Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/шш2022/00150

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2022/00150

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Д.Т

 

Хариуцагч:Ч.А,

 

Нэхэмжлэлийн шаардлага:Зээлийн гэрээний үүрэгт 205.163.356 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э , Л.Онон, өмгөөлөгч О.Б ,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У , өмгөөлөгч Н.Н ,

 

Гэрч Г.Э ,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Т нь Ч.А  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 205.163.356 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.Т , Ч.А  нар нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 230.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл байсан. Зээлийн гэрээний дагуу 230.000.000 төгрөгийг тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч Д.Т 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 50.000.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 100.000.000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 80.000.000 төгрөгийг тус тус хариуцагч Ч.А-ийн Х  банкны дансанд шилжүүлсэн. Харин хариуцагч Ч.А  2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 19.561.640 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэг жилийн дараа буюу 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 230.000.000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулсан боловч зээлийн хүүг төлөөгүй. Мөн зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй учраас алданги нэхэмжилж байгаа. Иймд үндсэн хүү 30.938.356 төгрөг, алданги 174.225.000 төгрөг, нийт 205.163.356 төгрөгийг хариуцагч Ч.А-с нэхэмжилж байна.

Алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн 50 хувиас тооцсон болно. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг нотолж, хэргийн материалд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг гаргаж өгсөн. Зээлийн гэрээний 2.2 дахь хэсэгт зээлийн хүү нэг сарын 10 хувь буюу 23.000.000 төгрөг байна. Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлнө гэж заасан байдаг. Мөн хариуцагч Ч.А  2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өөрийн гараар баталгаа бичиж өгсөн байдаг. Эдгээр баримтуудаар хүү, алданги тооцохыг нотолсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал хүүгийн тооцооллоо хүснэгтээр гаргаж өгсөн. Хүүг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар, гэхдээ мөнгийг шилжүүлсэн хугацаагаар ашигласан хоногийн хүүг тооцож, 49.808.219 төгрөг төлөхөөс төлсөн 19.561.640 төгрөгийг хасаж хүүнд 30.246.579 төгрөг нэхэмжилж байна. Алданги нь 2020 оны 8 дугаар сарын 01-нээс 2021 оны 5 дугаар сарын 31 хүртэл 303 хоногийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5-иар тооцож, 348.450.000 төгрөг болсныг 50 хувиар тооцож, 174.225.000 төгрөг нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ч.А , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь уг зээлийг олгохдоо зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, ийм өндөр хүү, алданги тооцохоор тохиролцоогүй. Д.Т  2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай ажил дээр ирээд цааш нь үзүүлэх баримт хэрэгтэй байна гээд зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Би түүнд итгэж гэрээнд заасан хүү, алданги, хугацааг анзааралгүй гарын үсэг зурсан. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан байхад 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлсэн гэсэн нь огт үндэслэлгүй юм. Зээлийн гэрээ гэх баримтад намайг гарын үсэг зурахад манай ажилчид байсан учраас бүгд мэдэж байгаа болно. Иймд зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулаагүй, анхнаасаа хэт өндөр хүү, алданги төлөхөөр тохиролцоогүй. Зээлийн төлбөрт 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 19.651.644 төгрөг төлсөн ба энэ нь зээлийн хүү биш зээлийн төлбөрөөс төлөгдсөн. 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл 230.000.000 төгрөгийг төлж ямар ч өр төлбөргүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэргийн материалд Ч.А-ийн гарын үсэгтэй баталгааг нэхэмжлэгч тал гаргаж өгсөн. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Г.О  уг баталгааг танилцуулж, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр үндсэн мөнгө болон 230.000.000 төгрөг, үлдэгдэл хүүг бүрэн төлж барагдуулна гэсэн байдаг. Мөн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 475.000.000 төгрөгийг 350.000.000 төгрөг болгон буурууллаа гээд харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурсан байдаг. Эдгээр баримтуудаас харахад 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд аман хэлбэрээр өөрсдийн тооцоог танилцуулж, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нөхөж байгуулсан гэдэг нь харагдаж байна. Энэ нь хариуцагч Ч.А-ийг санхүүгийн мэдлэггүйг далимдуулсан гэж үзэж байна. Ийм учраас хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Ч.А  нь Х  ХХК-ийн захирал бөгөөд 230.000.000 төгрөгийг төмөр замын бүтээн байгуулалтад хэрэглэх шаардлагатай байсан учраас нэг сарын хугацаатай зээлсэн. Мөн хэргийн материалд санхүүгийн баримтыг гаргаж өгсөн. 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 230.000.000 төгрөгийг ямар ч хүүгүйгээр Д.Т-с зээлж авсан болох нь нотлогдож байна. Д.Т-н хувьд 230.000.000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 50.000.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 100.000.000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 80.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд нэг дор өгөөгүй нь зээлийн гэрээ 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдаагүй гэдгийг нотолж байна. 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг 2021 оны 02 дугаар сард нөхөж байгуулаад гарын үсэг зурсан байхыг үгүйсгэхгүй. Зээлийг ашигласан хугацаа нь 72 хоног ба хоногоор нь тоолбол үндсэндээ 230.000.000 төгрөгт 49.466.665 төгрөгийн хүү төлөх байсан. Нийт гүйцэтгэх ёстой үүрэг нь 279.466.665 төгрөг бөгөөд 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 19.651.644 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх дараалал буюу эхлээд үндсэн үүрэг, дараа нь хүү, алданги төлөх ёстой. Тэгэхээр 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээ дуусжээ гэж үзвэл 259.815.021 төгрөгийг төлөх үндсэн үүрэг байсан. Үүнээс гэрээ болон хуульд заасанчлан алданги тооцох зохицуулалт байгаа. Ийнхүү алданги тооцохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүлйин 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй учраас 129.907.510 төгрөгний тооцоо гарч байна. Үүн дээр гүйцэтгэх үүрэг буюу 259.815.021 төгрөгийг нэмээд 389.722.531 төгрөгнөөс 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 230.000.000 төгрөгийг хасах юм бол 159.722.531 төгрөгийг зээлийн гэрээний дагуу хүү алдангид төлөх үүрэгтэй. Бидний зүгээс хүүгээ 5 хувиар бууруулаад мөн цар тахалтай холбоотой төлөх боломжгүй байна гэх хүсэлт тавьж байгаа. Хэрвээ 5 хувиар бууруулах юм бол гүйцэтгэх ёстой үүрэг нь 254.733.331 гэсэн тоо гарч байгаа. Үүнээс 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 19.651.644 төгрөгийг хасвал 236.081.687 төгрөг гарч байгаа. Хэрэв алдангигүйгээр төлвөл 6.081.687 төгрөгийн хүү төлөхөөр байна гэж харж байгаа. Мөн давхар тооцоолол хийсэн. Хүүгээ 5 хувиар бууруулвал үүнээс алдангийг тооцож үзсэн. 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 236.081.687 төгрөг төлөхөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж үзвэл алданги 124.122.530 төгрөг байна. Үүн дээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 236.081.687 төгрөгийг нэмээд төлсөн 230.000.000 төгрөгийг хасвал бас нэг тоо гарч байгаа. Шүүхээс алданги 124.122.530 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгийг ашиглаад бууруулах юм бол 62.061.265 төгрөг гарч байгаа. Уг мөнгөн дээр 6.081.687 төгрөгийг нэмээд 68.142.952 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрээ гаргана уу гэв.

 

Нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, Ю  ХХК, Д.Т  нарын хооронд байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ/20/03/059 дугаар зээлийн гэрээ, 50.000.000, 100.000.000, 80.000.000 төгрөгийг Ч.А ийн дансанд шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Х  дансны хуулга, Т  дансны хуулга, Ю  ББСБ ХХК, Д.Т  нарын хооронд байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ/20/02/042 дугаар зээлийн гэрээ, Ч.А 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн төлбөр төлөх талаар бичиж, гарын үсгээ зурсан гар бичвэр, талуудын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлбөр төлөх талаар тохиролцсон гар бичвэр, нэхэмжлэгчийн гаргасан зээлийн хүү, алдангийн тооцоололын баримт,

Хариуцагчаас Х  ХХК-ийн дүрэм, гэрчилгээ, Зэвсэгт хүчний жанжин штабын барилга инженер цэргийн удирдах газрын албан бичиг, Х ХХК-ийн 2020 оны жилийн эцсийн өглөг, авлагын тайлан, Х ХХК-ийн 2021 оны хагас жилийн өглөг, авлагын тайлан, Статистикийн мэдээллийн нэгдсэн сан сайтаас авсан зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Т  Ч.А  холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 205.163.356 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд шүүх Д.Т-н нэхэмжлэлийн шаардлагаас 84.123.287 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хангаж, үлдэх 121.040.069 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.А-г гэрээний дагуу тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй бөгөөд төлөхийг удаа дараа шаардуулснаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүүнд 19.561.644 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр үндсэн зээлд 230.000.000 төгрөгийг төлсөн, иймд зээлийн хүүгийн үлдэгдэл 30.246.579 төгрөг, гэрээнд заасан хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон дагуу алдангид 174.225.000 төгрөг, нийт 205.163.356 төгрөг нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

Хариуцагч анх зээлийг олгохдоо гэрээг бичгээр байгуулаагүй, ийм өндөр хүү, алданги тооцно гэж тохироогүй. Зээлийн гэрээнд 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан, уг зээлийн гэрээ нь анхнаасаа хүчин төгөлдөр бус. Зээлийн төлбөрт 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 19.651.644 төгрөг төлсөн ба энэ нь зээлийн хүү биш зээлийн төлбөрөөс төлөгдсөн. 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл 230.000.000 төгрөгийг төлсөн тул өөр төлөх төлбөр байхгүй гэж, хариуцагчийн өмгөөлөгч зээлийн гэрээг нөхөж байгуулсныг үгүйсгэхгүй хүү, алдангийг тооцоолж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас 68.142.952 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, үлдэх хэсэг нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Д.Т , Ч.А  нар 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 230.000.000 төгрөгийг 2 сар 10 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож гарын үсэг зурсан нь мөн өдөр байгуулсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, 282 дугаар зүйлийн 282.4-т ...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно... гэж заасан ба Ч.А  нь Д.Т-с бизнесийн үйл ажиллагаандаа зориулж зээл авсан, зээлдүүлэгч зээлдэгчид 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 50.000.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 100.000.000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 80.000.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн, зээлдэгч авсан талаар маргаагүй зэргээс дүгнэж үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Талууд 230.000.000 төгрөг зээлүүлсэн, уг мөнгийг 3 хувааж зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 19.651.644 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 230.000.000 төгрөг буцаан төлсөн үйл баримтад маргаагүй, харин 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, дараа нь нөхөж байгуулсан, ийм өндөр хүү, алданги төлөхөөр тохиролцоогүй талаар маргаж байна.

 

Хариуцагч Ч.А  зохигчдын хооронд 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээг мөн өдрөө байгуулаагүй, дараа нь нөхөж байгуулсан, энэ нь 2021 оны 10 дугаар сарын 01, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн баримтуудаас харахад 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж, түүний өмгөөлөгч аман хэлбэрээр өөрсдийн тооцоог танилцуулж, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрээг нөхөж байгуулсан байхыг үгүйсгэхгүй гэж тайлбарласан болно.

 

Хэрэгт авагдсан 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн баримтад ... 10 дугаар сарын 15-ны дотор төлбөрөө барагдуулна. Үндсэн мөнгө болох 230.000.000 төгрөг болон үлдэгдэл хүүг бүрэн төлж дуусгана гэж... Ч.А гарын үсгээ зурсан, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн баримтад ... 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн үлдэгдэл төлбөр болох 475.000.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр харилцан тохиролцож 350.000.000 төгрөг болгон, 2021 оны 3 дугаар сарын 02-нд 23.000.000, 2021 оны 4 дүгээр сарын 10-нд 277.000.000, 2021 оны 5 дугаар сарын 10-нд 50.000.000 төгрөг тус тус төлж барагдуулан тооцоо дуусгана... харилцан тохиролцож, Ч.А , Д.Т  гэж гарын үсгээ зуржээ.

 

Дээрх хоёр баримт нь цаг хугацааны хувьд 2020 оны 5 дугаар сарын 20, 2020 оны 5 дугаар сарын 26, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр мөнгийг 3 хувааж, шилжүүлсэн үйл баримтаас хойш байгаагаас гадна мөнгийг хэрхэн төлж барагдуулах талаар тохиролцсон тохиролцоо гэж үзэхээр байна.

 

Нөгөөтэйгүүр хариуцагч Ч.А  2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээг нөхөж байгуулсан гэж тайлбарлах боловч түүнийг өөрөөр, эргэлзээгүй нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс гадна тэрээр өмнө үүссэн үүргийн харилцааг хүлээн зөвшөөрч, гэрээг байгуулж гарын үсгээ зурсан байна.

