Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
Хэргийн индекс | 183/2021/00373/И |
Дугаар | 183/ШШ2022/00082 |
Огноо | 2022-01-07 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2022/00082
2022 оны 01 сарын 07 өдөр | Дугаар 183/ШШ2022/00082 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:ц.ө
Хариуцагч:Б ТӨХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Б УТҮГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот тушаалын Ц.Ө-д холбогдох хэсэг, мөн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажилд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Ө , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ө Б ТӨХХК-д холбогдуулан Б УТҮГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот тушаалын Ц.Ө д хэсэг, мөн даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажилд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Б УТҮГ-ын дарга Б.Ц 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр А/11 тоот тушаал гаргаж, намайг үндэслэлгүйгээр өөр ажлын байранд шилжүүлсэн гэх үндэслэлээр анх тус дүүргийн шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Гэвч нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б/55 тоот тушаал гаргаж намайг ажлаас бүрэн чөлөөлсөн. Б УТҮГ нь 100 жилийн түүхтэй байгууллага. Мал эмнэлгийн зориулалттай вакцин, оношлуур үйлдвэрлэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. 2018 онд Засгийн газрын 188 дугаар тогтоол гарсантай холбоотой улсын төсөвт байгууллага болсон. Б ТӨААТҮГ татан буугдсан учраас таныг үйлдвэр технологийн албаны дарга буюу ерөнхий технологич гэсэн ажлын байранд ажлуулах боломжгүй гэх хариуг хэлснээр гурван жил гаруй хугацаа өнгөрч байна. Үйлдвэр технологийн албаны дарга буюу ерөнхий технологич гэх ажлын байранд Монгол Улсын 70.000.000 малыг гоц халдварт болон халдварт өвчнөөс хамгаалах эм тариа үйлдвэрлэдэг. Үндсэн үйлдвэрлэлийн 11 цех, туслах үйлдвэрлэлийн 3 цех нийт 14 цехийг мэргэжлийн удирдлагаар хангадаг, 2000 технологийн дамжлагын зөрчлийг хянадаг албан тушаал юм. Энэ ажлын байр байхгүй бол Б УТҮГ-ын үйл ажиллагаа хэвийн явагдах боломжгүй. Гэтэл Засгийн газрын тогтоолыг далимдуулан тус ажлын байрыг татан буулгасан. Б УТҮГ-ын захирал хэзээ ч бүтцийг баталдаггүй. Өмнө ч тийм байсан, одоо ч тийм байгаа. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хүнс хөдөө аж ахуй яамны сайд Биокомбинат УТҮГ-ын дүрэм болон бүтцийг баталсан. Тус дүрэм дээр өмнө нь миний удирдаж байсан 11 цехийг 3 алба болгож, хуваагаад 5 албатайгаар байгуулсан боловч Б.Ц захирал 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр А/11 тоот тушаал гэж гаргаж, Хөдөө аж ахуй яамны сайдын баталсан бүтцээс үйлдвэрийн албаны даргыг устгасан. Үүний нэг дээр Ц.Ө таныг томилсон байсан, иймээс одоо таныг ажлаас халлаа гэсэн. Ингээд миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шүүгч Ц.У Б УТҮГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаар тушаалуудын надад холбогдох заалтыг хүчингүй болгож, үйлдвэр технологийн албаны дарга буюу ерөнхий технологичийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр энэ хоёр тушаал дээр огт байхгүй Хөдөө аж ахуйн яамны дарга Д.С гэх хүн өөрийн тань ажлыг алга болгосон байна гэх асуудал гарч ирээд хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэсэн. Улмаар өмгөөлөгчтэй ярилцан бид Захиргааны хэргийн шүүхэд хандаж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын дарга, Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын томилсон ажлын хэсгийн ахлагч Б.С нь Б УТҮГ-ын 254 ажилтан, мэргэжилтэн нарыг нэг дор ажлаас чөлөөлсөн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 дугаар ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаалыг нэхэмжлэгчид хамаарах хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх Б.С-ын гаргасан тушаал хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаыг хэрэгсэхгүй болгосон. Харин Улсын дээд шүүх энэ асуудал нь захиргааны акт биш байна. Ц.Ө-ыг ажлаас халсан Б/55 тоот тушаалтай, Б.С-ын гаргасан Б/172 тоот тушаалтай огт хамааралгүй байна. Иргэний шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Үүний дагуу миний бие 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Б УТҮГ-ын захирал өөрийн эрхийн хэмжээнд шийдвэр гаргаагүй. Сайдынхаа гаргасан бүтцийг дур мэдэн өөрчлөөд намайг ажлаас халахын тулд уг тушаалыг гаргасан. Би 3 жил гаруй ажилгүй байна. Харин Б УТҮГ нь 3 жил гаруй мэргэжлийн удирдлагагүй байна. Энэ бол хувь хүнийг хохироохоос илүүтэй Б УТҮГ-ыг, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг, Монгол Улсыг хохироож байгаа юм. Б УТҮГ нь 254 ажилтантай байсан. Мөн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд 254 ажилтантайгаар дахин баталсан. Үүнээс хойш дарга Б.Ц хоёр удаа дур мэдэн бүтэц баталсан. Мөн л 254 ажилтантайгаар баталсан. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Ө-ыг ажлаас нь халаад 253 ажлын байр батлаагүй. Вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн нэгдүгээр цехийн эрхлэгч гэх орон тоон дээрээс намайг халсан. Би өмнө нь анхан шатны шүүх дээр ийм ажлын байр байхгүй гэдгийг хэлж байсан. Миний бие 2017 оны 10 дугаар сард тухайн үед Биокомбинат УТҮГ-ын захирлаар ажиллаж байсан Б.О-тай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, гарах хүртлээ тэр цалингаа авч, ажил үүргээ биелүүлж байсан. Гэтэл намайг ажлаас халсны дараа нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг Б УТҮГ-аас гаргуулахад 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн нэгдүгээр цехийн эрхлэгч гэх орон тоон дээр томилоод 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр халсан мэт хуурамч бичиг баримт үйлдсэн байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу Үйлдвэр технологийн албаны дарга буюу ерөнхий технологич гэх ажлын байр байхгүй болсон бол өмнөх ажлын байртай дүйцэхүйц ажил албан тушаалд томилуулж өгнө үү. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоолоор хариуцагч нь Биокомбинат төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон. Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 2019 онд 251 ажлын хоног, 2020 онд 249 ажлын хоног, 2021 онд 251 ажлын хоног, 2022 онд 5 хоног, нийт 756 хоног ажилгүй миний нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сар буюу 2018 оны 10 сарын цалин 1.695.705 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын цалин 1.400.448 төгрөг, 2018 оны 12 дугаар сард 2.290.082 төгрөг, нийт 5.386.235 төгрөг байна. Нэг өдрийн цалин 84.689 төгрөг, үүнийг ажлын 756 ажлын хоногт хуваахад 64.024.884 төгрөг болж байгаа юм. Иймд Б УТҮГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот тушаалын иргэн Ц.Ө-д холбоотой хэсгийг, Б УТҮГ-ын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаар ажлаас чөлөөлүүлэх тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилтай адил чанарын албан тушаалд томилохыг ажил олгогчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин олговор 64.024.884 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв
.
2.Хариуцагч хариу тайлбартаа Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 188 тоот тогтоол гарч Б аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг татан буулгаж, Т харъяанаас гаргаж улсын төсөвт байгууллага болгож шинээр байгуулсан. Үүний дараа Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 186 дугаар тогтоолоор Б УТҮГ-ыг төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэр болгосон. Харин 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 237 дугаар тогтоолоор Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгож, гурван удаа төрөл хэлбэрээ өөрчилсөн, үндсэн чиг үүрэг үйл ажиллагаагаа явуулж байгаа эрх залгамжлагч мөн, үүнтэй маргах зүйлгүй. Анхны Засгийн газрын тогтоол буюу аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг, улсын төсөвт үйлдвэрийн газар болгосонтой холбоотойгоор 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажлын хэсгийн ахлагч Д.Совдын тушаал гарч нийт ажилчдыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.3, 42.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, тэтгэмж олгосон. Уг тушаалын нэгдүгээр хавсралтын дээрээсээ 2 дахь мөрөнд үйлдвэрлэлийн албаны дарга буюу ерөнхий технологич Ц.Ө нь үндсэн ажилтан байна гээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Мөн 2 дугаар хавсралтын 2 дахь мөрөнд үндсэн цалин 837.700 төгрөг, гарт олгох 671.061 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А-168 тоот тушаалаар Б УТҮГ-ын дүрмийг 1 дүгээр хавсралтаар, бүтцийг 2 дугаар хавсралтаар баталж, уг бүтцэд Бактерийн вакцин үйлдвэрийн алба, үүн дотроо вакцин үйлдвэрлэлийн 1,2 дугаар цех, онош ийлдсийн бэлдмэл үйлдвэрлэх цех гэх 3 цех шинээр нэмэгдэж, улмаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/177 тоот тушаалаар Б орон тоог 254 байхаар тогтоосон. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайдын А/177 тоот тушаал гарч, уг тушаалаар Б УТҮГ-ын орон тоог 254 байхаар тогтоосон. Шинэчлэн байгуулагдаад бүтэц батлахад үйлдвэр технологийн албаны дарга буюу ерөнхий технологич гэх орон тоо сайдын батлагдсан тушаал дээр байхгүй. Ажил олгогч бүтцээ хэрхэн батлах, ямар үед үүсгэн байгуулахыг хуулиар зохицуулсан хэдий ч энэ бол ажил олгогчийн эрхийн асуудал юм. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайдын тушаал гарснаар нэхэмжлэгчийн ажлын байр цомхотгогдсон гэж үзэж байгаа. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б УТҮГ-ын дарга Б.Ц Б/01 тоот тушаалаар ажилд томилсон. Уг тушаалаар ажилд томилохдоо Вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн нэгдүгээр цехийн эрхлэгч гэх албан тушаалд томилсон. Гэвч энэ албан тушаал нь сайдын баталсан бүтэц дээр байхгүй буюу орон тооноос гадуур албан тушаалд томилсон юм. Сайдын баталсан бүтцээс харахад вакцин үйлдвэрлэлийн гурван цех байна. Нэгдүгээр цехийн эрхлэгч, их эмч гэх албан тушаал байгаа. Үүнтэй холбоотой 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр А11 тоот тушаал гарсан. Тус тушаалаар намайг өөр ажлын байранд шилжүүлсэн гэж маргаж байгаа. Гэвч энэ тушаал дээр Ц.Ө гэдэг нэр огт байдаггүй. Улсын төсөвт үйлдвэрийн газрын тушаалыг Б.Ц гаргасан. Вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн нэгдүгээр цехийн эрхлэгч гэх орон тоог хасч, Вакцин үйлдвэрлэлийн нэгдүгээр цехийн эрхлэгч гэх орон тоог шинээр бий болгосон. Өөрөө тушаалыг буруу гаргасан учраас сайдын тушаалтай нийцүүлж байна гэсэн үг юм. Сайдын тушаал гарснаас хойш Б.Ц гэх хүн дөрвөн удаа орон тоо баталсан байдаг ба тэрээр орон тоо батлах эрхтэй субъект мөн. Гэтэл Биокомбинат УТҮГ болгож байгаа Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 188 дугаар тогтоол дээр бүтэц орон тоог хэн батлах тухай заагаагүй. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ц.Ө-ыг ажлаас халах тухай Б/55 тоот тушаалаар Б УТҮГ-ын дарга Вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн нэгдүгээр цехийн эрхлэгч албан тушаалтай Ц.Өлзийтогтохыг ажлаас халсан. Өөрөөр хэлбэл энэ тушаалтай маргаж буй бол уг тушаалд заагдсан албан тушаалд томилуулах ёстой. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг тайлбарлаж байна. Өнөөдрийн тухайд 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль хүчингүй болсон. 2021 онд батлагдсан хууль хэрэгжиж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд хуучин Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж байх үед үүссэн маргааныг эргэн шийдвэрлэхээр зохицуулаагүй. 2021 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөнө. Хамгийн анхны буюу хөдөлмөрийн гэрээг цуцалж буй 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс хойш сайдын бүтэц батлагдахад үйлдвэрийн албаны дарга, ерөнхий технологич гэх албан тушаал байхгүй, уг тушаалтай ижил төрлийн албан тушаал ч байхгүй. Нэхэмжлэгч энэ албан тушаалд томилогдоё гэж байгаа бол энэ тушаалыг хүчин төгөлдөр эсэхийг тодруулах ёстой. Анх 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсгийг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тус маргаан явагдаж эхлээд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт заасан нөхцөл байдал арилснаас хойш буюу 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр буюу 4 сар орчмын дараа дахин нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах хугацаа нь хуульд нийцэж байгаа эсэх дээр дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс Монгол Улсын Дээд шүүхийн гомдолд хариу өгөх тухай албан бичиг, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 352 дугаар тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 393 дугаар магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0300 дугаар шийдвэр, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2020/07062 дугаар шүүгчийн захирамж, Б ТӨХХК-ийн дүрэм зэрэг баримтыг,
4.Хариуцагчаас Б УТҮГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот тушаал, Б УТҮГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/48 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Б УТҮГ-ын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаар тушаал, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/01 дугаар тушаал, уг тушаалын хавсралт Хөдөлмөрийн гэрээ байгуулах ажилчдын нэрс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-177 дугаар тушаал, уг тушаалын хавсралт Б улсын төсөвт үйлдвэрийн газрын орон тоо, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 393 дугаар магадлал, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2163 дугаар магадлал, Б ТӨХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 6 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 237 дугаар тогтоол, Б УТҮГ-ын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/129 тоот тушаал, уг тушаалын хавсралт Б УТҮГ-ын 2019 оны орон тоо, бүтэц, албан тушаалын зэрэглэл, Б УТҮГ-ын 2020 оны 12 дугаар с УТҮГ-ын 2020 оны орон тоо, бүтэц, албан тушаалын зэрэглэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2020/07062 дугаар, Ц.Ө ын нэхэмжлэлтэй Б УТҮГ-т холбогдох иргэний хэргээс нэгдүгээр хавтаст хэргийн 87 дугаар хуудаснаас 250, хоёрдугаар хавтаст хэргийн 1 дүгээр хуудаснаас 222 дугаар хуудсанд авагдсан баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Б ТӨААТҮГ татан буугдаж, УТҮГ болгосонтой холбоотойгоор тус газрын ажилчдын орон тоо цомхотгож, Ц.Ө намайг өөр ажилд томилж, улмаар ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж Б УТҮГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот тушаалын Ц.Өл-д холбогдох хэсэг, Б УТҮГ-ын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажилд томилохыг ажил олгогчид даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэж шаардсан.
