Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2293

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Дгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02022 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Д-ийн хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан гаргасан орон тоо хассан нь үндэслэлгүй болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Д, өмгөөлөгч Ц.Одончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Норжинсүрэн, Б.Энхтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь тус компанид 10 гаруй жил хуулийн зөвлөхөөр ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй. Тус компани нь нэг л орон тооны хуулийн зөвлөхтэй. Тэр нь би байсан. 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр надад орон тоо хасч байгаа талаар мэдэгдэл ирүүлж, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн. Би хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл удаа дараа удирдлагуудад хэлж байсан ч ямар нэгэн шалтгаан хэлж явсаар гэрээ байгуулахгүй өнөөдрийг хүрсэн. Гэрээ байгуулаагүй нь надаас шалтгаалаагүй. 2016 оны сүүлээс эхлэн надад ажил өгөөгүй ч цалингаа тогтмол өгч ирсэн. Би “Ш” ХХК-ийн удирдлагуудад яагаад ажил өгөхгүй байгаа талаар асуухад чи ажлаа сайн хийдэг, бид нарт одоогоор хуулийн асуудал гарахгүй байна, чамайг халахгүй, хуулийн хэлтэс байгуулна, бүгдээрээ хамтарч ажиллана гэж хэлдэг байсан боловч 2016 оноос хуулийн компанитай хамтарч ажилладаг болсон байсан. Тус компанийн төлөөлөлтэй уулзахад 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуул гэж шаардсан. Ажлын байрны тодорхойлолтод намайг уурхайд ажилла, үгүй бол ажлаас чөлөөлнө гэх заалт орсон байсан. Тиймээс би ажлын байрны нөхцөл бүрдсэн байх, ажлын байрны тодорхойлолт нь хийж гүйцэтгэх ажилд нь тохирсон байх, дотоод журам нь хуульд нийцсэн байх гэх шаардлага тавьж, ажиллах нөхцөл бүрдсэн тохиолдолд ажиллана гэж хэлсэн. Ажиллах нөхцөлийн талаар мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргах ёстой гэж хэлсэн учир би 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасан. Гэтэл Мэргэжлийн хяналтын газар хугацаандаа шийдвэрлэж өгөөгүй. 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс ажлын хэсэг гарч, намайг зайлшгүй биеэр очих ёстой гэж шаардсан. Намайг очиход бохирдол маш өндөр гарч, зөрчил илэрсэн талаар Мэргэжлийн хяналтын газар дүгнэлт гаргасан. Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр гарсан хэдий ч тухайн газарт очиход зөрчил илэрсэн, нөхцөл байдал ноцтой байсан. Намайг тухайн нөхцөл байдлыг мэдсэн учир орон тоо хасагдсан гэх үндэслэлээр халсан гэж бодож байгаа. Мөн Хуульчдын холбоонд байгууллагын нууц задалсан гэх үндэслэлээр мэргэжлийн хариуцлага тооцуулахаар гомдол өгсөн байсан. Миний хувьд байгууллагын нууц задлаагүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар орон тоо хассан гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй. Тус компани ганцхан хуульчтай. Гэтэл олон ажилтантай, байнга эрх зүйн харилцаанд оролцож байдаг компанид хуульч шаардлагагүй гэж байгаа нь ойлгомжгүй. Иймд “Ш” ХХК-ийн хуульчийн ажлын байрыг хассан нь үндэслэлгүй байсныг тогтоон өгч, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани анх Ш.Д-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь үнэн. Ш.Д-тай хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар удаа дараа хүсэлт гаргасан ч хуульд заасан эрхийг хөндөж байна гээд байгуулаагүй. Хэрэв эрх ашгийг нь зөрчиж байна гэж үзсэн тохиолдолд шүүхэд хандах ёстой байсан. 2016 оноос хойш өмгөөллийн Дачэн гэх нөхөрлөлтэй “Ш” ХХК хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Ш.Д хэлэхдээ 2016 оноос хойш надад ажил өгөхгүй байсан гэж байна. Компани өөр нөхөрлөлөөс хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Ажил олгогчийн зүгээс өмгөөллийн нөхөрлөлтэй гэрээ байгуулсан учир хуульчийн орон тоог хасах эрх нь байгаа. Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчийн эрхийн асуудал. Харин Ш.Д-ийн ярьж буй зүйл нь ямар ч үндэслэлгүй. Тухайн тушаалд компанийн нууцыг задруулсан тул ажлаас халсан гэх үг үсэг байхгүй. Манайх орон тоо хасагдсан гэх үндэслэлээр л ажлаас халсан. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ажлын байрны тодорхойлолтод шаардлагатай тохиолдолд уурхай явж ажиллахаар заасан гэж байна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд уурхай явж ажиллахаар заасан нь үүрэг болгосон зүйл биш. Мөн Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөхгүй гэж хэлсэн гэж байна. Энэ нь хүнийг гүтгэсэн асуудал. Тиймээс манай компанийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Ш.Д миний “Ш” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчин шийдвэрлэсний зэрэгцээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн заалтыг дараах байдлаар буруу тайлбарлаж хэрэглэсэн хэмээн дор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна:

Шүүх дараах байдлаар нотлох баримтыг илтэд нэг талыг баримтлан тайлбарлан дүгнэж, шийдвэр гаргасан: “Ш” ХХК 2016 оноос "ДАЧЭН" ГХОХХН-өөс хууль зүйн туслалцаа авч байсан үйл баримтыг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Ш.Д надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэх үйл баримттай шууд шалтгаант холбоотой мэтээр, мөн “хариуцагчийн мэргэжлийн байгууллагаас хууль зүйн зөвлөгөө, туслалцаа авах боломжтой, энэ сонголт гэнэтийн бус байсан” гэж дүгнэсэн нь огт ойлгомжгүй, илт үндэслэлгүй болсон. Мөн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах”, “Ажлаас чөлөөлөх” гэх хууль зүйн ялгаатай ойлголтуудыг байгаагаар нь буюу нотлох баримтад баримтжуулсан хэлбэрээр нь тайлбарлаж дүгнэхийн оронд ялгамжгүйгээр, хариуцагчид ашигтай байх байдлаар “үүрэгт ажлаас нь чөлөөлөх” гэх нэр томьёогоор тайлбарлан нотлох баримтыг хэт нэг талд давуу байдлаар, ашиг сонирхлын зөрчилтэй мэт ойлгогдохуйцаар тайлбарлан дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигчид өөр өөрсдийн шаардлага, татгалзал, тэдгээрийн үндэслэлийг өөрөө нотлох үүргийг хуульчилсан ба хариуцагч хуульд заасан эрх бүхий этгээд “орон тоо цөөрүүлэх хасах” шийдвэрийг гаргасан эсэх байдлыг эргэлзээгүй нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Гэтэл шүүх “орон тоо хасагдсан” болох нь хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн дагуу гэж хариуцагч тайлбарладаг ба нэхэмжлэгч энэ талаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэв” гэх дүгнэлтийг хийснээр хуулиар тогтоосон дээрх зарчим, журмыг ноцтой зөрчин “хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй” мэт дүгнэлтийг хийсэн нь дээр дурдсанчлан хэт үндэслэлгүй, илтэд ашиг сонирхлын зөрчилтэй дүгнэлт болсон. Би нэхэмжлэлийн шаардлагаа “ажлаас үндэслэлгүй халсан” хэмээн тодорхойлон мэтгэлцсэн байтал шүүх “...хуулийн зөвлөх ажлын байрны орон тоог компанийн бүтцээс хассан нь хууль зөрчөөгүй...” гэх дүгнэлтийг хийж, харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон “Ш” ХХК-ийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 395 дугаар тушаалын хууль зүйн үндэслэлийг дүгнэж, шийдвэр гаргаагүй. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолж буй дурдсан тушаалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй хэрэг болсон. Шүүх хариуцагчийн миний хөдөлмөрлөх эрхийг боогдуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан нөхцөлд ажиллуулах, тус нөхцөлөөр хангах үүргээ хэрэгжүүлээгүй, миний хариуцагч ажил олгогчоос тус үүргээ биелүүлэхийг шаардсаны улмаас Хөдөлмөрийн гэрээ байгуулагдах эсэх дээр маргаантай асуудал үүсч байсан үйл баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь зөв үнэлэлгүйгээр, хариуцагчид илт давуу байдал олгох байдлаар “...хөдөлмөрийн харилцааны явцад зохигчдын хооронд маргаантай асуудал үүсч байсан бодит үйл баримт тогтоогдох боловч энэ үйл баримтыг орон тоо хассан ажил олгогчийн шийдвэртэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх боломжгүй” гэх хэт өрөөсгөл дүгнэлт хийснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн заалтаар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн.

Шүүх дээр дурдсанчлан нотлох баримтыг илтэд нэг талыг баримтлан үнэлснээс, мөн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүйгээс хуулийг дараах байдлаар буруу тайлбарлан хэрэглэсэн: Хариуцагч-ажил олгогч шүүхэд “манай компани нэхэмжлэгч Ш.Дтай Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй” хэмээн хариу тайлбар гаргаж, “байгуулаагүй Хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэл” өгч, улмаар “байгуулаагүй Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал” гаргаснаа зөвтгөн мэтгэлцсэн. Гэтэл шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн “хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах” зохицуулалтыг илт буруу хэрэглэж, хариуцагчийн үндэслэлгүй тушаалыг зөвтгөн “...хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй явдал нь шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтад нийцүүлэн шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзнэ” гэх үндэслэл заан миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болсон шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “Хөдөлмөрийн гэрээ гэж харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог хэлнэ” гэж томъёолон хуульчилсан. Тодруулбал, хуулийн тус заалтаар ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсон нөхцөлөөр Хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагыг хуульчилсан байтал шүүх ажил олгогч, ажилтан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохироогүйн улмаас гэрээ байгуулагдаагүй байсан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийн “хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй” гэж заасныг буруу хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрт шийдвэрт өөрчлөлт оруулж, Ш.Д миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан орон тоо хассан нь үндэслэлгүй болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч орон тоо хасагдсан тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж маргажээ.

“Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 356 дугаар тушаалаар хувьцаа эзэмшигчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрт үндэслэн компанийн ажил, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталж, тус тушаалтай холбогдуулан гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 62 дугаар тушаалыг хүчингүй болгож, хуулийн зөвлөхийн орон тоо хасагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлжээ.

Хэрэгт хувьцаа эзэмшигчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн компанийн бүтэц, зохион байгуулалтыг баталсан талаарх шийдвэр болон компанийн өмнөх ажил, албан тушаалын жагсаалттай холбоотой баримт авагдаагүй. Түүнчлэн, хэргийн 40 дүгээр талд авагдсан “Ш” ХХК-ийн захирлын 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 29 тоот тушаалаар нэхэмжлэгчийг хуулийн зөвлөх, хүний нөөцийн ажилтны албан тушаалд томилж, сарын үндсэн цалинг 350 000 төгрөгөөр тогтоосноос өөр нэхэмжлэгчийн авч байсан цалин хөлстэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй байна. Анхан шатны шүүх маргааны үндэслэлд холбоотой баримт хэрэгт авагдаагүй байхад маргаж буй үйл баримтыг тогтоолгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.НАРАНЦЭЦЭГ

                                        ШҮҮГЧИД                                 С.ЭНХТӨР

                                                                                          А.ОТГОНЦЭЦЭГ