 

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т ...Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино... гэж, 199.2-т ... Хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулсан байвал зохино...гэж тус тус зааснаар хариуцагч нь сүүлд зээлийн гэрээг нөхөж байгуулсан гэж тайлбарласан нь дээрх хуульд заасантай нийцэх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч нь гэрээг нөхөж байгуулсныг үгүйсгээгүй, хууль зөрчөөгүй гэж тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй.

 

Зохигчид зээлийн гэрээг 2 сар 10 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй байхаар тохирсон байх бөгөөд хариуцагч Ч.А  2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүүнд 19.651.644 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр үндсэн зээлд 230.000.000 төгрөг төлснөөс дүгнэж үзэхэд хариуцагч зээлийн хүүг дутуу төлсөн байх тул үлдэгдэл хүүг, гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож, алданги нэхэмжлэх эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т ...Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно... гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д ...Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно... гэж заасан ба талууд хүүгийн хэмжээг хэт өндөр тогтоосноос гадна хариуцагч Ч.А  зээлийн гэрээний хүүг багасгах тухай хүсэлт гаргасан, дэлхий дахинд шинэ төрлийн коронавирус /КОВИД-19/-ын цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгааг тус тус харгалзан үзэж зээлийн сарын хүүг 5 хувиар, алдангийн хэмжээг хуульд заасан хэмжээнээс 60 хувиар тооцож бууруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн ашигласан хугацаагаар сарын 10 хувиар тооцож, зээлийн хүүнд 30.246.575 төгрөг нэхэмжилснээс сарын хүүг 5 хувиар бууруулан тооцоход 15.123.287 төгрөг болж байна.

 

Хариуцагч Ч.А  зээлийг хүүгийн хамт 2020 оны 8 дугаар сарын 01-нд төлөх үүрэгтэй боловч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, үндсэн зээл 230.000.000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төлсөн байх ба энэ хугацааны алдангийг тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэх заалтад нийцүүлэн /230.000.000:2/=115.000.000 төгрөг төлөх үүрэгтэйгээс шүүх дээр дурдсан нөхцөл байдлыг үндэслэн алдангийг 60 хувиар бууруулан тооцож, /115.000.000х60%/=69.000.000 төгрөг, нийт /69.000.000+15.123.287/=84.123.287 төгрөгийг хариуцагч Ч.А-с гаргуулж, нэхэмжлэгч Д.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 121.040.069 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Ч.А  нь Х  ХХК-ийн захирал гэх бөгөөд 230.000.000 төгрөгийг төмөр замын бүтээн байгуулалтад хэрэглэх шаардлагатай байснаас Д.Т-с нэг сарын хугацаатай, хүүгүй зээлсэн гэж хэрэгт тус компанийн санхүүгийн баримтыг гаргаж өгсөн боловч дээрх зээлийн гэрээ нь Д.Т , Ч.А  нарын хооронд байгуулагдаж, мөнгийг Х  ХХК-ийн дансанд бус зээлдэгч Ч.А-гийн дансанд шилжүүлсэн, гэрээнд зээлийн хүү, хугацаа, алданги төлөх талаар тохирсон зэргээс харахад хариуцагчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байх ба харин Ч.А  Д.Т-с авсан мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан байхыг үгүйсгэхгүй юм.

 

Мөн хариуцагч нь нэхэмжлэгч Д.Т  230.000.000 төгрөгийг зээлүүлэхдээ 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 50.000.000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 100.000.000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 80.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, нэг дор өгөөгүй нь зээлийн гэрээг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдаагүй гэдгийг нотолж байна гэх тайлбар үндэслэл муутай, мөнгийг хувааж шилжүүлсэн нь хууль зөрчсөн үйлдэл биш бөгөөд нэхэмжлэгч мөнгийг шилжүүлсэн хугацаагаар ашигласан хугацааны хүү, алданги тооцсоныг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.8 дахь дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.А-с 84.123.287 /наян дөрвөн сая нэг зуун наян гурван мянга хоёр зуун наян долоон/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 121.040.069 /нэг зуун хорин нэгэн сая дөчин мянга жаран есөн/ төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.206.575 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.А-с 578.566 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Т-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН