Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2308

 

 

 

 

 

 

 

 

 

 

У.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/01818 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч У.Н-ийн хариуцагч “ТОСК” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор 42 159 326 төгрөг, 2016, 2017, 2018 оны ээлжийн амралтын мөнгө болох 4 964 256 төгрөг, нотариатын зардал 18 500 төгрөг тус тус гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.Н, өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 514 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1123 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1236 дугаар тогтоолоор намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар өмнөх ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагчид үүрэг болгосон бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор болох 10 193 274 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Миний бие шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийнхээ дагуу 2016 оны 02 дугаар сарьн 17-ны өдрөөс хойш дээрх албан тушаалдаа өдий хүртэл томилогдоогүй байгаа. Хариуцагчаас 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нийгмийн даатгалын байгууллагад гаргаж өгсөн нөхөн тайлан, мөн миний нийгмийн даатгалын дэвтэрт бөглөгдсөн сүүлийн гурван сарын цалингийн дундаж 1 471 470 төгрөг болж байгаа, үүнийгээ ажлын 21.5 хоногт хуваахад 68 445 төгрөг буюу нэг өдрийн цалин гарч байна, үүнийгээ ажилгүй байсан хугацааны хоног буюу 616 хоногоор тооцоход 42 159 326 төгрөг болж байгаа. Миний бие улсад 26 жил ажиллаж байгаа ба Хөдөлмөрийн тухай хуулинд заасны дагуу амралтын үндсэн хоног 26 өдрөөр тооцогдоно. Мөн 3 шатны шүүхээр 2015 оны ээлжийн амралтын мөнгийг олгож шийдвэрлэсэн. Иймд 2016, 2017, 2018 оны ээлжийн амралтын мөнгө болох 4 964 256 төгрөг, нотариатын зардал 18 500 төгрөг, нийт 47 142 082 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 514 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1123 тоот магадлал, УДШ-ийн Хяналтын шатны Иргэний шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1236 дугаар тогтоолоор цалин хөлстэй тэнцэх олговорт 10 193 274 төгрөг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэж 1 000 000 төгрөг, Иргэний хуулийг үндэслэж 398 525 төгрөг, нийт 11 591 799 төгрөг тогтоосныг ТОСК ТӨҮГ-аас 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 11 856 217 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн олгож шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн 20 057 725 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч У.Н нь цаг хугацааны хувьд 2016 оны 02 дугаар 17-ноос 2016 оны 3 дугаар 21-ний өдөр хүртэл түрээсийн орон сууцны удирдлага ашиглалтын хэлтсийн ашиглалтын нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд ТОСК ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/34 тоот тушаалаар дээрх албан тушаалын ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ажиллаж байсан хугацааныхаа цалинг давхардуулан нэхэмжилсэн байна. Нөгөөтэйгүүр ТОСК ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 тоот тушаалаар үндсэн цалин 1 100 000 төгрөг нэмэгдсэн гэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд Төрийн өмчийн хорооны 2015 оны 778 дугаар тогтоолыг үндэслэн, тус газрын Ерөнхий захирлын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/16 тоот тушаалаар шинэ бүтэц батлагдсан бөгөөд энэ шинэ бүтцээр Түрээсийн орон сууцны удирдлага ашиглалтын хэлтэс татан буугдаж тус хэлтсийн ашиглалтын нягтлан бодогчийн албан тушаал цомхтголд орсон ба Ерөнхий захирлын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 тоот ажилтнуудын үндсэн цалинг шинэчлэн тогтоох тухай тушаалд У.Н-ийн эрхэлж байсан түрээсийн орон сууцны удирдлага ашиглалтын хэлтсийн ашиглалтын нягтлан бодогчийн албан тушаал байхгүй болно. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00514 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт У.Н-ийн ажилгүй байсан хугацааны олговрыг сарын дундаж цалин хөлсийг 750 000 төгрөгөөр тооцохоор заасан байна. Мөн У.Нт 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр амралтын нөхөн олговорт 512 161 төгрөг, гэнэт халагдсаны тэтгэмжид 900 000 төгрөг тус тус олгосон байна. 2018 оны ээлжийн амралтын мөнгөний хувьд ТОСК ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/15 тоот тушаалаар У.Н-ийг Захиргаа, санхүүгийн газарт Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнээр томилсон бөгөөд У.Н нь албан ёсоор ажилдаа орсон тохиолдолд холбогдох хууль, журмын хүрээнд ээлжийн амралт, амралтын мөнгийг олгох боломжтой болно. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж үзээд тооцоолбол нэхэмжлэгч У.Н-ийн ажилгүй байсан хугацааны цалин 15 000 138 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэгч У.Нийн 47 142 082 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1, Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчаас 29 616 276 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17 525 806 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар У.Нийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүгч ажилгүй байсан хугацааг шүүх хуралдаан дээр тодруулж асууж байсан боловч шүүхийн шийдвэрт 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 06-ний өдрийг хүртэл гэжээ. Намайг ажилд авсан тушаал 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гарсан, ажлаас халсан тушаал 2016 дугаар сарын 3 дугаар сарын 21-ний өдөр гарсан. Иймд ажилгүй байх хугацааны хоног 2016 оны 3 дугаар сарын 21-ээс 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаа хамаарч байгаа. Иймд шүүх ажилгүй байсан хоногийг зөв тооцож гаргасан атлаа он сарыг шийдвэрт андуурч 4 дүгээр сарын 21 гэж бичсэн байна. Үүнийг залруулах.

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг тооцохдоо үндсэн цалинг 900 000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлээс 15 871 246 төгрөгийг хэрэгсэхгүй болгов гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь шүүх миний ажлаас халагдсан тухай нэхэмжлэлийг авч хэлэлцээд үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоож шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан 6 сарын хугацааны цалинг тооцохдоо нэмэгдсэн цалин болох 900 000 төгрөгөөр, мөн нэмэгдлүүдийн хамт 1 698 887 төгрөгөөр тооцон 10 193 274 төгрөгийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр 3 шатны шүүхийн шийдвэр байсаар байтал анхан шатны шүүгч таныг 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ажлаас халагдсаны 8 хоногийн дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дахин ажилтнуудын үндсэн цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал гарсан байна. Гэхдээ таныг ажлаас гарсны чинь дараа гарсан тул танд хамаарахгүй гэж тайлбарлан үндсэн цалинг 900 000 төгрөгөөр тооцож ажилгүй байсан хугацааны цалинг дутуу тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Надад олговол зохих сарын нийт цалин 1 471 000 төгрөг болж байгаа. 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/40тоот Ерөнхий захирлын тушаал уг цалинг нотолно. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу ТОСК-ийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргаж өгсөн нөхөн тайлан, Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтүүд нотолно, мөн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн гурван сарын цалингийн дунджийг тооцоход 4 412 55 1:3 = 1 471 000 төгрөг болж байна. Иймд надад олговол зохих 1 471 000:21,5х628хоног=42 966 880 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Намайг ажлаас халсан тушаал болох 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/34 тоот тушаалын 2 дахь хэсэгт У.Н-т 1 сарын үндсэн цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгохыг Ерөнхий нягтлан бодогч Ю.Алтангэрэлд зөвшөөрсүгэй гэжээ. Гэтэл энэ мөнгө надад олгогдоогүй ТОСК-ийн санхүүгээс зарлага болоод гарчихсан байдаг. Би ажилдаа ороод надад өгсөн гээд байгаа 900 000 төгрөгийн талаар холбогдох албан тушаалтнуудаас тодруулахад харилцах данснаас гараагүй бэлэн мөнгөний касснаас өөр хүн авчихсан байна гэсэн тайлбарыг хэлсэн. ТОСК нь миний ажлаасаа халагдаад амьжиргаагаа залгах мөнгийг минь өгөөгүй атлаа авсан гэж гүтгэж байгааг шүүгч анхааралдаа авах байх. Иймд надад олгогдох ёстой 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т “Хэрэгт авагдсан 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 3 дугаар сарын сүүл цалин дэлгэрэнгүй гэсэн баримтаар У.Нийн сарын дундаж цалин хөлс 900 000 төгрөг болох нь тогтоогдож байх тул 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх ажлын 628 хоногийн цалинтай тэнцэх олговор 26 288 080 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж дүгнэжээ. Гэтэл “ТОСК” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэх чиглэлээр хууль тогтоомжийн дагуу өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгч У.Н-т цалингийн хэмжээг нэмэгдүүлэн, ижил түвшний өөр ажлын байр, албан тушаалыг санал болгож 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/15 тоот тушаалаар Хэвлэл мэдээлэл. олон нийттэй харилцах мэргэжилтнээр томилж, тушаалын хувийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар болон иргэн У.Нийн хаягт баталгаат шуудангаар 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн боловч нэхэмжлэгч нь томилсон ажил албан тушаалд ирж ороогүй нь ажил олгогчийн буруугаас болоогүй бөгөөд тухайн нотлох баримтуудыг гаргаж өгсөөр байтал үнэлэхгүйгээр шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгож тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг баримтлаагүй, шүүхээс хуралдаанд оролцогч талууд болох зохигчдод эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана гэж заасан шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим зөрчигдсөн гэж үзэхээр байна. Түүнчлэн шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг ажлын 628 хоног гэж буруу, алдаатай тооцоолсон байна. Өөрөөр хэлбэл, У.Нийн ажилгүй байсан хугацааг нарийвчлан тооцож үзэхэд 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажлын 591 хоног байна. Нөгөөтэйгүүр “ТОСК” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/34 тоот тушаалаар нэхэмжлэгч У.Н нь эрхэлж байсан ажил албан тушаалаас чөлөөлөгдсөн байдаг бөгөөд түүнийг ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00514 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт /11 дэх хуудас/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1123 тоот магадлалын хянавал хэсэгт /10 дахь хуудас/, Хяналтын шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2017/01236 тоот тогтоолоор өмнөх 2 шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүчинтэй хэвээр баталсан бөгөөд нэхэмжлэгч У.Н-ийн ажилгүй байсан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 5 Дугаар сарын 12-ны өдөр хүртэлх цалинг 750 000 тооцож олгохоор заасныг тус шүүхээс баримтлалгүй нэхэмжлэгч У.Н-ийн ажилгүй байсан хугацааны сарын дундаж цалин хөлсийг 900 000 төгрөгөөр тогтоосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг баримтлаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч У.Н нь хариуцагч ТОСК ТӨҮГ-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 42 159 326 төгрөг, 2016, 2017, 2018 оны ээлжийн амралтын олговорт 4 964 256 төгрөг, нотариатын зардалд төлсөн 18 500 төгрөг, нийт 47 142 082 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 15 000 138 төгрөгийн олговор олгохыг хариуцагч хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй маргажээ.

            У.Н-ийн ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэлийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 5351 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1320 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 1022 дугаар тогтоол хэрэгт авагдсан ба хариуцагч ТОСК ТӨҮГ шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч 2016 оны 4 дүгээр сарын 21-нээс 2018 оны 8 дугаар сарын 06-ныг хүртэлх хугацаанд ажилгүй байсан нь тогтоогдсон байна.

            Хариуцагч 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнээр томилсон ч У.Н өөрөө ажилдаа ороогүй гэж маргасан боловч ажилд томилсон тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдэж, шүүхийн шийдвэрийг бодитоор биелүүлснээ нотлоогүйгээс гадна дурдсан ажлын байрыг нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц адил чанарын ажил гэж үзэх боломжгүй байна. Мөн У.Н-ийг 2018 оны 02 дугаар сарын 17-ны Б/11 дүгээр тушаалаар түрээсийн орон сууцны удирдлага, ашиглалтын нягтлан бодогчийн ажилд томилсон ч мөн оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/34 дүгээр тушаалаар чөлөөлжээ. 

            Дээрхээс үзвэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх хязгаарлагдсаар байсан гэж үзэх тул ажилгүй байсан хугацааны олговор шаардсаныг хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцнэ. 

Ажилгүй байсан хугацааг ажлын 628 хоног гэж тооцсон нь үндэслэлтэй байх ба хариуцагч ажлын хоног 628 биш гэж үзсэнээ үндэслэл бүхий тооцооллоор няцаагаагүй байна.

            Түүнчлэн У.Н-ийг 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ажилд томилохдоо цалинг 900 000 төгрөгөөр тогтоож, 3 дугаар сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөхдөө 1 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 900 000 төгрөг олгосон баримт хэрэгт авагджээ.

Иймд шүүх дундаж цалин хөлсийг 900 000 төгрөг гэж үзэж, 628 хоногоор тооцон 29 616 276 төгрөгийн олговор гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул ажилгүй байсан хугацааг 591 хоногоор болон урьд авч байсан цалингийн дунджийг 750 000 төгрөгөөр тооцох ёстой гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

Нэхэмжлэгчийн ажлаас халагдах үед авч байсан үндсэн цалин 900 000 төгрөг болох нь дээрх байдлаар тогтоогдсон тул ажлаас халагдсаны дараа цалингийн хэмжээ 1 100 000 төгрөг болсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн, энэ хэмжээгээр олговрыг тооцно гэх нэхэмжлэлийн шаардлага болон давж заалдах гомдол нь олговрыг урьд авч байсан дундаж цалин хөлсний дунджаар тооцох Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй. Иймд энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Түүнчлэн 18 500 төгрөгийн нотариатын зардлыг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг зөрчихгүй, мөн олговроос зохих шимтгэл тооцон, ажилгүй байсан хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт нийцнэ.

Харин шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг 2016 оны 4 дүгээр сарын 21-нээс 2018 оны 8 дугаар сарын 06-ныг хүртэлх хугацаагаар тооцож олгосонтой давхардуулж, 2016, 2017, 2018 оны ээлжийн амралтын олговор шаардсаныг хангаж, 4 142 082 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу боловч шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ гэж үзэв.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/01818 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.6-д зааснаар зохигчид давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.НАРАНЦЭЦЭГ

 

                                         ШҮҮГЧИД                                   Д.БАЙГАЛМАА

 

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