Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1315

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        07          20                                        2020/ШЦТ/1315

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч М.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан И. овогт М.ын Б.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906 07272 1359 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэрэн суманд 1979 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаар шийтгэх тогтоолоор 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, И. овогт М.ын Б..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б. нь 2019 оны 12 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их ам 3 дугаар гудамж, 72/а-б тоотод оршин суух иргэн Б.Д.ийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, хүүхдийн тэрэг 1 ширхэг, халбага сэрээний ком зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б. мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13/,

- Хохирогч Б.Д.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Зуслангийн байшиндаа ирэхэд хүүхдийн тэрэг, халбага сэрээний ком алдагдсан байсан. Хүүхдийн тэрэг нь цайвар шаргал өнгөтэй, 4 дугуйтай, хуучин орос хүүхдийн тэрэгтэй төстэй. Харин аяаг, халбага, сэрээний ком цагаан өнгийн цаасан хайрцагтай, аяга тавагны зурагтай шинэ байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

- “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 02/1 дугаартай дүгнэлт /хх-ийн 47/,

- М.Б.гийн яллагдагчаар өгсөн: “Гачууртын эцсийн хойшоо байдаг банзан хашаатай, дотор талдаа нэг давхар, урд хэсгээрээ шилэн нүүртэй байшингийн урд талын цонхыг түлхэн онгойлгож ороход дотор талд нэг буйдан, нэг сэнс байсан, би юу ч аваагүй гарч ирсэн. Тэгээд тэр өдрөө шууд хот руу явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

М.Б. нь 2019 оны 12 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их ам 3 дугаар гудамж, 72/а-б тоотод оршин суух иргэн Б.Д.ийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, хүүхдийн тэрэг 1 ширхэг, халбага сэрээний ком зэргийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, бусдад 180.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Д.ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02/1 тоот дүгнэлт, М.Б.гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Б.г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б.д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хохирогчид баримтаар 180.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч М.Б.д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс яллагдагчаар шилжүүлэн цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч И. овогт М.ын Б.г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Б.д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар М.Б.д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор М.Б.д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 26 хоног дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 26 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Б.гаас 180.000 төгрөгийг гаргуулан хохирогч Лувсандо овогт Бямбын Д. /РД:ЧД75092278/-т олгосугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА