Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01389

 

 

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01389

 

У.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/01738 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У.Н-ийн нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГ-т холбогдох дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С , түүний өмгөөлөгч С.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч У.Н нь өөрийн эцэг Д.У-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр /17041/ ХД-66 дугаар байрны 20 тоот 81,5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/01250 тоот захирамжаар тогтоогдсон. Уг захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр 2019 оны 11 дүгээр сард шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан боловч өнөөдрийг хүртэл биелэгдэхгүй, гүйцэтгэх баримт бичиг тухайн байгуулагын цахим бүртгэлд бүртгэлтэй байна. Намайг үрчилж авсан эцэг Д.У 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Америкийн нэгдсэн улс руу яваад Монгол улсад ирээгүй байгаа, холбоо барихгүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл уг байрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албадан дуудлага худалдаанд оруулахаар зарлагдсан болохыг сайт болон хэвлэл мэдээллийн хэрэгслээс саяхан олж мэдсэн. Энэ ажиллагааг зөвхөн төлбөр төлөгч, төлбөрийн авагчийн эрх ашигт нийцүүлэн өмчлөгч нарт мэдэгдэхгүйгээр маш хямдаар худалдан борлуулах гэх байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байх бөгөөд хуулийг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын ажилтан нь хуулийн хүрээнд хэн нэгний эрх ашгийг зөрчихгүйгээр төрийн ажлыг явуулах ёстой байтал хэн нэг хүний өмч хөрөнгийг дур мэдэн хямд худалдах гэж байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчиж явагдсан. Хавтаст хэргийн 96 хуудсанд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны мэдэгдлүүд байдаг бөгөөд 2 дах дуудлага худалдааг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдана гэсэн мэдэгдэл байна. Гэтэл 97 хуудасны арын хуудсанд дуудлага худалдааг зохион байгуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/18 тоот дугаартай тогтоолд шүүхийн шийдвэрт заагдсан барьцааны хоёр үл хөдлөхийг анхны дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирээгүй учраас 2 дах дуудлага худалдаанд оруулна, ингэхдээ 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдлүүдийг үндэслэл болгосон гэж заасан. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гарсан дуудлага худалдаа зохион байгуулах мэдэгдэл нь ковидтой холбоотой цагаан сарын өдрүүдийн энэ хугацаанд Улсын Онцгой комиссоос хөл хорио тавьсан. Тэр хугацаа нь 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дуусахаар төлөвлөсөн байсан. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дуудлага худалдаа болно гэж зарласан. Гэтэл хөл хорионы хугацааг сунгаад 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хөл хорио дууссаны маргааш буюу 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр дуудлага худалдаа явагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага цаг хугацааны өөрчлөлтийг мэдэгдээгүй. Иймд шүүх энэ байдлыг харгалзан үзэж шийдвэрээ үнэн зөв гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/05519 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/00282 дугаар тогтоолоор хариуцагч Г.О-оос 284 743 357.44 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1 581 667 төгрөг, нийт 286 325 024.44 төгрөгийг гаргуулж хариуцагч О ХХК-д олгож, төлбөр төлөгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17250625 тогтоолоор үүсгэсэн. Төлбөрт төлөгч Г.О-ийн барьцаа хөрөнгө болох Д.У-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22060211496 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 1 хороо, үйлдвэр /17041/ ХД 66 дугаар байрны 20 тоотод байрлах 81,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Х.Ж-ны өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206031493 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан хороолол, ар зайсан гудамжны 96 байрны 902 тоотод байрлах 82,77 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнуудыг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17250625/1 тоот, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 17250625/02, 17250625/3 тоот тогтоолуудаар битүүмжилж, хураасан. Үнийн санал авахад төлбөр төлөгч Г.О Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан хороолол, ар зайсан гудамжны 96 байрны 902 тоотод байрлах 82,77 м.кв 3 өрөө орон сууцыг 289 695 000 төгрөгөөр, өмчлөгч Д.Ж дээрх орон сууцыг 382 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Д.У-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206021496 дугаартай бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 1 хороо, үйлдвэр ХД 66 байрны 20 тоотод байрлах 85,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 285 250 000 төгрөгөөр, өмчлөгч Д.У 135 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байдаг. Төлбөр авагч О нь төлбөр төлөгчийн үнийн саналыг зөвшөөрөөгүй тул зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасны дагуу 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч нь Хан-Уул дүүргийн 11 хороо, Зайсан хороолол, ар зайсан гудамжны 96 байрны 902 тоотод байрлах 82,77 м.кв 3 өрөө орон сууцыг 136 500 000 төгрөгөөр, Д.У өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 хороо, үйлдвэр, ХД-66 дугаар байрны 20 тоотод байрлах 81,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг 132 000 000 төгрөгөөр тус тус тогтоосон. Төлбөр төлөгч Г.О , өмчлөгч Д.У , Х.Ж , төлбөр авагч О-д 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 4/7407, 4/7408, 4/7409, 4/7410 тоот мэдэгдлүүдээр үнэлгээг мэдэгдсэн байна. Анхны дуудлага худалдааг 2021 оны 01 дүгээр сарын 22-нд явуулахад дээрх 2 барьцаа хөрөнгөд үнийн санал ирээгүй. Хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4-171/2191, 4-171/2192, 4-171/2193, 4-171/2194, албан тоотуудаар Г.О , Д.У , Д.Ж , төлбөр авагч О ХХК-д тус тус мэдэгдсэн. Хоёр дахь дуудлага худалдаа 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдаж, Хан-уул дүүргийн 1 хороо, үйлдвэр, ХД-66 дугаар байрны 20 тоотод байрлах 81,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны С.М гэх иргэн худалдаж авсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн дагуу явагдсан байх тул итгэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч У.Н нь би энэ хүний хамтран өмчлөгч гэдэг нэхэмжлэлийг шүүхэд гаргахад Д.У гэдэг хүн зөвшөөрсөн. О-ын нэхэмжлэлтэй хариуцагч Г.О д холбогдох зээлийн гэрээний үүрэг шаардсан иргэний хэрэг 2017 онд явагдаад Улсын Дээд шүүх дээр эцэслэн шийдвэрлэснийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэдэг үндэслэлээр шүүхэд хандаад Улсын Дээд шүүх энэ бол шинээр илэрсэн нөхцөл байдал биш юм. У.Н барьцаа хөрөнгөний хамтран өмчлөгчөөр тогтоолгосон явдал нь зээлийн гэрээний үүрэг шаардсан иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсны дараа болсон процесс учраас энэ ямар нэгэн байдлаар шинээр илэрсэн нөхцөл байдал биш, харин Г.О гэдэг хүнээс гомдлоо барагдуулах бүрэн эрхтэй гэж тайлбарласан. Д.У тухайн үедээ өмчлөгч байсан, өөрөө итгэмжлэлээ өгөөд улсын бүртгэлийн байгууллага гэрээг бүртгэсэн. Мөн Г.О , У.Н нар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг зориудаар саатуулах, удаашруулах зорилготой гэж харагдаж байна. 2017 оны 4 дүгээр сард шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Түүнээс хойш нэг ч төгрөг төлөгдөөгүй. Өндөр үнээр худалдах, үнэлгээнд заагдсан үнээр худалдах, бүх л боломжуудыг гаргаж өгсөн. У.Н би мэдээгүй, дуудлага худалдаанд оролцох ёстой байсан гэж байгаа боловч ямар ч оролцоо байхгүй. Шүүхийн гүйцэтгэх тухай хууль, Үл хөдлөх, барьцааны тухай хуульд барьцааны эрх бол тухайн эд хөрөнгө хэний нэр дээр байхаас үл хамаарч тухайн эд хөрөнгөө дагаж хэрэгждэг эрх юм. Тэгээд М.С төлөөлөгч юу ч мэдээгүй байхад нь дуудлага худалдаанд оруулсан мэтээр яриад байна. Гэтэл тэрээр бүх хэргийн материал, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөгчөөр явж байсан. Бүх хурлын ажиллагаанд оролцож гарын үсэг зурсан. Эрх ашиг үнэхээр хөндөгдөж байгаа бол шийдвэр гүйцэтгэлийн байгууллагыг хариуцагчаар татах биш, Г.О г хариуцагчаар татаж, Г.О-оос хохирлоо барагдуулах ёстой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.1.2, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдох дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч У.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас У.Н , Д.У нарын өмчлөлийн Ү-2206021496 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/ ХД-66 дугаар байрны 20 тоот хаягт байрлах 81,5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөгч нарт мэдэгдэлгүйгээр хэт хямд үнээр худалдан борлуулах дуудлага худалдааг зохион байгуулсан байна. У.Н-ийн хувьд дуудлага худалдаа болох гэж байгааг мэдсэн даруй шүүхэд гомдол гаргасан хэдий ч уг байр 81 500 000 төгрөгөөр худалдагдсанд гомдолтой байна. У.Н-ийн хувьд тэрээр айлын өргөмөл ганц охин, одоо хоёр нялх хүүхэдтэй, аав нь 2019 оноос хойш Монголд байхгүй байгаа. У.Н нь уг байрны өмчлөгчөөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн 183/ШШ2018/01250 дугаар захирамжаар тогтоолгосон хэдий ч аав Д.У нь өөрийн эгчийн охин Г.О г О ББСБ-аас зээл авахад уг байрыг барьцаанд тавих итгэмжлэл үлдээсэн байсан тул байр нь бусдад барьцаалагдсан, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах боломжгүй байсан байна. Хэрэг хэлэлцэгдэх явцад дуудлага худалдаа зохион байгуулсан тухай баримтуудыг үндэслэн дуудлага худалдаа зохион байгуулах хугацаа, мэдэгдэл өгсөн хугацаа, бодит байдал дээр өмчлөгч нарт нэг ч мэдэгдэл гардуулж өгөөгүй, өмчлөгчийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэхээс үл хамааран гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл баримтуудыг тодорхойлж, илэрхийлж мэдүүлсээр байхад шүүх огт үнэлэлт, дүгнэлт өгөлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан хоёр дах албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч У.Н нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД-66 дугаар байрны 20 тоот 81,5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч Д.У болох нь хэргийн 11 дүгээр тал дах үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх орон сууцыг Г.О-ийн 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдөр О ББСБ ХХК-аас зээлсэн 50 000 000 төгрөгийн зээлийн үүрэгт өмчлөгч Д.У барьцаалсан бөгөөд уг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 80 тоот магадлалаар шийдвэрлэжээ.

 

Үүнээс хойш У.Н нь Д.У т холбогдуулан дээрх зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр ХД-66 дугаар байрны 20 тоот 81.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д.У зөвшөөрсөн тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1250 тоот захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэсэн байна.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/05519 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 80 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2017/00282 дугаар тогтоолоор хариуцагч Г.О-оос 284 743 357.44 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1 581 667 төгрөг, нийт 286 325 024.44 төгрөгийг гаргуулж хариуцагч О ХХК-д олгож, төлбөр төлөгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

/хх13-19 дах тал/

 

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 102/ГХ2017/00593 тоот гүйцэтгэх хуудас олгогдсоноор Д.У-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, ХД-66 дугаар байрны 20 тоот хаягт байршилтай, 81,5 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууц, Х.Ж-ны өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206031493 дугаарт бүртгэгдсэн Хан-уул дүүргийн 11 хороо, Зайсан хороолол, ар зайсан гудамжны 96 байрны 902 тоотод байрлах 82,77 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17250625/01, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 17250625/02, 17250625/3 тоот тогтоолуудаар битүүмжилж, хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу талууд гомдол гаргаагүй.

/хх52, 54, 59 дэх тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар Талууд дуудлага худалдаа явуулах үеийн үнэлгээг тогтоох саналд харилцан тохиролцсон бол үнэлгээ хийлгэхээр мэргэжлийн үнэлгээчнийг шинжээчээр томилохгүй, харин төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч талууд үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй бол шинжээч томилон мэргэжлийн үнэлгээчдийн саналыг үндэслэн үнэлгээ тогтоох-оор зохицуулсан байна.

 

Хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан баримтаас үзвэл хариуцагч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч буюу өмчлөгч Д.У , Д.Ж , Г.О нараас үнийн санал авахад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, ХД-66 дугаар байрны 20 тоот хаягт байршилтай, 81,5 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцыг өмчлөгч Д.У 135 000 000 төгрөгөөр, төлбөр төлөгч Г.О 285 250 000 төгрөгөөр, Хан-уул дүүргийн 11 хороо, Зайсан хороолол, ар зайсан гудамжны 96 байрны 902 тоотод байрлах 82,77 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг өмчлөгч Д.Ж 382 000 000 төгрөгөөр, төлбөр төлөгч Г.О 289 695 000 төгрөгөөр тус тус үнэлсэн санал гаргасан /хх57-58, 61, 63/ уг үнэлгээний саналыг төлбөр авагч О ХХК зөвшөөрөөгүй шинжээч томилуулах хүсэлт гаргаж улмаар талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 87 тоот тогтоолоор шинжээчээр томилсон /хх64/ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон тогтоолдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дах хэсэгт заасан эрх үүргийг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлтийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дотор дүгнэлт гаргах хугацаа тогтоон ирүүлэхийг даалгажээ.

 

Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Иргэний хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, ХД-66 дугаар байрны 20 тоот хаягт байршилтай, 81,5 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 132 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх102-116 дах тал/

 

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу дээрх үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 4-171/796, 4-171/797, 4-171/798, 4-171/799 тоот албан бичгээр мэдэгдэж, үнэлгээний мэдэгдлийг талуудад гардуулах буюу шуудангаар хүргүүлж, дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид болон өмчлөгч нарт хуульд заасан хэлбэрээр мэдэгджээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1/31 дүгээр тогтоолоор Хан-уул дүүргийн 1 хороо, үйлдвэр, ХД-66 дугаар байрны 20 тоотод байрлах 81,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 132 000 000 төгрөгийн 70 хувь болох 92 400 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар тогтоож, анхны дуудлага худалдааг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр явуулахаар тогтсон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй гэх үндэслэлээр 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2/18 тоот хоёр дах албадан дуудлага худалдаа явуулах тогтоолоор 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн анхны дуудлага худалдааг хүчингүй болгож, хоёр дахь дуудлага худалдаагаар 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар шийдвэрлэсэн боловч 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2/18 тоот тогтоолоор Улсын Онцгой комиссын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэн хоёр дахь худалдааг зохион байгуулах хугацааг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр болгон шинэчлэн тогтоосон үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс илт доогуур үнэлсэн нь тогтоогдоогүй, үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийг зохих байдлаар цуглуулсан, орон сууцыг ижил байршил, хэмжээ, өрөө бүхий орон сууцуудтай харьцуулж үнэлгээ хийсэн болох нь тогтоогдсон, дуудлага худалдааг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй тул шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хямд үнэлсэн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж дүгнэж дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай У.Н-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.1.2, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж, мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх үүргийг хэрэгжүүлнэ гэж тус зааснаас үзвэл барьцааны эрх нь тухайн эд хөрөнгө хэний нэр дээр байхаас үл хамаарч тухайн эд хөрөнгөө дагаж хэрэгждэг эрх тул дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсныг буруутгахгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2021/01738 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