Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2020/0675

 

2020 оны 10 сарын 22 өдөр Дугаар 128/ШШ2020/0675 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С.Г, Д.Д,

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/******* дугаар тушаалын С.Г, Д.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Г-ыг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчаар, Д.Д-ийг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагчаар тус тус томилохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Г, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Г, Д.Д нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1994.07.18-ны өдрийн 42 тоот тушаалаар Замын-Үүдийн гаалийн газарт шалгагчаар томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд 1995 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд гаалийн улсын байцаагчаар ажиллаж байна.

Ийнхүү ажиллах хугацаандаа ажил үүргээ сайн биелүүлж байсан учир 2007
онд байгууллагын Хөдөлмөрийн аварга, 2009 онд Гаалийн зөвлөх цол, 2015 онд Гаалийн итгэмжит зөвлөх", 2017 онд Гаалийн албаны тэргүүн зэргээр цол
тэмдгээр үнэлэгдэж байсан.
Мөн холбогдох хууль дүрэмд заасан үүргээ биелүүлж, удирдлагаас гарсан тушаал шийдвэр, үүрэг даалгаврыг цаг хугацаанд биелүүлж, үр дүнгийн гэрээг тогтмол А үнэлгээгээр үнэлүүлж, 2 жил тутам явагддаг ГУБ-ын түвшин тогтоох шалгалт болон төрийн албаны шалгалтад 90-ээс дээш үнэлгээ авч байсан.

Миний бие 2019.04.18-ны өдрийн Б/******* дугаар Албан тушаалаас түр чөлөөлж, албан тушаалд түр томилох тухай тушаал гарах хүртэлх хугацаанд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж, албан тушаалын ангилал зэрэглэл нь ТТ-12, үндсэн цалин 8*******.212 төгрөг авч байсан гэжээ.

Нэхэмжлэгч Д.Дийн нэхэмжлэлийн агуулга: Миний бие 2010.08.18-ны өдрийн 421 тоот тушаалаар Сайншанд дахь Гаалийн газарт гаалийн улсын
байцаагчаар ажиллаж эхэлсэн, 2019.04.18-ны өдрийн Б/******* дугаар Албан
тушаалаас түр чөлөөлж, албан тушаалд түр томилох тухай тушаал гарах хүртэлх
хугацаанд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж, ТТ-13-04 ангилалтайгаар 880.874 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байсан.

Ийнхүү ажиллах хугацаандаа холбогдох хууль дүрэмд заасан үүргээ хэрэгжлүүлж, удирдлагаас гарсан тушаал шийдвэр, үүрэг даалгаврыг цаг хугацаанд биелүүлж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй бөгөөд үр дүнгийн гэрээгээр тогтмол А үнэлгээгээр үнэлэгдэн, 2 жил тутам явагддаг ГУБ-ын түвшин тогтоох шалгалт болон төрийн албаны шалгалтад 90-ээс дээш үнэлгээ авч байсан.

Шаардлагын үндэслэл: Бид Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газарт ажиллаж байх үед 2019.04.18-ны өдрийн /******* дугаар тушаалаар Буянт-Ухаа гаалийн газарт түр ажиллуулахаар 2020.02.01-ний өдрийг хүртэлх хугацаанд томилсныг тухайн үедээ гэнэт мэдэж, тогтоосон хугацаа заасан байдлыг нь харгалзан уг албан тушаалд түр ажилласан бөгөөд тушаалд заасан хугацаа дуусмагц өмнөх ажилдаа эргэн ажиллана гэсэн даалгаврыг биелүүлж, гомдол гаргаагүй ажилласан.

Гэтэл Гаалийн ерөнхий газрын даргын 2020.01.31-ний өдрийн Б/******* дугаар тушаал гарсан тухай 2020.02.01-ний өдөр Буянт-Ухаа гаалийн газраас утсаар
мэдэгдэж, ажилд дуудан ажиллуулсан бөгөөд С.Г
-ыг 778904 төгрөгийн үндсэн цалинтай ТТ-10-28 ангилалтай Буянт-Ухаа гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, Д.Дийг 8*******212 төгрөгийн үндсэн цалинтай ТТ-12-04 ангилалтай
Буянт-Ухаа гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар тус тус томилсон
болохыг сонсож мэдсэн.

Бидний эрхзүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргаж, бидэнд огт
мэдэгдэлгүйгээр шийдвэрлэснийг Төрийн албаны тухай хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж, бид Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд 2020.05.05-ны өдрийн 01/879 дугаар албан бичгээр хариу өгсөн.

Мөн 2020.01.31-ний өдрийн Б/******* дугаар тушаал нь төрийн албан хаагчийн
хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндсөн, Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль Гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулах журмыг тус тус зөрчсөн хууль бус тушаалыг дахин нягтлан үзэхийг даалгасан 2020.04.15-ны өдрийн 01/705 дугаар Төрийн албан хаагчийн тухай шийдвэрийг Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн байдаг.

Иймд бидний зөрчигдсөн эрхийг сэргээж, дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн Гаалийн ерөнхий газрын даргын 2020.01.31-ний өдрийн Б/******* дугаар тушаалын С.Г, Д.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Г-ыг  Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчаар, Д.Дийг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагчаар тус тус томилохыг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд С.Г, Д.Д нарын гаргасан Гаалийн ерөнхий газрын даргад холбогдох нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариуг хүргүүлж байна. Нэхэмжлэгч С.Г, Д.Д нарыг Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/******* дугаар тушаалаар Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар тус тус томилсон.

Энэхүү тушаалыг гаргахдаа Гаалийн ерөнхий газрын дарга Төрийн албаны
тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 16
дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр
зүйлийн 2711.1.10 дахь заалт, 273 дугаар зүйлийн 273.2, 274 дүгээр зүйлийн 274.2
дахь хэсгийг тус тус үндэслэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан.

Дээрх тушаалыг гаргах нөхцөл бол Дэлхий нийтэд өндөр хурдацтай тархаж
байгаа Шинэ коронавирусийн халдвар гадны улс орнуудаас зөөвөрлөгдөн Монгол
улсын хилийн боомтууд тэр дундаа Агаарын хилийн боомт /Буянт-Ухаа дахь
гаалийн газар/-оор орж ирэх болзошгүй эрсдэл бүхий газар гэж үнэлэгдэж байсан.

Гаалийн байгууллагад Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон тухайн цар тахалтай тэмцэх бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газарт хүн хүчний болон Гаалийн хяналт шалгалтад хэрэглэгдэх тусгай хэрэгслээр хангаж ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж ирсэн юм.

Энэ үед Буянт-Ухаа дахь гаалийн газрын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, тусгай хэрэгсэл, битүүмжилсэн хувцас өмсөж төрийн үйл
ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажиллаж байсан ба Гаалийн
ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/******* дугаар
тушаалаар түр хугацаанд томилогдоод байсан нэр бүхий 15 хүнийг дээрх дурдсан
үүсээд байгаа онцгой нөхцөлд тулгуурлан албан ажлын зайлшгүй шаардлагаар
Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газарт шууд томилсон.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Г, Д.Д нар Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/******* дугаар тушаалын С.Г, Д.Д нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, С.Г-ыг  Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчаар, Д.Дийг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагчаар тус тус томилохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нарыг Гаалийн Ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар Буянт-Ухаа дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагч, ахлах байцаагчаар 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түр хугацаагаар тус тус томилж, улмаар маргаан бүхий 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/******* дугаар тушаалаар нэр бүхий албан хаагчдын хамт тус гаалийн газарт томилжээ.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д ...гаалийн байцаагч ... мэргэжилтэн төрийн тусгай албан тушаалд хамаарна, Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2-т Гаалийн улсын байцаагч нь төрийн тусгай албан тушаалд хамаарна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үүссэн онцгой нөхцөл байдлын улмаас учирч болох эрсдэлээс сэргийлж гаргасан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны *******2 дугаар албан бичгээр онцгой үүрэг даалгаврыг өгсөн, мөн гадаадад гацсан Монголчуудыг татан авах үйл ажиллагааны явцад агаарын хилийн боомт болох Буянт-Ухаа хилийн боомтоор Шинэ коронавирусын халдварт өвчин орж ирэх өндөр эрсдэлтэй байсан, дээрх нөхцөл байдлын улмаас Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 2711.1.10 дахь заалтад гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох гэж заасны дагуу нэр бүхий 13 хүнийг томилж ажиллуулсан гэж маргаан бүхий актын үндэслэлээ тайлбарладаг.

Гэтэл хариуцагчийн энэхүү шийдвэр Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тухай зохицуулалтуудтай нийцээгүй байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно, 44.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага буюу тухайн байгууллагын нэгж хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно, 44.3-д Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй гэж тус тус хуульчилжээ.

Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий Б/******* дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан зохицуулалтуудыг хэрэглээгүй, нэхэмжлэгч нараас шилжих болон сэлгэн ажиллах боломжтой талаар саналыг аваагүй, тохиролцоогүй нь хуульд нийцээгүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч нарыг шилжүүлээгүй, сэлгэн ажиллуулаагүй шууд томилсон гэх тайлбар мөн үндэслэлгүй байна.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар бүлэгт төрийн жинхэнэ албан хаагчийг томилох тухай зохицуулсан бөгөөд энэ нь зөвхөн шинээр тухайн албан тушаалд томилогдож буй иргэнд хамаарахаар байх бөгөөд өмнө нь төрийн албанд болон тухайн салбарт ажиллаж байсан иргэний тухайд шилжүүлэх гэсэн ойлголт хамаарахаар байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нар нь төрийн албанд болон тухайн салбар, нэгжид шинээр томилогдож буй боловсон хүчин биш бөгөөд гаалийн байгууллагад нэхэмжлэгч Д.Д 2010, нэхэмжлэгч С.Г 1994 оноос эхлэн ажиллаж байсан төрийн жинхэнэ албан тушаалтан бөгөөд хариуцагчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар тус газарт түр хугацаагаар ажиллаж байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг үндэслэн ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т тус тус баримтлан С.Г, Д.Д нарын нэхэмжлэлтэй Гаалийн Ерөнхий газрын даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гаалийн Ерөнхий газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/******* дугаар тушаал хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Г-ыг  Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагчаар, Д.Дийг Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагчаар томилон ажиллуулахыг хариуцагч Гаалийн ерөнхий газрын даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 35100 төгрөгийг буцаан олгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт хуваан олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                         Б.МӨНХ-ЭРДЭНЭ