Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00736

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00734

 

 

 

Д.Т гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 0 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Т гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.А т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 205,163,356 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, хариуцагч Ч.А , түүний өмгөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн агуулга: Иргэн Д.Т , Ч.А нар 230,000,000 төгрөгийг нэг сарын 10%-ийн хүүтэй, 2020 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож, талуудын хооронд 2020 оны 05 сарын 20-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулагдаж, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар алданги төлөх үүргийг хүлээсэн. Дээрх зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь 2020 оны 05 сарын 20-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 05 сарын 26-ны өдөр 100,000,000 төгрөг, 2020 оны 06 сарын 02-ны өдөр 80,000,000 төгрөгийг Хаан банкны 0000000000 тоот дансанд тус тус шилжүүлсэн. Зээлдэгч нь 2020 оны 08 сарын 01-ний өдөр үндсэн зээл болон хүүгийн хамт нийт 285,960,000 төгрөгийг төлөхөөр тохирсон. Гэвч зээлдэгч нь 2020 оны 06 сарын 26-ны өдөр зээлийн хүүд 19,561,644 төгрөг, 2021 оны 05 сарын 31-ний өдөр үндсэн төлбөр 230,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байгаа болно. Иймд зээлийн хүү 30,938,356 төгрөг, алданги 174,225,000 төгрөг, нийт 205,163,356 төгрөгийг хариуцагч Ч.А аас гаргуулж өгнө үү. 

 

  1. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зээлийг олгохдоо зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Ийм өндөр хүү, алданги төлөхөөр тохиролцоогүй. Д.Т 2021 оны 02 сарын 10-ны өдөр манай ажил дээр ирээд цааш нь үзүүлэх баримт хэрэгтэй байна гээд зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Би түүнд итгээд хүү, алданги, хугацааг анзаараагүй гарын үсгээ зурсан. Гэтэл 2021 оны 02 сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан байхад 2020 оны 05 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлсэн гэсэн нь огт үндэслэлгүй юм. Зээлийн гэрээ гэх баримтад гарын үсэг зурахад манай ажилчид байсан учраас бүгд мэдэж байгаа болно.Иймд энэхүү зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Би Д.Т д зээлийн төлбөрт 19,651,644 төгрөгийг 2020 оны 06 сарын 20-ны өдөр өгсөн. Энэ нь хүү биш авсан зээлээсээ л төлсөн байсан. Харин 2021 оны 05 сарын 31-ний өдөр үлдэгдэл зээлээ хүүгийн хамт 230,000,000 төгрөгийг төлж ямар ч өр төлбөргүй болсон. Иймд Д.Т гийн нэхэмлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.А аас 84,123,287 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Т д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 121,040,069 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,206,575 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.А аас 578,566 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Т д олгосон.

 

  1. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

          а. Шүүх алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй гэх заалтад нийцүүлэн 115,000,000 гэж үндэслэлтэй тооцсон хэдий ч Ковид-19 цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгааг харгалзан үзэж, сарын хүүг 50%-иар, алдангийн хэмжээг 60%-иар тус тус бууруулж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зүгээс цар тахлын нөхцөл байдалтай гэрээний үүргийг шууд хамааруулан тайлбар хийгээгүй, цах тахлын нөхцөл байдлаас шалтгаалан зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, зээлийн гэрээний үүргийг биелүүлэх хугацаа цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаатай цаг хугацааны хувьд давхцаагүй атал шүүх хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн.

          б. Талууд гэрээний нөхцлийг харилцан тохиролцсон, эрсдэлээ хамгаалах хуулиар зөвшөөрөгдсөн аргыг хэрэглэсэн, талуудын байгуулсан гэрээ Иргэний хуулийн 282.1, 282.3, 232.6-д нийцсэн байтал шүүх зээлийн “хүү, анзын хэмжээ хэт их байх” үндэслэлээр хүү, алдангийг багасгасан нь гэрээний чөлөөт байдлын зарчмыг алдагдуулсан гэж үзэж байна. Хариуцагчийн өөрийнх нь гаргасан саналын дагуу талуудын өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр зээлийн хүүгийн хэмжээг тогтоосон нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон гэж үзэх үндэслэлд хамаарахгүй гэж үзнэ. Ийнхүү нэхэмжлэгчийн хувьд зээлийн хүүд 15,123,287 төгрөг, алданги 46,000,000 төгрөг, нийт 61,123,287 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг үндэслэлгүй гэж үзэж байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зээлийн хүү, алдангийг хуульд нийцүүлсэн байдлаар өөрчлөлт оруулж өгнө үү.