2.Хариуцагч Б ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А-168 тоот тушаалаар Б УТҮГ-ын дүрмийг 1 дүгээр хавсралтаар, бүтцийг 2 дугаар хавсралтаар баталж, уг бүтцэд Бактерийн вакцин үйлдвэрийн алба, үүн дотроо вакцин үйлдвэрлэлийн 1,2 дугаар цех, онош ийлдсийн бэлдмэл үйлдвэрлэх цех гэх 3 цех шинээр нэмэгдэж, улмаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/177 тоот тушаалаар Б орон тоог 254 байхаар тогтоосон. Шинэчлэн байгуулагдаад бүтэц батлахад үйлдвэр технологийн албаны дарга буюу ерөнхий технологич гэх орон тоо сайдын батлагдсан тушаал дээр байхгүй. Мөн үйлдвэрийн албаны дарга, ерөнхий технологич гэх албан тушаал байхгүй, үүнтэй ижил төрлийн албан тушаал ч байхгүй. Нэгэнт бүтэц орон тоонд өөрчлөлт орж байхгүй болсон албан тушаалд дахин томилуулна гэдэг үндэслэлгүй. Мөн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон ба 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улсын Дээд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Гэтэл захирамжид дурдсан зөрчил арилснаас хойш буюу 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр буюу 4 сар орчмын дараа дахин нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэж байгаа эсэх дээр дүгнэлт хийх ёстой гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн.
3.Б ТӨААТҮГ-ыг Б УТҮГ, УТҮГ-ыг ТӨААТҮГ, мөн тус газрыг Б ТӨХХК болгож, төрөл хэлбэрийг өөрчилсөн, анх Б ТӨААТҮГ-ыг Б УТҮГ болгоход Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд бүтцийг өөрчилсөнд талууд маргаагүй, харин хариуцагч шинээр бүтэц батлахад үйлдвэр технологийн албаны дарга буюу ерөнхий технологич гэх орон тоо сайдын баталсан тушаалд байхгүй, мөн үйлдвэрийн албаны дарга, ерөнхий технологич гэх албан тушаал байхгүй, үүнтэй ижил төрлийн албан тушаал ч байхгүй, нэгэнт бүтэц орон тоонд өөрчлөлт орж байхгүй болсон албан тушаалд дахин томилуулна гэдэг үндэслэлгүй, мөн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэхэд шүүх дүгнэлт хийх нь зүйтэй гэж маргаж байгаа болно.
Хэрэгт авагдсан баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар дараахь үйл баримт тогтоогдов.
4.Ц.Ө нь Б ТӨААТҮГ-т 2002 оноос эхлэн үйлдвэрлэл технологийн албаны дарга, ерөнхий технологичоор ажиллаж байсан болох нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд түүний дээрх ажлын байр өөрчлөгдөж, өөр ажилд томилсон, улмаар ажлаас чөлөөлсөнтэй холбогдуулж Б УТҮГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот тушаалын Ц.Ө-д холбогдох хэсэг, Б УТҮГ-ын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх хоёр тушаал нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийхийн өмнө ТӨААТҮГ-ыг татан буулгаж, УТҮГ болгосонтой холбоотойгоор хэнээс ямар ямар тушаал шийдвэр гарсан, эдгээр тушаалууд нь хоорондоо харилцан хамааралтай эсэх, хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй байна.
5.Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолын 284 хэсэгт ...УИХ-ын 2017 оны 81,82 дугаар тогтоолоор Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг тус тус хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын болон шилжилтийн үеийн бэлтгэл ажлыг хангах-ыг... Засгийн газарт даалгасныг хэрэгжүүлэх зорилгоор Б аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газрыг татан буулгаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд Б УТҮГ-ыг байгуулжээ.
6.Уг тогтоолын 5,6 дахь хэсгээр зарим байгууллагыг татан буулгаж, шинээр байгуулсантай холбогдуулан хууль тогтоомжийн дагуу комисс томилж, байгууллагуудын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлагдсан орон тоо, төсөвтөө багтаан мөрдүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Ба-т даалгасан байна.
7.Энэхүү Засгийн газрын тогтоолоор өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаас 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр А-130 дугаартай тушаал гаргаж, Б ТӨААТҮГ-ыг татан буулгах, архив эд хөрөнгийг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлэх ажлын хэсгийг байгуулж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Д.С ажлын хэсгийн ахлагчаар томилжээ.
8.Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолын 6 дахь хэсэгт татан буугдаж, шинээр байгуулагдсан Б УТҮГ-ын дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлагдсан орон тоо, төсөвтөө багтаан мөрдүүлэхээр даалгасны дагуу Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А-168 дугаар тушаалаар Б УТҮГ-ын дүрмийг 1 дүгээр хавсралтаар, бүтцийг 2 дугаар хавсралтаар баталж, мөн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-177 дугаар тушаалаар Б УТҮГ-ын орон тоог хавсралтаар баталж, орон тооны хязгаарыг 254 байхаар тогтоосон байна.
9.Мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/369 дугаар тушаалаар Б УТҮГ-ын даргын албан тушаалд Б.Ц-г томилж, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ.
10.Ажлын хэсгийн ахлагч Д.С 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 дугаар тушаалаар Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.3, 42 дугаар зүйлийн 42.1, Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Б ТӨААТҮГ-ын ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 10 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас нь чөлөөлж, эдгээр ажиллагсдад нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож шийдвэрлэсэн байна.
11.Д.С 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Б/172 тоот тус газрын ажиллагсдыг ажлаас чөлөөлсөн тушаал гарсны дараа Б УТҮГ-ын дарга Б.Ц 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б/01 тоот ажилд томилох тушаал гаргаж, уг тушаалд Ц.Ө-ыг Бактерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгчийн ажилд томилсон байна.
12.Дээрх тушаалыг гаргаснаас хойш нэг сарын дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот тушаал гаргаж, тушаалын 1 дэх заалтаар Бактерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгч гэсэн орон тоог хасч, вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгч гэсэн орон тоог шинээр тогтоож, улмаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар Ц.Ө Вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгч гэх албан тушаалаас чөлөөлсөн байна.
13.Ц.Ө ажил олгогчийг өмнө ажиллаж байсан /үйлдвэрлэл технологийн албаны дарга, буюу ерөнхий технологичийн/ ажлаас нь өөр ажилд томилсон гэх боловч ажилтанд тушаалаа танилцуулаагүй, улмаар орон тоо хасаж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан нь үндэслэлгүй гэж тус шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагчийн давж заалдах гомдлоор давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасны дараа Б ТӨААТҮГ-ыг татан буулгах ажлын хэсгийн ахлагч Д.С 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тушаал хуульд нийцсэн эсэхэд маргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд уг тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, анхан шатын шүүх тушаалыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
14.Харин Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүх хуулийн этгээдийг татан буулгах харилцааг нарийвчлан зохицуулсан, уг харилцааны явцад хуульд заасан татан буулгах комисс, түүний дарга буюу эрх бүхий этгээдийн тодорхой үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, үүний улмаас ажилтны хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүссэн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн эсэх тухай асуудал нь иргэний шүүхийн харъяалан шийдвэрлэх хувийн эрх зүйн маргаан байхад захиргааны актын хуулиар тогтоосон шалгуур, шинжийг буруу тодорхойлсноос Захиргааны шүүх өөрийн эрх хэмжээнд хамааралгүй харъяаллын бус маргааныг шийдвэрлэсэн гэж дүгнэж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ.
15.Б ТӨААТҮГ-ыг татан буулгах ажлын хэсгийн ахлагч Д.С -г 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тушаалыг гаргахаас 17 хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 01-ний өдөр Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын тушаалаар Б УТҮГ-ын даргаар Б.Ц-г томилсон байхад тэрээр Б УТҮГ-ын даргын өмнөөс Б ТӨААТҮГ гэх албан бланк дээр тушаал гаргаж, ажилчдыг ажлаас чөлөөлсөн нь ойлгомжгүйгээс гадна сайдын байгуулсан ажлын хэсэг, түүний удирдамжид заагдсан ажил биш байжээ.
