Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 102/шш2021/01922

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .... дүүрэг, 12 дугаар хороо, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, О овогт Б.Б /РД: .../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, С овогт Н.М /РД: ..../,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 7 дугаар хороо, .. дүгээр хороолол, ... дүгээр байр, ... тоот хаягт оршин суух, Х овогт Ц.Э /РД: .../-нарт холбогдох

 

Гэрээний үүрэгт 48,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , хариуцагч Н.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М , Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Б.Э нь 2020 оны 02 дугаар сард найз Б.А аар дамжуулан Н.М тай танилцсан. Н.М өөрийгөө тухайн газрын эзэн, газар дээр нь орон сууцны барилга барих зөвшөөрөлтэй гэж хэлсэн ба бичиг баримтыг нь үзэхэд ... дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/00 тоот захирамжтай, Ц.Э ын нэр дээр 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон, нэгж талбарын 0000000000 дугаартай, 999 м/кв талбай бүхий амины орон сууцны зориулалтай бүхий газар байсан. Н.М газрынх хойно төвлөрсөн инженерийн шугам сүлжээ байрладаг тул өөр компани зэрэгцэн барилга барих боломжгүй гэж хэлсэн. Ингээд Б.Э нь газар дээр орон сууцны барилга барихаар болж Ц.Э аас Н.М д олгосон итгэмжлэлийн дагуу 2020 оны 02 сарын 19-ны өдөр нотариат орж Бусдын газар дээр барилга, байгууламж барих гэрээ байгуулж, гэрээний урьдчилгаа төлбөр 40,000,000 төгрөгийг Н.М ын дансанд шилжүүлсэн.

 

Ийнхүү гэрээ байгуулсаны дараа Б.Э нь уг газар дээр 10 давхар 80 айлын орон сууцны барилга барихаар барилгын эх загвар зураг /эскиз/-ийг Ц.Б ХХК-иар зуруулж, Б.Х ХХК-иар хөрсний шинжилгээг хийлгэх гэх мэтээр ажлуудаа төлөвлөж, ажлаа хөөцөлдөж явах зуур манай газрын залгаа газар дээр буюу Н.М ын төвлөрсөн инженерийн шугам сүлжээ байрладаг, ямар ч компани барилга барихгүй гэсэн хэсэгт орон сууцны барилга баригдаж эхэлсэн. Ц.Э , Н.М нарт газартай нь залгаа өөр компани барилга барьж эхэлсэн тухай хэлэхэд надад хүлээж бай, бид зохицуулна уулзана гэдэг байсан. Газар эзэмших эрх нь Ц.Э ын нэр дээр байдаг тул эзэмшил газартай нь залгаа барилга барьж буй компанитай уулзаж, газрын маргааны асуудлыг шийдвэрлэж өгөх ёстой атал зохицуулахгүй явсаар бидний хооронд маргаан үүсч эхэлсэн. Харин иргэн Т.Ц 9 давхар орон сууцны барилга барьж дуусган, бидний газар луу тохижилт, автомашины зогсоол, урд талд нь сагсан бөмбөгийн талбай хүртэл барьснаар Б.Э газар дээрээ төлөвлөсөн барилгаа барих боломжгүй болсон. Учир нь Хот тосгоны барилгажилтын норм ба дүрмийн 4 дүгээр хавсралтад 2-3 давхар сууцны барилгын тууш талуудын хоорондын зай 15 метрээс багагүй, 4 давхар бол 20 метрээс багагүй, 9-12 давхар бол 32-45 метрээс багагүй ... байх, мөн орон сууцны барилгын өрөөний цонхтой тууш болон хөндлөн талын хооронд 2-4 давхар бол 10 метр, 5-9 давхар бол 12-18 метр, 12-16 давхар бол 24-32 метрийн зайтай байна гэж барилга хооронд стандарт зайн хэмжээг тогтоож өгсөн байдаг. Ийнхүү иргэн Б.Ц барилгаа барьснаар Б.Э барилгаа түүний барилгатай зэрэгцүүлэн барих боломжгүй, зэрэгцүүлэн барихад хоёр барилгын баруун х талын суурь хоорондоо 1 метр зай, зүүн х талын сууриар барилга давхцаж баригдах болж байгаа юм. Мөн түүний барилга барихаар төлөвлөж байсан газрын урд талд нь 4 дүгээр хорооллын үерийн усны далан суваг байрладаг тул барилгаа урагш нь сунгаж бас барих боломжгүй юм.

 

Гэрээнд заасны дагуу ... дүүргээс олгосон газар эзэмших эрхийг Нийслэлийн засаг даргын захирамж бүхий газар эзэмших эрх болгон шилжүүлэх баримт бичгийг Ц.Э ын нэрээр бүрдүүлэн Нийслэлийн Засаг даргад өгсөн боловч татгалзсан хариу өгсөн байна. Иймээс 2020 оны 02 сарын 19-ний өдрийн "Бусдын газар дээр барилга, байгууламж барих гэрээ-ний газар дээр барилга барих боломжгүй болсон тул гэрээнээс татгалзаж, Ц.Э , Н.М нараас гэрээний урьдчилгаа төлбөрт өгсөн 40,000,000 төгрөг, эскиз зурагны 5,000,000 төгрөг, макетны 700,000 төгрөг, хөрсний шинжилгээ хийлгэхэд төлсөн 3,000,000 төгрөг, нийт 48,700,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Бид 40,000,000 төгрөгийг 2 хариуцагч яаж хувааж авсныг мэдэхгүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа Н.М , Ц.Э т нарт хоёуланд нь холбогдуулж гаргасан. Гэвч шүүх хуралдааны явцад энэ мөнгийг хариуцагч Н.М ганцаараа авсан гэдгээ зөвшөөрч байгаа тул хариуцагч Ц.Э т холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Энэ газрыг Ц.Э бид хоёр авсан боловч юм хийж чадаагүй байсан. Ц.Э бид 2 найзууд бөгөөд тэрээр энэ газраа чи өөрөө хариуцаад яв гэсэн учраас 2017 оноос хойш би бүх юмыг хариуцаад аваад явсан ба газраа зарахаар шийдээд 2019 оны 10, .. дүгээр сараас фэйсбүүкт зар тавьснаар Н.А ирж үзсэн, дараа нь найз Б.Э ын хамт ирж үзсэн. Ингээд 3, 4 сарын турш үзээд яваад байсан. Сүүлд сар орчмын дараа худалдаж авъя гэсээр Н.А , Б.Э нар Б.Э ын ажлын офисс дээр ирж гэрээгээ хийсэн. Бид бараг 10-аад удаа Ц.Э ын офисс дээр уулзсан. Б.Э , Н.А нарыг таньдаг болсон. Тэгээд Ц.Э надад хамаагүй Н.М гэдэг хүнтэй харьцаад, нотариатаар оруулаад өгнө гээд амаар ч хэлсэн бичгээр ч итгэмжлэлээ хийгээд өгнө гэсэн. Яг авах болсон чинь Б.Э ... бид нар газар худалдаж авахдаа бүх мөнгөө өгчихөөр барилгын ажил, газар шорооны ажлын мөнгөгүй болчих гээд байна, мөнгө зохицуулах хэрэгтэй байна. Гэрээ байгуулахдаа бага зэргийн урьдчилгаа өгөөд, барилга аятайхан босоод ирэх юм бол талбай багатай аятайхан нэг өрөө орон сууц өгье гэхээр би зөвшөөрөөд түр гэрээ хийж 40,000,000 төгрөг авсан. Гэрээгээ нотариатаар хийхэд Ц.Э миний бие муу, ингэж яваад байж чадахгүй, би бичиг баримттай зууралдахгүй шүү гэж хэлсэн тул бид бичиг баримтаа нотариат дээр бэлдээд Ц.Э маргааш нь ирээд 2020 оны 02 дугаар сарын 19-нд гэрээгээ албан ёсоор хийсэн. Газар дээрээ очоод бүх юмаа хэмжээд кадастерийн компани авч ирээд дүгнэлтийг эх хувиар нь Б.Э т өгсөн. Газрын бүх бичиг баримт, зургийг өгсөн. Тэгээд 4 дүгээр сард манай компани дээр хүрээд ирээч гэхэд нь яваад очтол нөгөө газартаа тохируулаад орон сууцны макет хийлгэчихсэн. Тэгээд хүмүүстэй орон сууцны гэрээ хийгээд байгаа юм шиг харагдсан. Би тухайн үед юу ч хийгээгүй байж, хүмүүсээс орон сууцны урьдчилгаа аваад байгаа юм болов уу гэж хардсан. Хүмүүс ирчихсэн орон сууцны захилга өгч байгаа юм биш байгаа гээд сонин санагдаад энүүгээр далимдуулаад хүмүүсээс урьдчилгаа мөнгө авч бөөн мөнгө босгож өрөнд орох гэж байгаа юм биш байгаа гэж хардаж бодсон. Б.Э т хэлсэн чинь хоёулаа хажуугийн өрөөнд оръё гэхэд нь ороод ярихгүй болохоор нь компанийн дотоод ажилд оролцоод яахав гэж бодоод больсон. Надад макет хийсэн талаар хэлэхэд нь би эхлээд газраа нийслэлийн засаг даргын захирамжтай болгохгүй бол болохгүй шүү гэдгийг хэлсэн. Бичиг баримтаа жин тан болгосныхоо дараа макет, барилгын зураг янз бүрийн зүйл рүүгээ шат шатаар явах ёстой шүү гэж хэлсэн.

 

Тэгээд байж байтал 5 дугаар сард хэцүү болчихлоо, танд танидаг хүн байна уу гэхээр нь би ах нь Нийслэлийн Газрын албаны дэд дарга н.Б ыг танина, ах нь уулзуулаад өгье. Цаашаа яаж явахаа та нар өөрсдөө залуу хүмүүс учраа олоод яваарай. Ах нь өөрөө оролцож чадахгүй шүү гэдгээ анхнаас нь хэлсэн. Тэгээд н.Б тай уулзахаар өглөө 9 цагт захирагчийн ажлын албанд очиход хуралтай байсан. Тэгээд дараа нь уулзаад би Б.Э гэдэг хүүхэд барилга барих гэж байгаа юм, чи тусалж өгөөрэй гэж хэлээд орхисон. н.Б дарга анх газар авахдаа бүрдүүлж байсан бүх бичиг баримтаа бүрдүүлээд Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээнд аваачаад өгөөрэй гэж хэлсэн. Нийт 18 хуудас материалыг Б.Э т өгсөн. Б.Э аваачаад өгсөн чинь тэндэхийн ажилтнууд нь дарга нар Нийслэлийн засаг даргын захирамж хүссэн өргөдөл битгий хүлээж аваарай гэсэн, эсхүл даргатай утсаар яриул гэсэн гээд өргөдлийг нь авахгүй байна гэхээр нь н.Б даргаар хэлүүлж байж өргөдлөө өгсөн. Гэрээнд хүртэл тэгж заасан байгаа шүү. 2020 оны 4 дүгээр сард газар шорооны ажил хийх гэж байна гэхээр нь газрын тэмдэглэгээнүүд хаа байна гээд тэр газарт гадас хатгасан байсан, газраа ухах гэж байна гэхээр нь Нийслэлийн засаг даргын захирамжтай болгоогүй байж одоо газар шорооны ажил хийгээд явчих юм бол өөрсдөө буруудана, зохих зөвшөөрөл аваагүй байж хэл аманд орно шүү. Аливаа юмыг хийнэ гэвэл зохих зөвшөөрөл авч байж хийгээрэй гэж хэлсэн. Иргэн Т.Ц барилга барьж байна гээд Мэргэжлийн хяналтын газар, Газрын алба бүгдээрээ шалгаж үзээд тухайн газрын орц, гарцыг гаргаж өгсөн. Х талаар шугам явдаг юм байна гэж би яриагүй, А анх шугам явдаг юм байна лээ гэхээр нь би тэгвэл сайн байна ш дээ гэдэг яриа л болоод өнгөрч байсан. Түүнээс би анх гэрээ байгуулахдаа тэгж хэлж байгаагүй, гэрээ байгуулснаас хойш ч тэгж хэлж байгаагүй, манай газрын арын газарт барилга барих боломжгүй гэж хэлж байгаагүй. Газар худалдсан урьдчилгаа 40,000,000 төгрөгийг би өөрийн дансаар авсан, энэ мөнгөнөөс нэг ч төгрөгийг Ц.Э аваагүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Н.М , Ц.Э нарт холбогдуулан гэрээний дагуу урьдчилгаанд шилжүүлсэн 40,000,000 төгрөг, эскиз зурагны 5,000,000 төгрөг, макетны 700,000 төгрөг, хөрсний шинжилгээ хийлгэхэд төлсөн 3,000,000 төгрөг, нийт 48,700,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарам хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Э т холбогдох шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хэдийгээр зохигчид бусдын газар дээр барилга, байгууламж барих гэрээ гэж нэрлэсэн боловч зохигчдын тайлбар, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1-д Бусдын өмчийн газар дээр барилга, байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэйгээр тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авна. гэж хуульчилсан. Гэтэл ... дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороололд байрлах 999 м/к талбай бүхий амины орон сууцны зориулалт бүхий газрын эзэмших эрхийг Ц.Э т 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ... дүүргийн засаг даргын А/... дугаар захирамжаар олгосон, үүнийг үндэслэн тус дүүргийн Газрын албаны 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ... дугаар гэрчилгээ олгогджээ. Тухайн газар нь өмчлөх эрхтэй биш эзэмших эрхтэй ба зохигчдын хооронд байгуулсан гэрээний 6.8.3-т 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор барилга барих эрх эзэмшигч тал газар эзэмшигч талд 200,000,000 төгрөг төлнө, мөн 6.8.4-т Барилга баригдаж дууссаны дараа уг барилгаас 140 м/к талбай бүхий 2 өрөө 3 орон сууцыг газар эзэмшигч талд газрын төлбөрийн үлдэгдэл буюу 200,000,000 төгрөгт тооцож олгоно гэж зааснаас, мөн хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М ын газраа зарахаар 2019 оны 10, .. дүгээр сараас фэйсбүүкт зар тавьснаар Н.А ирж үзсэн, дараа нь найз Б.Э ын хамт ирж үзсэн. Ингээд 3, 4 сар үзээд яваад байсан. Сүүлд сар орчмын дараа худалдаж авъя гэсээр Н.А , Б.Э нар Б.Э ын ажлын офисс дээр ирж гэрээгээ хийсэн. Газрыг 400,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон ба 2020 оны 07 дугаар сарын 01-ны дотор 200,000,000 төгрөг, үлдсэн 200,000,000 төгрөгийг орон сууц баригдаж дууссаны дараа 2 өрөө 3 орон сууц авахаар тохиролцсон гэх тайлбар, мөн маргаан бүхий газар нь хариуцагч Ц.Э ын нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй ба 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ц.Э нь Н.М д бусдад худалдах итгэмжлэл олгосон зэргээс үзэхэд зохигчид Ц.Э ын эзэмшлийн ... дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороололд байрлах 999 м/к талбай бүхий амины орон сууцны зориулалт бүхий газрыг 400,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч Б.Э , хариуцагч Н.М нар нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ... дүүргийн 18 дугаар хороо, 999 м/к талбай бүхий амины орон сууцны зориулалт бүхий газрыг 400,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцсон ба зохигчдын хооронд хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч гэрээний үүрэгт 2020 оны 02 дугаар сарын 19-нд Н.М ын Хаан банкин дахь ..... тоот дансанд 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч Б.Э ын Хаан банкин дахь ... тоот дансны дэлгэрэнгуй хуулгаар тогтоогдсон, хариуцагч Н.М энэ талаар маргаагүй болно. Нэхэмжлэгч Б.Э нь маргаан бүхий газрыг орон сууц барих зорилгоор худалдаж авсан ба тухайн газарт орон сууц барих боломжгүй болсон нь Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн БА-... тоот акт, маргаан бүхий газарт шүүхээс 2021 оны 08 дугаар сарын ..-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж зааснаар гэрээнээс татгалзсан нь үндэлслэлтэй тул гэрээний урьдчилгаанд төлсөн 40,000,000 төгрөгийг хариуцагч Н.М аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь гэрээнээс учирсан хохирол буюу эскиз зурагны төлбөрт төлсөн 5,000,000 төгрөг, макетны 700,000 төгрөг, хөрсний шинжилгээ хийлгэхэд төлсөн 3,000,000 төгрөг, нийт 8,700,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь дасны хуулгаар нотлогдож байх боловч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., мөн 227.2-д Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй. гэж зааснаар хариуцагч хохирлыг хариуцах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч орон сууц барих зорилгоо биелүүлэх боломжгүй болсон явдалд хариуцагч Н.М ын буруутай үйл ажиллагаа нөлөөлөөгүй байна.

 

Иймд хариуцагч Н.М аас 40,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Ц.Э т холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ц.Э т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ..5 дугаар зүйлийн  ..5.2.2, ..6, ..8 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.2, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Н.М аас 40,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Э т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ц.Э т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоолгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.М аас улсын тэмдэгтийн хураамжид 357,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ..9 дүгээр зүйлийн ..9.4, ..9.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР