Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/00716

 

Д.О ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 31-ний өдрийн 0000000000000000 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.О ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.А , Б.Б нарт холбогдох, 511,562,242 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С, хариуцагч С.А гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Б.Б , хариуцагч С.А гийн өмгөөлөгч Ч.А, хариуцагч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Д.О миний бие С.А тай 2013 онд танилцсан. Тухайн үед С.А нь ...би өөрийн өмчлөлийн газруудаа Солонгосын иргэдэд зарахаар тохиролцсон. Гэтэл газрын гэрчилгээнүүд Г.Б гэдэг хүнд 500,000,000 төгрөгийн барьцаанд байгаа болохоор боломжгүй байна. Хэрэв миний өмнөөс зээлийг минь төлж, газрыг минь барьцаанаас суллаж өгвөл би газраа зараад мөнгийг чинь хоёр дахин өсгөж өгье гэсэн учир миний бие газрыг зарагдтал 470,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр болж маргааш нь буюу 2013 оны 10 сарын 10-ны өдөр Г төвийн 1-р давхарт байрлах У.М гэх нотариат дээр очиж гэрээ хийхээр болсон. Маргааш нь нотариат дээр очиход С.А нь худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зуръя гэхэд нь би татгалзаж газрыг худалдаж авахгүй шүү дээ гэхэд тэгвэл хамтран ажиллах гэрээ байгуулъя гэж тулган 2013 оны 10 сарын 10-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Уг гэрээгээр миний С.А д зээлдүүлсэн 470,000,000 төгрөгийн барьцаа болгож С.А гийн нөхөр Б.Бын нэр дээрх Э е ХХК-ийн 14%-ийн хувьцааг надад эзэмшүүлэхээр болсон. Ийнхүү гэрээ хийсний дараа миний бие өөрийн хугацаатай хадгаламжаа цуцлаж 200,000,000 төгрөг, мөн хадгаламжаа барьцаалан 270,000,000 төгрөгийн зээл гаргуулан үүнээс 417,000,000 төгрөгийг газрыг барьцаалж зээл олгосон Г.Б ын дансанд, 57,000,000 төгрөгийг С.А гийн дансанд тус тус шилжүүлсэн. А.Алтантуяа нь Г.Б оос газрын гэрчилгээг чөлөөлүүлэн газрын гэрчилгээнүүдийг Э е ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн ба Д.О намайг Э е ХХК-ийн 14%-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн юм. С.А д богино хугацаанд мөнгө зээлдүүлж, түүний барьцаанд тавьсан газрыг чөлөөлөх зорилгоор өөрийн хугацаатай хадгаламжийн гэрээг цуцлан мөнгийг шилжүүлсэн ба гэрээ цуцалсантай холбогдуулан дараах хохирол учирсан. Миний бие Х б банктай 2013 оны 01 сарын 21-ний өдөр мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 10.2%-ийн хүүтэй хадгалуулахаар харилцан тохиролцсон байсан. Уг гэрээг 2013 оны 11 сарын 02-ны өдөр хүртэл сунгасан байсан. Зээлийн 3 сарын хүү гэрээнд заасан 10.2%-иар тооцвол 20,400,000 төгрөгийн хадгаламжийн хүүгийн олох ёстой орлого байсан. Миний бие банктай байгуулсан гэрээгээ цуцлаж мөнгөө С.А д өгөөгүй бол хадгаламжийн гэрээгээ өнөөдрийг хүртэл сунган хүүгийн орлого авах байсан. Түүнчлэн Х б тай 2013 оны 01 сарын 23-ны өдөр иргэдийн хугацаат хадгаламжийн гэрээ байгуулан 300,000,000 төгрөгийг 2014 оны 02 сарын 21-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай 15.2%-ийн хүүтэй хадгалуулж байсан ба С.А д мөнгө зээлэх зорилгоор тус хадгаламжаа барьцаалан 270,000,000 төгрөгийг зээлдэн шилжүүлсэн. Уг зээлийн хүү хуримтлагдан 21,162,242 төгрөг, нийт 291,162,242 төгрөг 2014 оны 02 сарын 22-ны өдөр Х б инд төлсөн.

