Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 07

 

 

   2022          02           22                                  206/МА2022/00007

 

 

Б.*******ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2022/00004 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Олзвойн ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/

 

Хариуцагч:  Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт *******гийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн т холбогдох,

 

            Худалдан худалдан авах гэрээний улмаас үүссэн үүрэг 2,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэлийн агуулга:Худалдан худалдан гэрээний үүрэг биелүүлэх тухай.

 

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Худалдан худалдан авах гэрээний улмаас үүссэн үүрэг 2,700,000 төгрөгийг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Б.******* нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 5848041800 тоот дансанд 2,700,000 төгрөгийг 6 тонн төмс нэг кг-ийг 450 төгрөгөөр худалдан авахаар өөрийн 5863096873 тоот дансаар шилжүүлэн өгсөн.

Тэгээд төмсөө Буянт сумаас Ховд аймгийн төвд надад авч ирж хүлээлгэж өгөхөөр тохиролцсон бөгөөд удаа дараа утасдахад авчирч өгөөгүй. Ингээд сүүлдээ төмс өгч чадахгүй боллоо мөнгийг чинь буцааж өгнө гэсэн боловч өнөөдрийг болтол бидэнд нэг ч төгрөг өгөөгүй. А. руу утасдахаар одоо утсаа авахгүй зугтсаар байна.

Иймд А.ээс төмс худалдан авахаар шилжүүлсэн 2,700,000 төгрөгийг буцаан гаргуулж Б.******* надад өгөхийг хүсэж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.1. Хариуцагчийн татгалзлал: Би тэр цаасан дээр гарын үсэг зурсан гэдэг нь үнэн гэхдээ мөнгөө би өөрөө аваагүй нэхэмжлэлийн шаардлага хүлээн зөвшөөрөхгүй.

 

2.2.Хариуцагчийн татгалзлалын үндэслэл: Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Б.******* нь 5 жилийн хугацаанд А. надтай түншилж намар ургац хураах үеэр надаас төмс, хүнсний ногоо худалдаж авахаар тохиролцож худалдаж авах ногоогоо миний зооринд хадгалуулдаг. 2020 оны 9 дүгээр сарын сүүлч, 10 дугаар сарын эхээр Б.******* надтай утсаар ярьж, аймгийн төвд орж ирэхээрээ уулзаарай ногоо худалдаж авна гэсэн.

Би аймгийн төвд орж ирээд Б.*******ы хүнсний захад байдаг жимс ногооны дэлгүүрт нь очиж уулзсан. Бид 2 ярилцаад /тухайн үед төмс 1 кг нь 500 төгрөгийн үнэтэй байсан/ 1 кг төмсийг 450 төгрөгөөр өгч авахаар тохиролцож 6 тн төмсийг 2,700,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Төмсийг манай зооринд хадгалж байгаад мөнгөө шилжүүлээд авахаар болсон.

 

2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Б.*******аас 2,700,000 төгрөг шилжиж орж ирсэн тул би Б.*******тай утсаар ярьж Таньд өгөх төмсийг ялгаж байна ирээд аваарай гэхэд Б.******* Очиж авна гэсэн тул би төмсийг ууталж бэлэн болгоод, Б.******* ирж авахаар тохиролцсон. Би үүргээ биелүүлсэн тул Б.*******ы нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу. Б.******* 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр утсаар ярьсан. Өөрийн биеэр очиж тохиролцъё гэж хэлээд тохиролцоод очиж үзсэн. Тухайн үед захын ханшаар төмсний 1 кг нь 500 төгрөг байсан. Надад 450 төгрөгөөр бодож, 6 тн төмсний мөнгө шилжүүлсэн. Төмсийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр эсхүл 05-ны өдөр авна гэж хэлсэн. Би 2 хүн авч ирж төмсийг ялгуулж, хураалгасан. Гэтэл нэхэмжлэгчээс ...бид 350 төгрөг, 400 төгрөгөөр авна... гэхэд нь би ...бидний хийсэн наймаа байгаа, төмсний үнэ 500 төгрөг байхад та 450 төгрөгөөр авсан. Одоо ханш нь буухад та яагаад ингэж байна вэ?... гэж хэлэхэд төмсийг аваагүй. Төмс нь зооринд бэлэн байсан. Гэтэл 350 төгрөгөөр авна гэж ногооны ханшийг багасгасан. Бидний хөдөлмөр шингэсэн байсан. Тэгэхэд нь бид өгөхгүй гэсэн. Тохирсон үнээр төмсийг өгөхөөр бэлдсэн байсан гэжээ.

 

3.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дүгээр сарын 24-ний өдрийн 153/ШШ2022/00004 дугаар шийдвэрээр:

 

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар А.ээс 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож,

 

             Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчА.ээс 58,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож,

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж,

 

4.Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

4.1 Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт, маргааны агуулгыг зөв тайлбарлаагүй.

4.2 Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй.

4.3 Иймд давж заалдах гомдлыг хүлээн авч Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч А.т холбогдуулан “Худалдах, худалдан авах” гэрээний улмаас үүссэн үүрэг 2,700,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2021 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Хаан банкны 5863096873 тоот өөрийн эзэмшлийн данснаас 5848041800 дугаарын данс руу 14 цаг 57 минутад “odnoo toms” гэж 2,700,000 төгрөг шилжүүлсэн харилцах дансны хуулгыг шүүхэд гарган өгч, 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төмс авахаар Ховд аймгийн Буянт сум руу хамт очсон Б.Сандагсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэсүрэн нарыг шүүх хуралдаанд гэрчээр асуулгасан байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэн, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан байна.

 

2. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд  “би Б.*******д өгөх төмсөө хүнээр ялуулаад бэлдчихсэн байсан, би үүргээ биелүүлсэн. Харин нэхэмжлэгч нь 1кг төмсийг анх 450 төгрөгөөр авахаар тохиролцсон атлаа машин авч очихдоо 400 төгрөгөөр авна гэсэн. Үүнээс болж төмс муудсан тул би асгасан” гэжээ.

 

 А.т  нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлын үндэс болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах зорилгоор зоорины төмс ялгасан А.Элэухан, Т.Мейрангүл нарыг шүүх хуралдаанд гэрчээр асуулгажээ.

 

3. Анхан шатны шүүх “хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч  А.ийн Хаан банкны харилцах дансанд 2021 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 1кг-ийг нь 450 төгрөгөөр тооцож 6 тонн төмс авахаар тохиролцож мөнгийг шилүүлсэн ба 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төмсөө авахаар Буянт суманд очих үед “төмсний үнэ буусан” гэх шалтгаанаар нэхэмжлэгч нь 400 төгрөгөөр авна гэж, хариуцагч нь анх тохирсон 450 төгрөгөөрөө ав гэж үнийн талаар тохиролцоогүй бөгөөд тэр үеэс  хойш хариуцагч нь нэхэмжлэгчид төмс болон мөнгө буцааж өгөөгүй үйл баримт тогтоогдсон тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар “...хууль буюу гэрээнд заасны дагуу талуудын аль нэг нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч  А. нь нэхэмжлэгчээс дансаар шилжүүлэн авсан 2,700,000 төгрөгийг түүнд буцаан өгөх үүрэгтэй талаарх дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна” гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            4. Хариуцагчийн “зооринд хурааж хадгалсан төмс 5 дугаар сар хүртэл муудалгүй хадгалагддаг, бид Б.Оюунчулуунтай 5-6 жил түншилж хүнсний ногоо нийлүүлж бидний дунд итгэлцэл бий болсон, ингээд бид нэгэнт тохиролцсон учир төмсөө ирж авах байх гэж итгэж хүлээж байсан, мөн Ховд аймагт Ковид-19 халдварын тохиолдол бүртгэгдэж аймаг руу орох гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон тул өөр хүнд төмсөө зарж борлуулж чадалгүй байсаар төмс муудаж соёолсон тул асгасан”  гэх гомдол нотлох баримтад үндэслэгдээгүй, хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож

ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 153/ШШ2022/00004 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,   хариуцагч А.ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй  орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д  зааснаар  хариуцагчийн   давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  58,450  төгрөгийг  төрийн сангийн  дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          С.ӨМИРБЕК

                                                                      

                                                   ШҮҮГЧ                                          М.НЯМБАЯР