Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 421

 

        Ч.Төмөрхуяг, Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарт

        холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Ц.Сүхбат,

ялтан Ч.Төмөрхуяг,

ялтан Д.Мөрөндорж,

ялтан Н.Зоригоо, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ч.Төмөрхуягийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Төмөрхуяг, Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарт холбогдох эрүүгийн 201525021431 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв. 

Бойдоо овогт Чимэдбойдоогийн Төмөрхуяг, 1959 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжины 3 дугаар гудамж 91 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо оршин суух тодорхой хаяггүй,

Улаанбаатар хотын шүүхийн 1976 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 157 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168 дугаар зүйлийн б, 169 дүгээр зүйлийн в-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял,

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын ардын шүүхийн 1977 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Улаанбаатар хотын шүүхийн 1976 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 157 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын заримыг буюу 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нийт 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын ардын шүүхийн 1978 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 5 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын ардын шүүхийн 1977 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нийт 6 жилийн хугацаагаар хорих ял,

Төв аймгийн ардын хэсгийн 3 дугаар шүүхийн 1979 оны 2 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын ардын шүүхийн 1978 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 5 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нийт 6 жилийн хугацаагаар хорих ял,

Дорноговь аймгийн шүүхийн 1981 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн б, 169 дүгээр зүйлийн в-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын ардын шүүхийн 1978 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 5 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нийт 5 жилийн хугацаагаар хорих ял,

Найрамдлын районы ардын шүүхийн 1982 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 91 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн а дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Дорноговь аймгийн шүүхийн 1981 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 6 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нийт 4 жил 11 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1985 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Найрамдлын районы ардын шүүхийн 1986 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 117 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 109 дүгээр зүйлийн в-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1987 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

Найрамдлын районы шүүхийн 1987 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1990 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Нийслэлийн шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаар таслан сэргийлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдасан, /РД: УК59021011/,

Боржигон овогт Нанзадын Зоригоо, 1950 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 66 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт гарсан, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын 8-115 тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 12 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1997 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 408 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1999 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 489 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 38 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сар 20 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, хянан харгалзсан, /РД: ЧЗ50051918/,

Боржигон овогт Даваагийн Мөрөндорж, 1951 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын дизельчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт гарсан, ам бүл 4, охин, ач, зээгийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 7-15 тоотод оршин суух,

Октябрийн районы ардын шүүхийн 1986 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 304 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 128 дугаар зүйлийн б-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн шүүхийн 1988 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 309 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 17 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, хянан харгалзсан, /РД: УС51051714/,

Ч.Төмөрхуяг нь Н.Зоригоо, Д.Мөрөндорж нартай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Меркури” худалдааны төвийн үүдний автомашины зогсоолд байрлуулан тавьсан Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн Пхам Кхас Тринхийн 03-13 УНО улсын дугаартай, “Toyota Fielder” загварын автомашинд нэвтэрч, хар өнгийн цүнх, бор өнгийн хэтэвч, хар өнгийн савхин куртик, бэлнээр 6.000.000 төгрөг, 2.815.036 төгрөгийн буюу 1.420 ам.доллар, 196.942 төгрөгийн буюу 770 Хонконг доллар, 31.500 төгрөгийн буюу 350.000 Вьетнам донг зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 9.251.478 төгрөгийн хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр бусадтай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол Баянцээлийн гудамжны Монос эмийн сангийн баруун талын туслах зам дээр эгнүүлэн тавьсан иргэн М.Отгонбаярын эзэмшлийн 19-10 УНЗ улсын дугаартай, “Nissan Pulsar” загварын автомашинд түлхүүр тааруулан нэвтэрч, 3 ширхэг гар утас, эмэгтэй хүний үүргэвчин цүнх, хүүхдийн хувцас, срочкон цамц зэрэг эд зүйлийг хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 9.601.478 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Н.Зоригоо нь Ч.Төмөрхуяг, Д.Мөрөндорж нартай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Меркури” худалдааны төвийн үүдний автомашины зогсоолд байрлуулан тавьсан Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн Пхам Кхас Тринхийн 03-13 УНО улсын дугаартай, “Toyota Fielder” загварын автомашинд нэвтэрч, хар өнгийн цүнх, бор өнгийн хэтэвч, хар өнгийн савхин куртик, бэлнээр 6.000.000 төгрөг, 2.815.036 төгрөгийн буюу 1.420 ам.доллар, 196.942 төгрөгийн буюу 770 Хонконг доллар, 31.500 төгрөгийн буюу 350.000 Вьетнам донг зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 9.251.478 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Д.Мөрөндорж нь Ч.Төмөрхуяг, Н.Зоригоо нартай бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Меркури” худалдааны төвийн үүдний автомашины зогсоолд байрлуулан тавьсан Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн Пхам Кхас Тринхийн 03-13 УНО улсын дугаартай, “Toyota Fielder” загварын автомашинд нэвтэрч, хар өнгийн цүнх, бор өнгийн хэтэвч, хар өнгийн савхин куртик, бэлнээр 6.000.000 төгрөг, 2.815.036 төгрөгийн буюу 1.420 ам.доллар, 196.942 төгрөгийн буюу 770 Хонконг доллар, 31.500 төгрөгийн буюу 350.000 Вьетнам донг зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 9.251.478 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Ч.Төмөрхуяг, Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн, өөрчлөн зүйлчилж, Ч.Төмөрхуягт холбогдох 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Меркури” худалдааны төвийн гадна бусадтай бүлэглэн, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан хэргээс “бүлэглэж” гэсэн үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, Ч.Төмөрхуягийг бусадтай бүлэглэн, давтан, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Төмөрхуягийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ч.Төмөрхуягт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ч.Төмөрхуяг 258 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, Н.Зоригоо энэ хэрэгт 12 хоног цагдан хоригдсон, Д.Мөрөндорж цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ч.Төмөрхуягаас нийт 7.374.978 төгрөгийг гаргуулж, түүнээс хохирогч Пхам Кхас Тринхэд 7.199.978 төгрөгийг, хохирогч М.Отгонбаярт 175.000 төгрөгийг тус тус олгох, Н.Зоригоос 800.000 төгрөг гаргуулж хохирогч Пхам Кхас Тринхэд олгох, Д.Мөрөндорж бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Н.Зоригоогийн хохиролд төлсөн 1.200.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын Төрийн сан 100900005406 дугаартай данснаас гаргуулж, хохирогч Пхам Кхас Тринхэд олгох, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх, Ч.Төмөрхуягт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн тоолох, Н.Зоригоод урьд авсан цагдан хорих, Д.Мөрөндоржид авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгох, Шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл Ч.Төмөрхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 

Ялтан Ч.Төмөрхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би бусадтай нийлж, үгсэн тохирч Вьетнам улсын иргэний машинаас эд зүйл хулгайлсан гэм буруугаа хүлээсэн. 2016 оны 10 дугаар сард хулгай хийсэн хэрэг надад ямар ч хамаагүй тул би хүлээн зөвшөөрөөгүй. Анхан шатны шүүх ял оногдуулахдаа надтай хамт хулгай хийсэн Зоригоо, Мөрөндорж нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон мөн 2016 оны 10 дугаар сард бусдын машинаас эд зүйл хулгайлсан Чинбаа гэгчийг тусгаарлах нэрээр түдгэлзүүлж сайтар шалгахгүй 3 хүний хэрэг, хохирлыг надаар үүрүүлж, энэ хүмүүсийг ял завшуулж гаргаж байгаад гомдолтой байна. Хэргийг нь хэрэгсэхгүй болгосон Зоригоо, Мөрөндорж нарын мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн тайлбар хоорондоо зөрүүтэй байдаг. Мөрөндорж анхны тайлбартаа “Зоригоотой уулзаад байж байтал урьд танихгүй 40, 50 насны намхан бор хүн ирээд” гэж мэдүүлсэн. Шүүх хурал дээр прокурор “Та Төмөрхуягийг хэзээнээс таних вэ” гэхэд “Бид хамт архи уудаг байсан. 2, 3 жилийн өмнөөс танина” гэж хэлж байсан. Зоригоо нь “Циркийн сандал дээр Төмөрхуягийг хүлээж байтал цүнх, куртик 2 барьж хүрч ирээд 2.000.000 төгрөг өгсөн” гэж мэдүүлсэн. Би ганцаараа яваад мөнгө хулгай хийсэн бол яаж ч бодсон Зоригоо дээр буцаж очоод “Энэ мөнгийг хулгайлчихлаа. Чи ав” гэж очихгүй. Би буяны байгууллагын хүн биш, Зоригоо миний аав, хамаатан садан биш, би Зоригоод ямар ч өр байхгүй учраас мөнгө өгөх учиргүй. Үнэхээр доллар, 6.000.000 төгрөг байсан бол би Зоригоо руу биш цаашаа явах байсан. Зоригоо яагаад маргааш, нөгөөдөр нь энэ бүхнийг цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Яагаад 1 жилийн дараа хэлэх болсон бэ. Яг үнэндээ Зоригоо 2015 оны 2 дугаар сард машинаас хулгай хийж байгаад баригдсан. Тэгээд тэр хулгайгаа цайруулахын тулд цагдаа нартай намайг наймаалцсан, энэ хэргийг намайг ганцаараа хийсэн болгож Мөрөндоржийг намайг танихгүй хүн болгож, гэрчээр мэдүүлэг өгүүлсэн. Зоригоо, Мөрөндорж нарыг надтай хулгай хийсэн гэдгийг нотлох баримт байгаа. 2015 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүгч Алдарын даргалж хийсэн шүүх хуралдаан дээр Зоригоо цүнхнээс мөнгө гаргаж өөрөө хуваасан гэдгээ хүлээсэн. Сүүлийн шүүх хурал дээр шүүгч Зоригоогоос мөнгө хэн хуваасан талаар асуухад тайлбар хийж чадахгүй байсан. 2015 оны 7 дугаар сард болсон шүүх хурал эргэлзээтэй байсан тул камерын бичлэг машин дээр байгаа хурууны хээг шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаасан. Гэвч шалгалт дутуу явагдсан гэж үзэж байна. Жилийн дараа очиход мэдээж камерын бичлэг устана. Хэргийн газар 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр очсон бүрэлдэхүүн машин дээр байгаа хурууны  хээг бэхжүүлж авсан, камерын бичлэгийг шалгасан байх ёстой. Хэргийн газар анх очсон хүмүүсээс мэдүүлэг аваагүй. Камерын бичлэгийг хуулж авсан талаар шалгаагүй. Мөн машин болон цүнх, пасспорт дээрээс авсан хурууны хээг миний хурууны хээтэй харьцуулж, шинжилгээнд явуулахад минийх тэнцээгүй. Зоригоо Мөрөндорж нарын хурууны хээг шинжлүүлсэн бол таарч, энэ хэрэг нотлогдох байсан. Цүнхэнд 4.000.000 төгрөг байсныг Зоригоо, Мөрөндорж нар хоёулаа мэдэж байгаа. Тэр доллар 6.000.000 төгрөг байгаагүй. Вьетнам хүний яриад байгаа мөнгийг байсан гэдгийг хэн ч гэрчлээгүй. Зөвхөн түрээслүүлэгч нараас тайлбар авахад сарын сүүлээр түрээсийн мөнгө авдаг л гэж мэдүүлсэн болохоос хэдэн төгрөг байсан гэдгийг хэн ч гэрчлээгүй. Зөвхөн гадаад хүн үнэн ярьдаг юм биш шүү дээ. 2016 оны 10 дугаар сард машинаас эд зүйл хулгай хийсэн хэрэгт намайг буруутгасан. Энэ хэрэг надад ямар ч хамаа байхгүй. Чинбаа гэгчтэй ярьж тохирсон, хулгай хийсэн зүйл байхгүй. Энэ өдөр Баянцээл орчим явж байгаад Чинбаатай таарахад Чинбаа “хоёулаа нэг юм ууя гээд аяга байхгүй байсан тул замын хажууд байсан машиныг зааж тэр машинд хүн байна уу үзээд ир, байвал аяга аваад ир гэсэн. Би очоод хаалгыг нь татахад хүн байхгүй байсан. Тэгэхээр нь буцаж очоод хүн байхгүй байна гэсэн чинь өөрөө очоод онгойлгож ороод сууж байгаад гараад ирэхээр нь яасан бэ гэхэд наанаа байж бай гээд алга болчихсон. Хэд хоногийн дараа намайг айлд согтуу сууж байхад Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч Нямсүрэн гэдэг хүн энэ хэргийн талаар тайлбар аваагүй шууд хорьчихсон. Дараа нь сэжигтнээр болон яллагдагчаар өөрөө байцаалт авсан болгож зохиож бичээд өөрөө юм уу хэн нэгнээр миний өмнөөс гарын үсэг зуруулсан байсан. Намайг хорих гэж байхад эм авчирч өгсөн миний танил Нацагдорж гэдэг хүнийг надтай хамт явсан болгож байцаалт авсан байдаг. Тэрнээс Чинбааг огт ирж хайж байцаалт аваагүй. Чинбаа бол Баянцээл орчим байнга байдаг. Чинбаа тэр машинд ороод юм аваад гарч байгаа нь камерын бичлэгт бичээстэй байгаа. Шүүх хуралдаан болон сэжигтэн, яллагдагчаар Нямсүрэнгийн авсан хуурамч мэдүүлгийн гарын үсгийг шалгаж өгөөч гэхэд огт хайхарч үзээгүй. Тэр миний өмнөөс зурсан гарын үсгийг шинжилгээнд явуулаагүй. Энгийн нүдээр харахад миний гарын үсэгтэй харьцуулахад шууд мэдэгдэнэ. Шүүх хуралдаан дээр прокурор надаас “Нямсүрэнгийн сэжигтэн, яллагдагчаар авсан тайлбарын аль нь үнэн зөв бэ гэж асуухад би сэжигтнээр авсан нь үнэн гэж хэлсэн. Би хөгшин хүн тухайн үед юм асуугаад байхаар нь мэдүүлэг авч байна гэж бодоод андуурсан байсан. Надаас ямар ч мэдүүлэг аваагүй. Өөрөө зохиож бичсэнийг нь би мэдээгүй байсан болохоор би тэгж хэлсэн. Би 1976 онд хүүхэд байхдаа ял шийтгүүлж, хорих газар байхдаа дахин ял шийтгүүлж, удаа дараа ял нэмүүлж байсан. Гэхдээ би оногдуулсан ялыг эдлээд гарсан. Миний олон удаа ял шийтгүүлсэн байдал энэ 3 хүнийг ял завшуулж, надад энэ хүмүүсийн бусдад учруулсан хохирол ялыг надаар үүрүүлэх хангалттай шалтгаан болсон байх. Хэт нэг талыг барьж, зарим зүйлийг шалгахгүй намайг шийтгэж бүх ялыг надад үүрүүлсэнд гомдолтой байгаа тул хэргийг дахин сайтар шалгаж, энэ хүмүүсийг битгий ял завшуулаасай гэсэндээ гомдол гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

