Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2020/ДШМ/1321

 

Э.Ж-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинзориг,

шүүгдэгч Э.Ж-гийн өмгөөлөгч М.Алтанцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/605 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ж-гийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Ж-д холбогдох эрүүгийн 1903012680552 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Э.Ж-, 1991 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Төв аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй

             Э.Ж- нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Дөлгөөн нуур” төвийн зүүн замд “Тоёота Приус” загварын, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан Ч.О-ын гарыг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

            мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр /утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэснийг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Э.Ж-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Ж-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж-гаас 1.138.172 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.О-ад олгож, хохирогч нь өөрт учирсан бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Э.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Э.Ж-гийн өмгөөлөгч М.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Хавтаст хэрэгт байгаа дүрс бичлэг нь тодорхой биш, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддоггүй ба зөвхөн гэрч О.Жаргалын мөрдөн байцаалтад өгсөн “...машиныг тойроод очиход гараа дайруулсан залуу ухаан алдсан байдалтай доошоо хараад хоёр гараа дэлгэсэн байдалтай хэвтэж байсан. Тэгээд би сандраад буцаад машины баруун талд гартал нөгөө машин огцом зүүн тийш дараад хөдлөхөөр нь “Та зогсооч ээ, хүн дайрлаа” гэж хэлтэл цонхоо хаагаад шууд давхиад явсан...” /хх 28/ гэсэн мэдүүлгийг үндэслэж яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Гэтэл гэрч О.Жаргал шүүхийн хэлэлцүүлэгт “...дайрсныг хараагүй, надтай цуг явж байсан найз маань дайрчихлаа гэсэн. Би бол хараагүй...” гэж мэдүүлсэн. Мөн хохирогч Ч.О- нь удаа дараа өөр мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд болсон үйл явдлын талаар тодорхой мэддэггүй. Түүний биед учирсан гэмтэл нь хэдийд, хаана үүсгэгдсэн, хэн үүсгэсэн болохыг хөдөлбөргүй нотлохгүйгээр гэрч болон хохирогчийн зөрүүтэй мэдүүлгийг үндэслэн ял оногдуулсан нь бүхэлдээ үндэслэлгүй.

            2. Гэрч У.Эрхэсийн “...үл таних хэдэн залуучууд ирээд О-ыг пивоны шилээр цохиод ухаан алдуулж унагаасан.... Хосоо бид хоёр араас нь хөөгөөд гүйцээгүй... эргээд иртэл зогсоосон такси байхгүй байсан бөгөөд О-ын амнаас цус гарчихсан байсан... маргааш нь О- гараа машинд дайруулсан гэж хэлсэн...”  /хх 25, 59/, Б.Хос-Эрдэнийн “...таксинд суух гэтэл О-ыг танихгүй өндөр, саарал хослолтой залуу ирээд эрүү хэсэг рүү нь пивоны шилээр цохитол О- таксины зүүн урд талын дугуйн дор гараа хийгээд ухаан алдаад унасан...” /хх 26, 60/, Ч.О-ын “...Эрхэс, Хос-Эрдэнэ бид гурав Микс бааранд орж бүжиглэсэн. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна... бид нар тэндээсээ такси бариад Гэмтлийн эмнэлэг орж гараа үзүүлсэн...” /хх 56-58/ гэсэн мэдүүлгээс үзвэл шүүгдэгч Э.Ж- нь хохирогч Ч.О-ын биед ямар нэг байдлаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэдэг нь нотлогддоггүй. 

            3. Цагдаагийн байгууллагад хохирогчийн эх Г.Содном-Өлзий гомдол гаргасан байхад хохирогчоос гэрчийн мэдүүлэг авахдаа түүний эхийг байлцуулсан нь гэрч хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн гэдэгт эргэлзээг бий болгож байна. Мөн насанд хүрээгүй гэрч Б.Хос-Эрдэнэ “гарыг дайрсныг харсан”, эсхүл “хараагүй” мэтээр мэдүүлдэг. У.Эрхэс, Б.Хос-Эрдэнэ нар буцаж ирээд нөгөө хоёр охинтойгоо цуг байсан мэтээр мэдүүлдэг боловч цуг байсан У.Эрхэс нь Ч.О-ын гарыг гэмтсэн талаар мэддэггүй.

            4. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах тухай хүсэлт гаргасныг хангаагүй буюу оролцогчийн эрхийг хангаагүй. Шинжээчийн дүгнэлтийн тодорхойлох, тогтоох хэсгүүд хоорондоо зөрчилдсөн эргэлзээ бүхий агуулгатай, мөн хэргийн бусад нотлох баримттай уялдаагүй байгаа нь харагддаг. Тодруулбал, “Ч.О-ын биед баруун гарын шуу, алганы гүн шарх, мэдрэл шөрмөс тасралт, шарх цэгцлэх мэс ажилбарын дараах байдал зэрэг гэмтэл тогтоогдлоо гэсэн боловч энэ нь ганц хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэж дүгнэсэн. Өвчний түүхэнд хэсэг газрын үзлэгт “баруун гарын сарвууны дотор тал, шууны дотор талд тус тус зүсэгдсэн шархтай, шарханд мэс заслын анхдагч цэгцэлгээ хийсэн” гэж бичигдсэнийг учирсан гэмтэл хэсэгтээ хүлээн зөвшөөрч бичээд, харин ямар хүчний ямар эд зүйлийн үйлчлэлээр зүсэгдсэн шархыг хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэсэн талаар ямар ч дүгнэлт өгөөгүй байсан.

            Хохирогч шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа “бусдад зодуулсан” гэж бичсэн байгаа. Энэ талаараа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, прокуророос хэргийг хааж шийдвэрлэсэн байдаг.

            Харин прокуророос шалгаж байгаа хэрэгт зам тээврийн ослын улмаас Ч.О-ын биед гэмтэл учирсан гэдгийг нотлоогүй, шинжээчийн дүгнэлт нь бусдад зодуулсан гэсэн агуулгаар дүгнэлт гаргасан, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа асуудлаар давхардуулж эрүүгийн хэргийг шалгаж байгаа нь үндэслэлгүй байгаа талаар, энэ хэргийн харъяалал, хэрэг шалгах эрх бүхий байгууллагын шийдвэрийг дээд шатны прокурорын газрын тогтоол шийдвэргүй шалгасан зэрэг зөрчилтэй байдлыг үүсгэсэн. Тээврийн осол гаргаагүй хүнийг цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэдэг нь үндэслэлгүй юм.

            Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч оролцож, гаргасан дүгнэлтийнхээ хууль зүйн үндэслэлийг тайлбарласан. Ингэхдээ ямар үйлчлэлийн улмаас тухайн шарх үүсэх боломжтой талаар мөн хатуу, мохоо зүйл гэж юуг ойлгох талаар дэлгэрэнгүй дурдсан. Хууль зөрчиж шинжээчийн дүгнэлт гаргасан гэх үндэслэл байгаагүй. Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь такси барих гээд зогсож байсан залуучууд дээр өөр хүмүүс ирж зодоон үүсгэх үед такси хөдөлж явахдаа хүний гар дайрсан байдаг. Зодоон нь энэ зам тээврийн осолтой холбоогүй. Тухайн үед хохирогчийн хажууд байсан гэрч “гарыг нь дайраад явсан” талаар хэлдэг. Эмнэлэгт үзүүлсэн цагийг буруу бичсэн зүйл байдаг. Гэхдээ гэрчүүдийн мэдүүлгээр тухайн осол болсны дараа шууд эмнэлэг рүү явсан талаарх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон. “Би ухаан алдсан байсан тул юу болсныг мэдээгүй, манай найз хэлсэн” гэж хохирогч мэдүүлсэн. Гэрч У.Эрхэс нь “О- нь машинд суусныхаа дараа “та нар намайг ийм болгосон байхад мэдээгүй юм уу” гэх байдлаар маргасан” гэж мэдүүлсэн байдаг. Хавтас хэрэгт камерын бичлэг авагдсан. Уг бичлэгт зодоон эхлэхэд машин хөдөлж юман дээгүүр гарч явж байгаа дүрс харагддаг. Эдгээрийг үндэслэн анхан шатны шүүхээс зам тээврийн осол гаргасан, мөн хохирогчид туслалцаа үзүүлээгүй явсан нь хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            Э.Ж- нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, “Дөлгөөн нуур” төвийн зүүн замд “Тоёота приус” загварын, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас автомашиных нь дэргэд бусдад зодуулан хэвтэж байсан Ч.О-ын баруун гарыг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, улмаар мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр /утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Ч.О- мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад “...тэр өдөр найзуудтайгаа ... баарнаас гараад замаас такси барьсан. ... манай хэд хойно нь суусан. Би урд суух гэж байтал араас хэдэн залуус ирээд миний нүүр лүү пивоны шилээр цохисон. Би зам дээр ухаан алдаад унахад Эрхэс, Хос-Эрдэнэ хоёр буугаад тэр залуустай зодолдоод, Хос-Эрдэнэ ууж байсан пивоны шилийг газар цохиж хагалаад нөгөө хүмүүсийг айлгаад араас нь хөөгөөд зугтаалгасан юм шиг байгаа юм. Тэгээд эргээд над дээр ирэх үед зогсож байсан такси хөдлөхдөө миний гарыг дайраад явчихсан гэсэн. ... нэг сэрэхэд гар цус болсон байсан. Ухаан алдаж унаснаасаа хойш юм санахгүй байна. ...” /1хх 21, 2хх 6/ гэж өөрийн биед учирсан гэмтлийн талаар,

            насанд хүрээгүй гэрч Б.Хос-Эрдэнээс “...О-ыг пивоны шилээр нүүрэн тус газар нь цохиод унагаасан чинь Эрхэс машинаас буугаад тэр хүмүүстэй зодолдсон. Тэгэхээр нь би ... хамт явж байсан охины ууж байсан пивоны шилийг газар цохиж хагалаад тэр хүмүүсийн араас нь хөөсөн боловч гүйцээгүй. Эрхэс тэр залуусыг хайгаад явж байхаар нь би О- руу буцаад гүйсэн. Тэгээд машины наана очсон чинь хамт явж байсан охин “хүний гар дайрчихлаа шүү дээ” гээд орилохоор нь очтол О- ухаан алдаад унасан, гар нь шилтэй наалдаад газарт цус гарчихсан байсан. ... О- бид хоёр тэр хоёр эмэгтэйн хамт Гэмтлийн эмнэлэг орсон. ...” /1хх 26/,

            гэрч О.Жаргалаас “...тэр залуу буугаад би баруун хойд хаалгаар буух үед хүмүүс машины урдуур гараад зугтаасан. Хойноос нь хоёр найз нь хөөгөөд гүйсэн. Тэгэхээр нь машиныг тойроод очиход гараа дайруулсан залуу ухаан алдсан, доошоо хараад хоёр гараа дэлгэсэн байдалтай хэвтэж байсан. Тэгээд би сандраад буцаад машины баруун талд гартал нөгөө машин огцом зүүн тийш дараад хөдлөхөөр нь “та зогсооч ээ, хүн дайрлаа” гэж хэлтэл цонхоо хаагаад шууд хурдан давхиад явсан. ... Бид нар Гэмтлийн эмнэлэг дээр боолт хийлгээд гэр лүүгээ харьцгаасан. ...” /1хх 28, 147/ гэж зам тээврийн осол гарсан нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь:

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-11/,

зам тээврийн осол гарсан байдлыг харуулсан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Минимаркет” хүнсний дэлгүүрийн гаднах хяналтын дүрс бичлэг, түүнийг эд мөрийн баримтаар хураан авч, үзлэг хийсэн “...02:01 секундэд ... такси барихаар гар өргөх үед автомашин ирж зогсоход ... зорчигч нараа суулгаж байхад автомашины хойд талаас хоёр хүн зууралдаж ноцолдсон байдалтай автомашины зүүн урд талд ирээд хаалга онгойлгох үед ямар нэгэн зодоон болоод автомашины гэрлийн урдуур нэг хүн гүйгээд зугтааж байв. Эсрэг талын урсгалаас автомашины гэрэл тусах үед автомашины зүүн талд нэг хүн газар унаад хэвтсэн байдалтай, нэг хүн хажууд нь сууж байхад автомашины хойд талаас хүмүүс буухад уг автомашин 04:31 секундэд хөдлөхөд ямар нэгэн зүйл дээгүүр гараад явж байв. ...” /1хх 13-15/ гэсэн тэмдэглэл,

хохирогчийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /1хх 157-165/,

хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 13224 дугаартай “...баруун гарын шуу, алганы гүн шарх, мэдрэл, шөрмөс тасралт, шарх цэгцлэх мэс ажилбарын дараах нөхцөл байдал зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ... эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. ...” /1хх 37/ гэсэн дүгнэлт,

            зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 166 дугаартай дүгнэлт /1хх 152-153/ зэргээр давхар нотлогджээ.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ж-гийн гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, түүнд хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн боловч гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн тайлбарыг няцаан үгүйсгээгүй, мөн шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг хэрхэн сонгосон шалтгаан үндэслэлээ тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтын шаардлагад нийцээгүй байна.

            Иймээс давж заалдах шатны шүүх хуульд нийцүүлэн дараах байдлаар нөхөн гүйцэтгэлээ.

Шүүгдэгч Э.Ж- “...би хүний гар дайраагүй...” гэж гэм буруугийн талаар маргадаг боловч энэ нь зам тээврийн осол гарсан нөхцөл байдлын талаар мэдүүлсэн гэрч О.Жаргал, насанд хүрээгүй гэрч Б.Хос-Эрдэнэ нарын өгсөн удаа дараагийн мэдүүлгээр няцаагддаг.

Хохирогч Ч.О- нь зам тээврийн осолд өртсөн өдрөө буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Б.Хос-Эрдэнэ, О.Жаргал нарын хамтаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзлэг, шинжилгээнд орсон ба 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хооронд тус төвд хэвтэн эмчлүүлсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, өвчний түүхийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Түүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 13224 дугаартай дүгнэлтийг түүний өвчний түүхэд үндэслэн гаргасан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч уг дүгнэлттэй танилцаад тодорхой санал, хүсэлт гаргаагүй /1хх 39/ байдаг.

Харин анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад, талуудын хүсэлтийг харгалзан шинжээч С.Одончимэгийг шүүх хуралдаанд оролцуулж, гаргасан дүгнэлттэй нь холбогдуулан эргэлзээ бүхий асуудлыг тодруулах зорилгоор тайлбар авахад “...болсон хэргийн товч агуулгыг өөрийнх нь хэлснээр бичдэг. ... бид нар хүнийг машинд мөргүүлээд ирсэн, эсхүл зодуулаад ирсэн эсэхийг мэдэхгүй. ... анх ирэхдээ шарх нь ангайсан байдалтай ирээгүй. Оёдол тавигдаад эмчилгээ хийгдсэн байдалтай ирсэн учраас ерөнхий “хатуу мохоо зүйлийн үйлчлэл” гэдэг утгаар нь бичсэн. Хагалгааны тэмдэглэлийг тэр чигээр нь бичдэг. Судас шөрмөс тасарсан, гэмтсэн, гүн зүсэгдсэн шарх гэмтлийг бид нар нүдээр үзээд бичиж байгаа юм биш. Өвчний түүх дээр бичигдсэнийг хуулж тавьсан. ... шарх доор нь шил таарч зүсдэггүй юм бол машины дугуй шарх үүсгэж чадахгүй. ...” /2хх 14-16/ хэмээн тусгай мэдлэгийнхээ хүрээнд үндэслэл бүхий мэдүүлэг өгчээ.

Өөрөөр хэлбэл, хохирогч Ч.О- хуучин гэмтэлтэй байсан, эсхүл өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ гэмтэл авсан гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд түүний биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Э.Ж-гийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.

Харин “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд уг гэмт хэрэг нь жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн буруутай үйл ажиллагаагаа мэдсээр байж холбогдох арга хэмжээг авалгүйгээр, хариуцлагаас зайлсхийх санаа зорилгоор хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан идэвхтэй үйлдлээр илэрдэг.

Хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч Э.Ж- нь хохирогч Ч.О-ыг бусдад пивоны шилээр цохиулж зам дээр унасан байхад нь автомашиныхаа зүүн урд дугуй хэсгээр түүний баруун гаран дээгүүр гарч, улмаар осол гаргасан байдлыг мэдэгдсэн бусдын үгийг үл тоон цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлж хэргийн газраас холдсон болох нь гэрчийн мэдүүлэг, камерын дүрс бичлэгээр тодорхойлогдож байна.

Иймээс гэм буруу, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар маргасан шүүгдэгч Э.Ж-гийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ж-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн дээрх авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогч Ч.О-ын гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцож, цаашид гарах эмчилгээний зардал буюу урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тогтоолдоо заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн зохицуулалттай нийцжээ.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Шүүгдэгч Э.Ж-гийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эдгээр ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “ялыг хүндрүүлэхгүй байх” хэмжээ, хязгаарын хүрээнд хөндөөгүй болно.

 Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ж-гийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/605 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ж-гийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                             ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

                             ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН