Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2022/00063

 

 

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2022/00063

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Засаг даргын орлогч*******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Жаргалан баг, 1-р 30 айлын орон сууцны 18 тоотод байрлах, *******-д холбогдох,

Ховд аймгийн Засаг даргын орлогч*******, нөгөө талаас ******* нарын хооронд байгуулагдсан Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээ-г цуцалж, гэрээний үүргээ биелүүлээгүй *******-иас үндсэн зээл болох 200,000,000 төгрөг, хүү 8,299,074 төгрөг, нийт 208,299,074 /хоёр зуун найман сая хоёр зуун ерөн есөн мянга далан дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ховд аймгийн Засаг даргын орлогч******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аймгийн ИТХ-ын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Төсөл сонгон шалгаруулах журам-ыг батлан гаргасан бөгөөд уг журмын хүрээнд аймгийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/374 дүгээр захирамжаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан.

Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр ирүүлсэн төслүүдийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хүлээн авсан ба *******-ийн төслийг шалгаруулан мөн оны 6 дугаар сарын 28-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч******* болон *******-ийн захирал ******* нарын хооронд Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээ-г байгуулсан.

Гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийн зээлийг сарын 0,025 хувь буюу нийт 12,448,611 төгрөгийн хүүтэйгээр, 36 сарын хугацаагаар олгосон. Хэдийгээр гэрээний хугацаа дуусаагүй ч зээлдэгч нь зээлээр хэрэгжүүлэх төслөө 2 жилийн турш хэрэгжүүлээгүй, төсөлд заагдсан ямар ч ажил хийгээгүй тул зээлийн гэрээг цуцалж, олгосон зээлийг бүхэлд нь хүүгийн хамт нэхэмжилж байна.

Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй *******-иас нийт олгосон зээл болох 200,000,000 төгрөг, хүү 8,299,074 төгрөг, нийт 208,299,074 төгрөг /хоёр зуун найман сая хоёр зуун ерөн есөн мянга далан дөрөв/-ийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******-ийн захирал ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ховд аймгийн Засаг даргын орлогч*******ы нэхэмжлэлтэй, *******-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 208,299,074 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү хариу тайлбарыг хариуцагчийн зүгээс гаргаж байна.

2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээг 3 жилийн хугацаатайгаар сарын 0,025 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд тухайн зээлийн гэрээний хугацаа 2022 оны 6 дугаар сард дуусах бөгөөд манай зүгээс гэрээнд заасан төсөл хэрэгжүүлэх үүргээ зөрчсөн зүйл байхгүй. Зээлийн гэрээний 3.1 дэх хэсэгт заасан эргэн төлөлтийн хугацаа дуусаагүй байхад зээлийг хүүгийн хамт буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

2019 оны 07 сард мөнгөө аваад БНХАУ-руу явж шаардлагатай тоног төхөөрөмжөө очиж аваад Монголд 9 дүгээр сард оруулж ирээд 11 дүгээр сар хүртэл барилгын ажлаа гүйцэтгэсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сард хил хаагдсан. Одоогоор тухайн зээлийн хөрөнгөөр шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг татан авалт хийсэн байгаа бөгөөд мөн 3 айлын эрчим хүчний хэмнэлттэй орон сууц баригдаад 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байтал КОВИД-19 өвчний улмаас хил нээгдэхгүй үлдсэн захиалгат барилгын материал, тоног төхөөрөмж ирэх боломжгүй болсноос үүдэн мөн улирлын чанартай ажил тул түр зогссон байгаа. Дэлхий нийтийн хэмжээнд бүхий л улс орон цар тахлаас үүдэн онцгой нөхцөл бий болсонтой холбоотойгоор Монгол улс Гамшгийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа тул энэхүү давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр манай төслийн ажил удаашралтай явагдах гол шалтгаан болсон. Түүнээс гэрээнд заасан ажлаа огт хийгээгүй, гүйцэтгээгүй зүйл огт байхгүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид өмнө нь ямар нэгэн гэрээ цуцпах болон шүүхэд хандах талаараа албан ёсоор мэдэгдэл бичгээр өгч байгаагүй байж шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь гэрээний 7.1 дэх заалтыг харгалзан үзээгүй байна. Гэрээ болон хуульд зааснаар хариуцагчийн буруугаас шалтгаалан гэрээг цуцлах үндэслэл үүсээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын ******* дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын орлогч*******, ******* нарын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээ-ний нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас *******-ийн ХААН банк дахь ******* тоот дансанд 200,000,000 төгрөгийн санхүүжилт олгосон нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс Санхүү, төрийн сангийн хэлтэст санхүүжилтийн эрх нээх мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 1/1697 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №80 дугаартай төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №91 дугаартай төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

4. Хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн *******-иас иргэн *******д олгосон итгэмжлэл, *******-ийн агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд авсан хөөсөнцөр шахах төхөөрөмжийн фото зураг, *******-ийн агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд 3 айлын цэвэр, бохир, дулаанд бүрэн холбогдсон орон сууцны барилгын дотор талыг харуулсан фото зураг, *******-ийн агаарын бохирдлыг бууруулах төслийн хүрээнд цэвэр, бохир, дулаанд бүрэн холбогдсон орон сууцны барилгын гадна талыг харуулсан фото зураг зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн дүгнээд нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шүүхэд нэг талаас Ховд аймгийн Засаг даргын орлогч*******, нөгөө талаас ******* нарын хооронд байгуулагдсан Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээ-г цуцалж, гэрээний үүргээ биелүүлээгүй *******-иас үндсэн зээл болох 200,000,000 төгрөг, хүү 8,299,074 төгрөг, нийт 208,299,074 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Төсөл сонгон шалгаруулах журам-ыг батлан гаргасан бөгөөд уг журмын хүрээнд аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/374 дугаартай захирамжаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдаж, Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах төсөл сонгон шалгаруулсан. Уг төсөлд *******-ийн төслийг шалгаруулан мөн оны 06 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээ байгуулагдсан юм. Өөрөөр хэлбэл, тухайн гэрээний агуулга нь залуу гэр бүлүүд нэгдсэн дулааны халаалтын шугамд холбогдсон байранд амьдрах, гэрт амьдарч байгаа айлуудад шалны халаалт суурилуулах зэрэг ажлууд хийгдэх ёстой байсан. Хэдийгээр гэрээний хугацаа дуусаагүй ч зээлдэгч нь зээлээр хэрэгжүүлэх төслөө 2 жилийн турш хэрэгжүүлээгүй, төсөлд заагдсан ямар ч ажил хийгээгүй тул зээлийн гэрээг цуцалж, зээлийг хүүгийн хамт нэхэмжилж байна... гээд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3, 225.7, 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч *******-ийн захирал ******* шүүхэд ...Тухайн зээлийн гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сард дуусах бөгөөд манай зүгээс гэрээнд заасан төсөл хэрэгжүүлэх үүргээ зөрчөөгүй, гэрээний 3.1 дэх хэсэгт заасан эргэн төлөлтийн хугацаа дуусаагүй байхад зээлийг хүүгийн хамт буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй. Одоогоор зээлийн хөрөнгөөр шаардлагатай тоног төхөөрөмжийг татан авч, мөн 3 айлын эрчим хүчний хэмнэлттэй орон сууц баригдаад 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байтал Ковид-19 цар тахал өвчний улмаас хил, гааль нээгдэхгүй үлдсэн захиалгат барилгын материал, тоног төхөөрөмж ирэх боломжгүй болсноос үүдэн мөн улирлын чанартай ажил түр зогссон байгаа... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчийн тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч ******* нь нэхэмжлэгчээс 200,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, гэрээний хугацааг талууд хэлэлцэн тохиролцож сунгаж болох нөхцөлтэй, сарын 0,025 хувийн хүүтэй тохиролцон зээлдэж авсан нь хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр нотлогдож байна. 

            Дээрх гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээл 200,000,000 төгрөг, үндсэн хүү 12,448,611 төгрөг, зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөх үүрэгтэй гэж, мөн гэрээний 1.3-т ...гэрээний төсөл хэрэгжүүлэгч бизнес төлөвлөгөө-нд заасан ажил үүргийг гүйцэтгэнэ..., 7.5-д ...Энтү ХХК-ийн Агаар орчныг бууруулах /2019-2022 онд хэрэгжих/ бизнес төлөвлөгөө гэрээний хавсралт болно... гэж тус тус тусгагдсан байх ба зээлдэгч уг зээлийг авснаар Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах төсөл хэрэгжүүлэх байсан нь талуудын маргаагүй байдлаар тогтоогдож байна.

            5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсжээ.

            6. Талуудын маргааны зүйл нь хариуцагч буюу зээлдэгч ******* нь зээлээр хэрэгжүүлэх төслөө 2 жилийн турш хэрэгжүүлээгүй, төсөлд заагдсан ямар ч ажил хийгээгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гэрээг цуцалж, үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү 8,299,074 төгрөг, нийт 208,299,074 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүхээс дүгнэлээ. Учир нь,

Энэхүү гэрээний 5.2.1-д ...гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс шаардах... гэж заасан хэдий ч зээлдэгч гэрээний дагуу ямар эрх, үүрэг хүлээсэн эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй. Зохигчдын төлөөлөгчдийн шүүх хуралдаанд тайлбарлаж байгаагаар Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах төсөл хэрэгжүүлэх хүрээнд тодорхой төрлийн ажил гүйцэтгэсэн байх ёстой гэх боловч энэ талаарх нотлох баримтаа аль аль талаас гаргаж өгөөгүй, тэдгээрийн тайлбарлаж байгаа байдал нь бусад хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүхээс Агаар орчны бохирдлыг бууруулах төслийн хүрээнд хариуцагч ******* нь ямар хэмжээний ажил хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүй талаарх асуудалд дүгнэлт хийгээгүй. Гагцхүү зээлийн гэрээний дагуу үүргээ зөрчсөн эсэх, хэрэв үүргээ зөрчсөн бол зээлдүүлэгч гэрээ болон хууль тогтоомжид заасан эрхээ хэрэгжүүлсэн эсэх үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өглөө.

Нэхэмжлэгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан ба нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэхүү үүргээ биелүүлж өөрийн шаардлагаа нотолж чадаагүй болно.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотойөөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр заасан байх бөгөөд хэргийн оролцогчдоос уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн, хуулийн этгээдээс нотлох баримт бүрдүүлэх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болохыг дурдвал зохино.

            Тэрээр, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг, хариуцлага тодорхойгүй байх учир шүүх ердийн гэрээний нөхцөл, өөрөөр хэлбэл Иргэний хуульд заасан зээлийн гэрээний ерөнхий нөхцлийг удирдлага болгосон ба нэхэмжлэгчийн төлөөлөгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3, 225.7, 227 дугаар зүйл, 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхээ тодорхойлсон.

Иргэний хуулийн үүргийн нийтлэг зохицуулалтад зөвхөн гэрээнээс татгалзах журмыг зохицуулсан боловч гэрээг цуцлах тохиолдолд уг журмын зарим зохицуулалт хамааралтай бөгөөд Иргэний хуулийн 204, 221, 225, 227 дугаар зүйл гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах аль ч үед хэрэглэгдэнэ.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3. Үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно, 225.5. Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй, 284 дүгээр зүйлийн 284.1. Зээлдэгчийн эд хөрөнгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болох нөхцөл байдал бий болсон бол зээлдүүлэгч зээлийг нэн даруй буцаан шаардах эрхтэй гэж тус тус заажээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч хуулийн уг зохицуулалтуудыг хэргийн нөхцөл байдалтай уялдуулан хариуцагч ******* нь нэгэнт төслийг хэрэгжүүлээгүй, цаашид ч гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхгүй болох нь илт болсон гэж тайлбарлах хэдий ч энэ талаарх үйл баримтыг нотлох баримтаар нотолж чадаагүйгээс гадна шаардах эрхийн үндэслэл нь мөн тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь зээлийн үүргээ гүйцэтгээгүйгээс гэрээг цуцлах эсэх, Агаар орчны бохирдлыг бууруулах төслийн хүрээнд ажил хэрэгжүүлээгүйтэй холбоотой гэрээг цуцлах гэж буй эсэх, эсхүл зээл төлөх чадваргүй болсон нөхцөл байдлын улмаас зээлийг буцаан шаардаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ тодорхойлж чадаагүй гэж үзлээ.

             Мөн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1. Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ талаар нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан ба зээлдүүлэгчээс зээлдэгч талд гэрээг цуцлах тухай огт мэдэгдээгүй байна. Нөгөө талаар талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.1-д ...Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс шаардах эрхтэй... гэж заасан байх ба хэрэв зээлдэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол зээлдүүлэгч гэрээний энэхүү заалтын дагуу зээлдэгч *******-иас үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байжээ. Гэвч талуудын мэтгэлцээний байр суурь, илэрхийллээс харахад, нэхэмжлэгч тал буюу зээлдүүлэгч талаас зээлдэгчид зээлийг олгосон өдрөөс хойш гэрээний үүргийн биелэлт болон Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах төслийн хүрээнд ******* нь ямар ажлыг хэрэгжүүлж байгаа талаарх асуудлаар хандаж байгаагүй, зээлийн зарцуулалтад ямар нэгэн хяналт тавиагүй, гэрээний үүргийн биелэлттэй холбоотой асуудлаар зээлдүүлэгч тал шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байгаа тул зээлдэгч талыг буюу хариуцагчийг шууд буруутгах үндэслэлгүй байна. Зүй нь, эрх бүхий албан тушаалтнуудаас гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлж, хяналт хийж, гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардлага, мэдэгдэл хүргүүлэх замаар эрхээ хэрэгжүүлэх ёстой байжээ.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусгавар болоогүй нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү 8,299,074 төгрөг, нийт 208,299,074 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            7. Харин зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох үед хариуцагч ******* нь Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах төслийн хүрээнд тодорхой төрлийн ажил хэрэгжүүлсэн, хэрэгжүүлээгүйгээс үл хамааран зээлийг буцаан төлөх үүрэгтэй байх ба зээлдүүлэгч зээлийг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

            8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т төсвийн байгууллагын гаргасан нэхэмжлэлийг чөлөөлнө гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн Ховд аймгийн Засаг даргын орлогч*******, нөгөө талаас ******* нарын хооронд байгуулагдсан Ховд аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээ-г цуцалж, гэрээний үүргээ биелүүлээгүй *******-иас нийт олгосон зээл болох 200,000,000 төгрөг, хүү 8,299,074 төгрөг, нийт 208,299,074 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгчийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Х.ТАСХЫН