 

  1. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Зээлийн гэрээ нь нөхөж хийгдсэн ба Д.Т нь банк бус санхүүгийн байгууллагын эзэн бөгөөд тэд олон жилийн өмнө нэгийгээ таньдаг байсан тул тухайн үед барьцаагүй зээл өгсөн. Зээлийн гэрээний алдангид 0.5 хувиар тооцож 170 сая гаруй төгрөг нэхэмжилснийг шүүх багасгаж шийдвэрлэсэн. Хариуцагч нь ковид-19 цар тахлын үед хуульд зааснаар хүүг хойшлуулах боломжтой байсан хэдий ч хүүгээ төлөх хүсэлтээ тухай бүрд илэрхийлж байсан. Энэ харилцаанд нэхэмжлэгч болон түүний банк бус санхүүгийн байгууллага хохироогүй бөгөөд Д.Т нь өөрийн банк бус санхүүгийн байгууллагаас 3 хувийн хүүтэй авсан мөнгөө надад зээлдүүлсэн. Миний бие 5%-ийн хүү төлөхийг зөвшөөрдөг ба нэхэмжлэгч нь 179,000,000 төгрөгийг алдангид нэхэмжилдэг. Энэ мөнгө бол миний 12 жилийн цалин юм. Шүүх энэ байдлыг харгалзан үзэж, зөв шударга шийдвэрлэж өгнө үү. 

 

  1. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

          а. Хариуцагч Ч.А миний бие нэхэмжлэгч Д.Т тай зээлийн гэрээг анхнаасаа бичгээр байгуулаагүй, өндөр хүү, алданги төлөхөөр тохиролцоогүй. Нэгэнт авсан мөнгөө тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас /Ковид-19/ богино хугацаанд буцааж өгч чадаагүй болохоор 10%-ийн хүүгийн хэмжээг 5% болгож өгөөч гэж шүүхэд хүсэлт гаргасан, алдангийг зөвшөөрөөгүй. Анхан шатны шүүх хүүгийн хэмжээг 50%-иар бууруулсан хирнээ алдангийн хэмжээг 40%-иар бууруулсанд гомдолтой байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хангагдсан үнийн дүнгээс 69,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

 

  1. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Талуудын хооронд 2020 оны 05 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний 6.2-т алдангийн хэмжээг харилцан тохиролцсон. Хариуцагч нь гэрээ байгуулсан нөхцөл байдлыг үгүйсгэдэггүй, гарын үсгээ хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлээ төлөхийг шаардаж байсан ба хариуцагч нь “... 470,000,000 төгрөг болсныг 350,000,000 төгрөг болгож графикийн дагуу төлье” гэх агуулгатай баталгаа бичиж өгч байсан. Хариуцагч нь гэрээний үүрэг биелүүлэхэд хамааруулж давагдашгүй хүчин зүйлийн талаар тайлбар хийдэггүй, энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй, цар тахлын нөхцөл байдалтай гэрээний үүргийн хугацаа давхцаагүй. Д.Т нь “ЮФ ” ХХК-аас зээл авч хариуцагчид зээлдүүлсэн ба хүү болох 93,940,000 төгрөгийг өөрөөсөө төлсөн. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

 

  1. Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Ч.А т холбогдуулан зээлийн хүү 30,938,356 төгрөг, алданги 174,225,000 төгрөг, нийт 205,163,356 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ “...хариуцагчид мөнгөн хөрөнгө зээлдүүлсэн боловч гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тул харилцан тохиролцсоны дагуу алданги тооцсон, алдангийн хэмжээг хуульд нийцүүлэн үндсэн зээлийн 50%-иар хязгаарласан, зээлдэгч нь өөрийн гараар баталгаа бичиж өгсөн...” гэсэн агуулгаар тайлбарлажээ.

 

  1. Хариуцагч Ч.А нь дээрх шаардлагаас 68,142,952 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 137,020,404 төгрөгийг эс зөвшөөрсөн ба татгалзлын үндэслэлээ “...бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй, ийм өндөр хүү, алданги тохиролцоогүй, хожим баримт хэрэгтэй байна гэхэд нь итгээд гарын үсэг зурсан, цар тахалтай холбоотойгоор зээлийн хүүг 5% болгон бууруулж өгнө үү, алдангийг зөвшөөрөхгүй...” гэсэн агуулгаар тайлбарлан маргажээ.

 

  1. Хэргийн 4-5 дугаар талд авагдсан 2020 оны 05 сарын 20-ны өдрийн “Зээлийн гэрээ”-гээр Д.Т нь 230,000,000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй 2 сар 10 хоногийн хугацаатай зээлдүүлэх, Ч.А нь гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-иар тооцон алданги төлөх нөхцлийг харилцан тохиролцож, гэрээний талууд гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь тогтоогдож байна. 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Дээрх зээлийн гэрээг хожим нөхөж байгуулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул “...зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү, алданги төлөхөөр тохиролцоогүй...” гэсэн агуулгаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, улмаар энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

  1. Зээлдүүлэгч Д.Т нь 2020 оны 05 сарын 20-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 05 сарын 26-ны өдөр 100,000,000 төгрөг, 2020 оны 06 сарын 02-ны өдөр 80,000,000 төгрөг, нийт 230,000,000 төгрөгийг Ч.А ийн өмчлөлд дансаар шилжүүлэн өгч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдсон. /хх 25/

 

          Зээлдэгч Ч.А нь зээлийн гэрээний үүрэгт 2020 оны 06 сарын 26-ны өдөр 19,561,644 төгрөг, 2021 оны 05 сарын 31-ний өдөр 230,000,000 төгрөг, нийт 249,561,644 төгрөгийг төлжээ. /хх 26, 27/

 

  1. Иймд нэхэмжлэгч Д.Т нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, “Зээлийн гэрээ”-ний 3.1, 5.1.2, 6.2-т тус тус зааснаар 2020 оны 05 сарын 20-ны өдрөөс 2020 оны 08 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны хүүгийн төлбөр, 2020 оны 08 сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны алдангийг хариуцагч Ч.А аас шаардах эрхтэй.

          Гэрээнд заасан хүү /10%/, хугацаагаар /2 сар 10 хоног/ зээлдэгчийн төлөх хүүгийн төлбөрийн үүргийг тооцоолоход 49,808,219 төгрөг болж байх ба зээлдэгч үүнээс 19,561,644 төгрөгийг төлсөн тул 30,246,575 төгрөгийн үүрэг үлдэж байна. /хх 36/ Харин өмнө дурдсан хугацааны алдангийн төлбөрийг тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч байх тул үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах алдангийн дээд хэмжээ нь 115,000,000 төгрөг /230,000,000х50%/ болно.

          Шүүхээс хүүгийн хэмжээг хэт өндөр гэж үзэн сарын 10%-ийн хүүг 5% болгон бууруулж, хэргийн нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг 60%-иар багасгаж, хариуцагч Ч.А аас 15,123,287 төгрөгийн хүү, 69,000,000 төгрөгийн алданги, нийт 84,123,287 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Т д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийн зохицуулалтад тус тус нийцжээ. Шүүх дээрх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

  1. Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 17-ны өдрийн 0 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас 2022 оны 03 сарын 11-ний өдөр төлсөн 463,567 төгрөг, хариуцагч талаас 2022 оны 03 сарын 07-ны өдөр төлсөн 502,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                

 

               ШҮҮГЧИД                                                     Ш.ОЮУНХАНД

 

 

                                                                                              Д.НЯМБАЗАР