Иймд С.А , Б.Б нараас зээлийн төлбөр 470,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 21,162,242 төгрөг, олох ёстой байсан хадгаламжийн хүүгийн орлого 20,400,000 төгрөг, нийт 511,562,242 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2.   Хариуцагч Д.О ийн хариу тайлбарын агуулга: Д.О нь нэхэмжлэлдээ С.А д 470,000,000 төгрөгийг зээлдүүлсэн хэмээн бичсэн нь огт үндэслэлгүй юм. Учир нь Д.О , С.А нарын хооронд зээлийн гэрээ амаар болон бичгээр аль ч хэлбэрээр байгуулагдаагүй бөгөөд тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Д.О бидний хооронд байгуулагдсан 2013 оны 10 сарын 10-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-нд худалдагч С.А нь ... тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн газрууд, 63 м.кв талбай бүхий хувийн сууц, 6 автомашины гарашийг нийт 1,900,000 ам.доллараар худалдах, худалдан авагч Д.О нь урьдчилгаа төлбөрт 281,437 ам.доллар буюу 470,000,000 төгрөгийг төлж, үлдэх 1,618,583 ам.долларыг 2013 оны 10 сарын 25-ны өдрийн дотор төлөх, эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон нь түүний өөрийнх нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн худалдах, худалдан авах гэрээнээс харж болно. Гэвч худалдан авагч Д.О нь урьдчилгаа төлбөр болох 470,000,000 төгрөгөөс бусад төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Д.О нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс газар зарсан мөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд бусадтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхийн тулд банкнаас олон тэрбум төгрөгийн зээл авч, олон зуун сая төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлж хохирсон. Нэхэмжлэлд дурдсан хамтран ажиллах, иргэд хоорондын болзолт, ажил гүйцэтгэх, компанийн эрх шилжүүлэх зэрэг халхавчилсан гэрээг байгуулах болсон үндэслэл нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг талууд биелүүлэхгүй байх эрсдлээс сэргийлэхийн тулд хийсэн аль альных нь хамгаалалт буюу баталгаа юм. Д.О нь хадгаламжийн хүү 20,400,000 төгрөг, зээлийн хүүд төлсөн 21,162,242 төгрөг, нийт 41,562,242 төгрөг нэхэмжилсний гол зорилго нь 470,000,000 төгрөгийг С.А д зээлдүүлсэн болгож харагдуулан шүүхийг зориуд төөрөгдүүлэх юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Хариуцагч Б.Б ын хариу тайлбарын агуулга: Миний бие Б.Б ыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Миний бие иргэн Д.О , С.А нарын хооронд 2013 оны 10 сарын 10-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ-ний оролцогч биш, зээлдүүлсэн гэх 470,000,000 төгрөгийг аваагүй. Нэгэнт мөнгө аваагүй учир хохирлыг хариуцах үндэслэлгүй. С.А нь хэдийн миний эхнэр боловч хуульд заасны дагуу эрх зүйн харилцаанд бие даасан субъектын үүднээс оролцсон. Хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно.

 

4.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.А гаас 470,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.О д олгож, шаардлагаас үлдэх 41,562,242 төгрөг болон Б.Б д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,715,762 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,207,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосон.

 

5.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 41,562,242 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

а. Анхан шатны шүүх С.А , Д.О нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар талууд худалдаж буй хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус юм. С.А нь өөрийн худалдахаар гэрээ хийсэн хөрөнгүүдийг Д.О ийн өмчлөлд шилжүүлэн өгөөгүй тул гэрээ хэрэгжсэн гэж үзэх боломжгүй. Тиймээс талууд 2014 оны 06 сарын 24-ний өдрийн Иргэд хоорондын болзолт гэрээгээр талууд гэрээ тус бүрийг татгалзан дуусгавар болгохоор харилцан тохиролцсон нь үндэслэлтэй болно. Анхан шатны шүүх гэрээнээс татгалзсан үйл баримтыг зөв тодорхойлсон нь талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь буруу.

б. С.А , Д.О нар 2013 оны 10 сарын 10-ны өдөр хамтран ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан хэдий ч эдгээр гэрээнүүд мөн адил хэрэгжээгүй, дүр үзүүлсэн хэлцлүүд болох нь хэргийн үйл баримтаар тогтоогддог. Эдгээр бүх хэлцлүүд нь дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй юм.

в. Хариуцагч нар Г.Б гэх иргэнд төлөх ёстой төлбөрийн үүргээс чөлөөлөгдөн, газрын холбогдох баримт бичгүүдээ Э е ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авч, хожим Мандах бүртгэл дээд сургуульд өндөр үнээр худалдан борлуулж, уг худалдан борлуулсан үнэдээ тооцон авсан хувийн орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч байна. С.А , Б.Б нар хууль ёсны гэрлэгчид тул гэрлэснээс хойш үүссэн өр төлбөрийг тэнцүү хэмжээгээр хариуцах ёстой. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулан төлбөрийг хариуцагч нарт тэнцүү хэмжээгээр хариуцуулах үндэслэлтэй.

г. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг шаардах эрхтэй юм. Д.О нь өөрийн хугацаатай хадгалуулж байсан хадгаламжийн гэрээгээ цуцлаж, мөн банкнаас зээл гаргуулан зээлийн хүүд төлбөр төлж нийтдээ 41,562,242 төгрөгөөр хохирсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Гэтэл шүүхээс гэрээнээс татгалзсан гэх үндэслэлээр дээрх хохирлын төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

д. Анхан шатны шүүх Б.Б ыг худалдах, худалдан авах гэрээний оролцогч биш тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай юм. Учир нь Б.Б компанийн хувьцааг Д.О д шилжүүлж, хувьцааг буцаан шаардах авахаар нэхэмжилж байсан. Мөн Б.Б нь өөрийн компанийн нэр дээр бичсэн албан бичгүүдээр Д.О өөс шилжүүлэн авсан мөнгөө буцааж төлөхөө хүлээн зөвшөөрч байсан. 2014 оны 06 сарын 24-ний өдрийн иргэд хоорондын болзолт гэрээгээр С.А , Б.Б нар 600,000,000 төгрөгийг Д.О өд төлөхөөр зөвшөөрч гэрээ хийсэн нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрийг хариуцах үндэслэлтэй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, хариуцагч С.А , Б.Б нараас 511,562,252 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

6.   Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч С.А гийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тохиолдолд тухайн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргадаг. Гэтэл ийм шаардлага гаргаагүй. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт ярихад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна гэдэг. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээнээс татгалзсан харилцаа гэж тайлбарласан. 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хэлцэл гэж үзээд буруутай этгээдээс хохирол гаргуулах гэж байна уу, эсхүл байгуулагдсан гэж үзэж буй гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэж байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Энэ байдлыг тодорхой болгохоор анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцэхэд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар нэхэмжилж байгаа гэж тайлбарласан. Гэтэл шүүх хуралдаанаар мэтгэлцээгүй үндэслэлээр шийдвэр гаргасан. Учир нь нэхэмжлэгч дүр үзүүлсэн хэлцэл гэж дурдсан байхад шүүх худалдах, худалдан авах гэрээ хүчинтэй, түүнээс татгалзах агуулгатай болзол тавьсан хэлцэл хийсэн гэж шийдвэрлэсэн.

 

7.   Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Б.Бын гаргасан тайлбарын агуулга: С.А нь анх н.Э той наймаа хийж, н.Э мөнгөө төлж чадахгүй байсан учраас Д.О ийг ямар нэгэн хэлцлээр тохиролцож оруулаад, Д.О наймаанд оролцсон. н.Э ын наймаа хийх хүмүүс БНСУ-ын иргэн байсан учраас гадаадын иргэний нэр дээр газар шилжүүлж болохгүй тул Д.О ийн нэр дээр шилжүүлээд, өмчлөх эрхтэй газрыг өөр газартай нэгтгэж эзэмших эрхтэй газар болгоод улмаар компанийн нэр дээр шилжүүлэх боломжтой гэж тохиролцоод Э е ХХК-ийг оруулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

8.   Хариуцагч С.А гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

а. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авалгүйгээр үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг хангаагүй. 2022 оны 01 сарын 31-ний өдөр шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргасан сөрөг нэхэмжлэлийг татгалзахдаа шүүх тухайн хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар баримтгүй үндэслэлийг удирдлага болгосон нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлд хамаарахгүй, шүүгчийн захирамжид эдгээр үндэслэлийн аль нэгийг үндэслэл болгоогүй байдаг.

б. Хариуцагч Б.Б өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны үндсэн дээр мэтгэлцэх эрхийг хангаагүй. Хамтран хариуцагч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт цаашид өмгөөлөгчгүй оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн боловч хуралдаан үргэлжилж хэргийг хянан шийдвэрлэсэн нь зохигч хууль зүйн туслалцааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед авч мэтгэлцээнд оролцох эрхийг бүрэн хангаж чадсан гэж үзэхэд бэрхшээлтэй байна.

в. Диспозитив зарчим хэрэгжээгүй. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо, гэрээнээс татгалзах, гэрээ цуцалсны хохирол төлүүлэх, худалдах-худалдан авах гэрээний үүрэг, гэм хор, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг олон үндэслэлийг төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нэгэн зэрэг дэвшүүлж, бичгээр болон амаар илэрхийлсэн. Энэ нь хоорондоо харилцан зөрчилтэй, ойлгомжгүй үндэслэлүүд болоод байсан тул шүүх хуралдаан зориуд аль үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа болохыг хариуцагч талаас лавлан асуусны үндсэн дээр мэтгэлцээнд оролцсон. Шүүх бүрэлдэхүүн мөн тухайн үед нэхэмжлэгч талыг үндэслэлээ сонгож тодорхой болохыг шаардаж байсан бөгөөд үндэслэл зөрүүтэй байдлаар хуралдааны эцсийн хэлэлцүүлэг хүртэл ирээд буйг анхааруулсан. Үүний дагуу нэхэмжлэгч тал нэгэн зэрэг дэвшүүлсэн, харилцан зөрчилтэй үндэслэлүүд дотроосоо Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг удирдлага болгон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойллоо хэмээн өмгөөлөгч, төлөөлөгч нар санал нэгдэж хуралдааны мэтгэлцээн тухайн үндэслэлийн хүрээнд өрнөсөн. Гэтэл тухайн хурлаар нэхэмжлэгч үндэслэл болгоогүй, мэтгэлцээн өрнөөгүй хуулийн зүйл заалтуудаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчим, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хууль ёсны байх зарчимтай нийцээгүй гэж үзэж байна.

г. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй мөнгөн дүнг хариуцагч С.А гаас гаргуулж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 470,000,000 төгрөгийн 50%-тай тэнцэх дүн буюу 235,000,000 төгрөгийг хариуцагч С.А гаас нэхэмжилсэн, мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагаас Б.Б д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шүүх тухайн хариуцагчид хариуцагдахгүй 235,000,000 төгрөгийг нэмж С.А гаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны байх зарчимд нийцэхээргүй байна.

д. С.А гаас 470,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэх болсон үндэслэл хангалттай тодорхой бус байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт иргэд хоорондын болзолт гэрээ нь ... бусад гэрээнүүдийг дуусгавар болгохоор тохиролцсон гэж үзэхээр байгаа тул хариуцагч С.А гаас 470,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олголоо гэсэн нь ямар учраас С.А гэрээнээс татгалзсан гэж үзэхэд хүргэсэн, С.А гийн буруу, үүргийн зөрчил гэж үзэхэд хүргэсэн, хариуцлагыг С.А дангаар хүлээн болсон талаар хангалттай тодорхой үндэслэл дурдагдаагүй нь хариуцагч С.А өөрийгөө ямар учраас хариуцлага хүлээх ёстой болоод байгаагаа, буруутай гэж дүгнэгдэж байгаагаа ойлгоход хүндрэлтэй нөхцлийг бий болгосон.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, талуудын мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.

9.   Хариуцагч С.А гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч тал нэхэмжлэгчийн мөнгийг авчихаад хугацаа авч, түүний мөнгийг ашиглаж ханахгүй байна. Нэхэмжлэгч мөнгөө 2013 онд алдсан ба 2021 онд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч 470,000,000 төгрөгт холбогдуулан нэхэмжлэл гаргаж амжаагүй байтал хариуцагч нар гэрээ хийгдсэнд тооцоод шүүхэд хандсан. Талууд хоёр шүүхэд тусдаа нэхэмжлэгч болсон. Нэхэмжлэлийн үндэслэл өөрч учраас энэ хоёр хэргийг нэгтгэх боломжгүй. Б.Б шүүхэд өмгөөлөгч авах талаар хүсэлт гаргаагүй бөгөөд өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцож байгаа гэж хэлсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчийн 470,000,000 төгрөгийг авч хувьдаа хэрэглэж, амьдрал ахуйгаа сайжруулсан. Хариуцагч нар 600,000,000 төгрөг өгье гээд болзолт гэрээ хийсэн учраас үүнийг үндэслэн нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг залруулж, өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч С.А , Б.Б нарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 470,000,000 төгрөг, олох ёстой байсан хүүгийн орлого 20,400,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 21,162,242 төгрөг, нийт 511,562,242 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ хариуцагч нь барьцаанд байгаа газраа чөлөөлөх зорилгоор мөнгө зээлдэн авсан, уг мөнгийг өгөх гэж банк дахь хадгаламжаа цуцлаж, банкнаас зээл авч хохирсон, хариуцагч нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн... гэсэн агуулгаар тайлбарлажээ. /1хх 1-4, 2хх 51-61/

 

3.   Дээрх шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ хариуцагч С.А нь ...нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ бус харин худалдах, худалдах авах гэрээ байгуулсан, худалдан авагч тал урьдчилгаа төлбөрийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүйн улмаас хохирсон, нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл тодорхойгүй... гэсэн агуулгаар, хариуцагч Б.Б нь миний бие Д.О , С.А нарын хооронд байгуулагдсан гэрээний оролцогч биш, уг хэрэгт хариуцагчаар татагдсан нь үндэслэлгүй... гэсэн агуулгаар тус тус тайлбарлан, маргажээ. /1хх 43-45, 46-47, 2хх 51-61/

 

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь буруу.

 

Хэрэгт авагдсан Х б банкны Дотоод шилжүүлгийн маягт /1хх 17/, Х б ны Мөнгөн шилжүүлэг-ийн баримт /1хх 18/, Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2019 оны 12 сарын 09-ний өдрийн 1304 дугаар Хариу мэдэгдэх хуудас /1хх 26/, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 сарын 13-ны өдрийн 1/91 дугаар Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол /1хх 27/, газар эзэмших гэрчилгээ /1хх 200-210, 215, 219/, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /1хх 212, 213-214, 2016-217/, Мөнгөн хөрөнгө, үнэт цаас, эд хөрөнгө шилжүүлэх тухай гэрээ /1хх 220-221/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гэрчээр асуугдсан Г.Б ын өгсөн ...Бид хоёр хамтран ажиллахаар тохиролцсон байж байтал С.А нь уг газар дээрээ би Солонгосчуудтай хамтарч 16 давхар барилга барихаар боллоо. Таны мөнгийг буцааж өгье гээд миний данс руу 200,000,000 төгрөг, 217,000,000 төгрөгөөр хоёр хувааж шилжүүлсэн. ...Би газрын бичиг баримтуудыг авч барилга барих зөвшөөрөл хөөцөлдөж, барилгын зургийг хийлгэхээр төлөвлөж байсан тул дээрх бичиг баримтууд нь надад байсан юм... гэсэн мэдүүлэг /1хх 165/, С.М ын өгсөн ...худалдаж авах гэж байсан хоёр Солонгос энэ газар дээр 15 давхар байшин барина үүний тул 2 эзэмшлийн 7 өмчлөлийн гэрчилгээтэй байж таарсан. ...Тэр хоёр Солонгос хүнийг би ч танина, Д.Э ч танина. Д.Э дагуулж ирсэн. ...470,000,000 төгрөг нь өмчлөлийн 5 газрыг чөлөөлөхөд зориулж өгсөн мөнгө... гэсэн мэдүүлэг /1хх 166-168/-тэй харьцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлбэл:

а. 2013 оны 10 сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Д.О өөс хариуцагч С.А болон түүний нэр заан өгсөн Г.Б нарын данс руу нийт 470,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн;

б. Дээрх мөнгөн дүнгээс 417,000,000 төгрөгийг С.А тай хамтран ажиллаж байсан гэх Г.Б од хамтын ажиллагаанаас гарахад нь зориулж өгсөн. Г.Б нь тухайн үед газрын гэрчилгээнүүдийг өөр дээрээ байлгаж байсан ба уг мөнгөн дүнг авснаар газрын гэрчилгээнүүдийг С.А д буцаан өгсөн;

в. Хариуцагч С.А нь Д.О өд бус харин БНСУ-ын иргэдэд газар худалдах хүсэл зоригтой байсан болох нь түүнтэй хамтран ажиллаж байсан гэх, нэхэмжлэгчээс мөнгө хүлээн авсан Г.Б ын өгсөн мэдүүлэг, 2013 оны 10 сарын 11-ний өдөр С.А , Д.О , Д.Э нартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэх С.М ын өгсөн гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон;

г. Улмаар Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай 3,372 м.кв талбай бүхий газрыг 2015 оны 08 сарын 10-н өдөр Мандах бүртгэл ХХК-д шилжүүлэн өгсөн;

д. Үүний хариу төлбөрт С.А , Б.Б нар Мандах бүртгэл ХХК-аас 1,556,000,000 төгрөг, 410,000,000 төгрөгийн Х б ны хадгаламжийн сертификат, 400,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц зэргийг шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй, харин зээлийн гэрээ-ний харилцаа үүссэн гэх нэхэмжлэгч талын тайлбарыг үнэн зөв гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Улмаар энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй.

 

5.   Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Д.О нь хариуцагч С.А гаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар түүнд шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгө болох 470,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан 2013 оны 10 сарын 10-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /1хх 7-9/, 2013 оны 01 сарын 10-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ /1хх 10-12/, 2013 оны 10 сарын 11-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /1хх 13-15/, 2014 оны 06 сарын 24-ний өдрийн Иргэд хоорондын болзолт гэрээ /1хх 14/ зэрэг гэрээнүүд нь эрх зүйн үр дагавар үүсгэхэд чиглэгдээгүй, бодитоор хэрэгжээгүй байх тул хэргийн шийдэлд ач холбогдолгүй учир давж заалдах шатны шүүхээс эдгээр гэрээнүүдэд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 22-ны өдрийн 000000000000 дугаар шийдвэр бүхий С.А гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О д холбогдох иргэний хэрэг нь мөн шүүхийн 2018 оны 04 сарын 26-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 00000000000 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болсон /1хх 111-146, 147-148/, мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2014 оны 07 сарын 02-ны өдрийн Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг батлах тухай 0000 дугаар захирамжаар хариуцагч Д.О нь 2013 оны 10 сарын 25-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох, мөн өдөр байгуулсан компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай Б.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Д.О д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн шүүхийн 2016 оны 10 сарын 06-ны өдрийн 0000000000 дугаар шүүгчийн захирамж, 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 000000000 дугаар тогтоолоор хүчингүй болсон /1хх 149-150, 151-154/ байх тул эдгээр шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжид дурдагдсан үйл баримтуудад эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй болно.

6.   Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 сарын 24-ний өдрийн 00000000000 дугаар Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар Д.О өд холбогдуулан гаргасан худалдах, худалдах авах гэрээний үүрэгт 402,339,892 төгрөг гаргуулах тухай С.А гийн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэсэн болох нь нотлогдож байх тул шүүхээс адил шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д заасан зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэсэн зохицуулалтад нийцжээ. Иймд энэ талаархи хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. /1хх 108/

 

7.   Хэргийн 51-61-р талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч Б.Б нь өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтийг шүүхэд илэрхийлсэн үйл баримт тусгагдаагүй байх тул хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлээгүй гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8.   Түүнчлэн, С.А , Б.Б нар өр төлбөрийг тэнцүү хэмжээгээр хариуцах ёстой, шүүхээс хохирол 41,562,242 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол, мөн диспозитив зарчим хэрэгжээгүй, шүүх нэхэмжлэгчийн шаардаагүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн, шүүх хариуцагч С.А гаас нэхэмжлээгүй дүнг гаргуулан шийдвэрлэсэн гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг тус тус хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Учир нь:

а. Зээлдүүлэх мөнгөн хөрөнгийг ямар эх үүсвэрээс бүрдүүлэх нь зээлдүүлэгчийн асуудал бөгөөд түүнийг хэрхэн бүрдүүлэх нь зээлдэгчид хамааралгүй.

б. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан хугацаанд банкинд хадгалуулсан мөнгөн хөрөнгөө захиран зарцуулахгүй буюу ирээдүйд хадгалсаар байх байсан гэж үзэх боломжгүй.

в. Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч С.А тай зээлийн гэрээний харилцаанд орсон, мөн хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний нэг тал биш байхаас гадна С.А , Б.Б нар гэр бүл гэдэг нөхцөл байдал нь С.А гийн бусдаас зээлдэн авсан мөнгөн хөрөнгийг Б.Б хариуцах үндэслэл болохгүй.

г. Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь 470,000,000 төгрөгийг холбогдох этгээдээс гаргуулах явдал байсан. Шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарт эрх зүйн дүгнэлт өгч уг мөнгөн дүнг хариуцах ёстой этгээдээс гаргуулан шийдвэрлэснийг нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн, нэхэмжлэлд дурдсан үндэслэлээс өөр үндэслэлээр шийдвэр гаргасан гэж үзэхгүй.

 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 31-ний өдрийн 0000000000000000 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан... гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 сарын 14-ний өдөр урьдчилан төлсөн 365,762 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 2,507,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.НЯМБАЗАР