Ялтан Н.Зоригоо тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

Ялтан Н.Зоригоогийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ялтан Ч.Төмөрхуяг нь байнга мэдүүлгээ өөрчилж, тогтворгүй мэдүүлэг өгдөг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь энэ хэрэгт холбоотой, хамтарч хулгай хийсэн гэх Мөрөндорж, Зоригоо нарын үйлдэл мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тогтоогддоггүй. Тэднийг хулгайн эд зүйлийг мэдсээр байж авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна ...” гэв.

Ялтан Д.Мөрөндорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Төмөрхуяг “намайг хамт байсан” гэж хэлдэг. Тийм зүйл байхгүй. Намайг очиход Н.Зоригоо сууж байсан. Би “чи юу хийж байгаа юм” гэж асуухад Н.Зоригоо “хүн хүлээж байна” гэсэн. Тэр үед Ч.Төмөрхуяг хар цүнхтэй зүйл, савхин куртик барьчихсан ирсэн. Ингээд би явсан бөгөөд энэ хоёр үлдсэн ...” гэв.

Прокурор Ц.Сүхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтан Ч.Төмөрхуяг нь “шүүх ял оногдуулахдаа Зоригоо, Мөрөндорж нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн 2016 оны 10 дугаар сард хамт хулгай хийсэн Чинбаа гэгчийг тусгаарлах нэрээр түдгэлзүүлж, 3 хүний төлөх хохирлыг надаар төлүүлж, ял завшуулж байна” гэсэн байна. Шүүхээс Зоригоо, Мөрөндорж нарыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож улмаар Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч хохиролд Н.Зоригоогоос төлсөн 1.200.000 төгрөгийг шүүхийн данснаас гаргуулж хохирогчид олгох, үлдэгдэл 800.000 төгрөгийг гаргуулж хохирогчид төлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин Д.Мөрөндорж нь хохирогчид 31.500 төгрөг төлснийг дурдаж бусдад төлөх төлбөргүйг дурдсан. Бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн Чинбаа гэх хүний үйлдлийг шүүхээс тусгаарлаагүй, мөн түдгэлзүүлээгүй, прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө Ч.Төмөрхуягтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдлийг тусгаарлан, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэ хэрэг нутаг дэвсгэрийн харьяалалын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа. 2016 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Отгонбаярын машинд нэвтэрч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Ч.Төмөрхуяг нь бусадтай бүлэглэн үйлдсэн, хэнтэй бүлэглэн үйлдсэн бэ гэдгийг тогтоогоогүй. Чинбаа гэх хүний талаар Ч.Төмөрхуяг шүүх хуралдаанд анх удаа ярьсан. Ингээд хэргийг тусгаарлаж, хохирогч Отгонбаярт учирсан хохирол болох 350.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргах буюу 175.000 төгрөгийг Ч.Төмөрхуягаас гаргуулж, Отгонбаярт олгуулахаар шийдвэрлэсэн. Иймд бусад шүүгдэгч нарын төлөх төлбөрийг Ч.Төмөрхуягаар төлүүлж, бусдад ял завшуулж буй асуудал байхгүй.

Мөн гомдолд “Би ганцаараа хулгай хийсэн бол буцаж Зоригоо дээр очихгүй байсан” гэсэн байна. Шүүхээс Зоригоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хариуцлагаас холбогдох хуулийн заалтын дагуу чөлөөлсөн боловч хохирол төлбөр төлөхөөс чөлөөлөөгүй.

Гомдолд “Хэргийн газар анх очсон хүмүүсээс камерын бичлэг хуулж авсан талаар шалгаагүй, машин болон пасспорт дээрээс авсан хурууны хээг миний гарын хээтэй харьцуулаагүй” гэсэн байна. Хэргийн газар очсон хүмүүс камерын бичлэгийг шалгаж хураан авсан болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлж аван хэрэгт хавсаргах ёстой байсан. Дээрх ажиллагаа хийгдээгүй, холбогдох баримт хэрэгт авагдаагүй байхад тухайн үед хэргийн газар очсон хүмүүсээс энэ талаар тодруулах шаардлагагүй. Машин болон пасспорт дээрээс олдсон гарын хээг шинжээч томилж дүгнэлт гаргуулахад шинжилгээнд тэнцэхгүй байсан тул бусдын гарын мөртэй харьцуулалт хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Ч.Төмөрхуяг “Тэр Вьетнам улсын иргэн Пхам Кхас Тринхийн яриад байгаа мөнгийг хэн ч гэрчлээгүй” гэсэн байна. Хохирогч 2 автомашины засварын газар түрээслэн ажиллуулдаг бөгөөд энэ нь түрээсийн гэрээнүүдээр тогтоогдож байна. Тухайн түрээсийн гэрээгээр төлбөр төлөх хугацаа болсон байсан. Мөн түрээсийн гэрээ байгуулсан болон түрээсийн гэрээний талаар мэдэж байгаа хүмүүсийг гэрчээр байцаасан зэргээр хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж нь тогтоогдсон.

“2016 оны 10 дугаар сард Отгонбаярын машинаас эд зүйл хулгайлсан хэрэгт ямар ч холбогдолгүй, мөрдөн байцаагч нь сэжигтний болон яллагдагчийн мэдүүлгийг өөрөө зохиож бичиж, миний өмнөөс гарын үсэг зурсан” гэсэн байна. Энэ хэрэг нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг үүсгэн шалгагдаж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт шалгагдаж байсан хэрэг дээр нэгтгэгдэж ирсэн. Энэ хэрэгт Ч.Төмөрхуягийг сэжигтэн, яллагдагчаар татаж байцаалт авсан. Энэ байцаалтан дээр тухайн автомашинд нэвтрэхэд хамт явж байсан хүний нэрийг мэдэхгүй гэж Ч.Төмөрхуяг хэлдэг. Энэ асуудлыг одоо Ч.Төмөрхуяг “энэ мэдүүлгийн гарын үсэг минийх биш, илт зөрүүтэй байна” гэдэг. Энэ талаар Ч.Төмөрхуягаас асуухад “сэжигтнээр өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэж хэлсэн байдаг. Гэтэл сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгийн утга ижил бөгөөд зөвхөн хулгайлсан эд зүйлээ хэрхэн зарцуулсан талаар зөрдөг. Мөн эхний мэдүүлэгтээ Нацагдоржтой бүлэглэн үйлдсэн гэдэг атлаа дараагийн мэдүүлэгт танихгүй, хамт архи ууж байсан хүнтэй бүлэглэн үйлдсэн гэдэг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Ч.Төмөрхуяг нь сэжигтнээр Мөнхсонор байцаагчид өгсөн мэдүүлэг үнэн гэж хэлсэн.

Давж заалдах гомдолд “Чинбааг огт хайгаагүй” гэсэн байна. Чинбаа гэх хүнийг анх удаа шүүх хуралдаанд ярьсан. Ч.Төмөрхуягтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрүүгийн төлөөлөгч нар эрэн сурвалжилж ажилласан. Одоо Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс тухайн бүлэглэж үйлдсэн хүнд холбогдох хэргийг шалгаж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “...Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна...” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

Ч.Төмөрхуяг нь 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Меркури” худалдааны төвийн үүдний автомашины зогсоолд байрлуулан тавьсан Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн Пхам Кхас Тринхийн 03-13 УНО улсын дугаартай, “Toyota Fielder” загварын автомашинд нэвтэрч, хар өнгийн цүнх, бор өнгийн хэтэвч, хар өнгийн савхин куртик, бэлнээр 6.000.000 төгрөг, 2.815.036 төгрөгийн буюу 1.420 ам.доллар, 196.942 төгрөгийн буюу 770 Хонконг доллар, 31.500 төгрөгийн буюу 350.000 Вьетнам донг зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 9.251.478 төгрөгийн хохирол учруулсан,

мөн давтан үйлдлээр бусадтай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол Баянцээлийн гудамжны Монос эмийн сангийн баруун талын туслах зам дээр эгнүүлэн тавьсан иргэн М.Отгонбаярын эзэмшлийн 19-10 УНЗ улсын дугаартай, “Nissan Pulsar” загварын автомашинд түлхүүр тааруулан нэвтэрч, 3 ширхэг гар утас, эмэгтэй хүний үүргэвчин цүнх, хүүхдийн хувцас, срочкон цамц зэрэг эд зүйлийг хулгайлж 350.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 9.601.478 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

Н.Зоригоо, Д.Мөрөндорж нар нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Пхам Кхас Тринхийн “... Би 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 13 цаг 30 минутаас 14 цагийн хооронд “Меркури” худалдааны төвөөс хоол хүнсээ цуглуулах зорилгоор очиж, автомашинаа зогсоолд байрлуулаад худалдааны төв рүү ороод хүнсээ цуглуулаад 15 минут болчихоод гарч ирсэн. Авсан зүйлээ өөрийн эзэмшлийн 03-13 УНО улсын дугаартай, “Toyota Fielder” загварын машиныхаа багажинд хийчихээд дахин ногоо авахаар орсон ба 15 минут болчихоод гарч ирээд ногоогоо хийх гээд багажаа онгойлгох гэтэл түгжээгүй мэт байсан. Тэгэхээр нь ногоогоо тавьчихаад цүнхээ хартал байхгүй байсан. Тэгээд би шууд ах руугаа залгасан ба ах цагдаа дуудсан. Цагдаа нар удалгүй ирж үзлэг шалгалт хийгээд миний цүнхийг олсон гэх охин банди хоёроос байцаалт авсан...” /1хх-21/,

гэрч Б.Рагчаагийн “... Би 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 24 дүгээр байрнаас найз охин Уянгааг гэрээс нь очиж авчихаад уулзаад бид хоёр хамтдаа 25 дугаар байрны хойд талд зугаалаад явж байтал “саадны хажуу талд хар цүнх байна” гэж манай найз охин Уянга хэлсэн. Тэгээд бид хоёр тэр цүнхийг аваад хүн цүнхээ хаячихаж гэж бодоод 102-т мэдэгдтэл “Багшийн дээд дээр байрлах цагаан өнгийн постонд хүргээд өг” гэсэн. тэгэхэээр нь яаруу ажилтай байсан болохоор утасны дугаар байж магадгүй гэж бодоод цүнхийг онгойлгож үзэхэд цүнхэн дотор сим картны үүр байсан. тэгэхээр нь үүрэн дээрх дугаар луу залгахад “байгаа газраа хүлээж бай” гээд цагдаа нар ирж, цагдаагийн байгууллагад авчирч тайлбар авсан...” /1хх-22/,

гэрч О.Уянгын “... 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр үдээс хойш манай найз залуу Рагчаа ирчихээд бид хоёр Багшийн дээд рүү ажил хөөцөлдөх гээд саадан дунд явж байхад модон доор нэг хар өнгийн цүнх хэвтэж байсан. Тэгэхээр нь манай найз залуу Рагчаа очиж цүнхийг аваад онгойлгож үзэхэд дэвтэр ном, бичиг баримтууд байсан. Цүнхэн дотор сим картны үүр байсан. Тэгэхээр нь дээр нь байсан дугаар луу залгатал нэг эрэгтэй хүн аваад “наанаа байж байгаарай, ах нь одоо очлоо” гэсэн. Тэгээд хүлээж байтал цагдаагийн машинтай хүмүүс ирээд цүнхийг нь өгсөн...” /1хх-23/,

хохирогч М.Отгонбаярын “... 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажил дээрээ байж байхад Үүрийнтуяа, Баярсүрэн нар ирээд бид 3 хамт гарч хоол идэхээр Сансарын “Шөлөндөө” нэртэй зоогийн газар луу би өөрийн машинтай явсан. Ингээд “Шөлөндөө” зоогийн газраас доохон талд машины зогсоол байсан учир тэр зогсоолд нь машиныг байрлуулан тавиад хаалга түгжчихээд орсон. Тэгээд хоол идчихээд гарч ирээд машинаа онгойлгох гээд түлхүүрээ гаргаж ирэх гээд зогсож байхад Үүрийнтуяа зүүн урд талын хаалгыг шууд онгойлгоод дотор нь ороод суучихсан. Би машинаас бууж хоолны газар луу орохдоо хаалгаа түгжээд орсон боловч хаалга онгорхой байхаар нь гайхаад өөрийнхөө эд зүйлсийг үзэхэд арын суудал дээр байсан миний үүргэвч алга болсон байсан. Ингээд цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Миний үүргэвчинд “Samsung Galaxy S4” загварын улаан өнгийн утас, “Iphone 4” загварын цагаан өнгийн утас, хүүхдийн “Samsung Galaxy S2” загварын хар өнгийн утас, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, Хаан, Хас банкны виза карт, хүүхдийн 3 ширхэг цамц, 2 ширхэг өмд, өөрийн нэг ширхэг срочкон цамц зэрэг эд зүйл байсан...” /2хх-90-91/,

гэрч А.Үүрийнтуяагийн “... 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр найз Баярсүрэн, Отгонбаяр нарын хамт Отгонбаярын машинтай Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, Баянцээлийн гудамж, туслах зам дагуу “Монос” эмийн сангийн үүдэнд машинаа байрлуулж тавиад “Шөлөндөө” хоолны газар луу орсон. Хоолны газарт хоолоо захиалж идчихээд 1 цаг орчимын дараа эргэж гарч ирээд машинд би түрүүлж, жолоочийн хажуу талын суудал дээр ороод суухад Отгонбаяр нь машин онгойлгоогүй байхад машинд яаж орж суучихваа, машин яагаад онгорхой байдаг билээ гээд машины хаалгыг онгорхой байсныг мэдээд эд зүйлээ шалгахад Отгонбаярын цүнхтэй эд зүйл алдагдсан байсан. Би болон найз Баярсүрэн нь машинд ямар нэгэн эд зүйл орхиж буугаагүй, гар цүнхгүй явж байсан. Ингээд “Монос” эмийн сангийн хяналтын камерыг шүүхэд уг камерт суга таягтай, ахимаг насны хүн ирж хаалгыг нь онгойлгон араас нь дахин нэг хүн ирж Отгонбаярын машинд орж суугаад юмыг нь авч гарч байгаа бичлэг байсан...” /2хх-92/,

гэрч Э.Баярсүрэнгийн “... 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Отгоо эгчийн Баянзүрх дүүргийн 26 дугаар байранд байдаг дэлгүүрт очиж уулзсан. Намайг очиход Үүрийнтуяа Отгоо эгч дээр очсон байсан бөгөөд бид нар дэлгүүрээс нь хамт Отгоо эгчийн машинтай Сансарын “Шөлөндөө” орж хоол идэхээр явсан. Ингээд “Шөлөндөө” зоогийн газрын доод талд байрлах “Монос” эмийн сангийн харалдаа туслах зам дагуу машинаа байрлуулан тавиад, хоол идчихээд ойролцоогоор 1 цаг орчим болсны дараа гарч ирээд машиндаа суух гээд Отгоо эгч машинаа онгойлгох гэж байхад Үүрийнтуяа нь машинд шууд ороод суучихсан. Ингээд машин цоожтой байхад яаж суучихав гэж гайхаад шалгаж үзэхэд машинд хоол идэж байх хооронд хулгайч орсон байсан. Тэгээд машин доторх эд зүйлээ шалгахад Отгоо эгчийн машинд дотор байсан хар хөх өнгийн, даавуун үүргэвч, Отгоо эгчийн хүүхдийнх нь хувцас, бичиг баримтууд гар утаснууд нь алга болсон байсан...” /2хх-93/,

гэрч Ж.Ариунболдын “... 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүлд 111 чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад Сүлд 10 дуудлага мэдээлэл өгснийг хүлээн авч хэрэг болсон газарт очиж ажилласан. Намайг очиход М.Отгонбаяр гэх хүн нь байсан бөгөөд “Монос” эмийн сангийн бичлэгийг шүүж үзэхэд 2 суга таягтай, ахимаг насны эрэгтэй хүн ирж хаалгыг нь онгойлгоод араас нь мөн ахимаг насны, цайвар өнгийн гадуур хувцастай хүн ирж машинд орж суугаад хэсэг хугацааны дараа  цүнхийг нь аваад гарч байгаа дүрс бичлэг үлдсэн байсан. тэгээд уг хүмүүсийг өргөдөл бичиж өгч шалгуулах шаардлагатайг хэлэхэд одоо завгүй байна гээд явсан. Дараа нь 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сансарын Баянцээлийн орчим үүрэг гүйцэтгэж яваад дээрх суга таягтай этгээд явж байсныг хараад уг хүний биеийн байцаалтыг шалгахад биед нь байхгүй байсан бөгөөд “Монос” эмийн сангийн камерын бичлэгт орсон эхний машины хаалгыг онгойлгосон суга таягтай, ахимаг насны хүн мөн байсан учир цагдаагийн хэлтэс дээр авчирч, өөрийнх нь мэдүүлсэн нэр, хаяг, регистрийн дугаараар нь уг хүнийг шалгахад Чимэдбойдоогийн Төмөрхуяг гэх хүн болох нь тогтоогдсон учир илтгэх хуудсаар хүлээлгэн өгөх хооронд хэлтсийн байрны хүлээлгийн танхимаас зугтаасан байсан. Уг хүнийг суга таягтай учир ойрхон байж магадгүй гээд хэлтсийн ойр орчимд хайсан боловч олдоогүй...” /2хх-96/,

Ч.Төмөрхуягийн сэжигтнээр өгсөн “... Би сар өдрийг нь санахгүй байна. Баянзүрх дүүргийн Баянцээлийн туслах зам дагуу “Монос” эмийн сангийн хажуу талд тавьсан мөнгөлөг саарал өнгийн жижиг машины хаалгыг би онгойлгон хамт явж байсан хөгшинөөрөө араасаа оруулж дотор нь байсан 2 ширхэг эвдэрхий гар утас, хүүхдийн хувцас зэрэг эд зүйлсийг хулгайлсан. Ингээд гар утас, хувцас нь хэн ч тоохгүй хог байхаар нь хаячихсан...” /2хх-175/, 

Д.Мөрөндоржийн сэжигтнээр өгсөн “... 2015 оны зун вагон депо руу ажил хөөцөлдөөд явж байгаад Циркийн хажууд сандал дээр Зоригоо гэдэг өмнө нь нэг байранд амьдарч байсан найз маань сууж байсан. Тэгээд би Зоригоотой юм яриад юу хийж сууж байгааг нь асуутал хүн хүлээж байна гэсэн. тэгээд хамт сууж байтал Циркийн баруун тал “Далай ээж” захын зүгээс Зоригоогийн найз гээд намхан бор царайтай, 40-50 насны эрэгтэй, гартаа хар өнгийн цүнх, савхин куртки барьчихсан ирсэн. Тэгээд Зоригоо түүнтэй юм ярьж байгаад бид 3 байрны голд сааданд очоод цүнхнээсээ Зоригоод мөнгө гаргаж өгсөн. Тэгснээ тэр хүн яваад өгсөн. Түүнийг явсны дараа Зоригоо надад нэрийг нь мэдэхгүй гадаад мөнгө өгсөн. Түүнийг нь би найман шарга дээр аваачиж солиулахад нэг их үнэ хүрээгүй, нийлээд 30.000 гаруй төгрөг болсон. Тэр мөнгийг би хоол унд гээд үрчихсэн...” /1хх-64/,

Н.Зоригоогийн сэжигтнээр өгсөн “... 2015 оны зун, Наадмын дараа “Монтель” худалдааны төв дээр явж байгаад Төмөрхуягтай таартал намайг хоёулаа жаахан хамт явъя гэсэн. Тэгээд хамт Их дэлгүүрийн орчимоор явж байгаад урагшаа циркийн зүүн талд очиход Төмөрхуяг “Далай ээж” зах руу явъя гэсэн. Тэгэхээр нь би тийшээ явахгүй, бие жаахан тааруу байна гээд үлдээд Төмөрхуяг яваад өгсөн. Тэгсэн чинь миний танил Мөрөн гэдэг залуу тэнд явж байгаад бид хоёр тааралдаад юм яриад сууж байсан чинь Төмөрхуяг далай ээж захын зүгээс хар өнгийн савхин куртик, хар өнгийн цүнх барьчихсан ирээд энд юу байна үзье гээд үзсэнээ мөнгө, төгрөг байна ш дээ гэсэн. тэгэхээр нь би наанаа орж үзээд байхдаа яадаг юм, ийшээ орж үзье гээд “Их монгол” рестораны зүүн талын байрны дунд байрлах сааданд очоод цүнхийг онгойлгож үзэхэд хүрэн түрийвчтэй бэлэн мөнгө, 20.000 төгрөгийн дэвсгэрт 2 боодол, мөн гадаад орны улаан өнгөтэй, хүний зурагтай валют байсан. тэгсэн чинь Төмөрхуяг тэр мөнгөнөөс надад 2.000.000 төгрөг тоолж өгсөн, Мөрөнд гадаад валютыг бүгдийг нь өгсөн. Тэгээд үлдсэн мөнгийг нь аваад цүнх, савхин куртикийг нь би нэг газар хаячихна гээд аваад явсан. Тэгээд Мөрөн гэр лүүгээ, би гэрлүүгээ явсан...” /1хх-66/, “... Ч.Төмөрхуяг над руу утсаар ярихдаа “чи надтай ер уулзахгүй юм, уулзвал учраа олмоор байна, чи надтай уулзахгүй ингээд яваад байвал би чамайг яаж ийж байгаад шоронд чирээд орно, Мөрөндоржийг энэ хэргээс мулталчихмаар байна тэгвэл хоёулаа учраа олно шүү дээ, би хөлөө хугалчихсан, хөлийнхөө зургийг авахуулж, эмчилгээ хийлгэмээр байна, Д.Мөрөндорж та хоёр надад хэдэн төгрөг өгчих” гэх зэргээр байнга дарамталж ярьдаг...” /2хх-63/ гэх мэдүүлгүүд,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-10-11/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-12-14/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-15/, цүнхэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-16-18/, эд зүйлийн үнэлгээ /1хх-37/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх-44-50, 141/, мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /1хх-181/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-85-86/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /2хх-87-88/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ялтан             Ч.Төмөрхуяг, Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад шүүх шийдвэр гаргахад ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байх ба анхан шатны шүүх цугларсан нотлох баримтуудыг үнэлж, үйл баримтыг зөв тогтоон хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.  

Ч.Төмөрхуягт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, түүнд оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, ялтны хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Харин прокуророос Н.Зоригоо, М.Мөрөндорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөн зүйлчилж, Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Зоригоо, Д.Мөрөндорж нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

            Ялтан Ч.Төмөрхуяг нь “... Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон, нэмж шалгах зүйлгүй, ялтан Ч.Төмөрхуягийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр хэргийг дахин шалгах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ч.Төмөрхуягийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Ч.Төмөрхуягийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл, магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧИД                                                  Д.ОЧМАНДАХ

                                                                  Д.ОЮУНЧУЛУУН