16.Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн өмчийн төрөл, хэлбэр нь өөрчлөгдсөн, Б УТҮГ-ын дарга томилогдсон, хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлт улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш өмнөх хуулийн этгээдийн захирлын тушаалын хэвлэмэл хуудас, тамгыг хэрэглэн хуулиар ч, ажлын хэсгийг байгуулсан эрх бүхий этгээдийн шийдвэрээр ч эрх олгогдоогүй этгээд ийнхүү хүний нөөцтэй холбоотой шийдвэр гаргажээ гэж үзэхээр байна.
17.Гэвч дээрх тушаалыг хуульд нийцсэн эсэхийг дүгнэх нь нэхэмжлэгчийн Б УТҮГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот, мөн даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаар тушаалтай холбоотой маргааныг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй, хамааралгүй байх ба нөгөө талаар уг тушаалтай холбоотойгоор нэхэмжлэгч Иргэний шүүхэд маргаан үүсгээгүйг дурдах нь зүйтэй.
18.Харин Б ТӨААТҮГ-ыг татан буулгах байдлаар шинээр Б УТҮГ-ыг бий болгон эрх үүрэг хариуцлагыг шилжүүлэн, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар хуулийн этгээдийн хөрөнгийг өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллага түүнчлэн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг өөрчилсөн гэж үзэхээр байна.
19.Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор Б ААТҮГ-ыг татан буулгаж, Б УТҮГ-ыг Мал эмнэлгийн ерөнхий газрын харъяанд байгуулж байгаа хэдий ч энэхүү шийдвэрийг Иргэний хуулийн хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, хуулийн этгээдийг татан буулгах үндсэн зохицуулалтаар авч үзвэл Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6 дахь хэсэгт Б ААТҮГ нь хуулийн этгээд болохын хувьд Б УТҮГ болж зохион байгуулалтын төрөл, хэлбэр өөрчлөгдсөнөөс биш мөн хуулийн 32 дугаар зүйлд зааснаар татан буулгагдсан үр дагавар үүсгээгүй байна.
20.Засгийн газрын 188 дугаар тогтоолын заалтыг хэрэгжүүлэх, Б УТҮГ-ын дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг батлагдсан орон тоо, төсөвтөө багтаан мөрдүүлэхээр даалгасны дагуу Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд тус газрын дүрэм, бүтцийг баталж, орон тооны хязгаарыг өмнөх бүтэцтэй адил 254 байхаар тогтоохдоо зарим алба цехийг орон тооноос хасаж, зарим алба, цехийг шинээр тогтоосон байна.
21.Үүгээр татан буугдахаас өмнөх үйл ажиллагааны журам, дүрэм, уг байгууллагын үйл ажиллагааны журам, дүрэм, уг байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх орон тооны бүтэц шинэчлэгдсэн байна.
22.Энэхүү шинэчлэгдсэн бүтэц, байгууллагын өмнөх бүтцийг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Захиргааны удирдлагын орон тоонд байсан үйлдвэрлэл, технологийн албаны дарга буюу ерөнхий технологич гэсэн орон тоо шинэ бүтцээс хасагджээ.
23.Нэгэнт Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр А-168, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр А-177 дугаар тушаал гаргасныг буруутгах үндэслэлгүй, харин нэхэмжлэгч өөрийнх нь эрх ашиг хөндөгдсөн гэх үед Б ТӨААТҮГ-ыг татан буулгах ажлын хэсгийн ахлагч Д.С 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тушаалд бус, харин Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын Б УТҮГ-ын бүтэц, орон тоог баталсан дээрх тушаалууд хуульд нийцсэн эсэхэд маргаж болохоор байжээ.
24.Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А-168 дугаар тушаалаар батлагдсан Б УТҮГ-ын бүтцээс харахад Бактерийн вакцин үйлдвэрлэлийн албыг шинээр байгуулж, вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цех, 2 дугаар цех, онош ийлдэсийн бэлдмэл үйлдвэрлэх цехийг байгуулсан /нэхэмжлэгчийн шаардлагатай холбоотой хэсэг/ байна.
25.Дээрх сайдын баталсан бүтцэд үндэслэн Б УТҮГ-ын дарга Б.Ц 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б/01 тоот ажилд томилох тушаал гаргаж, 1 дэх заалтад Б УТҮГ-т хавсралтад заасны дагуу нэр бүхий хүмүүсийг ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэж, хавсралтад зааснаар Ц.Ө г Бактерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгчийн ажилд томилсон байна.
26.Сайдын баталсан бүтцийн дагуу Биокомбинат УТҮГ-ын дарга нэр бүхий хүмүүсийг ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн бол ажилчдад бүтцээ танилцуулж, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах байтал Ц.Ө-д дээрх тушаалыг танилцуулсан талаар баримтгүй, улмаар түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.
27.Дээрх тушаал гарснаас хойш сарын дараа буюу 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б УТҮГ-ын дарга Б.Ц үйлдвэрийн газрын ажилчдын хурал хийж, уг хурлаар 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот орон тоо хасах тушаалыг танилцуулжээ.
28.Тэрээр сайдын баталсан шинэ бүтцээр үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулахад доголдол үүсэх, цаашлаад улсын захиалгаар вакцин биобэлдмэлийг үйлдвэрлэхэд эрсдэл гарч болзошгүй байна, тиймээс эргэн хараач гэх хүсэлт хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй, иймд өөрийн эрх мэдлийн хүрээнд яамны хуулийн мэргэжилтнүүдтэй ярилцан, судалж үзсэний үндсэн дээр зарим алба, цехийг орон тооноос хасаж, шинэ орон тоо бий болгосон талаар танилцуулсан байна.
29.Мөн Б УТҮГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01/18 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт ...Б УТҮГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот тушаал гарч, таны ажлын орон тоог хассан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтаар ажлаас чөлөөлөх болохыг мэдэгдье... гэжээ.
30.Зүй нь хариуцагч нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн орон тоог хасах тушаалыг бус, яамны сайдын баталсан бүтцээр Ц.Ө Бактерийн үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн нэгдүгээр цехийн эрхлэгч гэх орон тоонд томилсон тухай мэдэгдэх байсан байна.
31.Өөрөөр хэлбэл сайдын баталсан бүтцийн дагуу Б УТҮГ-ын дарга зарим хүмүүсийг ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн бол ажилчдад бүтцээ танилцуулж, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, улмаар өөрийнх нь ажилчдын хурал дээр танилцуулсанчлан сайдын баталсан шинэ бүтцээр үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулахад доголдол үүсэх, вакцин биобэлдмэлийг үйлдвэрлэхэд эрсдэл гарч болзошгүй гэж өөрийн эрх мэдлийн хүрээнд зарим алба, цехийг орон тооноос хасаж, шинэ орон тоо бий болгосоноо танилцуулсан бол ойлгомжтой, дарааллын хувьд ч зөв байхаар байжээ.
32.Нэхэмжлэгч нь Б УТҮГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот орон тоо хасах тухай тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж шаардлагаа тодорхойлсон бөгөөд Бактерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгч гэсэн орон тоог хасч, вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгч гэсэн орон тоог шинээр тогтоосугай гэж заасан тушаалын 1 дэх заалтыг харахад энэхүү тушаал нь чухам хэнд холбоотой, ямар үндэслэлээр гарсан нь тушаалаас харагдахгүй байна.
33.Гэтэл дээрх тушаалын дараа тус үйлдвэрийн газрын дарга 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 дугаар тушаалаар Ц.Ө Вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгч гэх албан тушаалаас чөлөөлсөн байна.
34.Тэгэхээр Б УТҮГ-ын дарга Б.Ц 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б/01 тоот ажилд томилох, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот орон тоо хасах, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 тоот Ц.Ө-г ажлаас чөлөөлөх тухай тушаалууд нь хоорондоо харилцан хамааралтай мэт боловч эдгээр тушаалууд нь хоорондоо зөрчилтэй, нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, хуульд нййцээгүй, ажилтны эрх ашгийг хохироосон тушаал шийдвэр болжээ.
35.Тодруулбал анх сайдын тушаалаар бүтцэд өөрчлөлт орсон бол үндэслэлийг нь тодорхой тайлбарлаж, улмаар сайдын баталсан шинэ бүтцийн дагуу ажилтанг уг ажил албан тушаалд томилж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, эсвэл түүнд өмнөх ажил албан тушаалд дүйцэхүйц албан тушаал санал болгох байтал тэр талаар танилцуулаагүй, түүнчлэн ямар үндэслэлээр сайдын баталсан орон тоог хасаж, дахин орон тоо шинээр баталсан нь ойлгомжгүй, Б УТҮГ-ын дарга Б.Ц-д сайдын баталсан бүтцийг өөрчлөх эрх хэмжээ байсан эсэх нь тодорхойгүй, ажилтныг тухайн албан тушаалд ажиллуулаагүй байж ажлаас чөлөөлсөн нь буруу болжээ.
36.Нөгөө талаар Б УТҮГ-ын дарга Б.Ц 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/01 тоот ажилд томилох тушаалд Ц.Ө-ыг Бактерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгчийн ажилд томилж, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот орон тоо хасах тухай тушаалаар Бактерийн вакцин үйлдвэрлэлийн албаны дарга бөгөөд вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгчийн орон тоог хасч, вакцин үйлдвэрлэлийн 1 дүгээр цехийн эрхлэгч гэсэн орон тоог шинээр тогтоолоо гэсэн атлаа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 тоот тушаалд дээрх албан тушаалаас бус өмнөх 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/01 тоот ажилд томилсон албан тушаалаас чөлөөлсөн нь ойлгомжгүй, тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны орон тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэсэн хуулийн заалтыг баримталсан нь хуульд нийцээгүй байх тул Б УТҮГ-ын дарга Б.Ц 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/11 тоот орон тоо хасах тухай тушаалын Ц.Ө-д холбогдох заалт, мөн даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/55 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй.
37.Эцэст нь дүгнэхэд Ц.Ө урьд эрхэлж байсан үйлдвэрлэл технологийн албаны дарга, ерөнхий технологичийн албан тушаал сайдын бүтцээс хасагдаж, шинэ бүтцийн дагуу Б УТҮГ-ын дарга хуульд нийцүүлэн тушаал шийдвэрээ гаргах байтал ажилтны эрх ашгийг зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т ...Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй... гэж заасныг зөрчсөн, Б ТӨХХК-иас ирүүлсэн одоогийн бүтцээс харахад түүний урьд эрхэлж байсан албан тушаал өөрчлөгдсөн байх тул Ц.Ө-ыг урьд эрхэлж байсан /үйлдвэрлэл технологийн албаны дарга буюу ерөнхий технологич/-ийн албан тушаалтай дүйцэхүйц адил чанарын албан тушаалд томилох нь зүйтэй гэж үзэв.
38.Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 188 тоот тогтоолоор Б аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг татан буулгаж, улсын төсөвт үйлдвэрийн газар болгож, Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 186 дугаар тогтоолоор Б УТҮГ-ыг төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсан, улмаар 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 237 дугаар тогтоолоор Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгож, төрөл хэлбэрээ өөрчилсөн, үндсэн чиг үүрэг үйл ажиллагаагаа явуулж байгаа эрх залгамжлагч мөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.
39.Нэхэмжлэгчийн авч байсан дундаж цалин хөлсийг түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт бичигдсэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дахь хэсгийн а-д заасны дагуу 2018 оны 10, 11, 12 дугаар сарын цалингийн дундаж /1.695.705+1.400.448+2.290.082/= 5.386.235 төгрөгийг 3-т хувааж 1.795.411,6 төгрөг болж байх ба /1.795.411,6:21.5/=83.507 нэг өдрийн цалинг Ц.Ө-ын ажилгүй байсан хугацааг ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажлын 755 хоногоор тооцож, /83.507х755/=63.048.177 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
40.Түүнчлэн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Б ТӨХХК-д үүрэг болгох нь зүйтэй гэж үзэв.
41.Хэргийн баримтаас харахад Ц.Ө нь Б УТҮГ-ын даргын өөр ажилд томилсон, улмаар ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлгүй гэж тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч хариуцагчийн давж заалдах гомдлоор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Б ТӨААТҮГ-ыг татан буулгах ажлын хэсгийн ахлагч Д.С гаргасан тушаал хуульд нийцсэн эсэхэд маргаж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд уг тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна.
42.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба шийдвэр хүчин төгөлдөр болоогүй, зохигчийн маргаж байгаа зүйл үндэслэлийн талаарх өөр хэргийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэж байна гэж дүгнэн тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШЗ2020/07062 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон.
43.Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 393 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 352 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан ба Улсын Дээд шүүхийн Тамгын газраас 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 6/5048 тоот албан бичгээр хариу өгсөн байна.
44.Дээрхээс дүгнэхэд Ц.Ө нь анх иргэний шүүхэд хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн маргаантай холбоотой гэх асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа зогссон гэж үзэх үндэслэлтэй ба улмаар тус шүүхэд 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэлээ дахин гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг баримтлан Ц.Ө урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц адил чанарын албан тушаалд томилохыг Б ТӨХХК-д даалгасугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ТӨХХК-иас 63.048.177 /жаран гурван сая дөчин найман мянга нэг зуун далан долоон/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ө-д олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Б ТӨХХК-д даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б ТӨХХК-иас 473.191 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН