Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 605

 

 

 

 

 

 

 

      2020         06          23                                      2020/ШЦТ/605

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

          улсын яллагч Э.Намуун,

          шинжээч Л.Одончимэг,

          хохирогч Ч.Оюунбат,

          гэрч О.Жаргал,  

          шүүгдэгч Э.Ж, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, Э.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Э.Ж холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903012680552 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 05-нд Төв аймагт төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт тоотод түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.Ж /регистрийн дугаар /,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Э.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар үүргийн 9 дүгээр хороо, "Дөлгөөн нуур" төвийн зүүн замд "Тоёота Приус" маркийн 76-83 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана." гэснийг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан Ч.Оюунбатын гарыг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр учруулсан,

          мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ:а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, /тасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" гэснийг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Би тухайн өдөр Дөлгөөн нуураас ертөнцийн зүгээр хойшоо явж байсан. Урдаас 2 эмэгтэй, 1 эрэгтэй такси барих гээд гар өргөсөн. Тухайн үед би суулгасан. Цаанаас нь 2 найз нь гарч ирсэн. Тэр хоёр нь миний машины зүүн талаар урд талын суудал дээр нэгийгээ суулгах гэж байсан. Нэг нь нилээн тасарсан муудсан байсан. Тэрийгээ өргөөд суулгах гэж байх шиг байсан. Яг тэр үед ардаас нь  2 залуу гүйж ирээд зодолдоод эхэлсэн. Тэгээд миний ард сууж байсан 3 нь яасан бэ гээд гарсан. Ард талд голд нь сууж байсан залуу нь буугаад барьж байсан пивоны шилээ газар хагалсан. Шил хагарах шиг сонсогдсон. Тэр залууг буухад тэгж сонсогдсон. Зодолдоод ирэхээр нь гай болж янз бүрийн юм болох вий гэж бодоод би тэр газраас шууд хөдөлсөн...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед өдөр өөрийнхөө 76-83 УБД улсын дугаартай тоёота приус 20 маркийн автомашинтай ганцаараа таксинд явж байсан. Тэгээд Дөлгөөннуур худалдааны төвийн зүүн талын замаар хойшоо явж байтал зам дээр хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн гар өргөөд урд зогсохоор нь зогсоход тэр хүмүүс миний суугаад байж байгаарай гээд зогсож байхад хоёр согтуу хүн тэврэлдээд машины зүүн талд ирэх үед урдаас хоёр эрэгтэй хүн гүйж ирээд суух гэж байсан хоёр хүнтэй зодолдоод эхэлсэ, тэгсэн дотор сууж байсан хүмүүс орилоод буугаад шил хагарсан чимээ сонсогдоод зодолдоод эхлэхээр нь бушуухан явъя гэж бодоод хөдлөөд явсан…” гэсэн мэдүүлэг /хх-68-69/,

 

Хохирогч Ч.Оюунбат нь шүүхийн хэлэлцүүлэгт “…Тэр өдөр найзуудтайгаа уулзаад бааранд бүжиглээд байж байсан. Баарнаас гараад зам гараад такси барих гээд зогсож байсан. Тэр үед би 2, 3 пиво уусан байсан ба нээх их согтолттой байгаагүй. Такси бариад хойно нь манай хэд суусан. Би урд нь гараад суух гэтэл араас пивоны шилээр нүүр рүү цохисон. Газар ухаан алдаад тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Ухаан улдаж унаад нэг сэрэхэд гар цус болсон байсан. Өөр юм санахгүй байна. Ухаан алдаж унаснаасаа хойш юм санахгүй байна...” гэв,

түүний мөрдөн байцаалтад өгсөн “…би урд талд суух гэж байтал араас хэдэн залуус ирээд миний нүүр лүү пивоны шилээр цохиод би зам дээр ухаан алдаад унасан юм шиг байгаа юм, тэгсэн Эрхэс, Хос-Эрдэнэ хоёр буугаад тэр залуустай зодолдоод Хос-Эрдэнэ ууж байсан пивоны шилийг газар цохиж хагалаад нөгөө хүмүүсийг айлгаад араас нь хөөгөөд зугтаалгасан юм шиг байгаа юм, тэгээд эргээд буцаад над дээр ирэх үед зогсож байсан такси хөдлөхдөө миний гарыг дайраад хөдлөөд явчихсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-21/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Хос-Эрдэнийн “…Оюунбатыг пивоны шилээр нүүрэн тус газар нь цохиод унагасан чинь Эрхэс машинаас буугаад тэр хүмүүстэй зодолдсон, тэгэхээр нь би нэг охиныг машинаас буулгаад буухдаа хамт явж байсан охины ууж байсан пивоны шилийг газар цохиж хагалаад тэр хүмүүсийн араас нь хөөсөн боловч гүйцээгүй, Эрхэс тэр залуусыг хайгаад явж байхаар нь би Оюунбат руу буцаад гүйсэн, тэгээд машины наана очсон чинь хамт явж байсан охин “хүний гар дайрчихлаа шүү дээ” гээд орилсон, тэгэхээр нь очтол Оюунбат ухаан алдаад унасан, гар нь шилтэй наалдаад газарт цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-26/,

 

Гэрч О.Жаргалын “...тэр залуу буугаад би баруун хойд хаалгаар буух үед хүмүүс машины урдуур гараад зугтаасан, хойноос нь хоёр найз нь хөөгөөд гүйсэн, тэгэхээр нь  машиныг тойроод очиход гараа дайруулсан залуу ухаан алдсан байдалтай доошоо хараад хоёр гараа дэлгэсэн байдалтай хэвтэж байсан. Тэгээд би сандраад буцаад машины баруун талд гартал нөгөө машин огцом зүүн тийш дараад хөдлөхөөр нь “та зогсоочээ хүн дайрлаа” гэж хэлтэл цонхоо хаагаад шууд хурдан давхиад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-28/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹13224 тоот актын “…Ч.Оюунбатын биед баруун гарын шуу, алганы гүн шарх, мэдрэл, шөрмөс тасралт, шарх цэгцлэх мэс ажилбарын дараах байдал зэрэг гэмтэл тогтоогдлоо.  ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар санриулах тул  гэмтлийн хүндэвтэр  зэрэгт хамаарна. ...Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэн боломжтой. ...Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно...” гэсэн дүгнэлт /хх-37/,

 

Тээврийн цагдаагийн алба замын цагдаагийн газрын шинжээчийн 166 дугаартай дүгнэлт: “...Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн ослын газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, орчны байдал, гэрчүүдийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 59320 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэхэд Т.Приус маркийн 76-83 УБД улсын дугаартай автомашины жолооч Энхбаярын Жавхлан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 дахь заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. ...Явган зорчигч, Чинбатын Оюунбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. ...Асуултанд дурьдаагүй боловч хэрэгт холбогдол бүхий бусад зүйл илрээгүй, хавтаст хэрэг авагдсан материалд үндэслэн дүгнэлтийг гаргасан болно...” гэсэн дүгнэлт /152-153/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-7/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-8-9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-11/, хохирлын баримт /хх-78-80/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-33/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-73/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-34-35/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /хх-166-167/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Э.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар үүргийн 9 дүгээр хороо, "Дөлгөөн нуур" төвийн зүүн замд "Тоёота Приус" маркийн 76-83 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт "Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана." гэснийг зөрчсөний улмаас зам дээр хэвтэж байсан Ч.Оюунбатын гарыг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр учруулсан,

мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан "Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ:а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, /тасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" гэснийг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь дээр дурдсан хохирогч Ч.Оюунбат, гэрч О.Жаргал, насанд хүрээгүй гэрч Б.Хос-Эрдэнэ нарын мэдүүлгүүд,  шүүх эмнэлгийн шинжилгээний №13224 тоот актын дүгнэлт, Тээврийн цагдаагийн алба замын цагдаагийн газрын шинжээчийн 166 дугаартай дүгнэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Э.Жгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Э.Жгийн Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,

мөн түүний Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх, зам тээврийн осол гаргасан талаар зохих байгууллага буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлэлгүй, өөрөөр хэлбэл хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдлүүдийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Жг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.Жгийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Ч.Оюунбатад 1.138.172 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс 1.138.172 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Оюунбатад олгож, мөн хохирогч өөрт учирсан бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Жгийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Э.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Э.Жд оногдуулсан торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.Ж Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч Э.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Жд энэ тогтоолоор оногдуулсан торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Ж нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг тус тус тайлбарласугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргасугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Э.Жгаас 1.138.172 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Оюунбатад /РД: /-д олгож, хохирогч нь өөрт учирсан бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Э.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР