Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 153/шш2022/00059

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 17 өдөр Дугаар 153/ШШ2022/00059 Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, шүүгч Х.Тасхын, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек нарын бүрэлдхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст баг, 7-р байрт оршин суух, ******* овогт Рэнцжавын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багт байрлах, Ховд ******* ТӨХК /РД:*******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 49,764,657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 153/2021/00374/и индекстэй иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Р.******* /онлайн/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг,

Шүүхийн иргэдийн төлөөлөгч: Д.Зоригт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.******* нь Ховд ******* ТӨХК-д холбогдуулан гэм хорын хохирол болох эмчилгээний зардал 49,764,657 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ховд аймгийн ******* ТӨХК-ийн ажилчны буруутай үйлдлийн улмаас насан турш тахир, дутуу болж, хүний бүрэн асаргаанд, амьдарч байна. Ховд аймгийн Эмнэлэгт хэвлийн хагалгаанд хавирга, өвчүүний засалд, Монгол Улс, Гэмтэл согог судлалын төв, Мөнгөн гүүр эмнэлэг, БНХАУ-ын Хөх хотын ясны хагалгаа, гадаад, дотоодын эмнэлэгт 6 удаагийн хагалгааны эмчилгээ, эм тариа, БНХАУ-с Монголд очих, ирэх зардал, ГАА-аас Улаанбаатар, Улаанбаатар хотоос Говь-Алтай аймагт ирж, очих, Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын төв, Мөнгөн гүүр, БНХАУ, Говь-Алтай, гэмтлийн эмнэлэгт такс, унааны зардал, нийт 1435 өдөр бүрийн эмчилгээ, змнэлгийн боолтын материал, эмчилгээний очих, ирэх унааны зардал, өдөр тутмын боолт, эм , тарианы зардлыг Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1320/ШШТ/157 шийтгэх тогтоол гарснаас хойших хохирол, үйлдвэрлээгүй баримт, зарим зардал нийт 49 764 654 төгрөгийг Ховд ******* ТӨXКомпаниас гаргуулж өгнө үү. Ховд аймгийн Зэрэг сумын ойролцоо зам дээр 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 17.00 -19.00 цагийн үед Ховдоос Алтай явах чиглэлд албаны ажилтай явж байгаад зам засварын компани Ховд *******-ны аюулгүй ажиллагаа хангаагүй, хариуцлагагүй үйлдэл, Ховд ******* ХХК-ийн жолооч *******гийн буруугаас авто тээврийн осолд орсон. Авто ослын улмаас миний бие үхлийн гэмтэл авч Ховд аймгийн Зэрэг сумын эмнэлэгээс амь тариа хийлгэж, Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн тасагт хэвтэж, хэвлийн хагалгаанд орж сайн эмч нарын буянгаар амьд үлдсэн. 3 хоногийн дараа Улаанбаатар хотод онгоцоор хүргэгдэж Гэмтэл согог судлалын эмнэлэгт эмчлэгдэж 3 удаа хагалгаанд, БНХАУ-ын Хөх хотын Ясны эмнэлэгт 6 сарын зайтай 2 удаа, Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 3 удаа олон хоногоор хэвтэж эмчлүүлсэн. Нийт 8 удаа хүнд хагалгаанд орсон. Одоо 3 жил 11 сар буюу 1436 хоног, 34464 цаг хэвтрийн дэглэмд өдөр бүр эмчлүүлэн амьсгалж байна. Иймд Ховд ******* ХХК-иас гэм хорын хохиролд 49,764,657 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ховд-******* ТӨХК-ийн захирал ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу дараах тайлбарыг гаргаж байна. ******* нь Ховд-*******ТӨХК-с дахин хохирол нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь: Анхан шатны шүүх нь шүүгдэгч *******д ял оногдуулахдаа нотлох баримтыг үнэн зөв бодитойгоор, эргэлзээгүй нотлох баримтаар үнэлж, хуулийн дагуу хариуцлагыг оногдуулалгүйгээр Ховд-******* ТӨХК-аас түүний хохирлыг гаргуулан шийдвэрлэсэн нь Монгол Улсын хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Зөвхөн ******* гэдэг хувь хүн, иргэний асуудал яригдаж байхад нэхэмжлэгч Р.******* нь Ховд-******* ТӨХК-аас хохирол нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн 27,10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож торгуулийн ял оногдуулсан байхад ******* нь гэм хорын хохирлыг Ховд- ******* ТӨХК-аас нэхэмжлэх нь үндэслэлгүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийн хариуцагч нь тухайн гэмт хэргийг үйлдсэн ******* болно. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.... Энэ хуулийн заалтаас харахад л.Лхачинхүүг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир учруулсан хохирлоо гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө нөхөн төлөх үүрэгтэй байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар: Хэн нэгэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийг, учруулсан гэм хорыг бусдад нялзаан халдаахыг хориглоно гэсэн хуулийн заалт зөрчигдсөн төдийгүй *******гийн гэм буруутай үйлдлийг Ховд- ******* ТӨХК нь хүлээх боломжгүй юм. Иймд *******ийн Ховд ******* ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч ... Иргэн Р.******* нь Ховд ******* ТӨХК-иас мөнгөн төлбөр нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна... гэж дүгнэлт гаргажээ.

