Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2022/00003

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2022/00003

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн танхимд явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт баг, Олзвойн 4-8 тоотод оршин суух, РД:*******,  Б.О-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Наран баг, 4-10 тоотод оршин суух, РД:*******, К.М-д холбогдох,

“Худалдах худалдан авах гэрээний улмаас үүссэн үүрэг 1,600,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 153/2021/00540/И индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Н.Очирбат, гэрч Р.Эрдэнэсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2021 оны 04 сарын 30-ны өдөр *******тай утсаар ярьж тохиролцон түүний 5862001246 тоот дансанд 2,400,000 төгрөгийг 6 тонн төмс худалдан авахаар 5863096873 тоот дансаар шилжүүлэн өгсөн. Тэгээд төмсөө хүлээн авахад тухайн төмс нь чанарын шаардлага хангахгүй байсан тул ялгаад 2 тонныг л авахаар болсон. Тэгээд үлдэгдэл мөнгөө буцааж авъя гэхэд тэрээр би төмсөө борлуулчхаад өгье гэсэн. Ингээд үлдэгдэл 1,600,000 төгрөгийг удаа дараа Мерзетханаас шаардахад одоо болтол өгөхгүй байгаа тул түүнээс гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******ы нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2021 оны хавар ******* надаас 6 тонн төмс авна гэж захиалсан. Би 4 сард 6 тонн төмсийг ялгаж бэлдээд *******д утсаар мэдэгдэхэд над руу 2,400,000 төгрөгийг хийгээд би удахгүй төмсөө авна гэсэн. Гэтэл ******* нь төмсөө авахгүй байсаар 5 сарын сүүлээр ирж төмсөө авъя гэсэн. Гэтэл төмс нь соёолоод намайг ялгаж өг гэсэн. Би уг төмсийг хүн хөлсөлж шөнөжингөө ялгаж 2 тонн төмсийг *******д өгч явуулсан. Гэтэл удалгүй ******* надаас 1,600,000 төгрөгийг утсаар нэхсэн. Гэтэл төмс муудах шалтгаан нь ачуулсан төмсөө өөрөө ирж авалгүй хугацаа алдсанаас болоод уг төмс соёолсон байсан. Би хугацаандаа уг төмсийг бэлэн болгосон боловч ******* хугацаандаа ирж аваагүйгээс төмс хэрэглэх аргагүй болсон. Энэ нь миний буруу биш. ******* нь төмсний зах зээлийн ханш 400 төгрөг байхад авсан бол ийм асуудал болохгүй. Сарын дараа төмсний ханш унасан учир уг төмсийг авахгүй гэж маргасан. Энэ надаас шалтгаалаагүй гэжээ.

Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч *******ы тайлбар: Би анх 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ******* руу мөнгө шилжүүлсэн. Би тухайн үед ялгасан төмс авна. Одоо авах боломжгүй гэсэн. Надад хадгалах газар байхгүй. Мөнгө хэрэгтэй бол авч болно гэж А.Төмөрөө гэх хүнд хэлсэн. Харин А.Төмөрөө ах надад том төмс байгаа гэж хэлэхэд нь би таны хэлж байгаад итгэж байна гэж хэлээд тухайн үед мөнгийг шууд хийсэн. Хэд хоногийн дараа төмсөө авах гээд очиход соёолсон төмс байсан. Тэгэхэд нь би ийм төмс авч чадахгүй, ялгаад өг гэхэд ялгаж байна гэсэн. Тэгээд очиж төмсийг харахад ялзралт ихтэй, үнэр орсон төмс байсан тул худалдаж авахаа болъё гэхэд хариуцагч ялгаж аваад үлдэгдэл мөнгөө ав гэсэн. 2 тонн төмсийг ялгасны дараа очиж үзэхэд төмс нь муу төмс байна гэж хэлсэн. Харин маргааш нь А.Төмөрөө ах ирээд 2 тонн төмсийг ав. Үлдэгдлийг нь зараад өгнө гэж байна. Тэгэхэд нь заруулж ав гэсэн. Тухайн өдрийн орой нь хариуцагч над руу утастаж танай 2 ачигчийг утас хулгайлсан байна гэсэн. Манай нөхөр, ачигч хийдэг хүнтэйгээ очиход төмсөө ялгаж байсан. Тухайн үед би төмсөө асгаад хар, утас чинь байгаа байх гээд хайлгаад утсыг нь олж өгчхөөд манай нөхөр бид хулгай хийхгүй, төмсөө зараад мөнгөө өг гэж хэлээд гараад явсан. 1,600,000 төгрөгийг өг гэсэн. Би жирэмсэн байсан тул зурвасаар удаа дараа хандаж байсан. Мөнгө авч өгөх талаар А.Төмөрөө гэх хүнд хандаж байсан. Мөн хариуцагчид хандахад надад мөнгө өгч чадахгүй, төмсний ханш унахад авлаа гэж хэлсэн. Хэрэв тухайн үед төмс нь сайн байсан бол худалдаж аваад борлуулаад мөнгөө олоод авах байсан. Төмсний ханш муу байсан тул аваагүй биш. Одоо би 1,600,000 төгрөгөө авна. Өөр илүү зүйл нэхэмжлээгүй гэв.

Шүүх хуралдаанд гаргасан хариуцагч *******ы тайлбар: Анх Б.Одонучулуунтай наймаа хийгээгүй. А.Төмөрөө гэх хүнтэй холбогдож би төмсөө ялгаж байна гэж ярихад 2 хоногийн дараа төмс авна гэж хэлсэн. Би ялгаж дуусаад А.Төмөрөө гэх хүн рүү ярьж төмс ялгалаа, хурдан ирж аваарай гэж хэлсэн. Тухайн үед төмс соёолох нь хурдан байсан. Хэд хоногийн дараа үзэхэд л төмс соёолсон байсан. А.Төмөрөө ахын төмс хүртэл хурдан соёолж байсан. Би А.Төмөрөө ахад нөгөө хүнээ ирж төмсөө ав гэж хэлээрэй гэж хэлэхэд Би хэлье гэсэн. Мөнгийг нь хийлгэ гэхэд мөнгийг нь хийлгэсэн. Би дахин ярьж төмсөө ав, дахин соёолбол ялгаж чадахгүй гэж хэлсэн. Би удаа дараа хэлж байсан. Сүүлд нь түлхүүрийг нь өгсөн. Эдгээр хүмүүс удаж очсон тул дахин соёолсон. Түүнийг нь би дахин ялгаж өгсөн. Ялгаж байхдаа дуудахад 2 грушиктайгаа ирсэн. Ялзарсан өмхийрсөн зүйл байгаагүй, соёолсон байсан. Дүү нь төмс нь гоё төмс байна гэж хэлж байсан. Би 2 тонн төмсийг авна, үлдэгдлийг нь авахгүй гэхэд төмсний ханш буухад зах зээлийн ханшнаас болж тийм зүйл хийсэн. Би мөнгө өгч чадахгүй, төмсөө авбал ав гэхэд би мөнгөө авна гэсэн. Тэгэхэд нь би төмсөө зарж байж мөнгөтэй болно гэж хэлсэн. 2021 оны 09 дүгээр сард зоорины хүн зоорио сулла гэхэд нь би очиж тухайн төмсийг цэвэрлэж, асгасан. Төмс ялгахад үед ямар ч ялзрал байгаагүй. Манайхаас төмс авсан хүмүүс өөр зүйл хэлээгүй. Бид зөвхөн үрээ л ялгаж авсан гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ

            Нэхэмжлэгч ******* нь худалдах-худалдан авах гэрээний улмаас үүссэн үүрэг 1,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан татгалзлаа ******* нь хугацаандаа ирж аваагүйгээс төмс хэрэглэх аргагүй болсон, энэ нь миний буруу биш гэж маргажээ.

            2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ******* нь 1 кг төмсийг 400 төгрөгөөр, нийт 6 тонн төмс худалдаж авахаар 2,400,000 төгрөгийг *******ы данс руу шилжүүлсэн, худалдагч ******* нь 6 тонн төмсийг бэлэн болгосноор талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан байна. Энэ талаар зохигчид маргаагүй болохыг дурдах нь зүйтэй./хх-ийн 26 хуудас/

Шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийхэд ******* нь ногоо зардаг бөгөөд 2021 оны 04 дүгээр сарын үед *******д худалдах төмс байна гэдгийг А.Төмөрөөгөөс мэдээд түүнтэй холбогдож, 6 тонн төмсний үнэ 2,400,000 төгрөгийг *******д шилжүүлсэн байх ба төмсийг хүлээж авахаар очиход төмс соёолсон, муудсан, чанарын шаардлага хангахгүй гэж маргаан гарснаар ******* нь 2 тонн төмсийг авч, үлдсэн 4 тонн төмсийг хүлээж авахаас татгалзсан байна.

Гэрч А.Төмөрөөгийн “...хавар төмс 2 хоноод соёолдог, хэд хоногийн дараа *******д төмсөө хурдан авахгүй бол соёолно шүү, хурдан төмсөө аваарай, тэгэхгүй бол энэ хүмүүс дахин соёолсон төмсийг түүж ялгахгүй шүү гэж хэлсэн. Би төмсөө авах гэж очиход *******ы төмс соёолоогүй, үрийг нь түүж байсан. ...*******ыг дагуулж зооринд очиход төмс соёолсон байсан” /хх-ийн 32-34 хуудас/,

Гэрч К.Ахылжаны “... 2021 оны 4 сарын сүүлээр ******* болон бас нэг найзын хамт гурвуулаа төмс янзалсан. Бид төмсийг ялгахад ямар нэгэн муудсан, соёолсон зүйл байгаагүй, бид 2 өдөр бүх төмсөө ялгаж дуусаад үрийн төмсийг тусад нь ялгаж тавьсан. Би 2 тонн төмс худалдаж авч, Говь-Алтай аймаг руу ачуулсан, чанарын шаардлага хангасан, стандарт төмс байсан, худалдаж авсан хүмүүсээс ямар нэгэн гомдол гараагүй...” /хх-ийн 38-40 хуудас/,

Гэрч Х.Алпамасын “... ямар нэгэн соёолж, ялзарсан зүйл байгаагүй. Зооринд байсан бүх төмсийг би А.Төмөрөө болон ******* нарт хүлээлгэж өгсөн...” /хх-ийн 41-43 хуудас/ гэж мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгээр 2021 оны 04 дүгээр сарын үед зооринд хадгалагдаж байсан *******ы төмс нь хүнсний хэрэглээнд хэрэглэх боломжтой буюу талуудын аль аль нь эд хөрөнгийн чанарын талаар тохиролцоогүй тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т заасан эд хөрөнгийн биет байдлын доголдолгүй байжээ гэж үзлээ.

Харин худалдан авагч ******* нь 2021 оны 05 дугаар сарын дунд үеэр уг төмсийг хүлээж авахаар *******ы төмс хадгалж байсан зооринд очиход төмс ялзарсан байсан нь гэрч Б.Бат-Эрдэнийн “... 2021 оны 05 сарын дундуур захын урд талын эсгийний үйлдвэрийн зоориноос төмс авахаар очсон. Биднийг очиход ******* хүүхдийн хамт байсан. Тэгэхэд төмс нь ялзраад, соёолсон байсан. Бид төмсийг авахгүй гэж хэлсэн. Тэгэхэд ******* ялгасан 40 уут төмсийг авчхаач гэсэн, бид маргааш нь 40 уут төмсийг портертой очиж авсан...” /хх-ийн 35-37 хуудас/, шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрч Р.Эрдэнэсүхийн “... төмс ачихаар очиход төмс муудсан байсан...” гэх мэдүүлгээр тус тус нотлогдов.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээж авах үүргийг тус тус хүлээхээр гэрээний хоёр талын үүргийг зохицуулсан.

Хариуцагч ******* нь төмсөө хүлээж авахыг тухайн үед *******д мэдэгдээгүй, А.Төмөрөөгөөр дамжуулан мэдэгдсэн бөгөөд А.Төмөрөө нь *******д мэдэгдсэнээр худалдан авагч ******* төмсөө хүлээж авахаар очиход түргэн муудах бүтээгдэхүүн болох төмс /хаврын улиралд зооринд хадгалж байсан/ ялзарсан, соёлсон болох нь шүүх хуралдаанд гаргасан хариуцагч *******ы “... 6 тонн төмсийг ялгаж тавьсан боловч худалдан авагч ******* хүлээж авахгүй байсаар байсан. Нөгөө хүн төмсөө ирж авахгүй бол төмс нь муудлаа шүү гэж А.Төмөрөөд хэлсэн. Төмсөө хүлээж аваарай гэж би *******д хэлээгүй, ******* нь төмсийг хүлээж авахаар 2021 оны 5 сарын дунд зооринд ирэхэд түүнтэй анх удаа уулзсан” гэж, нэхэмжлэгч *******ы “... би 6 тонн төмс худалдаж авахаар мөнгийг нь *******ы данс руу шилжүүлсэн. Харин надад төмсөө хүлээж аваарай гэж ******* хэлээгүй. Мөнгө шилжүүлснээс хойш 15 хоногийн дараа А.Төмөрөө ах төмсөө аваарай гэж хэлэхээр нь төмсөө авах гээд очиход төмс муудсан байсан, тэгэхэд анх удаа *******тай уулзсан...” гэж гаргасан тайлбараар тогтоогдсон, худалдан авагч ******* нь эд хөрөнгийн үнийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, харин худалдагч ******* нь эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлээгүй буюу эд хөрөнгийг хүлээж авах талаар худалдан авагч *******д мэдэгдээгүй тул Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д заасан тухайн эд хөрөнгийн үр шим болон эрсдэл худалдан авагчид шилжээгүй байна гэж дүгнэлээ. Худалдагч, худалдан авагч нарын аль аль нь А.Төмөрөө гэдэг хүнээр дамжуулан эд хөрөнгө хүлээн авах, хүлээлгэн өгөх, зооринд хадгалах хугацааны талаар ярилцаж байсан гэж тайлбарлах боловч зохигчид уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй, мөн А.Төмөрөө нь *******, ******* нарын хооронд байгуулагдсан Худалдах-худалдан авах гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд биш тул гэрээнээс үүсэх үр дагаврыг гэрээ байгуулсан этгээд өөрсдөө хариуцах юм.

Хариуцагч ******* нь худалдан авагч ******* нь үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлснээс болж төмс соёолж, муудсан гэж маргадаг боловч энэ нь худалдагч худалдан авсан эд хөрөнгөө хүлээж авахыг худалдан авагчид мэдэгдсэн, эсхүл эд хөрөнгийг илгээсэн, шилжүүлсээр байхад худалдан авагч хугацаа хэтрүүлж хүлээн авснаас үүсэх эрсдэлд хамаардаг болохыг ойлговол зохино. Харин гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй этгээдээр дамжуулан эд хөрөнгө хүлээж авахыг мэдэгдсэн нь худалдагч худалдан авагчийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлсэн, худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн гэж үзэхгүй. Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч *******аас 1,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 40,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 247 дугаар зүйлийн 247.1, 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар *******аас Худалдах-худалдан авах гэрээний улмаас үүссэн үүрэг 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 40,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.РАУШАН