Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 165

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Г.Гантогтох;

улсын яллагч: Ц.Сүхбат;

шүүгдэгч: Ц.Төмөрхуяг, түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж;

шүүгдэгч: Н.Зоригоо, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор;

шүүгдэгч: Д.Мөрөндорж, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чимэдбойдоогийн Төмөрхуяг, Нанзадын Зоригоо, Даваагийн Мөрөндорж нарт холбогдох эрүүгийн 201525021431 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1959 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 3 дугаар гудамж 91 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо оршин суух тодорхой хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

Улаанбаатар хотын шүүхийн 1976 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 157 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн б, 169 дүгээр зүйлийн в-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын ардын шүүхийн 1977 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Улаанбаатар хотын шүүхийн 1976 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 157 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг буюу 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын ардын шүүхийн 1978 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын ардын шүүхийн 1977 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нийт 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

 

Төв аймгийн ардын хэсгийн 3 дугаар шүүхийн 1979 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын ардын шүүхийн 1978 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нийт 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Дорноговь аймгийн шүүхийн 1981 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн б, 169 дүгээр зүйлийн в-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймгийн ардын хэсгийн 3 дугаар шүүхийн 1979 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нийт 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Найрамдлын районы ардын шүүхийн 1982 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 91 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн а-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Дорноговь аймгийн шүүхийн 1981 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нийт 4 жил 11 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1985 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Найрамдлын районы ардын шүүхийн 1986 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 117 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн в-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1987 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Найрамдлын районы ардын шүүхийн 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1990 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Нийслэлийн шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаартай таслан сэргийлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, УК59021011 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Бойдоо овогт Чимэдбойдоогийн Төмөрхуяг,

 

2. Монгол Улсын иргэн, 1950 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 66 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны техникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, тэтгэвэрт гарсан, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 8-115 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1997 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 408 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж,  хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 489 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 38 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдэх 1 сар 20 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, хянан харгалзсан, Ч350051918 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Нанзадын Зоригоо,

 

3. Монгол Улсын иргэн, 1951 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын дизельчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, тэтгэвэрт гарсан, ам бүл 4, охин, ач, зээгийн хамт Чингэлтэй дүүргийн 03 дугаар хороо, 7-15 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Октябьрийн районы ардын шүүхийн 1986 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 304 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 128 дугаар зүйлийн б-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн шүүхийн 1988 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 309 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 17 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, хянан харгалзсан, УС51051714 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Даваагийн Мөрөндорж.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Ч.Төмөрхуяг нь Н.Зоригоо, Д.Мөрөндорж нартай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Меркури” худалдааны төвийн үүдний автомашины зогсоолд байрлуулан тавьсан Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн Пхам Кхас Тринхийн 03-13 УНО улсын дугаартай “Тоёота Филдер” маркийн автомашинд нэвтэрч, хар өнгийн цүнх, бор өнгийн хэтэвч, хар өнгийн савхин куртик, бэлнээр 6.000.000 төгрөг, 2.815.036 төгрөгийн буюу 1.420 ам.доллар, 196.942 төгрөгийн буюу 770 Хонконг доллар, 31.500 төгрөгийн буюу 350.000 Вьетнам донг зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 9.251.478 төгрөгийн хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр бусадтай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол Баянцээлийн гудамжны “Монос” эмийн сангийн баруун талын туслах зам дээр эгнүүлэн тавьсан иргэн М.Отгонбаярын эзэмшлийн 19-10 УНЗ улсын дугаартай “Ниссан пулсар” маркийн автомашинд түлхүүр тааруулан нэвтэрч, 3 ширхэг гар утас, эмэгтэй хүний үүргэвчин цүнх, хүүхдийн хувцас, срочкон цамц зэрэг эд зүйлсийг хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 9.601.478 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

яллагдагч Н.Зоригоо нь Ч.Төмөрхуяг, Д.Мөрөндорж нартай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Меркури” худалдааны төвийн үүдний автомашины зогсоолд байрлуулан тавьсан Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсыч иргэн Пхам Кхас Тринхийн 03-13 УНО улсын дугаартай “Тоёота Филдер” маркийн автомашинд нэвтэрч, хар өнгийн цүнх, бор өнгийн хэтэвч, хар өнгийн савхин куртик, бэлнээр 6.000.000 төгрөг, 2.815.036 төгрөгийн буюу 1.420 ам доллар, 196.942 төгрөгийн буюу 770 Хонконг доллар, 31.500 төгрөгийн буюу 350.000 Вьетнам донг зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад нийт 9.251.478 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

яллагдагч Д.Мөрөндорж нь Ч.Төмөрхуяг, Н.Зоригоо нартай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Меркури” худалдааны төвийн үүдний автомашины зогсоолд байрлуулан тавьсан Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн Пхам Кхас Тринхийн 03-13 УНО улсын дугаартай “Тоёота Филдер” маркийн автомашинд нэвтэрч, хар өнгийн цүнх, бор өнгийн хэтэвч, хар өнгийн савхин куртик, бэлнээр 6.000.000 төгрөг, 2.815.036 төгрөгийн буюу 1.420 ам доллар, 196.942 төгрөгийн буюу 770 Хонконг доллар, 31.500 төгрөгийн буюу 350.000 Вьетнам донг зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад нийт 9.251.478 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Төмөрхуяг мэдүүлэхдээ: Намайг давтан үйлдлээр гэж буруутгаж байгаа “Монос” эмийн сангийн урд болсон хэрэг нь надад хамаагүй. Би тухайн өдөр хуучны танил Чинбаа гэх залуутай таарсан юм. Чинбаа надад “1 шил архи байна, хоёулаа хувааж ууя” гэсэн. Тэгээд “аяга байхгүй байна, тэр цагаан машинаас аяга аваад ир” гэж надад хэлсэн. Би заасан машинаас нь аяга авах гээд очтол хаалга нь цоожтой байсан. Би буцаж очоод “хаалга нь цоожтой байна” гэж хэлэхэд Чинбаа “дотор нь хүн байгаа, чи очоод аяга аваад ир” гээд байсан. Би буцаад очтол нөгөө машины буруу талын хойд хаалгаар Чинбаа ороод суусан. Тэгээд тэр машинаас шууд буугаад зам гараад яваад өгсөн. Тэгээд надтай дахиж уулзаагүй. Би машинаас юм авсныг нь мэдээгүй. Би 2, 3 хоногийн дараа Баянцээлийн хавьд явж байтал 2 эрүүлийн цагдаа ирээд “таниас юм асуух гэсэн юм” гээд намайг авч яваад цагдаагийн хэлтэс дээр авч очсон. Тэгээд надад камерийн бичлэг үзүүлээд “та энэ машины хаалгыг татаж байгаа мөн үү, энэ машины хойд хаалгаар хүн ороод эд зүйл аваад явсан байна, та энэ хүнийг таних уу” гэсэн. Би тэр хүнийг “танина, Чинбаа гэж хүн байна, энд дандаа архи уугаад явж байдаг хүн” гэж хэлсэн. Тэгээд намайг “явж бай” гээд явуулсан. 3, 4 хоногийн дараа би нэг найзындаа архи уугаад сууж байтал эрүүгийн төлөөлөгч орж ирээд намайг аваад явсан. Гэхдээ надтай хулгайн хэргийн талаар яриагүй. Миний хөлийг хугалсан цагдаагийн талаар ярьсан. Надад хэлэхдээ “таны хөлийг хугалсан хүний шүүх хурал болох гэж байна. Шүүх хуралд таныг оролцуулахын тулд түр хорино, тэгээд цагаан сарын өмнө гаргана” гэж хэлсэн. Тэгээд намайг хоригдож байхад байцаагч ирээд “та хулгайн хэрэг хийсэн байна” гэж хэлсэн. Би “юу яриад байгаа юм бэ, би хулгай хийгээгүй” гэхэд “та энд гарын үсэг зураад байцаалт өгсөн байна” гээд надад харуулахад миний гарын үсэг биш байсан. Би тэр байцаагчид “миний гарын үсэг биш байна” гэж хэлсэн. Тэр байцаагч надад “гарын үсгийн талаар шалгаж өгнө” гэж хэлсэн. Гэтэл орой нь “шүүхээс таны хориог сунгахгүй гээд байна, хэргээ шүүх рүү өнөөдөр шилжүүлнэ” гээд яллах дүгнэлт танилцуулсан. Ийм л юм болсон. Харин “Меркури” төвийн гадна болсон асуудал дээр 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Зоригоо, Мөрөндорж бид гурав “Меркури” захын хажууд уулзсан. Би Меркуригийн цаагуур явж байгаад иртэл Зоригоо надад “энэ машинаас нэг гадаад иргэн буугаад явчихлаа, чи миний гарыг хааж бай” гэж хэлсэн. Тэгээд Зоригоо машиныг онгойлгоод мах, куртик хоёрыг надад өгсөн. Өөрөө араас 1 цүнх бариад ирсэн. Бид 3 циркийн хажууд очоод үзтэл мөнгө гарч ирсэн. Тэр мөнгийг бид 3 хувааж аваад явсан. Тэнд 4.000.000 төгрөг байсан. Мөн улаан өнгөтэй Вьетнам мөнгө байсан. Энэ үйлдлийг Зоригоо, Мөрөндорж бид 3 хамт хийсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Зоригоо мэдүүлэхдээ: 2015 оны 07 дугаар сарын 30-нд өглөө Мөрөндоржтой таараагүй. Би тухайн өдрийн 11 цагийн үед “Монтел” дээр эгчийнхээ утсыг засуулж явж байгаад Төмөрхуягтай таарсан. Би Төмөрхуягийг “хаа хүрэх гэж байгаа юм бэ” гэхэд “төмөр зам явна” гэж хэлсэн. Бид 2 урагшаа хамт яваад ойр зуурын юм ярьж байгаад “ганц хоёр шил юмны арга олох уу” гэж ярьсан. Тэгээд циркийн урагшаа явж байгаад их халуун нартай өдөр байсан тул “би эндээ сууж  байя” гээд Төмөрхуяг Меркуригийн зүгт явсан. Тэр хооронд миний хуучны танил Мөрөндорж ирээд “чи энд юу хийж сууж байгаа юм бэ, би ажил хөөцөлдөөд явж байна” гэж хэлсэн. Би түүнд “Төмөрхуяг гэж хүнтэй таарсан юм, энд хүлээгээд сууж байна” гэж хэлсэн. Тэгтэл Төмөрхуяг баруун талаас 1 хар цүнх мөрөлчихсөн, 1 хар куртик бариад хүрээд ирсэн. Ирээд цүнхийг онгойлгоход 1 хүрэн түрийвч байсан. Мөн боодолтой 20.000 төгрөг 2 ширхэг байсныг гаргаж ирсэн. Тэгэхээр нь би хүн амьтнаас санаа зовоод “энд яах юм бэ, урагшаа “Их Монгол” рестораны тийшээ явъя” гэж хэлээд явсан. Тэр мөнгөнөөс надад 2 сая төгрөг өгсөн. Энэ хооронд Мөрөндорж яваад өгсөн байсан. Би 2 сая төгрөгийг нь авсан. Гэхдээ яг ямар учиртайг нь сайн мэдээгүй. Гэтэл Төмөрхуяг 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр бид 3 хулгай хийх талаар яриад 30-ны өдөр хулгай хийсэн гэж худлаа ярьж байгаад харамсаж байна. Өдий насны хүмүүс ийм зүйл бид хийхгүй ээ. Төмөрхуягтай батлан даалтад байхдаа эргэлтээр уулзаад хэлэхэд “би та хоёрыг зүгээр чирсэн юм” гэж хэлсэн. Надад энэ хүн шиг худлаа ярьж шоронд орохоос айх зүйл алга. Би энэ хүнтэй бүлэглэж хулгай хийсэн гэсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөрөндорж мэдүүлэхдээ: Тухайн өдөр би ажил хөөцөлдөж яваад Зоригоотой таарсан. Тэгээд харих гээд номын сангийн автобусны буудал дээр явж байтал Зоригоо надад Вьетнам улсын Дон гэх нэртэй гадаад мөнгө өгсөн. Тэр нь Монгол мөнгөөр 28.000-30.000 төгрөг л болж байсан. Тэгээд би яваад өгсөн. Би хулгай хийгээгүй. Нарийн болсон явдлыг нь мэдэхгүй. Шүүх үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 10-13/, цүнхэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 16-18/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-15/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 37, 141, 2хх-ийн 97,192/, Монгол банкны валютийн ханшийн лавлагаа /1хх-ийн 111/, “Миний сүлжээ” дэлгүүрийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай албан бичиг /2хх-ийн 21/, Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 85-86/, хохирогч Пхам Кхас Тринх /1хх-ийн 20-21, 132, 2хх-ийн 2/, М.Отгонбаяр /2хх-ийн 89-91/, гэрч М.Рагчаа /1хх-ийн /, О.Уянга /1хх-ийн /, Б.Үүрийнтуяа /2хх-ийн 92/, Э.Бямбасүрэн /2хх-ийн 93/, Ж.Ариунболд /2хх-ийн 96/, Ц.Хунжав /2хх-ийн 199/, Л.Уранжаргал /2хх-ийн 201/ нарын мэдүүлэг, Ч.Төмөрхуягийн иргэний үнэмлэхний хуулбар /1хх-ийн 71/, Д.Мөрөндоржийн иргэний үнэмлэхний хуулбар /1хх-ийн 72/. Д.Мөрөндоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 73/, Н.Зоригоогийн иргэний үнэмлэхний хуулбар /1хх-ийн 74/, Н.Зоригоогийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 75/, Ч.Төмөрхуягийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 77/, Ч.Төмөрхуягийн ял шийтгүүлж байсан таслан шийдвэрлэх тогтоолуудын хуулбар /1хх-ийн 78-105/, Н.Зоригоогийн ял шийтгүүлж байсан таслан шийдвэрлэх тогтоолуудын хуулбар /1хх-ийн 143-148/, Д.Мөрөндоржийн ял шийтгүүлж байсан таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1хх-ийн 150-152/, Баримт бичигт үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 247/, түрээсийн гэрээ /1хх-ийн 248-250, 2хх-ийн 1/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:       