Нэхэмжлэгчээс: Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан болон хэрэглэсэн эм тарианы гэрэл зургууд, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн үйлдвэрлэлийн ослын актын хуулбар, 2020 оны 10 сараас хойш худалдан авсан эм, эмийн хэрэгслийн НӨАТ-ын баримтууд, мэс засал ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудас, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 157 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбарын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/44 дугаар албан бичиг, Р.*******ийн хавтаст хэрэгт өгсөн хятад баримтуудын баталгаат оруулга, Р.*******ийн амбулаториор эмчлүүлэгсдийн 2 хувь карт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас: Ховд-******* ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар ажилд томилох тушаал, Ховд ******* ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хас банк ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 24/064 дугаар албан бичиг, дансны хуулга, Ховд-******* ТӨХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Б/06 дугаар *******г ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 1736000200006 дугаар *******д холбогдох эрүүгийн 6 хавтас хэргийг архиваас татаж шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Р.*******ийн Ховд-******* ТӨХК-иас гэм хорын хохирол 49,764,657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1,484,501 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 48,280,156 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Р.******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/157 дугаар шийтгэх тогтоолын 6 дугаар заалтаар хохирогч Р.******* нь цаашид гарах хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэдгийг тусгасан. Уг шийтгэх тогтоол гарсны дараа өнөөдөр хүртэл эмчилгээ хийлгэж, байнгын эмчийн хяналтад байдаг болсон тул шийтгэх тогтоол гарсны дараах эмчилгээний зардал болон тухайн үед БНХАУ-д эмчилгээ хийлгэхэд зарим эмчилгээний зардлын баримтыг хэрэгт гаргаж өгч чадаагүй байсан ба уг баримтыг үндэслэн эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. ******* нь Ховд-******* ТӨХК-нд ажиллаж байх хугацаанд уг компанийн ажлыг гүйцэтгэх явцдаа зам тээврийн осол гарсан нь эмчилгээний зардлыг Ховд -******* ТӨХК-иас нэхэмжлэх үндэслэл болсон гэв.

3. Хариуцагч Ховд ******* ТӨХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/157 дугаар шийтгэх тогтоолоор *******г зам тээврийн осол гаргасан гэм буруутайд тооцсон тул гэм буруутай этгээд хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй. Бусдын учруулсан хохирлыг түүний ажиллаж байсан байгууллага нь хариуцах ёсгүй бөгөөд уг хэргийн хариуцагч нь Ховд-******* ТӨХК биш учир гэм хорын хохирлыг гэм буруутай этгээд *******гээс нэхэмжлэх нь зүйтэй гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 2020/ШТЦ/157 шийтгэх тогтоол, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2021 оны 03 сарын 12-ны өдрийн *******д холбогдох эрүүгийн хэргийн тухай 121 дугаар тогтоолоор ******* нь Ховд аймгийн Зэрэг сумын Эхэн багийн нутаг дэвсгэрт 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ховд *******ТӨХК-ийн эзэмшлийн 4582 ХОА улсын дугаартай Донгфенг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол гаргаж, хохирогч Р.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна. Шүүхээс *******г жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар иргэний хариуцагч Ховд ******* ТӨХК-иас 79,703,049 төгрөг гаргуулан хохирогч Р.*******өд олгож, 50,059,209 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Р.******* нь цаашид гарах хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн, уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримт тогтоогдож байна. /хавтаст хэргийн 83-129 дэх хуудас/

Нэхэмжлэгч Р.******* нь дээрх зам тээврийн ослын улмаас хүнд гэмтэл авч, одоо хүртэл эмчилгээ хийлгэж байгаа нь өвчтөний картаар нотлогдож байгаа ба 2020 оны 09 сарын 24-ний өдөр шийтгэх тогтоол гарсны дараах хохирол, тухайн үед Хятад улсад эмчилгээ хийлгэж байхад төлсөн эмчилгээний зардлын баримтуудыг нөхөж авсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж хохирол 49,764,657 төгрөгийг хариуцагч Ховд-******* ТӨХК-иас нэхэмжилжээ.

