Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 08

 

 

 

 

   2022          02           22                                   206/МА2022/00008

 

 

 

Б.*******ы нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2022/00003дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт баг, ******* ******* тоотод оршин суух, РД:*******, ******* овогт *******гийн *******,

            Хариуцагч:  Ховд аймаг, Жаргалант сум, Наран баг, ******* тоотод оршин суух, РД:*******, ******* овогтой ын ,

Худалдан худалдан авах гэрээний улмаас үүссэн үүрэг 2,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа хариуцагчийн өмгөөлөгч Н.Очирбат шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

              1.Нэхэмжлэлийн агуулга:Худалдан худалдан гэрээний үүрэг биелүүлэх тухай.

  1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Худалдан худалдан авах гэрээний улмаас үүссэн үүрэг 1,600,000 төгрөгийг гаргуулах тухай.

 

1.2.Нэхэмжлэлийн үндэслэл:Б.******* нь 2021 оны 04 сарын 30-ны өдөр К.тай утсаар ярьж тохиролцон түүний 5862001246 тоот дансанд 2,400,000 төгрөгийг 6 тонн төмс худалдан авахаар 5863096873 тоот дансаар шилжүүлэн өгсөн. Тэгээд төмсөө хүлээн авахад тухайн төмс нь чанарын шаардлага хангахгүй байсан тул ялгаад 2 тонныг л авахаар болсон. Тэгээд үлдэгдэл мөнгөө буцааж авъя гэхэд тэрээр би төмсөө борлуулчхаад өгье гэсэн. Ингээд үлдэгдэл 1,600,000 төгрөгийг удаа дараа аас шаардахад одоо болтол өгөхгүй байгаа тул түүнээс гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн  тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 2.1 Хариуцагчийн татгалзлал: Б.******* хугацаандаа төмсөө ирж аваагүй улмаас төмс хэрэглэх боломжгүй болсон.

2.2 Хариуцагчийн татгалзлалын үндэслэл: Б.*******ы нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2021 оны хавар Б.******* надаас 6 тонн төмс авна гэж захиалсан. Би 4 сард 6 тонн төмсийг ялгаж бэлдээд Б.*******д утсаар мэдэгдэхэд над руу 2,400,000 төгрөгийг хийгээд би удахгүй төмсөө авна гэсэн. Гэтэл Б.******* нь төмсөө авахгүй байсаар 5 сарын сүүлээр ирж төмсөө авъя гэсэн. Гэтэл төмс нь соёолоод намайг ялгаж өг гэсэн. Би уг төмсийг хүн хөлсөлж шөнөжингөө ялгаж 2 тонн төмсийг Б.*******д өгч явуулсан. Гэтэл удалгүй Б.******* надаас 1,600,000 төгрөгийг утсаар нэхсэн. Гэтэл төмс муудах шалтгаан нь ачуулсан төмсөө өөрөө ирж авалгүй хугацаа алдсанаас болоод уг төмс соёолсон байсан. Би хугацаандаа уг төмсийг бэлэн болгосон боловч Б.******* хугацаандаа ирж аваагүйгээс төмс хэрэглэх аргагүй болсон. Энэ нь миний буруу биш. Б.******* нь төмсний зах зээлийн ханш 400 төгрөг байхад авсан бол ийм асуудал болохгүй. Сарын дараа төмсний ханш унасан учир уг төмсийг авахгүй гэж маргасан. Энэ надаас шалтгаалаагүй гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2022/00003 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 247 дугаар зүйлийн 247.1, 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар К.аас Худалдах-худалдан авах гэрээний улмаас үүссэн үүрэг 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.аас 40,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Нэхэмжлэгч Б.******* нь харицагч К.аас 6 тн төмс худалдан авахаар 2,400,000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлжээ. Хариуцагч төмсийг өгөх гэсэн боловч 5 сарын сүүлээр авъя гэсэн байдаг. Төмс муудах шалтгаан нь Б.******* хугацаандаа ирж аваагүйгээс төмс хэрэглэх боломжгүй болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Б.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар  Б.*******ы нэхэмжлэлтэй  К.д  холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ  хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

 1. Нэхэмжлэгч  Б.******* нь “худалдах худалдан авах гэрээнээс үүссэн үүрэг 1.600.000 төгрөг гаргуулах тухай” шаардлагыг хариуцагч   К.д  холбогдуулан  гаргажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь “2021 оны 4 сарын 30-ны өдөр К.тай утсаар ярьж тохиролцон,  түүний 5862001246 тоот дансанд 2,400,000 төгрөгийг 6 тонн төмс худалдан авахаар 5863096873 тоот дансаар шилжүүлэн өгсөн. Төмс хүлээж авахад тухайн төмс нь чанарын шаардлага хангахгүй байсан тул ялгаад 2 тонныг  авахаар болж, үлдэгдэл мөнгөө буцааж авъя гэхэд худалдагч К. нь “би төмсөө борлуулчхаад өгье” гэсэн бөгөөд үлдэгдэл 1,600,000 төгрөгийг удаа дараа хариуцагчаас шаардахад одоо болтол өгөхгүй байгаа” гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэлээ нотлохоор  өөрийн 5863096873 тоот ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүхэд  ирүүлсэн байх ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрч А.Төмөрөө, Б.Бат-Эрдэнэ нарыг гэрчээр асуулгах, Д.*******ы гар утсанд үзлэг хийлгэх зэргээр  нотлох баримтуудыг шүүхээр бүрдүүлжээ.

2. Хариуцагч  К. нь “2021 оны хавар Б.******* надаас 6 тонн төмс авна гэж захиалсан. Би 4 сард 6 тонн төмсийг ялгаж бэлдээд Б.*******д утсаар мэдэгдэхэд над руу 2,400,000 төгрөгийг шилжүүлээд, удахгүй төмсөө авна гэсэн. Б.******* нь 5 сарын сүүлээр ирж төмсөө авъя гэсэн. Төмс нь соёолоод намайг ялгаж өг гэсэн. Би  2 тонн төмсийг ялгаж Б.*******д өгч явуулсан. Б.******* надаас 1,600,000 төгрөгийг утсаар нэхсэн.

 Б.******* хугацаандаа ирж аваагүйгээс төмс хэрэглэх аргагүй болсон. Энэ нь миний буруу биш юм. Б.******* нь төмсний зах зээлийн ханш 400 төгрөг байхад авсан бол ийм асуудал болохгүй. Сарын дараа төмсний ханш унасан учир уг төмсийг авахгүй гэж маргасан. Энэ надаас шалтгаалаагүй” гэж тайлбарлан татгалзлын үндэслэлээ нотлохоор шүүхэд хүсэлт гарган К.Ахылжан, Х.Алпамыс, Ч.Нурболат нарыг гэрчээр асуулгасан байна.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Б.******* нь К.тай утсаар ярьж түүнээс 1 кг төмсийг 400 төгрөгөөр, нийт 6 тонн төмс худалдан авахаар харилцан тохиролцож К.ы 5862001246 тоот ХААН банкны данс руу 2,400,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. Худалдагч нь 6 тонн төмсийг бэлэн болгож, худалдан авагч нь  түүний үнийг  худалдагчийн дансанд шилжүүлснээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ. Талууд энэхүү гэрээний  талаар маргахгүй байна./хх-ийн 26 /

Харин худалдагч  нь худалдан авагч тал төмсийг бэлэн болгосон  хугацаанд  ирж аваагүйгээс төмс соёолж чанараа алдсан нь миний буруугийнх биш гэж маргажээ. Худалдан авагч нь 2021 оны 5 дугаар сарын дунд үеэр худалдагчаас 6 тонн төмсөө авахаар худалдагчийн төмс хадгалж байгаа зооринд очиход төмс соёолсон, муудсан, чанарын шаардлага хангахгүй байна гэж маргаж, худалдан авагч нь 2 тонн төмсийг худалдан авч, 4 тонн буюу 1.600.000 төгрөгийн төмсийг худалдан авахаас татгалзжээ.

4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид  хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээж авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж худалдах, худалдан авах гэрээний талуудын үүргийг тогтоосон. Худалдагч нь худалдсан бараа болох төмсөө хүлээж авахыг худалдан авагчид тухайн үед мэдэгдээгүй, гэрч А.Төмөрөөгөөр зуучлуулан мэдэгдсэн бөгөөд А.Төмөрөө нь худалдан авагчид мэдэгдсэнээр худалдан авагч нь төмсөө хүлээн авахаар худалдагчийн  ногоо  хадгалах зооринд  очиход төмс нь соёолсон чанар нь муудсан байсан болох нь:

 -худалдагч К.ы “...Нөгөө хүн төмсөө ирж авахгүй бол төмс нь муудлаа шүү гэж А.Төмөрөөд хэлсэн. Төмсөө хүлээж аваарай гэж би Б.*******д хэлээгүй, Б.******* нь төмсийг хүлээж авахаар 2021 оны 5 сарын дунд зооринд ирэхэд түүнтэй анх удаа уулзсан...” гэх мэдүүлэг,

-худалдан авагч Б.*******ы “...надад төмсөө хүлээж аваарай гэж К. надад хэлээгүй. Мөнгө шилжүүлснээс хойш 15 хоногийн дараа А.Төмөрөө ах төмсөө аваарай гэж хэлэхээр нь төмсөө авах гээд очиход төмс муудсан байсан...” гэх мэдүүлэг,

-гэрч А.Төмөрөөгийн “...хэд хоногийн дараа Б.*******д төмсөө хурдан авахгүй бол соёолно шүү,... Б.*******ыг дагуулж зооринд очиход төмс соёолсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/,

-гэрч Б.Бат-Эрдэний  “...2021 оны 05 сарын дундуур захын урд талын эсгийний үйлдвэрийн зоориноос төмс авахаар очсон, төмс нь ялзраад, соёолсон байсан. Бид төмсийг авахгүй гэж хэлсэн. Тэгэхэд К. ялгасан 40 уут төмсийг авчхаач гэсэн, бид маргааш нь 40 уут төмсийг портертой очиж авсан...” гэх мэдүүлэг,/хх-ийн 35-37/,

-анхан шатны шүүх хуралдаанд   гэрч Р.Эрдэнэсүхийн “... төмс ачихаар очиход төмс муудсан байсан”  гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Худалдан авагч нь худалдах, худалдан авах  гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлж, худалдан авч буй барааны үнийг худалдагчид шилжүүлсэн байна. Харин худалдагч нь худалдаж буй бараагаа худалдагчид хүлээлгэн өгөхийг мэдэгдээгүй хугацаа алдсанаас бараа биет байдлын доголдолтой болсон тул худалдан авагч гэрээнээсээ татгалзсан байна.

5. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж гэрээний нэг тал үүргээ зөрчсөн тохиолдолд хохирлыг арилгуулахаар шаардах эрхийг зохицуулжээ. Худалдагч К. нь худалдах, худалдан авах  гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй буюу тогтоосон хэмжээний төмсийг худалдан авагчид нийлүүлээгүй тул худалдан авагч Б.******* нь  учирсан хохирлоо арилгуулахаар түүнээс 1.600.000 төгрөгийг шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

 

 6. Хариуцагчийн  “...Б.******* хугацаандаа ирж аваагүйгээс төмс хэрэглэх аргагүй болсон нь надаас шалтгаалаагүй, миний буруу биш. Анх бид хоёрыг А.Төмөрөө гэдэг хүн зуучилсан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлын тухайд:

Хэрэгт авагдсан баримтаар А.Төмөрөө нь Б.*******ы хүсэлтээр К.д худалдах төмс байгааг хэлж  түүний утасны дугаарыг Б.*******д өгч зуучилсан  байна. Улмаар Б.******* нь  2021 оны 04 сарын 30-ны өдөр К.тай утсаар ярьж түүнээс  6 тонн төмсийг 1кг-ийг 400 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцон барааны үнэ 2.400.000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. Худалдан авагч нь барааны үнийг худалдагчид шилжүүлснээр барааг хэзээ хэрхэн хүлээн авахыг мэдэгдэх үүрэг худалдагчид үүсжээ. Гэтэл К. нь энэ үүргээ биелүүлж Б.*******  төмсөө зоориноос ирж авах талаар мэдэгдээгүй байна. Харин А.Төмөрөө нь К.ы худалдаж буй 6 тонн төмсийг очиж авахыг Б.*******д мэдэгдэх үүргийг хүлээгээгүй байна. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан дээрх гомдол нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул түүний гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

7. Хуульд зааснаар хариуцагч К.ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40550 төгрөгийг улсын орлогын дансанд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2022/00003 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 247 дугаар зүйлийн 247.1, 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д  зааснаар  хариуцагч К.ы давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  40550 төгрөгийг  төрийн сангийн  дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1,172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.НЯМБАЯР

              

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          С.ӨМИРБЕК

  

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Н.ТУЯА