Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 102/шш2021/01738

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, 15 дугаар хороо, ... гудамж,.. дугаар байрны ...тоотод оршин суух, Ш... овогт У ын Н /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ...дүүрэг, 5 дугаар хороо, ...ийн гудамж, өөрийн байр, Н.Г т холбогдох,

 

Дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.Н ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч У.Н нь өөрийн эцэг Д.У ын өмчлөлийн ... дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр /..../ ХД-...дугаар байрны ...тоот 81.5 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар захирамжаар тогтоогдсон. Уг захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр 2019 оны 11 дүгээр сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан боловч өнөөдрийг хүртэл биелэгдэхгүй, гүйцэтгэх баримт бичиг тухайн байгуулагын цахим бүртгэлд бүртгэлтэй байна. Намайг үрчилж авсан эцэг Д.У 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Америкийн нэгдсэн улс руу яваад Монгол улсад ирээгүй байгаа, холбоо барихгүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл уг байрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албадан дуудлага худалдаанд оруулахаар зарлагдсан болохыг сайт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээс саяхан олж мэдлээ. Энэ ажиллагааг зөвхөн төлбөр төлөгч, төлбөрийн авагчийн эрх ашигт нийцүүлэн өмчлөгч нарт мэдэгдэхгүйгээр маш хямдаар худалдан борлуулах гэх байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байх бөгөөд хуулийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын ажилтан нь хуулийн хүрээнд хэн нэгний эрх ашгийг зөрчихгүйгээр төрийн ажлыг явуулах ёстой байтал хэн нэг хүний өмч хөрөнгийг дур мэдэн хямд зарах гэж байгаа нь харагдаж байна.

 

Би хэдийгээр нэхэмжлэгчийг төлөөлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байгаа хэдий ч гэр бүлийн нарийн асуудлыг мэдэхгүй, хууль зүйн туслалцаа үзүүлээд явж байна. Нэхэмжлэгч У.Н ийн хувьд бол бодит байдлыг мэдэхгүй, аав нь ганц бие, дуртай газар руугаа дуртай үедээ яваад өгдөг, нэг өргөмөл охинтой, тэр нь У.Н бөгөөд тэрээр 0-2.5 насны хоёр нялх хүүхэдтэй, дөнгөж хүнтэй суугаад амьдралаа эхэлж байгаа, байр нь зарагдчихвал орох байргүй болоход хүрээд байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчиж явагдсан. Үүнд, нэгдүгээрт: Хавтаст хэргийн 96 хуудсанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны мэдэгдлүүд байдаг, үүгээр 2 дахь дуудлага худалдааг 2020 оны 02 дугаар сарын 19-нд зохион байгуулагдана гэсэн мэдэгдэл байна. Гэтэл 97 хуудасны арын хуудсанд дуудлага худалдааг зохион байгуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/..тоот дугаартай тогтоолд шүүхийн шийдвэрт заагдсан барьцааны хоёр үл хөдлөхийг анхны дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирээгүй учраас 2 дахь дуудлага худалдаанд оруулна, ингэхдээ 2020 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн мэдэгдлүүдийг үндэслэл болгосон гэж заасан. 2020 оны 02 дугаар сарын 05-нд гарсан дуудлага худалдаа зохион байгуулах мэдэгдэл нь ковидтой холбоотой цагаан сарын өдрүүдийн энэ хугацаанд Улсын Онцгой комиссоос хөл хорио тавьсан. Тэр хугацаа нь 2020 оны 02 дугаар сарын 16-нд дуусахаар төлөвлөсөн байсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдөр дуудлага худалдаа болно гэж зарласан. Гэтэл хөл хорионы хугацааг сунгаад 2020 оны 02 дугаар сарын 23-нд хөл хорио дууссаны маргааш буюу 2020 оны 02 дугаар сарын 24-ны өдөр дуудлага худалдаа зохиогдоод явчихсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага цаг хугацааны өөрчлөлтийг мэдэгдээгүй, процессын алдаа ажиглагдсан. Иймд шүүх энэ байдлыг харгалзан үзэж шийдвэрээ үнэн зөв гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: ...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ... дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар тогтоолоор хариуцагч Г.О гоос 284,743,357.44 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,581,667 төгрөг, нийт 286,325,024.44 төгрөгийг гаргуулж хариуцагч Ориент инвест банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгож, төлбөр төлөгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ....тогтоолоор үүсгэсэн. Төлбөрт төлөгч Г.О гийн барьцаа хөрөнгө болох Д.У ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-...дугаарт бүртгэгдсэн ... дүүргийн 1 хороо, үйлдвэр /.../ ХД ...дугаар байрны ...тоотод байрлах 81.5 м/кв талбайтай 2 өрөө орон сууц, Х.Ж ы өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-...дугаарт бүртгэгдсэн ... дүүргийн 11 хороо, ... хороолол, ар ... гудамжны ...байрны ... тоотод байрлах 82.77 м/кв талбайтай 3 өрөө орон сууцнуудыг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ..../1 тоот, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ..../02, ..../3 тоот тогтоолуудаар битүүмжилж, хураасан. Үнийн санал авахад төлбөр төлөгч Г.О ... дүүргийн 11 хороо, ... хороолол, ар ... гудамжны ..байрны ...тоотод байрлах 82.77 м кв 3 өрөө орон сууцыг 289,695,000 төгрөгөөр, өмчлөгч Д.Ж дээрх орон сууцыг 382,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Д.У ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-....дугаартай бүртгэгдсэн ... дүүргийн 1 хороо, үйлдвэр ХД ... байрны ... тоотод байрлах 85.1 м кв талбайтай 2 өрөө орон сууцыг 285,250,000 төгрөгөөр, өмчлөгч Д.У 135,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байдаг. Төлбөр авагч Ориент инвест банк бус санхүүгийн байгууллага нь төлбөр төлөгчийн үнийн саналыг зөвшөөрөөгүй тул зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч нь ... дүүргийн 11 хороо, ... хороолол, ар ... гудамжны ... байрны ... тоотод байрлах 82.77 м/кв тай 3 өрөө орон сууцыг 136,500,000 төгрөгөөр, Д.У өмчлөлийн ... дүүргийн 1 хороо, үйлдвэр, ХД-...дугаар байрны 20 тоотод байрлах 81.5 м/кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг 132,000,000 төгрөгөөр тус тус тогтоосон. Төлбөр төлөгч Г.О , өмчлөгч Д.У , Х.Ж , төлбөр авагч Ориент инвест банк бус санхүүгийн байгууллагад 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 4/...., 4/..., 4/......., 4/....тоот мэдэгдлүүдээр үнэлгээг мэдэгдсэн байна.

 

Анхны дуудлага худалдааг 2021 оны 01 дүгээр сарын 22-нд явуулахад дээрх 2 барьцаа хөрөнгөд үнийн санал ирээгүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлийг 2021 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 4-../..., 4-171/..., 4-171/..., 4-171/... , албан тоотуудаар Г.О , Д.У , Д.Ж , төлбөр авагч Ориент инвест Банк бус санхүүгийн байгууллага ХХК-д тус тус мэдэгдсэн. Хоёр дахь дуудлага худалдаа 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдөр зохион байгуулагдаж, ... дүүргийн 1 хороо, үйлдвэр, ХД-...дугаар байрны ...тоотод байрлах 81.5 м/кв талбайтай 2 өрөө орон сууцны С.М гэх иргэн худалдаж авсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн дагуу явагдсан байх тул итгэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч У.Н нь би энэ хүний хамтран өмчлөгч гэдэг нэхэмжлэлийг шүүхэд гаргахад Д.У гэдэг хүн зөвшөөрсөн байгаа юм. Ориент инвест банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй хариуцагч Г.О д холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан иргэний хэрэг 2017 онд явагдаад Улсын Дээд шүүх дээр эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. Гэтэл энийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэг үндэслэлээр шүүхэд хандаад Улсын Дээд шүүх энэ бол шинээр илэрсэн нөхцөл байдал биш юм. Та нарын ярьж байгаа зүйл буюу У.Н барьцаа хөрөнгөний хамтран өмчлөгчөөр тогтоолгосон явдал нь зээлийн гэрээний үүрэг шаардсан иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсны дараа болсон процесс учраас энэ ямар нэгэн байдлаар шинээр илэрсэн нөхцөл байдал биш, харин Г.О гэдэг хүнээс гомдлоо барагдуулах бүрэн эрхтэй гэж тайлбарласан. Д.У тухайн үедээ өмчлөгч байсан, өөрөө итгэмжлэлээ өгөөд улсын бүртгэлийн байгууллага гэрээг бүртгэсэн, шүүх түүнийг шалгаж үзээд энэ хүн эрх зүйн хувьд ойлгоод юмаа бүртгүүлсэн юм байна гэж үзсэн. Мөн Г.О , У.Н гээд 3, 4 хүмүүс энэ шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг зориудаар саатуулах юм уу удаашруулах зорилготой гэж харагдаж байна. Яагаад гэхээр 2017 оны 4 дүгээр сард шийдвэр гүйцэтгэх ажиллагаа маань эхэлсэн. Түүнээс хойш нэг ч төгрөг төлөгдөөгүй явж байгаа. Энэ хүмүүст бүрэн эрх нь байсан. Өндөр үнээр зарах, үнэлгээнд заагдсан үнээр зарах, бүх л боломжуудыг гаргаж өгсөн. У.Н би мэдээгүй, дуудлага худалдаанд оролцох ёстой байсан гэж яриад байгаа боловч тэр хүн ямар нэгэн байдлаар өмчлөгч юм уу, эзэмшигч юм уу гэхээр ямар ч оролцоо байхгүй. Шүүхийн гүйцэтгэх тухай хууль, Үл хөдлөх,барьцааны тухай хууль дээр барьцааны эрх бол тухайн эд хөрөнгө хэний нэр дээр байхаас үл хамаарч тухай эд хөрөнгөө дагаж хэрэгждэг эрх юм. Тэгээд Д.С төлөөлөгч юу ч мэдээгүй байхад нь дуудлага худалдаанд оруулсан мэтээр яриад байна. Гэтэл тэрээр бүх хэргийн материал, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөгчөөр явж байсан. Бүх хурлын ажиллагаанд оролцож гарын үсэг зурсан. Эрх ашиг үнэхээр хөндөгдөж байгаа бол шийдвэр гүйцэтгэлийн байгууллагыг хариуцагчаар татах биш, Г.О г хариуцагчаар татаж, Г.О гоос хохирлоо барагдуулах ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цааш нь үргэлжлүүлэн боломжоор хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна гэв.

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.Н нь хариуцагч Н.Г т холбогдуулан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ... дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар тогтоолоор хариуцагч Г.О гоос 284,743,357.44 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,581,667 төгрөг, нийт 286,325,024.44 төгрөгийг гаргуулж хариуцагч Ориент инвест банк бус санхүүгийн байгууллага ХХК-д олгож, төлбөр төлөгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ....тогтоолоор үүсгэсэн. Төлбөрт төлөгч Г.О гийн барьцаа хөрөнгө болох Д.У ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-...дугаарт бүртгэгдсэн ... дүүргийн 1 хороо, үйлдвэр /.../ ХД ...дугаар байрны ..тоотод байрлах 81.5 м/кв талбайтай 2 өрөө орон сууц, Х.Ж ы өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-...дугаарт бүртгэгдсэн ... дүүргийн 11 хороо, ... хороолол, ар ... гудамжны 96 байрны 902 тоотод байрлах 82.77 м/кв талбайтай 3 өрөө орон сууцнуудыг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ..../1 тоот, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ..../02, ..../3 тоот тогтоолуудаар битүүмжилж, хураасан. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцож чадаагүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч нь ... дүүргийн 11 хороо, ... хороолол, ар ... гудамжны 96 байрны 902 тоотод байрлах 82.77 м/кв тай 3 өрөө орон сууцыг 136,500,000 төгрөгөөр, Д.У өмчлөлийн ... дүүргийн 1 хороо, үйлдвэр, ХД-66 дугаар байрны 20 тоотод байрлах 81.5 м/кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг 132,000,000 төгрөгөөр тус тус тогтоожээ.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/31 дүгээр тогтоолоор ... дүүргийн 1 хороо, үйлдвэр, ХД-...дугаар байрны ...тоотод байрлах 81.5 м/кв талбайтай 2 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 132,000,000 төгрөгийн 70 хувь болох 92,400,000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар тогтоож, анхны дуудлага худалдааг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр явуулахаар тогтсон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй гэх үндэслэлээр 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/18 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолоор 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн анхны дуудлага худалдааг хүчингүй болгож, хоёр дахь дуудлага худалдаагаар 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар шийдвэрлэсэн. Гэвч 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/...дугаар тогтоолоор Улсын Онцгой комиссын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэн хоёр дахь худалдааг зохион байгуулах хугацааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болгон шинэчлэн тогтоосон. Дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид болон өмчлөгч нарт хуульд заасан хэлбэрээр мэдэгдсэн.

 

Нэхэмжлэгч У.Н нь өөрийгөө ... дүүргийн 1 дүгээр хороо, үйлдвэр /.../ ХД-...дугаар байрны ...тоот 81.5 м/к талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр шүүхийн шийдвэрийн дагуу тогтоогдсон гэх боловч ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар захирамжаар Д.У т холбогдох У.Н ийн дээрх орон сууцыг гэр бүлийн дундын өмч болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталсан, У.Н ийг өмчлөгчөөр тогтоосон бүртгэлийн байгууллагын шийдвэр бусад гэрчилгээ гараагүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 7/....дүгээр албан бичгээр тогтоогдож байна.

 

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэгч У.Н ийн дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.1.2, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Г т холбогдох дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч У.Н ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР