Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2018/01818

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2018/01818

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  У.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Баянбүрдийн тойрог, өөрийн байранд байрлах 5745535 регистрийн дугаартай *******-т холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор 42,159,326 төгрөг, 2016, 2017, 2018 оны ээлжийн амралтын мөнгө болох 4,964,256 төгрөг, нотариатын зардал 18,500 төгрөг тус тус гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч У.*******, түүний өмгөөлөгч Р.******* хариуцагчийн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Солонго нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч У.******* болон түүний өмгөөлөгч Р.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:            

 

У.******* миний бие Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 10,193,274 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан болно.

Энэхүү нэхэмжлэлийг маань шүүхээс авч хэлэлцээд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00514 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1123 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10-р сарын 20-ны өдрийн 001/XT2017/01236 дугаар тогтоол тус тус гаргасан болно.

Дээрх тогтоолуудаар миний биеийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч У.*******ийг өмнөх ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагчид үүрэг болгосон бөгөөд миний нэхэмжилсэн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 10,193,274 төгрөгийг олгож шийдвэрлэсэн.

Миний бие 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш дээрх албан тушаалдаа өдий хүртэл томилогдоогүй байгаа тул ажилд томилуулах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин /2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 575 хоногийн цалин 20,057,725 төгрөг болж байна. /Шүүхээр тогтоогдсон цалин 750,000:21.5 =34,883 өдрийн цалин, 34.883*575 хоног= 20,057,725 төгрөг/

Иймд Төрийн Орон Сууцны Корпораци ТӨҮГ-аас уг мөнгийг гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгч У.******* нь нэхэмжлэлийн өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагадаа:

 

Миний бие анх 2006 онд тус байгууллагыг дөрөвхөн хүнтэй байгуулагдаж байх үеэс эхлэн ажилласан ба тогтвор суурьшилтай, цалингаа тавьж чадахгүй 8-9 cap болж байсан хүнд хэцүү үеийг нь тэвчин өнгөрөөж нэг газраа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарна гэсэн бодолтой байдаг, ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргалгүй шударгаар хөдөлмөрлөж ирсэн. Гэвч шинээр ирсэн дарга болгон нь санхүүгийн хууль бус үйлдэл хийхийг шахаж дарамталдаг, үүнийг нь хамтрах боломжгүй гэдэг саналаа хэлэхэд маргааш нь ажлаас минь халдаг. Энэ мэт үйлдлээр 4 удаа ажлаасаа үндэслэлгүйгээр халагдаж энэ талаараа шүүхэд хандсан ба шүүх үнэн зөвийг тогтоож 4 удаа 3 шатны шүүхээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон. Үнэхээр миний буруу байсан бол шүүх дөрвийн дөрвөн удаа миний талд шийдвэр гаргахгүй байсан байх. ТОСК-ийн ерөнхий захирал н.Гантулга гэгч нөхөр өөрөө ажлаасаа халагдахынхаа 2 хоногийн өмнө намайг яасан овоо шүүхдэж орж ирдэг хүн бэ хэмээн занаж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр эсгэж ажилдаа ор хэмээн дуудаж тушаал гаргангуутаа 1 хоногийн дараа буюу маргааш нь дахин ажлаас халж амьдралаар минь тохуурхаж хохироосон. Үнэн гэж байдаг хойно өмнөх удирдлагууд хууль бус шийдвэр гаргаж улсын хөрөнгө идэж, ууж завшсан үйлдлээрээ авилгатай тэмцэх газарт шалгагдан эхнээсээ ял зэмээ хүртэж байна.

У.******* миний бие Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 02-р сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд орох хүртэлх хоногийн цалин буюу 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 10,193,274 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан болно.

Энэхүү нэхэмжлэлийг маань шүүхээс авч хэлэлцээд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00514 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 Дугаар сарын 12-ны өдрийн 1123 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 00/XT2017/01236 дугаар тогтоол тус тус гарсан болно.

Дээрх тогтоолуудаар миний биеийг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч У.*******ийг өмнөх ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагчид үүрэг болгосон бөгөөд миний нэхэмжилсэн 2015оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 10,193,274 төгрөгийг олгож шийдвэрлэсэн.

Миний бие шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийнхээ дагуу 2016 оны 02 дугаар сарьн 17-ны өдрөөс хойш дээрх албан тушаалдаа өдий хүртэл томилогдоогүй байгаа тул 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ажилд томилуулах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-аас гаргуулж миний биед олгож өгнө үү.

Улсын дээд шүүх 2017 оны 10 дугаар сарын 20-нд шийдвэрээ гаргахдаа ажилд минь эгүүлж тогтоосон ба улсын дээд шүүхийн шүүгч та 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалингаа мөнгөн дүнгээр нэхэмжлээгүй байгаа тул бид нэхэмжлэлд тусгасан мөнгөн дүнгээс хэтрүүлж шийдвэрлэх эрхгүй тул цалингаа дахин нэхэмжилж шүүхэд ханд гэсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Намайг ажлаас халагдсаны 8 хоногийн дараа буюу 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 тоот Ерөнхий захирлын тушаалаар нягтлан бодогчдын үндсэн цалин 1,100,000 төгрөг болж нэмэгдсэн. Уг тушаалыг болон цалинтай холбоотой материалуудын өмнөх 00514 тоот хавтаст хэргээс татуулж хэрэгт хавсаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан байгаа. Манай өмгөөлөгч 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлд цалинг тооцохдоо 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 тоот ажилчдын цалин нэмэх тухай тушаал гарсныг мэдээгүй байсан тул цалинг дутуу тооцож бодсон тул нэхэмжлэлээ нэмэгдүүлж өөрчилж байна. Миний авах ёстой сарын нийт цалин 1,471,470 төгрөг. Иймд ТОСК-оос 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нийгмийн даатгалын байгууллагад гаргаж өгсөн нөхөн тайлан, мөн миний нийгмийн даатгалын дэвтэрт бөглөгдсөн сүүлийн гурван сарын цалингийн дундаж 1,471,470 төгрөг болж байгаа, үүнийгээ ажлын 21.5 хоногтоо хуваахад 68,445 төгрөг буюу нэг өдрийн цалин гарч байна, үүнийгээ ажилгүй байсан хугацааны хоног буюу 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тооцоход 28 cap буюу ажлын 616 хоног болж байна. Уг хоногоо 68,445 төгрөгөөр үржүүлэхэд 42,159,326 төгрөг болж байгаа. /Үүнийг шүүхийн шийдвэрүүд, ТОСК-оос нийгмийн даатгалын хэлтэст гаргаж өгсөн нөхөн тайлан, нийгмийн даатгалын дэвтэрт хийж өгсөн бичилт, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 тоот Ерөнхий захирлын ажилчдын цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал зэргүүд нотолно. ТОСК-ийн удирдлагууд буруу шийдвэр гаргаагүй байсан бол би нэмэгдсэн цалингаараа цалинжаад хохирохгүй явах байсан.

Миний бие улсад 26 жил ажиллаж байгаа ба Хөдөлмөрийн тухай хуулинд заасны дагуу амралтын үндсэн хоног 26 өдрөөр тооцогдоно. Мөн 3 шатны шүүхээр 2015 оны ээлжийн амралтын мөнгийг олгож шийдвэрлэсэн. Иймд 2016, 2017, 2018 оны ээлжийн амралтын мөнгө болох 4,964,256 төгрөг, нотариатын зардал 18,500 төгрөг, нийт 47,142,082 төгрөгийг ТОСК-оос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

******* нь иргэн У.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд холбогдох тайлбар, татгалзлаа Хөдөлмөрийн тухай хууль, тус байгууллагын дотоод журам, дүрэм, бусад холбогдох нотлох баримтад тулгуурлан дараах байдлаар гаргаж байна.

Тус газраас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00514 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1123 тоот магадлал, УДШ-ийн Хяналтын шатны Иргэний шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 001/ХТ2017/01236 дугаар тогтоолоор цалин хөлстэй тэнцэх олговорт 10,193,274 төгрөг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэж 1,000,000 төгрөг, Иргэний хуулийг үндэслэж 398,525 төгрөг, нийт 11,591,799 төгрөг тогтоосныг ТОСК ТӨҮГ-аас 2018 оны 4 дүгээр сарын 17-нд 11,856,217 төгрөгийг иргэн У.*******т бүрэн олгож шийдвэрлэсэн байна.

Иймд иргэн У.*******ийн 20,057,725 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

******* нь иргэн У.*******ээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өөрчилсөнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд холбогдох тайлбар, татгалзлаа нотлох баримтад тулгуурлан дараах байдлаар гаргаж байна.

Нэхэмжлэгч У.******* нэхэмжлэлийн шаардлагатаа 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 28 cap буюу ажлын 616 хоног, хоногоо 68,445 төгрөгөөр үржүүлж 42,159,326 төгрөг болж байгаа бөгөөд намайг ажлаас халагдсаны 8 хоногийн дараа буюу ТОСК ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 тоот тушаалаар үндсэн цалин 1,100,000 төгрөг нэмэгдсэн гэсэн байна. Гэтэл У.******* нь цаг хугацааны хувьд 2016 оны 02 дугаар 17-ноос 2016 оны 3 дугаар 21-ний өдөр хүртэл ТОСК ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2016 оны 2 дугаар 1 сарын 17-ны өдрийн Б/11 тоот тушаалаар томилогдон түрээсийн орон сууцны удирдлага ашиглалтын хэлтсийн ашиглалтын нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд ТОСК ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Б/34 тоот тушаалаар дээрх албан тушаалын ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэгч У.******* нь ажиллаж байсан хугацааныхаа цалинг давхардуулан нэхэмжилсэн байна.

Нөгөөтээгүүр ТОСК ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 тоот тушаалаар үндсэн цалин 1,100,000 төгрөг нэмэгдсэн гэсэн нь огт үндэслэлгүй бөгөөд Төрийн өмчийн хорооны 2015 оны 778 дугаар тогтоолыг үндэслэн, тус газрын Ерөнхий захирлын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/16 тоот тушаалаар шинэ бүтэц батлагдсан бөгөөд энэ шинэ бүтцээр Түрээсийн орон сууцны удирдлага ашиглалтын хэлтэс татан буугдаж тус хэлтсийн ашиглалтын нягтлан бодогчийн албан тушаал цомхотголд орсон ба ТОСК ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/40 тоот ажилтнуудын үндсэн цалинг шинэчлэн тогтоох тухай тушаалд У.*******ийн эрхэлж байсан Түрээсийн орон сууцны удирдлага ашиглалтын хэлтсийн ашиглалтын нягтлан бодогчийн албан тушаал байхгүй болно.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00514 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт У.*******ийн ажилгүй байсан хугацааны олговрыг сарын дундаж цалин хөлсийг 750,000 төгрөгөөр тооцохоор заасан байна.

Мөн У.*******т 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр амралтын нөхөн олговорт 512,161 төгрөг, гэнэт халагдсаны тэтгэмжид 900,000 төгрөг тус тус олгосон байна.

2018 оны ээлжийн амралтын мөнгөний хувьд ТОСК ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/15 тоот тушаалаар У.*******ийг Захиргаа, санхүүгийн газарт Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн-ээр томилсон бөгөөд У.******* нь албан ёсоор ажилдаа орсон тохиолдолд холбогдох хууль, журмын хүрээнд ээлжийн амралт, амралтын мөнгийг олгох боломжтой болно.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж үзээд тооцоолбол нэхэмжлэгч У.*******ийн ажилгүй байсан хугацааны цалин 15,000,138 төгрөг болж байна.

/Тооцооллыг хавсаргав/. Иймд нэхэмжлэгч У.*******ийн 47,142,082 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Жич: Төрийн өмчийн хорооны 2015 оны 778 дугаар тогтоолоор тус үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталсны дагуу Ерөнхий захирлын 2016 оны Б/34 дүгээр тушаалаар Түрээсийн орон сууцны удирдлага, ашиглалтын хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан У.*******тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 127 дугаар тогтоолоор тус үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтоож, орон тооны дээд хязгаарыг 29-өөр бууруулан 60 байхаар тогтоосны дагуу 2016-2017 онд 20 гаруй ажилтны орон тоо хасагдсан. /127 дугаар тогтоол, бүтцийг хавсаргав/

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн явцад өмнө ажиллаж байсан ажил, албан тушаал нь бүхэлдээ хасагдсан гэдэг нь нотлогдож байгаа тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1123 тоот магадлалын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт заахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг биелүүлэхийг даалгасан. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Монгол улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолын 13 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-Т заасан адил чанарын өөр ажил, албан тушаал гэдэгт цомхтгогдсон ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй ижил эсхүл ойролцоо түвшний ажлын байр, албан тушаалыг ойлгоно гэж тайлбарласнаас харахад заавал ижил ажлын байр гаргахыг шаардаагүй байна. Тус үйлдвэрийн газарт түрээсийн орон сууцны ашиглалтын нягтлан бодогчийн ажлын байр байхгүй бөгөөд Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтний ажил нь ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргээр харьцуулж үзвэл өмнөх ажилтай адил чанарын өөр ажил юм. (Энэ нь ажлын байрны тодорхойлолт болон цалингийн шатлалаар тогтоогдох юм)

Байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталдаг бөгөөд дээрх шийдвэрт нөлөөлөх, түүнийг өөрчлөх эрх тус газрын Ерөнхий захиралд байхгүй юм. Тус үйлдвэрийн газрын захирлын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэх чиглэлээр хууль тогтоомжийн дагуу өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгч У.*******т цалингийн хэмжээг нэмэгдүүлэн, ижил түвшний өөр ажлын байр, албан тушаалыг санал болгож энэ талаар 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичгээр хүргүүлж, өөрт нь хувийн гар утас болох 99786444 дугаарт холбогдон мэдэгдсэн хэдий ч өнөөдрийн байдлаар тус үйлдвэрийн газарт нэг ч удаа өөрийн биеэр ирж уулзаагүй байна. Улмаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнээр томилж, тушаалын хувийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар болон иргэн У.*******ийн хаягт баталгаат шуудангаар 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн ч өнөөдрийн байдлаар ажилдаа ирээгүй байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч *******-ын зүгээс иргэн У.*******тэй харилцан тохиролцох талаар санал гаргаж, улмаар түүний урьд эрхэлж байсан ажил албан тушаалын цалингийн хэмжээг нэмэгдүүлэн, ижил түвшний ажлын байр, албан тушаалыг санал болгосон, шүүхийн шийдвэрийн дагуу ажилтны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, улсын тэмдэгтийн хураамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд нийт 11,856,217 /Арван нэгэн сая найман зуун тавин зургаан мянга хоёр зуун арван долоон/ төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Улаанбаатар хотын банк дахь дансанд шилжүүлж, түүний нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх тухай тайланг Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн гэх зэргээр манай байгууллага шүүхийн шийдвэрийг бодитоор биелүүлж, энэ тухайгаа тус шийдвэр гүйцэтгэх албанд бичгээр мэдэгдэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар ажил олгогчийн зүгээс бүхий л бололцоотой арга хэмжээг авч ажилласан болно.

У.******* эвлэрэн, тохиролцохоос санаатайгаар зайлсхийж улмаар нийгмийн даатгалын дэвтрээ авч ирж өгөхгүй байгаа зэрэг нь нэхэмжлэгч талаас шууд шалтгаалсан үйлдэл гэж үзэж байна гэв.

 

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч *******-т холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 42,159,326 төгрөг, 2016, 2017, 2018 оны ээлжийн амралтын олговорт 4,964,256 төгрөг, нотариатын зардалд төлсөн 18,500 төгрөг буюу нийт 47,142,082 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажилгүй байсан хугацааг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл гэж тодруулсан болно.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 42,159,326 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

******* нь нэхэмжлэгч У.*******ийг ажлаас үндэслэлгүйгээр халсныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 5351 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1320 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1022 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тус тус тогтоосон байхад шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй хариуцагч нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Б/34 тоот тушаалаар нэхэмжлэгчийн дахин ажлаас чөлөөлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 514 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1123 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1236 дугаар тогтоолоор У.*******тэй тохиролцсоны үндсэн дээр өмнөх ажилтай адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулахыг хариуцагчид үүрэг болгож, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх цалин 10,193,274 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон байна.

 

Шүүхийн дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон тул шүүх хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй болно.  

 

Нэхэмжлэгч нь одоо 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор шаардаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргасан эсэх, энэ шаардлагыг хангасан бол хариуцагч аливаа үүрэг хүлээсэн эсэхийг тогтоох дарааллаар хянах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 128 дугаар зүйлийн 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1-т нийцнэ.

 

Хариуцагч нэхэмжлэгчийг 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өмнөх ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн  авсан тул энэ хугацаанд хамаарах хөдөлмөрийн маргаантай холбоотой гомдлоо шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан хугацааг хэтрүүлээгүй тул гомдлын үндэслэлийг хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажилгүй байж, цалин хөлс авах эрхээр хохирсон нь ажлаас буруу халсан үндэслэлээр Э.*******ийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд болон түүнийг ажилд буцаан томилсон 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар тус тус тогтоогдсон тул тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй.

 

Хэрэгт авагдсан 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сарын сүүл цалин дэлгэрэнгүй гэсэн баримтаар У.*******ийн сарын дундаж цалин хөлс 900,000 төгрөг болох нь тогтоогдож байх тул 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх ажлын 628 хоногийн цалинтай тэнцэх олговор 26,288,080 төгрөг /(900,000/21.5)x628=26,288,080/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэлийн энэ шаардлагаас 15,871,246 төгрөг /42,159,326-26,288,080/-т холбогдох хэсэг нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгов.

 

2. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагын тухайд:

 

Шүүх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар нэгэнт шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг олговроос гаргуулж зохих хувь хэмжээгээр нөхөн төлж, дэвтэр бичилт хийхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т нийцнэ гэж үзлээ.

 

3.  2016, 2017, 2018 оны ээлжийн амралтын олговорт 4,964,256 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ гүйцэтгэж, нэхэмжлэгчийг ажилд нь авсан бол нэхэмжлэгч хуульд заасан ээлжийн амралттай хамааралтай эрхээ эдлэх байсан бөгөөд хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч уг эрхээр хохирсон гэж үзэх үндэстэй.

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч У.******* нь хариуцагч *******-ын буруугаас Хөдөлмөрийн тухай хуульд заасан 2016, 2017 оны ээлжийн амралттай хамааралтай эрхээ эдлэх боломж олгогдоогүй тул энэ хугацаанд хамаарах ээлжийн амралтын олговор 3,309,696 төгрөгийг *******-аас гаргуулж У.*******т олгох нь зүйтэй.

 

Харин 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр У.******* ажилдаа эргэж орсон тул 2018 оны ээлжийн амралтыг хуульд зааснаар эдлэх эрхээ хэрэгжүүлэх /2018 он дуусаагүй/ боломжтой байх тул 2018 оны ээлжийн амралтын 1,654,560 төгрөгийг олгох үндэсгүй байна.

 

4. Нотариатын зардалд төлсөн 18,500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь нотариатын зардалд 18,500  төгрөг төлсөн нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 18,500 төгрөгийн мөнгөний 1521 тоот тасалбараар тогтоогдсон, энэ нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргахтай холбогдуулан гарсан зайлшгүй зардал байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасанд үндэслэн хариуцагчаас мөн төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1, Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1-т заасныг тус тус баримтлан *******-аас 29,616,276 төгрөгийг гаргуулж У.*******т олгож, У.*******ийн нэхэмжлэлийн шаардлагаас 17,525,806 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар У.*******ийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг *******-ын удирдлагад үүрэг болгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч У.*******ийн нэхэмжлэлийн шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч *******-аас 306,031 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Т.НАРАНЦОГТ