Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2292

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.П-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/01951 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Г.П-ийн хариуцагч М.У-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4 680 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 2 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хариуцагч М.У нь 2017 оны 01 дүгээр сард 100 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сард 200 000 төгрөгийг тус тус зээлийн хүүнд төлсөн. 2016 оны 12 дугаар сарын 26-наас 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 19 сар 24 өдрийн зээлийн хүү 1 980 000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс М.У-ийн төлсөн 300,000 төгрөгийг хасч зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 1 680 000 төгрөгийг зээлийн гэрээний 2.6-д тохиролцсон алдангийн хамт гаргуулна. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хүүнд төлсөн 300 000 төгрөгийг хасч тооцоогүй тооцооллын алдаа гаргасан учраас үндсэн зээл 2 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1 680 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг нийт 4 680 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн төлбөрт нийт 300 000 төгрөг төлсөн бөгөөд одоо үндсэн зээлд 2 000 000 төгрөг, хүүнд 300 000 төгрөг төлөх дутуу байгааг хүлээн зөвшөөрч байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дууссан учраас Иргэний хуульд заасны дагуу хугацаа дууссанаас хойшхи хүүг хариуцагч төлөх үндэслэлгүй. Хариуцагч одоогоор ажилгүй, ямар ч орлогогүй гэр бүлийн байдал нь хүнд байгаа учраас алдангийг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 3 300 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 680 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203008031 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 9 дүгээр гудамжны 480 тоот хаягт байршилтай, 18643314184794 нэгж талбарын дугаартай 388 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар буюу барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 137 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие зээлийн гэрээгээр алдангийн талаар тохиролцсон хэдий ч миний амьдрал ахуй маш хүнд байгаа, мөн шүүх хуралдаан болсон өдөр нөхөр маань нас барсан асуудлууд давхцаж, хэцүү байгаа тул энэхүү байдлыг минь харгалзан, алдангиас чөлөөлж өгөөч ээ гэж хүссэн хүсэлтийг минь шүүх харгалзаж үзээгүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн 3 300 000 төгрөгөөс алданги 1 000 000 төгрөгийг хасч өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г.П нь хариуцагч М.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 680 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч 2 300 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, хүүгийн тооцоолол буруу, алданги болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр нэхэмжлэгч нь 2 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар хариуцагчид зээлдүүлж, гэрээний 2.6-д Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх4/

Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч М.Уийн Хаан банкны 5041048392 тоот дансанд 2 000 000 төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, хариуцагч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв.

Хариуцагч гэрээний хугацаа дуусахад зээлийн хүүгийн хамт 2 600 000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд 2017 оны 01 дүгээр сард 100 000, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2017 оны 8 дугаар сард 200 000 төгрөгийг тус тус төлсөн нь талуудын тайлбараар тогтоогдсон. Иймд 2017 оны 8 дугаар сард төлсөн 200 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Дээрхээс үзвэл хариуцагч нь зээлийн гэрээний үндсэн үүрэгт 1 800 000 төгрөг, зээлийн хүүд 500 000 төгрөг, нийт 2 300 000 төгрөг төлөх үүрэгтэй байх ба гэрээний 2.6-д тохиролцсоны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алдангийг тооцвол 1 150 000 төгрөг болж байгаа боловч нэхэмжлэгчийн шаардсаны дагуу алдангид 1 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Хариуцагч нь өөрийн нөхөр нас барсан, тодорхой эрхэлсэн ажилгүй, амьдралын хүнд нөхцөлд байгаа зэрэг нөхцөл байдалд үндэслэн алдангиас чөлөөлүүлэх тайлбар гаргасан хэдий ч тус нөхцөл байдал нь гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул 1 000 000 төгрөгийн алдангиас чөлөөлөх үндэслэлгүй, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.  

Түүнчлэн, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч М.У нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаан 9 гудамж, 480 тоот хаягт байрлах, 388 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх8/

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь дээрх хуулийн шаардлагыг хангасан байх тул шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 175.6 дахь хэсэгт тус тус заасанд нийцжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/01951 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.НАРАНЦЭЦЭГ

 

                                           ШҮҮГЧИД                                С.ЭНХТӨР

 

                                                                                            А.ОТГОНЦЭЦЭГ