрийн 1/91 тоот тогтоолууд, Хариу мэдэгдэх хуудасууд, Хаан банкны тодорхойлолт, Зээлийн дансны хуулгууд, Мөнгөн хадгаламжийн гэрээнүүд зэрэг баримтуудыг,

 

Хариуцагч талаас Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд гаргасан нэхэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.01.06-ны өдрийн 18 дугаар тогтоол, 2017.06.22-ны өдрийн 1476 дугаар шийдвэр, 2018.04.26-ны өдрийн 5192 дугаар шүүгийн захирамж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.09.20-ны өдрийн 2093 дугаар сагадлал болон тэмдэглэл, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.12.21-ний өдрийн 1692 дугаар тогтоол болон тэмдэглэл, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014.07.02-ны өдрийн 2944 дугаар шүүгчийн захирамж, 2013.10.10-ны өдрийн Хамтран ажилах гэрээ, 2014.06.24-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2017.07.09-ний өдрийн Бэлэглэлийн гэрээ, “Энх-Ертөнц” ХХК-ийн 2013.10.21-ний өдрийн болон 2015.02.18-ны өдрийн, 2015.05.14-ний өдрийн албан бичгүүд, гэрч Г.Б, С.Мөнхбат нарын мэпүүлгийг тус тус гаргаж өгсөн,

 

Шүүхийн журмаар хариуцагч нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, С.Агийн өмчлөлийн Баянгол дүүргийн 16 хороо, Орхоны 1-25, 26, 27, 28, 29, 31А, 31Б, 32 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээ, “Э” ХХК-ийн газар эзэмших гэрчилгээ, Б.Б газар эзэмших гэрчилгээ, “М” ХХК-ийн газар эзэмших гэрчилгээ, С.Агийн газар эзэмших гэрчилгээ, 2015.05.21-ний өдрийн 01-05 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ,  Кадастрын зургууд, “Э” ХХК-ийн дүрэм, хувьцаа эзэмшигчдийн 2013.10.28-ны өдрийн шийдвэр, 2013.10.29-ний өдрийн хурлын шийдвэр, “Э” ХХК-ийн 2014.06.24-ний өдрийн хурлын 01/14 дугаар тэмдэглэл, Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хохирогч Д.Оийн мэдүүлгүүд, С.А, Б.Б нараас авсан сэжигтний мэдүүлгүүд, гэрч Х.Дайвийнямбуугийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.О нь С.А, Б.Б нарт холбогдуулан гэрээнээс татгалзаж, урьчилгаанд төлсөн 470,000,000 төгрөг болон гэрээнээс учирсан хохиролд 41,562,242 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ С.Агийн зээлийн барьцаанд тавьсан газрыг чөлөөлөх зорилгоор өөрийн хугацаатай хадгаламжийн гэрээг цуцлан түүнд мөнгийг шилжүүлсэн тул зээлийг учирсан хохиролын хамт  гаргуулна гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч С.А нь Д.О 470,000,000 төгрөгийг бодит байдалд зээлсэн тухай гэрээ, хэлцэл, нотлох баримт байхгүй, миний өмнө нь түүнээс нэхэмжилсэн 910,879,785 төгрөгийг төлөхгүйн тулд худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгө биш гэж зориуд маргаж, худалдах, худалдан авах гэрээг үгүйсгэсэнй, хохирол 41,562,242 төгрөгийг зээл болгож харагдуулах зорилго агуулсан гэж мэтгэлцэж байна.

 

Хариуцагч Б.Б нь би Д.О, С.А нарын 2013.10.10-ны өдөр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний оролцогч биш, зээлүүлсэн гэх 470,000,000 төгрөгийг аваагүй, мөнгө аваагүй тул хохирлыг хариуцах үндэслэлгүй, С.А бид нар эрх зүйн харилцаанд бие даасан субъект гэж маргалаа.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ өдрийн хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Худалдах, худалдан авах гэрээ, Хамтран ажиллах гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээнүүд нь дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, Иргэд хоорондын болзолт гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй, хариуцагч нар гэр бүлийн гишүүд тул Иргэний хуулийн 492.1.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжсөнөөр хувь тэнцүүлэн шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч С.Агийн өмгөөлөгч зээлийн гэрээ байгуулсан нь тогтоогдоогүй, байгуулагдаагүй гэрээг цуцлах асуудал байхгүй, зээлийн байгуулсан эсэх дээр маргаад байхад гэрээ цуцалсны хохирол нэхээд байна, Иргэний хуулийн 205.1, 219.1, 225.1, 227.3, 281, 492.1.1 гээд байж болох 4, 5 шаардлагын 3, 4-ийг нэг доор тодруулсан нь ач холбогдолгүй, нэхэмжлэлийн шаардлага анхнаасаа бодит байдалд нийцэхгүй байна гэж маргаж, Б.Б нь хохирлыг хэлцэл хийсэн Э хариуцна, 470,000,000 төгрөгийг маргахгүй байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1-д хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлийн үндсэн дээр эрх зүйн харилцаа үүснэ гэж, 187 дугаар зүйлийн 187.1-д хэлцлийн үндсэн дээр үүссэн эрх зүйн харилцаанаас үүрэг үүсэхээр зохицуулсан байна. 

 

Нэхэмжлэгч нь Д.Эоор дамжуулан С.Атай танилцаж, газрын гэрчилгээнүүдийг Г.Бын барьцаанаас суллахын тулд 470,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж тайлбарласан байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

 

Зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсэхэд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн байхыг болон зээлдэгч зээлийг зориулалтаар нь өөрөө ашиглахыг шаардах ба тухайн тохиолдолд хэргийн үйл баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчээс зээл хүссэн, талууд тохиролцсон, өөрөө захиран зарцуулсан байдлууд нь тогтоогдохгүй байна.

 

Харин С.А нь 2013.10.10-ны өдөр Баянгол дүүргийн 16 хороо, Орхоны 1-25, 26, 27, 28, 29, 31А, 31Б, 32 тоотод байрлах өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон 63 мкв хувийн сууц, 6 машины автогараашийн барилга, 2615 мкв талбай бүхий өмчлөлийн газрыг Д.Оөд худалдахаар гэрээ байгуулан, 1,900,000 ам доллараар үнийг тохиролцжээ.

 

Талууудын тохиролцоо Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байх зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлэн, нотариатаар батлуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна. 

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулсан байна.

 

Дээрх гэрээний дагуу худалдан авагч нь төлбөрийн урьдчилгаа 281,437 ам доллар буюу 470,000,000 төгрөгийн 417,000,000 төгрөгийг С.Агийн хүсэлтийн дагуу Г.Бын дансанд, үлдэх төлбөрийг өөрийнх нь дансанд тус тус шилжүүлж, үлдэгдэл 1,618,563 ам долларыг 2013.10.25-ны дотор төлөх, төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд гэрээний зүйлийг Д.Оийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцжээ.

 

Зохигчийн хооронд байгуулсан 2013.10.10-ны өдрийн Худалдах, авах гэрээний 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт худалдах, худалдан авах ажиллагаатай холбоотой хамтран ажиллах зарчим, үйл ажиллагааг нэмэлтээр тусад нь байгуулах Хамтран ажиллах гэрээгээр зохицуулна гэж заасан байна.

 

Энэхүү заалтын хүрээнд талууд мөн өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулан, Баянгол дүүрэг, 16 хороо, Орхоны 1 гудамж, 25-26, 27, 28, 29, 31 а, 31б, 32 тоот хаягт өмчлөх эрх бүхий газар дээр барилга барих зорилгоор 2 гишүүн бүхий “Энх-Ертөнц” ХХК-ийг байгуулах, газрыг тус компанид шилжүүлэх хэлбэрээр хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу газрыг “Энх-Ертөнц” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн, Д.О нь “Энх-Ертөнц” ХХК-ийн 14 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн, 2014.07.03-ны өдөр 14 хувийн хувьцааг буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Мөн 2013.10.11-ний өдөр “Энх-Ертөнц” ХХК-ийг төлөөлж Д.Э, С.Мөнхбат нартай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулан, Баянгол дүүрэг, 16 хороо, Орхоны 1 гудамж, 25-26, 27, 28, 29, 31 а, 31б, 32 тоот газруудыг нэгтгэн барилгажих талбай болгон, компанийн нэр лүү шилжүүлэх ажлыг 21 хоногийн хугацаанд хийхээр тохиолцсон байна.

 

Нэхэмжлэгч тал 2014.06.24-ний өдрийн Иргэд хоорондын болзолт гэрээний дагуу шаардлага гаргасан талаар тайлбар гаргасан ба энэхүү гэрээгээр хариуцагч нар нь нэхэмжлэгчид 600,000,000 төгрөгийг шилжүүлэх, төлбөр шилжин орсноор талууд 2013.10.10-ны өдрийн худалдах, худалдан авах, хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээнүүдийг дуусгавар болгохоор  тохиролцжээ.

 

Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь С.А, Б.Б нар нь төлбөр төлснөөр дуусгавар болохоор ба төлөөгүй тохиолдолд Д.Оөд “Энх-Ертөнц” ХХК-ийн 14 хувийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон байна.

 

Талууд дээрх тохиролцоогоо Иргэд хоорондын болзолт гэрээ гэж нэрлэсэн байгаа боловч агуулга, нөхцлөөс нь дүгнэхэд 2013.10.10-ны өдрийн Худалдах, авах гэрээнээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар татгалзаж, урьдчилгаа төлбөрийг буцаах, гэрээг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан бусад гэрээнүүдийг дуусгавар болгохоор тохиролцсон гэж үзэхээр байх тул хариуцагч С.Агаас 470,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олголоо.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй “3 гэрээ нь дүр үзүүлсэн гэрээ” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь талууд дээрх худалдах, худалдан авах гэрээг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэлд хамаарахгүй мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхгүй юм.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон  учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байна.

 

Тухайн тохиолдолд гэрээний нэг тал нь үүргээ зөрчсөн гэж үзэх байдал тогтоогдохгүй байх тул зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 21,162,242 төгрөг, олох ёстой байсан орлого 20,400,000 төгрөг, нийт 41,562,242 төгрөгийг хохирол гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Зохигч дээрх газрыг “Энх-Ертөнц” ХХК-ийн нэр дээр шилжүүлснээр цааш нь худалдах зорилготой байсан, худалдан авах гэж байсан Солонгосчууд нь авахаа больсноор гэрээний зорилго нь хангагдахгүй болж, талууд харилцан тохиролцож гэрээнээсээ татгалзсан байх тул хохирол гаргуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2013.10.10-ны өдрийн Худалдах, авах гэрээний оролцогч биш этгээд болох Б.Бд холбогдуулан шаардлага гаргасан нь үндэслэлгүй байх тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2,715,762 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 2,507,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан Агаас 470,000,000 /дөрвөн зуун далан сая/ төгрөг гаргуулан, Оөд олгож, шаардлагаас үлдэх хохиролд 41,562,242 төгрөг болон Бд холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 2,715,762 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 2,507,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