Хариуцагч Ховд-******* ТӨХК нь зам тээврийн ослыг ******* гаргасан, шүүхээс *******г гэм буруутайд тооцсон бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай Б/06 дугаар тушаалаар *******г ажлаас чөлөөлсөн тул бусдад учруулсан хохирлоо гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө нөхөн төлөх үүрэгтэй, хэн нэгний үйлдсэн гэмт хэрэг, учруулсан гэм хорыг бусдад халдаахыг хориглох тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзав.

******* нь Ховд-*******ТӨХК-нд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, тус компанийн ажил үүргийг гүйцэтгэх явцдаа зам тээврийн осол гарсан болох нь 2020 оны 09 сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул нэхэмжлэгч Р.******* нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан үндэслэлээр *******гийн ажиллаж байсан байгууллага Ховд-*******ТӨХК-иас гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна. Ажилтан ******* нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Ховд-******* ТӨХК-нд ажиллаж байсан гэдэгт зохигчид маргахгүй байна. /хавтаст хэргийн 240-241 дэх хуудас/

Ховд-*******ТӨХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай Б/06 дугаартай тушаалаар ажилтан *******г ажлаас чөлөөлсөн нь тухайн үед хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байх хугацаанд ажилтны бусдад учруулсан гэм хорын хариуцлагаас түүнийг ажиллуулж байсан ажил олгогчийг чөлөөлөх үндэслэл болохгүй тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар Ховд-******* ТӨХК нь ажилтны буруутай үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

5. Хохирогч Р.******* нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болсон зам тээврийн ослын улмаас хүнд гэмтэл авч, байнгын эмчийн хяналтад байж, эмчилгээ хийлгэдэг болох нь Амбулаториор эмчлүүлэгсдийн карт №05-д хийгдсэн эмчийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтуудаас цаг хугацааны хувьд 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шийтгэх тогтоол гарснаас хойш хугацаанд хийгдсэн эмчилгээний зардал болох худалдаж авсан эм, тарианы үнийг НӨАТ-ын баримтаар, гэрээр эмчилгээ хийлгэхэд эмнэлэгт хүргэгдэн очсон 2 удаагийн шатахууны нотлох баримтыг тус тус үндэслэн гэм хорын хохирол 1,484,501 төгрөгийг гаргуулан шийдвэрлэв. Үүнд:

-       Эмийн үнэ 40,000+21,150=52,450 төгрөг /хавтаст хэргийн 23хуудас/,

-       Эмийн болон шатахууны үнэ 10,000+20,000=30,000 төгрөг /хавтаст хэргийн 24хуудас/,

-       Эмийн үнэ 10,500 төгрөг /хавтаст хэргийн 25 хуудас/,

-       Эмийн үнэ 19,000+9080+29,000=57,080 төгрөг /хавтаст хэргийн 26 хуудас/,

-       Эмийн үнэ 7000+170,000=177,000 төгрөг /хавтаст хэргийн 27 хуудас/,

-       Эмийн үнэ 5,000+3,700=8,700 төгрөг /хавтаст хэргийн 28 хуудас/,

-       Эмийн үнэ 13,500+2,500 =15,600 төгрөг /хавтаст хэргийн 29 хуудас/,

-       Эмийн үнэ 10,400 төгрөг /хавтаст хэргийн 30 хуудас/,

-       Эмийн үнэ 9,000+2,500=11,500 төгрөг /хавтаст хэргийн 31 хуудас/,

-       Эмийн үнэ 9,500+2,500=12,000 төгрөг /хавтаст хэргийн 32 хуудас/,

-       Эмийн үнэ 31,000+2,500+15,000=48,500 төгрөг /хавтаст хэргийн 33 хуудас/,

-       Эмийн үнэ 2,400+4,500=6,900 төгрөг /хавтаст хэргийн 34 хуудас/,

-       Эмийн үнэ 814,200+15,000=829,200 төгрөг /хавтаст хэргийн 36 хуудас/,

-       Эмийн үнэ 22,600+5,850=28,450 төгрөг /хавтаст хэргийн 37 хуудас/,

-       Эмийн үнэ 15,226+46,000=62,226 төгрөг /хавтаст хэргийн 38 хуудас/,

-       Эмийн үнэ 11,150+12,845=23,995 төгрөг /хавтаст хэргийн 39 хуудас/,

-       Эмийн болон шатахууны үнэ 30,000+31,000=61,000 төгрөг /хавтаст хэргийн 40 хуудас/,

Нэхэмжлэгч Р.******* нь БНХАУ-д эмчилгээ хийлгэсэн зардлын баримтыг үндэслэн хохирол нэхэмжилсэн боловч мөрдөн байцаалтын шатанд шинжээч томилон гадаад хэл дээр бичигдсэн нотлох баримтыг орчуулсан бөгөөд 1736000200006 дугаартай *******д холбогдох эрүүгийн хэргийн 3, 4 дүгээр хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан дээрх нотлох баримт нь авагдаж, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр *******д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэж шүүх шийтгэх тогтоол гаргахдаа нотлох баримтаар үнэлсэн болох нь шүүх хуралдаанд нотлох баримтыг шинжлэн судлахад тогтоогдсон болно. Энэ тухай хариуцагч байгууллагын өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн гаргасан гадаад хэл дээр бичигдсэн нотлох баримт нь эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ үнэлэгдсэн нотлох баримт гэж маргасан нь үндэслэлтэй байна. Тодруулбал,

Хэргийн 16 хуудсанд 2670+57686=60,358 юань гаргуулах баримт нь /Эрүүгийн хэргийн 4-р хавтсын 16, 97 хуудсанд/,

Хэргийн 17 хуудсанд 116+1980=2096 юань гаргуулах баримт нь /Эрүүгийн хэргийн 4-р хавтсын 14, 3-р хавтаст хэргийн 144 хуудсанд/,

Хэргийн 18 хуудсанд 1450+136+130+680=2396 юань гаргуулах баримт нь /Эрүүгийн хэргийн 4-р хавтсын 14-15 хуудсанд/,

Хэргийн 19 хуудсанд 17631 юань гаргуулах баримт нь /Эрүүгийн хэргийн 4-р хавтсын 15, 49 хуудсанд/,

Хэргийн 20 хуудсанд 700+690=1390 юань гаргуулах баримт нь /Эрүүгийн хэргийн 4-р хавтсын 16 хуудсанд/

Мөн нэхэмжлэгчийн 3,905,000 төгрөгт эм худалдаж авсан баримт нь нотлох баримтыг шаардлага хангахгүй байгаа бөгөөд хаанаас эм худалдаж авсан нь тодорхойгүй, зарлагын падаан байхгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар тухайн нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй гэж үзлээ. /хавтаст хэргийн 13-15 хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлагын ... үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтаас нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үндэслэн 1,484,501 төгрөгийн хохирлыг гаргуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ үнэлэгдсэн нотлох баримтыг дахин үнэлээгүй буюу БНХАУ-д эмчилгээ хийлгэсэн зардлыг гаргуулах тухай, 3,905,000 төгрөгт эм худалдаж авсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ховд-******* ТӨХК-ийн захирлаар ******* өөрчлөгдөн томилогдсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2-д зааснаар ******* нь эрх залгамжлагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болно. /хавтаст хэргийн 178 дахь хуудас/

6. Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь дүгнэлтэндээ иргэн Р.******* нь Ховд-******* ТӨХК-иас мөнгөн төлбөр нэхэмжлэх нь үндэслэлгүй гэж дүгнэсэн боловч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан үндэслэлээр ажилтны бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг байгууллага нь хариуцан арилгахаар хуульчилсан нь шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй үндэслэл болсныг дурдах нь зүйтэй байна.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр зааснаар нэхэмжлэгч Р.******* нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэл хангагдсан үнийн дүн 1,484,501 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,702 төгрөгийг хариуцагч Ховд-******* ТӨХК-иас гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар Р.*******ийн гэм хорын хохирол 49,764,657 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Ховд-******* ТӨХК-иас 1,484,501 (нэг сая дөрвөн зуун наян дөрвөн мянга таван зуун нэг) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Бөтмөнхөд олгож, нэхэмжлэлийн 48,280,156 (дөчин найман сая хоёр зуун наян мянга нэг зуун тавин зургаа) төгрөг гаргуулах тухай үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Р.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ховд-******* ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 38,702 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН

ШҮҮГЧ Х.ТАСХЫН

ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК