Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2022/00004

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 153/ШШ2022/00004

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Олзвойн 4-8 тоотод оршин суух, *******-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт Ванчинхүүгийн 114 тоотод оршин суух, *******т холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний улмаас үүссэн үүрэг 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч А.Болатбек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, гэрч *******,*******,*******, А.Элэухан, Т.Мейрангүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тоот дансанд 2,700,000 төгрөгийг 6 тонн төмс нэг кг-ийг 450 төгрөгөөр худалдан авахаар өөрийн тоот дансаар шилжүүлэн өгсөн.

Тэгээд төмсөө Буянт сумаас Ховд аймгийн төвд надад авч ирж хүлээлгэж өгөхөөр тохиролцсон бөгөөд удаа дараа утасдахад авчирч өгөөгүй. Ингээд сүүлдээ төмс өгч чадахгүй боллоо мөнгийг чинь буцааж өгнө гэсэн боловч өнөөдрийг болтол бидэнд нэг ч төгрөг өгөөгүй. А.Болатбек руу утасдахаар одоо утсаа авахгүй зугтсаар байна.

Иймд А.Болатбекээс төмс худалдан авахаар шилжүүлсэн 2,700,000 төгрөгийг буцаан гаргуулж ******* надад өгөхийг хүсэж байна.

...Хариуцагч 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр надад төмс өгнө гэж мөнгө авсан. 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төмс очиж авахаар болоод машин авч очиход төмс өгөөгүй. Учир нь тухайн үед 450 төгрөгөөр бодож мөнгөө өгсөн. Гэтэл төмсний ханш унасан. Цагаан сарын дараа ирж мөнгөө өгчих гэхэд нь мөнгийг нь өгөөд явуулсан. Улмаар төмсний үнэ 450 төгрөгөөс 400 төгрөг болсон тул би ...та 400 төгрөгөөр төмс өгч болох уу, төмсний ханш унасан байна... гэхэд хариуцагчаас ...үгүй, бид Баян-Өлгий аймаг руу 500 төгрөгөөр өгдөг... гэж хэлээд надад өгөөгүй. Тэгэхэд нь би ...430 төгрөгт өгөх боломжтой юу?... гэж боломжтой асуудлыг хэлэхэд ...болохгүй... гэсэн. Улмаар бид төмсийг авахгүй буцаж ирсэн... гэв.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Жаргалант сумын иргэн ******* нь 5 жилийн хугацаанд ******* надтай түншилж намар ургац хураах үеэр надаас төмс, хүнсний ногоо худалдаж авахаар тохиролцож худалдаж авах ногоогоо миний зооринд хадгалуулдаг. 2020 оны 9 дүгээр сарын сүүлч, 10 дугаар сарын эхээр ******* надтай утсаар ярьж, аймгийн төвд орж ирэхээрээ уулзаарай ногоо худалдаж авна гэсэн.

Би аймгийн төвд орж ирээд *******ы хүнсний захад байдаг жимс ногооны дэлгүүрт нь очиж уулзсан. Бид 2 ярилцаад /тухайн үед төмс 1 кг нь 500 төгрөгийн үнэтэй байсан/ 1 кг төмсийг 450 төгрөгөөр өгч авахаар тохиролцож 6 тн төмсийг 2,700,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Төмсийг манай зооринд хадгалаж байгаад мөнгөө шилжүүлээд авахаар болсон.

2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр *******аас 2,700,000 төгрөг шилжиж орж ирсэн тул би *******тай утсаар ярьж Таньд өгөх төмсийг ялгаж байна ирээд аваарай гэхэд ******* Очиж авна гэсэн тул би төмсийг ууталж бэлэн болгоод, ******* ирж авахаар тохиролцсон. Би үүргээ биелүүлсэн тул *******ы нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу.

...******* 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр утсаар ярьсан. Өөрийн биеэр очиж тохиролцъё гэж хэлээд тохиролцоод очиж үзсэн. Тухайн үед захын ханшаар төмсний 1 кг нь 500 төгрөг байсан. Надад 450 төгрөгөөр бодож, 6 тн төмсний мөнгө шилжүүлсэн. Төмсийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр эсхүл 05-ны өдөр авна гэж хэлсэн. Би 2 хүн авч ирж төмсийг ялгуулж, хураалгасан. Гэтэл нэхэмжлэгчээс ...бид 350 төгрөг, 400 төгрөгөөр авна... гэхэд нь би ...бидний хийсэн наймаа байгаа, төмсний үнэ 500 төгрөг байхад та 450 төгрөгөөр авсан. Одоо ханш нь буухад та яагаад ингэж байна вэ?... гэж хэлэхэд төмсийг аваагүй. Төмс нь зооринд бэлэн байсан. Гэтэл 350 төгрөгөөр авна гэж ногооны ханшийг багасгасан. Бидний хөдөлмөр шингэсэн байсан. Тэгэхэд нь бид өгөхгүй гэсэн. Тохирсон үнээр төмсийг өгөхөөр бэлдсэн байсан... гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* хариуцагч А.Болатбекээс Худалдах худалдан авах гэрээний улмаас үүссэн үүрэг 2,700,000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ; ...зохигч нарын хооронд Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй, учир нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл дээр талууд харилцан тохиролцож чадвал гэрээ байгуулагдсан гэж үздэг. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд талууд худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл болох үнэ дээр тохиролцож чадаагүй байна. Тиймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар хариуцагч ******* нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх зохицуулалтын дагуу харилцан буцааж өгөх үүрэгтэй тул 2,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож өгнө үү... гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан буюу Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д заасан гэрээ байгуулах санал болон хүлээн зөвшөөрөх санал байна. Ийнхүү гэрээ байгуулах санал болон саналын хариу байгаа тул талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж талуудын хооронд гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбараар буюу 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ******* нь 1 кг төмсийг 450 төгрөгөөр, нийт 6 тонн төмс худалдаж авахаар 2,700,000 төгрөгийг *******ийн данс руу шилжүүлсэн, худалдагч ******* нь 6 тонн төмсийг ууталж, бэлэн болгосноор зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.

Талууд 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1 кг төмсийг 450 төгрөгөөр, 6 тонн төмсийг 2,700,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон, ******* нь 2,700,000 төгрөгийг худалдагч *******ийн данс руу шилжүүлсэн гэдэгт маргаагүй болно.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан ба ...Надад 1 кг төмсийг 450 төгрөгөөр бодож, 6 тонн төмсний мөнгө шилжүүлсэн. Төмсийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр эсхүл 05-ны өдөр авна гэж хэлсэн. Би 2 хүн авч ирж төмсийг ялгуулж, хураалгасан. Гэтэл нэхэмжлэгчээс ...бид 350 төгрөг, 400 төгрөгөөр авна... гэхэд нь би ...бидний хийсэн наймаа байгаа, төмсний үнэ 500 төгрөг байхад та 450 төгрөгөөр авсан. Одоо ханш нь буухад та яагаад ингэж байна вэ?... гэж хэлэхэд төмсийг өөрөө авахаас татгалзсан тул би мөнгийг төлөх боломжгүй. Тухайн *******д өгөхөөр бэлдсэн төмс муудаж, соёолсон учраас асгасан... гэж маргана.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээж авах үүргийг тус тус хүлээхээр заасан байна.

Гэрч*******, ******* нарын шүүх хуралдаанд өгсөн ...2021 оны 03 дугаар сард ногоо ачихаар Ховд аймгийн Буянт сумд *******ийнд очсон. Бид гадаа машинд сууж байсан. *******,******* нар *******ийнд ороод гарч ирсэн ба төмс өгөхгүй байна, ачихааргүй болсон... гэх мэдүүлгүүдээр ******* *******ээс 6 тонн төмсийг хүлээж аваагүй болох нь, мөн нэхэмжлэгч *******ы зүгээс 1 кг төмсийг анх 450 төгрөгөөр тохиролцсон байх бөгөөд 2021 оны 03 дугаар сарын эхээр төмсний ханш буурсан гэх шалтгаанаар 1 кг төмсний үнийг 450 төгрөгөөр авах бус хэлэлцэн тохирсон үнээсээ доош үнээр авахаар санал гаргасан боловч хариуцагч ******* хүлээн авахаас татгалзснаар ******* нь 6 тонн төмсийг худалдаж авахаас татгалзсан нь тогтоогдов.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д ...Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ... гэж заажээ.

Талуудын тайлбараар нэхэмжлэгч ******* нь 1 кг төмсний үнийг 450 төгрөгөөр худалдаж авахгүй гэдгээ 2021 оны 03 дугаар сарын эхээр хариуцагч *******т мэдэгдсэн байх бөгөөд ******* нь гэрээнээс татгалзах эрх нь нээлттэй байна.

Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д ...Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь.. ...харилцан буцааж өгөх үүрэгтэй... гэж заасан байх бөгөөд нэг тал нь гэрээнээс татгалзсан бол өгсөн авснаа буцаах үүрэгтэй байх тул хариуцагч ******* нь 2,700,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна гэж дүгнэлээ.

Гэрч А.Елеуханы шүүх хуралдаанд өгсөн ...түүний дараа өөрийнхөө төмснөөс буулгахаар зооринд ороход Б.Одноод өгөх төмс соёолсон байсан. Уг төмсийг яагаад өгөөгүй вэ гэхэд 350 төгрөгөөр авъя гэхэд нь өгөөгүй гэж хэлсэн. 2021 оны 07 дугаар сард зооринд очиход төмс соёолсон байсан. Төмсөө ав гэж хэлээд бичлэгийг нь хийж авсан... гэх, хариуцагч *******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ...*******д өгөхөөр болсон төмсийг ялгаж, ууталж тавьсан байсан ба тухайн төмсийг ирээд аваагүй учир муудаж, асгасан... гэх боловч тухайн 6 тонн төмсийг хариуцагч ******* үргэлжлүүлэн өөрийнхөө зооринд хадгалж байсан эсэх, тухайн төмс нь муудсан эсэх талаарх үйл баримтыг баримтаар нотолж чадаагүй болохыг дурдвал зохино.

Иргэний хуулийн 259 дүгээр зүйлийн 259.3-т ...Энэ хуулийн 258 дугаар зүйлд заасан тохиолдолд хадгалах эд хөрөнгө нь түргэн муудах буюу үнэ нь буурах... ...бол хадгалах үүрэг бүхий тал нь энэ зүйлд заасан журмын дагуу түүнийг худалдах үүрэгтэй... гэж заажээ. Гэтэл хариуцагч ******* нь тухайн 6 тонн төмсийг хадгалах үүрэг хүлээсэн эсэх, хэрэв хадгалах үүрэг хүлээсэн гэж үзвэл дээрх зохицуулалтын дагуу төмсийг худалдах үүрэгтэй байх тул нэхэмжлэгч *******ыг буруутгахгүй юм.

Иймд, дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч *******ээс 2,700,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д ...нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ... гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1зааснаар *******ээс 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай. 2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 58,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай. 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Х.ТАСХЫН