Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2020/ДШМ/1287

 

М.Б-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгч М.Б-,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/1315 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор А.Бямбацэемаагийн бичсэн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 81 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч М.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор М.Б-д холбогдох эрүүгийн 1906072721359 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            М.Б-, 1979 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух хаягийн бүртгэлтэй,

            1994 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 79 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр эдлээгүй үлдсэн 6 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 704 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Говьсүмбэр аймаг дахь Сум дундын 6 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, одоо хорих 409 дүгээр ангид уг ялаа эдэлж байгаа;

            М.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их ам 3 дугаар гудамжны *** тоотод оршин суух иргэн Б.Д-ийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, хүүхдийн тэрэг 1 ширхэг, халбага сэрээний иж бүрдэл зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Б-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 26 хоног дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жил 6 сар 26 хоногийн хугацаагаар тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар М.Б-гаас 180.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Д-өд олгож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Дээд шатны прокурор А.Бямбацэемаа тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ “...шүүх шүүгдэгч М.Б-гийн нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 26 хоногийн хугацаагаар тогтоосон атлаа түүнд 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “...шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж дурдсанаас үзвэл шүүгдэгч шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон гэж ойлгогдохоор байх ба шүүхээс уг хугацааг хорих ялд нь хэрхэн тооцсон талаар шийдвэртээ тодорхой заалгүй орхигдуулжээ. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Шүүгдэгч М.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анх мэдүүлэг өгөхдөө өөр хэрэг үйлдсэн тухайгаа мөрдөгчид хэлэхэд “чи энэ хэргээ хасуулчих” гээд хасуулсан. Гэтэл одоо ял эдэлж байх хугацаанд тухайн хэргийг гаргаж ирээд тусад нь ял шийтгүүлэхээр болж эрх зүйн байдлыг маань дордуулж байгаад гомдолтой байна. ...” гэв.

            Прокурор Х.Ням-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

М.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их ам 3 дугаар гудамжны *** тоотод оршин суух иргэн Б.Д-ийн эзэмшлийн зуслангийн байшингийн цонхоор нэвтэрч, хүүхдийн тэрэг 1 ширхэг, халбага сэрээний иж бүрдэл зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, нийт 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Б.Д- нь: “...зуслангийн байшиндаа ирэхэд хүүхдийн тэрэг, халбага, сэрээний иж бүрдэл алдагдсан байсан. Хүүхдийн тэрэг нь цайвар шаргал өнгөтэй, 4 дугуйтай, хуучин орос хүүхдийн тэрэгтэй төстэй. Харин аяга, халбага, сэрээний иж бүрдэл нь цагаан өнгийн цаасан хайрцагтай, аяга тавагны зурагтай шинэ байсан. ...” /хх 34-35/ гэж эд хөрөнгөө алдсан газар, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

шүүгдэгч М.Б-гийн яллагдагчаар өгсөн “...Гачууртын эцсийн хойшоо байдаг банзан хашаатай, дотор талдаа нэг давхар, урд хэсгээрээ шилэн нүүртэй байшингийн урд талын цонхыг түлхэн онгойлгож ороход дотор талд нэг буйдан, нэг сэнс байсан. Би юу ч аваагүй гарч ирсэн. Тэгээд тэр өдрөө шууд хот руу явсан. ...” /хх 64-65/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-14/, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /хх 41/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч М.Б-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд дээрх гэмт үйлдэлд хохирлын хэмжээ хамаарахгүй.

Зуслангийн байшин нь хүн байнга амьдрах орон байрын зориулалттай тул түүний цонхоор нэвтэрч, эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журам/-ийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зохицуулсан.

            Шүүгдэгч М.Б- нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялаа хорих 427 дугаар ангид эдэлж байсан ба түүний өмнө үйлдсэн дээрх гэмт хэрэг нь энэ шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-гийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээгээр 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 26 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 6 сар 26 хоногийн хугацаагаар тогтоон шийдвэрлэжээ.

             Гэвч ийнхүү шийдвэрлэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын хугацааг буруу тооцсоноос нийт эдэлбэл зохих ялын хэмжээг буруу тогтоосны гадна, шүүгдэгч М.Б-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг хэрхэх асуудлыг орхигдуулсан байх тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн шаардлагад нийцүүлж, дараах байдлаар зөвтгөн шийдвэрлэв.

            Хэрэгт авагдсан ялын тооцооны лавлагаа /хх 88/-нд шүүгдэгч М.Б-г өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас “2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 7 сар 28 хоног эдлээгүй” үлдсэн болохыг тодорхойлсон ба түүнийг мөн өдрөөс эхлэн эрүүгийн 1906072721359 дугаартай хэрэгт яллагдагч /хх 58-59/-аар цагдан хорьжээ.

            Үүнээс үзвэл, шүүгдэгч М.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 7 сар 28 хоногийн хугацаагаар тогтоож, түүний 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 33 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Иймд дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хууль хэрэглээний талаар гаргасан шүүгдэгч М.Б-гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Энэхүү шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн;” үндэслэлээр анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж буй хэлбэр бөгөөд мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” заасныг зөрчөөгүй болно.

Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 66-67/, таслан шийдвэрлэх тогтоол, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 70-85/-аас үзвэл шүүгдэгч М.Б- урьд нь 6 удаа ял шийтгүүлсэн байхад яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг болон шийтгэх тогтоолын удиртгал хэсгүүдэд 2-5 удаагийн ял шийтгүүлсэн байдлыг тусгаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтын шаардлагад нийцээгүй болохыг дурдаж, цаашид хуульд заасан ажиллагааг хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/1315 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...эдлээгүй үлдсэн 6 сар 26 хоног дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэсэн хэсгийг “...эдлээгүй үлдсэн 7 сар 28 хоног дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 7 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

- 3 дахь заалтын “...2 жилийн хугацаагаар...” гэсэн хэсгийг “...2 жил 7 сар 28 хоногийн хугацаагаар...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-гийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 33 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                        ДАРГАЛАГЧ,

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                        ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН