Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 1951

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, тоот оршин суух, Боржигон овогт Г.П /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо,  тоотод түр оршин суух, М.У /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,680,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Пгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Сайнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч Г.Пгаас хариуцагч М.У нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан байдаг.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ бодитойгоор биелүүлж 2,000,000 төгрөгийг М.Уийн Хаан банкны 5042224710 тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Г.П, М.У нар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж нотариатаар батлуулан Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-2203008031 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаан 9 гудамж, 480 тоот хаягт байрлах, 388 м.кв талбай бүхий газрыг барьцаалж, барьцаа хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг.

 

Хариуцагч М.У нь 2017 оны 01 дүгээр сард 100,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сард 200,000 төгрөг, нийт 300,000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн бөгөөд үүнээс өөр ямар ч төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн.

 

2016 оны 12 дугаар сарын 26-наас 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 19 сар 24 өдрийн зээлийн хүү 1,980,000 төгрөг болж байгаа бөгөөд үүнээс М.У нь 300,000 төгрөг төлсөн учир зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөр 1,680,000 төгрөг болж байна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.6-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 420 хоног болж хугацаа хэтрүүлсэн алдангийн хэмжээ 4,200,000 төгрөг болж байгаа учраас хуульд заасны дагуу тооцоход алданги нь 1,000,000 төгрөг болж байна.

 

Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хүүнд төлсөн 300,000 төгрөгийг хасч тооцоогүй тооцооллын алдаа гаргасан учраас үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,680,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг нийт 4,680,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.У шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхзолбоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч нь Г.Пгаас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, зээлийн болон барьцааны гэрээ бичгээр байгуулсан талаар маргаан байхгүй.

 

Зээлийн төлбөрт нийт 300,000 төгрөг төлсөн бөгөөд одоо үндсэн зээлд 2,000,000 төгрөг, хүүнд 300,000 төгрөг төлөх дутуу байгааг хүлээн зөвшөөрч байгаа. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дууссан учраас Иргэний хуульд заасны дагуу хугацаа дууссанаас хойшхи хүүг хариуцагч төлөх үндэслэлгүй.

 

Хариуцагчийн одоогоор ажил олдохгүй, ямар ч орлогогүй гэр бүлийн байдал нь хүнд байгаа учраас алдангийг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.П нь хариуцагч М.Ут холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,980,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тооцооллын алдаа гарсан учраас 4,680,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлаж байна.

 

хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг 2,300,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн ба хүүгийн тооцоолол буруу бодогдсон, алданги болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэг: Зээлийн гэрээний үүрэгт 4,680,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

 

Нэхэмжлэгч Г.П нь хариуцагч М.Ут 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 4, 5 х/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Г.П нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус заасны дагуу М.Ут 2017 оны 12 дугаар сарын 27-нд 2,000,000 төгрөгийг түүний Хаан банкны 5041048392 тоот дансанд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байх ба зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 300,000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй бөгөөд маргаагүй үйл баримтын талаар шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу зээлдэгч зээлсэн мөнгийг бодитойгоор бүрэн төлж биелүүлсэн нөхцөлд гэрээний хугацаа дуусахаар талууд тохиролцсон учраас 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 19 сар 24 хоногийн хүүнд 1,680,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж тайлбарлаж байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дууссан байх тул 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 19 сар 24 хоногийн хүүнд 1,680,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй юм.

 

Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д ...зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнө гэж талууд тохиролцсон байх тул хариуцагчийн алдангийг төлөхгүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

 

Талууд зээлийн гэрээг бичгээр хийж алданги тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу алданги тооцож нэхэмжилж байгааг буруутгах үндэслэлгүй юм.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дуусахад нийт 2,600,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн боловч 2017 оны 01 дүгээр сард 100,000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2017 оны 8 дугаар сард 200,000 төгрөгийг тус тус төлсөн байна.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ, мөн хуулийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан учраас хариуцагчаас зээлийн гэрээний хугацаа дууссанаа хойш буюу 2017 оны 8 дугаар сард төлсөн 200,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч тооцох нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн гэрээний үндсэн үүрэг 1,800,000 төгрөг, хүү 500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байх ба нийт 2,300,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байх ба алданги нь 1,150,000 төгрөг /2,300,000 : 50 хувь = 1,150,000/ болж байгаа хэдий ч нэхэмжлэгчийн шаардсаны дагуу 1,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасны дагуу хариуцагч нь ямар ч орлогогүй гэр бүлийн байдал хүнд байгаа гэсэн тайлбараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Иймд үндсэн зээл 1,800,000 төгрөг, хүү 500,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, нийт 3,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,680,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Хоёр: Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд.

Нэхэмжлэгч Г.П болон хариуцагч М.У нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 9 дүгээр гудамжны 480 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18643314184794 дугаартай 388 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалж зохигч талууд барьцааны гэрээ байгуулжээ.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж заасны дагуу талууд 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлсэн болох болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 6 х/

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй байна.

 

Хариуцагч нь үндсэн бүртгэлтэй хаяг болох Чингэлтэй дүүргийн шүүхээр хэргээ шийдвэрлүүлнэ гэж тайлбарласан бөгөөд талууд хэргийн харьяаллын хувьд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 3,300,000 төгрөгийг хариуцагч М.Уээс гаргуулж нэхэмжлэгч Г.Пд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,680,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203008031 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 9 дүгээр гудамжны 480 тоот хаягт байршилтай, 18643314184794 нэгж талбарын дугаартай 388 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар буюу барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч М.Уээс 67,750+70,200=137,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Пд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200+94,700=164,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                    Х.ДАШДЭЧМАА