Прокуророос шүүгдэгч Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарыг Ч.Төмөрхуягтай бүлэглэн 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин шүүгдэгч Н.Зоригоо нь Ч.Төмөрхуягийн бусдаас хулгайлсан эд зүйлсийг буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2.000.000 төгрөгийг урьдчилан амлалгүйгээр авсан,

шүүгдэгч Д.Мөрөндорж нь Ч.Төмөрхуягийн бусдаас хулгайлсан эд зүйлсийг буюу гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж 350.000 Вьетнам донг буюу 31.500 төгрөгийг урьдчилан амлалгүйгээр авсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд Н.Зоригоогийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 66, 138/: “ … Төмөрхуяг намайг “Далай ээж” зах руу явья гэсэн. Тэгэхээр нь би “би явахгүй, бие жоохон тааруу байна” гээд циркийн зүүн талд суугаад үлдсэн, Төмөрхуяг яваад өгсөн. Гэтэл миний танил Мөрөн гэдэг залуу тэнд явж байгаад тааралдаад юм яриад сууж байсан чинь Төмөрхуяг “Далай ээж” захын зүгээс хар өнгийн цүнх, хар өнгийн савхин куртик барьчихсан ирээд “энд юу байна, үзье” гээд үзсэнээ “мөнгө төгрөг байна ш дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “наанаа үзээд байхдаа яадаг юм бэ” гээд бид 3 “Их Монгол” рестораны зүүн талын байрны дунд байрлах сааданд очоод цүнхийг онгойлгож үзсэн. Цүнхэнд түрийвчтэй бэлэн мөнгө, мөн резинтэй боодолтой 20.000 төгрөг, гадаад орны улаан өнгөтэй, хүний зурагтай валют байсан. Төмөрхуяг тэр мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг надад өгч, Мөрөнд гадаад валютийг бүгдийг нь өгсөн. Төмөрхуяг үлдсэн мөнгийг аваад, “цүнх, савхин куртиктийг нь би өөрөө нэг газар хаяна” гээд аваад явсан…” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд Д.Мөрөндоржийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 64, 140/: “ … Би циркийн хажууд явж байтал сандал дээр Зоригоо гэдэг өмнө нэг байранд амьдарч байсан найз маань сууж байсан. Би Зоригоотой юм яриад юу хийж байгааг нь асуухад “хүн хүлээж байна” гэж хэлсэн. Тэгээд хамт сууж байтал циркийн баруун талаас “Далай ээж” захын зүгээс Зоригоогийн найз гээд намхан, бор царайтай, 40-50 насны эрэгтэй хүн гартаа хар өнгийн цүнх, савхин куртик барьчихсан ирсэн. Зоригоо түүнтэй юм ярьж байгаад бид 3 байрны гол сааданд очиход цүнхнээсээ Зоригоод мөнгө гаргаж өгсөн, тэгээд тэр хүн яваад өгсөн. Түүнийг явсны дараа Зоригоо надад нэрийг нь мэдэхгүй гадаад мөнгө өгсөн. Тэрийг нь би “Найман шарга” дээр очоод солиулахад 30.000 орчим төгрөг болсон. Тэр мөнгийг нь би хоол унд гээд үрчихсэн …” гэх мэдүүлэг,

Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 44-47/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэдийгээр шүүгдэгч Ч.Төмөрхуяг нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Н.Зоригоо, Д.Мөрөндорж нартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэмээн өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлж байх боловч түүний удаа дараагийн мэдүүлгүүд нь тогтворгүй, хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдаагүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Төмөрхуягийн зөрүүтэй мэдүүлгүүдэд хөтлөгдөн Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарыг түүнтэй бүлэглэн агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж дүгнэх боломжгүйгээс гадна Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарын мөрдөн байцаалтад өгсөн тогтвортой мэдүүлгүүдийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрх байдлууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “…Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд …эргэлзээ гарвал түүнийг …шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ…” гэсэн зарчмыг хэрэглэх үндэслэл болсон гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй бөгөөд тэднийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн тул Ч.Төмөрхуягийг 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Меркури” худалдааны төвийн гадна бусадтай бүлэглэн, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан хэргээс “бүлэглэж” гэсэн үйлдлийг нь хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Шүүгдэгч Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарын үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сар өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Харин шүүгдэгч Ч.Төмөрхуяг нь ганцаараа 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Меркури” худалдааны төвийн гадна байрлуулан тавьсан 0313 УНО дугаартай “Тоёота филдер” маркийн автомашинаас буюу агуулах саванд нэвтэрч хохирогч Пхам Кхас Тринхийн эд хөрөнгийг хулгайлж 9.251.478 төгрөгийн хохирол учруулсан,

мөн давтан бусадтай бүлэглэн (бүлэглэж хулгай хийсэн этгээдийн хэргийг тусгаарласан) 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол “Баянцээл”-ийн гудамжны “Монос” эмийн сангийн гадна байрлуулан тавьсан 1910 УНЗ дугаартай “Ниссан Пулсар” маркийн автомашинаас буюу агуулах саванд нэвтэрч хохирогч М.Отгонбаярын эд хөрөнгийг хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулж, бусдад нийт 9.601.478 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Пхам Кхас Тринхийн мэдүүлсэн /1хх-ийн 20-21, 132/: “ … Би 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 13 цаг 30 минутаас 14 цагийн хооронд “Меркури” худалдааны төвөөс хоол хүнсээ цуглуулах зорилгоор “Меркури” төвийн гадаа автомашинаа зогсоолд байрлуулан худалдааны төв рүү орж хүнсээ цуглуулаад 15 минут орчим  болоод гарч ирээд өөрийн эзэмшлийн “Тоёота Филдер” маркийн цагаан өнгийн 0313 УНО улсын дугаартай машиныхаа багажинд авсан зүйлүүдээ хийсэн. Тэгээд дахин “Меркури” худалдааны төв рүү орж ногоо аваад 15 минут орчим болоод гарч ирээд авсан ногоогоо машиндаа хийх гээд багажаа онгойлгох гэтэл түгжээгүй мэт байсан. Тэгэхээр нь ногоогоо тавьчихаад цүнхээ хартал байхгүй байсан. Би шууд ах руугаа яриад манай ах цагдаа дуудсан юм. ... Би машинаа түгжчихээд бүх хаалгаа шалгаж үзээд орсон. Миний машин түгжээтэй байсан. Мах аваад багажиндаа хийхдээ би зөвхөн багажаа түлхүүрээрээ онгойлгоод эрүүлээд түгжчихээд орсон. Миний машин түлхүүр хийж эргүүлж онгойлгодог түгжээтэй. ... Машинд байсан миний хар цүнх алга болсон байсныг хүн авч ирж өгсөн. Харин цүнхэн дотроос түрийвчтэй бичиг баримт, бэлэн мөнгө зэрэг алга болсон байсан. Алдсан зүйл нь 300 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт, 1.420 Ам.доллар, 770 ХонКонг доллар, 350.000 Вьетнам донг... хар өнгийн савхин куртик зэрэг эд зүйлс алга болсон ... ,  ...Миний алдсан цүнхэнд 350.000 Вьетнам донг байсан, монгол төгрөгөөр бодвол ойролцоогоор 28.000 төгрөг болно. ... Би мөнгөний баримт, паспорт, дэвтэр гэх зүйлүүдийг буцаан авсан. Харин банкны картуудаа аваагүй. Гэхдээ би эдгээр зүйлүүдийг нэхэмжлэхгүй. Би алдсан мөнгөнүүдээ болон куртик, түрийвч зэрэг зүйлүүдээ нэхэмжилж гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч М.Отгонбаярын мэдүүлсэн /2хх-ийн 89-91/: “... Би 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажил дээрээ байж байхад Үүрийнтуяа, Баярсүрэн нар ирээд бид гурав хамт гарч хоол идэхээр Сансарын “Шөлөндөө”-рүү миний машинтай явсан. Ингээд “Шөлөндөө” хоолны газраас доохон талд машины зогсоол байсан учир тэр зогсоолд машинаа байрлуулан тавиад хаалгаа түгжчихээд дотгош орсон. Хоол идчихээд гарч ирээд машинаа онгойлгох гээд түлхүүрээ гаргаж ирэх гээд зогсож байтал Үүрийнтуяа машины зүүн урд талын хаалгыг шууд онгойлгоод дотор нь ороод суучихсан байсан. Би машинаас бууж хоолны газар орохдоо хаалгаа уг нь түгжээд орсон боловч хаалга онгорхой байхаар нь гайхаад өөрийнхөө эд зүйлсийг үзэхэд арын суудал дээр байсан миний үүргэвч алга болсон байсан. ... Миний үүргэвчинд “Самсунг Галакси Эс-4” маркийн улаан өнгийн гар утас, “Apple” брэндийн “ipone-4” маркийн цагаан өнгийн гар утас, хүүхдийн “Самсунг Галакси Эс-2” маркийн хар өнгийн гар утас, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, “ХААН”, “ХАС” банкны виза карт, хүүхдийн 3 ширхэг цамц, 2 ширхэг өмд, өөрийн нэг ширхэг срочкон урт цамц зэрэг эд зүйлс байсан ...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Рагчаагийн мэдүүлсэн /1хх-ийн 22/: “... Би 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 24 дүгээр байрнаас найз охин Уянгааг гэрээс нь очиж авчихаад уулзаад бид хоёр хамтдаа 25 дугаар байрны хойд талд зугаалаад явж байтал саадны хажуу талд “хар цүнх байна” гэж манай найз охин Уянгаа хэлсэн. Бид хоёр тэр цүнхийг аваад хүн цүнхээ хаячихаж гэж бодоод 102-т мэдэгдтэл “багшийн дээд үзүүрт байрлах цагдаагийн постонд хүргээд өг” гэсэн. Тэгэхээр нь яаруу ажилтай байсан болохоор утасны дугаар байж магадгүй гэж бодоод цүнхийг онгойлгож үзэхэд цүнхэн дотор сим картны үүр байсан. Үүрэн дээрх дугаар руу нь залгаж үзэхэд “байгаа газраа хүлээж бай” гэсэн. Бид хүлээгээд сууж байтал цагдаа нар ирж, биднийг цагдаагийн байгууллагад авч ирж тайлбар гаргуулсан. Симний үүр авах гээд онгойлгоход гадаад паспорт, цээж зураг гэх зүйлүүд байсан. Гэхдээ яг нарийн сайн үзээгүй. Цүнхэн доторх нь эмх замбараагүй байсан. Бэлэн мөнгө ил харагдаагүй, яг ухаж, хайж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг,

 

гэрч О.Уянгын мэдүүлсэн /1хх-ийн 23/: “... Манай найз залуу Рагчаа манайд ирчихээд бид хоёр багшийн дээд рүү ажил хөөцөлдөх гээд саадан дунд явж байтал модон доор нэг хар өнгийн цүнх хэвтэж байсан. Манай найз залуу Рагчаа очиж тэр цүнхийг аваад онгойлгож үзэхэд дэвтэр, ном, бичиг баримтууд байсан. … Цагдаад мэдэгдэхэд “багшийн дээд хэсэгт байрлах пост дээр аваачиж өг” гэсэн. Тэгтэл цүнхэн дотроос симний үүр гараад ирсэн. Тэр үүрэн дээрх дугаар руу залгатал нэг эрэгтэй хүн аваад “наанаа байж байгаарай, ах нь одоо очлоо” гэсэн. Тэгээд хүлээж байтал цагдаагийн машинтай хүмүүс ирж, бид тэр цүнхийг нь өгчихөөд хаанаас олсноо хэлсэн. Тэгээд би шалгалт руугаа, манай найз залуу ажил руу явсан ...” гэх мэдүүлэг,

 

гэрч А.Үүрийнтуяагийн мэдүүлсэн /2хх-ийн 92/: “...Би өөрийн найз Баярсүрэн, Отгонбаяр нарын хамтаар Отгонбаярын машинтай Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээлийн гудамжны туслах зам дагуу “Монос” эмийн сангийн үүдэнд машинаа байрлуулан тавиад “Шөлөндөө” хоолны газар руу гурвуулаа явж орсон. Хоолны газар ороод хоолоо захиалж аваад цаг орчмын дараа эргэж гарч ирээд машинд би түрүүлж жолоочийн хажуу талын суудал дээр ороод суухад Отгонбаяр “машин онгойлгоогүй байхад машинд яаж орж суучихваа, машин яагаад онгорхой байдаг билээ” гээд машины хаалгыг онгорхой байсныг мэдээд эд зүйлсээ шалгахад Отгонбаярын цүнхтэй эд зүйлс алдагдсан байсан. ... Ингээд “Монос” эмийн сангийн хяналтын камерийг шүүхэд уг камерт суга таягтай ахимаг насны хүн ирж хаалгыг онгойлгон араас нь дахин нэг хүн ирж Отгонбаярын машинд орж суугаад юмыг нь авч гарч байгаа бичлэг байсан ...” гэх мэдүүлэг болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 10-13/, цүнхэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 16-18/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-15/, эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 37, 141, 2хх-ийн 97,192/, Монгол банкны валютийн ханшийн лавлагаа /1хх-ийн 111/, Миний сүлжээ дэлгүүрийн 2016 оны 09 дүгээр'сарын 22-ны өдрийн №01 дугаартай албан бичиг /2хх-ийн 21/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 85-86/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн бусад нотлох баримтуудаар Ч.Төмөрхуягийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Ч.Төмөрхуяг шунахайн сэдэлтээр, давтан, бусадтай бүлэглэн, нууц далд аргаар бусдын эд зүйлийг хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан нь ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байна.

 

Шүүгдэгч Ч.Төмөрхуяг, Н.Зоригоо, Д.Мөрөндорж нар урьд ял шийтгэгдэж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар тус бүр ялгүйд тооцогдсон болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Ч.Төмөрхуягт шүүхээс ял оногдуулахад ял оногдуулах нийтлэг зарчмыг харгалзан үзсэнээс гадна түүний хувьд ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ч.Төмөрхуяг нь оршин суух тодорхой хаяггүй, түүний нэр дээр ямар нэг эд хөрөнгө бүртгэгдээгүй, тодорхой орлогогүй учир эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байхаар шүүх шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Ч.Төмөрхуягийн бусадтай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол “Баянцээл”-ийн гудамжны “Монос” эмийн сангийн гадна байрлуулан тавьсан 1910 УНЗ дугаартай “Ниссан Пулсар” маркийн автомашинаас буюу агуулах саванд нэвтэрч хохирогч М.Отгонбаярын эд хөрөнгийг хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан хэргээс Ч.Төмөрхуягтай бүлэглэж хулгай хийсэн этгээдийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлд заасны дагуу тусгаарласан бөгөөд тусгаарласан 201725020677 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учрыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125 дугаар зүйлд “…зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэх, зөв шийдвэрлэхэд саад болохгүй бол хэргийг тусгаарлаж болно…” гэж үзэж шийдвэрлэсэн прокурорын тогтоол үндэслэлтэй байх бөгөөд ийнхүү хэрэг тусгаарлагдсанаас шалтгаалан уг гэмт хэргийг үйлдсэн этгээдүүд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх, ял завших боломжгүй учир шүүгдэгч Ч.Төмөрхуяг уг хэрэгтээ зайлшгүй хариуцлага хүлээх учиртай.

 

Хэдийгээр шүүгдэгч нар хохирогч Пхам Кхас Тринхийн бэлэн 4.000.000 төгрөгийг авсан гэж мэдүүлдэг боловч хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж тухайлбал хулгайд алдсан мөнгө нь хэнд өгөх гэж, ямар зориулалтаар авч явж байсан зэрэг нь гэрч нарын мэдүүлэг, түрээсийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх үзэв.

 

Үүнээс гадна шүүгдэгч нар хохирогчийн мөнгийг хэрхэн хувааж авсан талаар маргадаггүй болохыг тэмдэглэж байна.

 

Ийм учраас шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг дараах байдлаар шийдвэрлэв. 

 

Шүүх шүүгдэгч Н.Зоригоог гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2.000.000 төгрөгийг урьдчилан амлалгүйгээр авсан, шүүгдэгч Д.Мөрөндоржийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж 350.000 Вьетнам донг буюу 31.500 төгрөгийг урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул дээрх хохирлыг тэднээс гаргуулах нь зүйтэй.

 

Хариуцан төлөх хохирлоос шүүгдэгч Н.Зоригоо 1.200.000 төгрөгийг (Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дансанд байршуулсан), шүүгдэгч Д.Мөрөндорж 31.500 төгрөгийг тус тус хохирогч Пхам Кхас Тринхд нөхөн төлсөн байна. Үүнээс үзвэл шүүгдэгч Н.Зоригоогоос нөхөн төлөөгүй үлдэх 800.000 төгрөгийг гаргуулан хохирогч Пхам Кхас Тринхэд олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Мөрөндорж нь хохирогчид төлөх төлбөргүй болно.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй бусад хохирол, гэм хор болох 7.199.978 төгрөгийг шүүгдэгч Ч.Төмөрхуягаас гаргуулж хохирогч Пхам Кхас Тринхэд  олгох нь зүйтэй. 

 

Хохирогч М.Отгонбаярт учирсан 350.000 төгрөгийн хохирлын тухайд шүүгдэгч Ч.Төмөрхуягаас уг хохирлын тал хувийг буюу 175.000 төгрөгийг гаргуулж (бүлэглэн хулгай хийсэн этгээдийн хэргийг тусгаарласан учир) хохирогч М.Отгонбаярт олгох нь зүйтэй.

 

Нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ч.Төмөрхуягийн хохирогч нарт нөхөн төлөх нийт хохирлын хэмжээ 7.374.978 төгрөг болно.

           

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүлйийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос шүүгдэгч Нанзадын Зоригоо, Даваагийн Мөрөндорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн, өөрчлөн  зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Ч.Төмөрхуягт холбогдох 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Меркури” худалдааны төвийн гадна бусадтай бүлэглэн, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан хэргээс “бүлэглэж” гэсэн үйлдлийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Бойдоо овогт Чимэдбойдоогийн Төмөрхуягийг бусадтай бүлэглэн, давтан, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Боржигин овогт Нанзадын Зоригоо, Боржигин овогт Даваагийн Мөрөндорж нарыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Төмөрхуягийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Төмөрхуягт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Төмөрхуяг 258 /хоёр зуун тавин найм/ хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

8. Шүүгдэгч Н.Зоригоо энэ хэрэгт 12 /арван хоёр/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Мөрөндорж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Төмөрхуягаас нийт 7.374.978  төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Пхам Кхас Тринхэд  7.199.978 төгрөгийг, хохирогч М.Отгонбаярт 175.000 төгрөгийг тус тус олгож,

шүүгдэгч Н.Зоригоогоос 800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Пхам Кхас Тринхэд олгосугай.

 

10. Шүүгдэгч Д.Мөрөндорж нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

11. Шүүгдэгч Н.Зоригоогийн хохиролд нөхөн төлсөн 1.200.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Төрийн сан 100900005406 дугаартай  данснаас гаргуулж хохирогч Пхам Кхас Тринхэд олгосугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

 

13. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Төмөрхуягт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Н.Зоригоод урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Д.Мөрөндоржид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэрийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

14. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид, хохирогч нар эс зөвшөөрвөл уг тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

15. Давж заалдах шатны шүүхэд гомдол буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Төмөхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