Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 09

 

 

   2022          03           03                                    206/МА2022/00009

 

 

 

******* аймгийн ******* ******* орлогч

 Т.*******ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 153/ШШ2022/000063 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* ******* орлогч Т.*******

Хариуцагч:  ******* аймаг, т сум, баг, ******* 30 айлын орон сууцны тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/ -д холбогдох,

 гэрээний үүргээ биелүүлээгүй ******* ХХК-иас үндсэн зээл болох 200,000,000 төгрөг, хүү 8,299,074 төгрөг, нийт 208,299,074 /хоёр зуун найман сая хоёр зуун ерөн есөн мянга далан дөрөв/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Мөнхтуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.Нэхэмжлэлийн агуулга: Гэрээний үүрэг биелүүлэх тухай.

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргээ биелүүлээгүй ******* ХХК-иас үндсэн зээл болох 200,000,000 төгрөг, хүү 8,299,074 төгрөг, нийт 208,299,074 /хоёр зуун найман сая хоёр зуун ерөн есөн мянга далан дөрөв/ төгрөг гаргуулах тухай.

1.2.Нэхэмжлэлийн үндэслэл: Аймгийн ИТХ-ын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Төсөл сонгон шалгаруулах журам-ыг батлан гаргасан бөгөөд уг журмын хүрээнд аймгийн ******* ******* 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/374 дүгээр захирамжаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан.

******* аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр ирүүлсэн төслүүдийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хүлээн авсан ба ******* ХХК-ийн төслийг шалгаруулан мөн оны 6 дугаар сарын 28-ны өдөр аймгийн ******* ******* орлогч Т.******* болон ******* ХХК-ийн захирал П.Энхтайван нарын хооронд ******* аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээ-г байгуулсан.

Гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийн зээлийг сарын 0,025 хувь буюу нийт 12,448,611 төгрөгийн хүүтэйгээр, 36 сарын хугацаагаар олгосон. Хэдийгээр гэрээний хугацаа дуусаагүй ч зээлдэгч нь зээлээр хэрэгжүүлэх төслөө 2 жилийн турш хэрэгжүүлээгүй, төсөлд заагдсан ямар ч ажил хийгээгүй тул зээлийн гэрээг цуцалж, олгосон зээлийг бүхэлд нь хүүгийн хамт нэхэмжилж байна.

Иймд гэрээний үүргээ биелүүлээгүй ******* ХХК-иас нийт олгосон зээл болох 200,000,000 төгрөг, хүү 8,299,074 төгрөг, нийт 208,299,074 төгрөг /хоёр зуун найман сая хоёр зуун ерөн есөн мянга далан дөрөв/-ийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

2.1. Хариуцагчийн татгалзлал: Зээлийн гэрээний 3.1 дэх хэсэгт заасан эргэн төлөлтийн хугацаа дуусаагүй байхад зээлийг хүүгийн хамт буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

2.2.Хариуцагчийн татгалзлалын үндэслэл: ******* аймгийн ******* ******* орлогч Т.*******ы нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 208,299,074 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү хариу тайлбарыг хариуцагчийн зүгээс гаргаж байна.

2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ******* аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээг 3 жилийн хугацаатайгаар сарын 0,025 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд тухайн зээлийн гэрээний хугацаа 2022 оны 6 дугаар сард дуусах бөгөөд манай зүгээс гэрээнд заасан төсөл хэрэгжүүлэх үүргээ зөрчсөн зүйл байхгүй. Зээлийн гэрээний 3.1 дэх хэсэгт заасан эргэн төлөлтийн хугацаа дуусаагүй байхад зээлийг хүүгийн хамт буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

2019 оны 07 сард мөнгөө аваад БНХАУ-руу явж шаардлагатай тоног төхөөрөмжөө очиж аваад Монголд 9 дүгээр сард оруулж ирээд 11 дүгээр сар хүртэл барилгын ажлаа гүйцэтгэсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сард хил хаагдсан. Одоогоор тухайн зээлийн хөрөнгөөр шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг татан авалт хийсэн байгаа бөгөөд мөн 3 айлын эрчим хүчний хэмнэлттэй орон сууц баригдаад 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байтал КОВИД-19 өвчний улмаас хил нээгдэхгүй үлдсэн захиалгат барилгын материал, тоног төхөөрөмж ирэх боломжгүй болсноос үүдэн мөн улирлын чанартай ажил тул түр зогссон байгаа. Дэлхий нийтийн хэмжээнд бүхий л улс орон цар тахлаас үүдэн онцгой нөхцөл бий болсонтой холбоотойгоор Монгол улс Гамшгийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа тул энэхүү давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр манай төслийн ажил удаашралтай явагдах гол шалтгаан болсон. Түүнээс гэрээнд заасан ажлаа огт хийгээгүй, гүйцэтгээгүй зүйл огт байхгүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид өмнө нь ямар нэгэн гэрээ цуцпах болон шүүхэд хандах талаараа албан ёсоор мэдэгдэл бичгээр өгч байгаагүй байж шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь гэрээний 7.1 дэх заалтыг харгалзан үзээгүй байна. Гэрээ болон хуульд зааснаар хариуцагчийн буруугаас шалтгаалан гэрээг цуцлах үндэслэл үүсээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 153/ШШ2022/00063 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ******* аймгийн ******* ******* орлогч Т.*******, нөгөө талаас ******* ХХК нарын хооронд байгуулагдсан ******* аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээ-г цуцалж, гэрээний үүргээ биелүүлээгүй ******* ХХК-иас нийт олгосон зээл болох 200,000,000 төгрөг, хүү 8,299,074 төгрөг, нийт 208,299,074 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгчийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 200,000,000/ хоёр зуун сая/ төгрөгийн зээлийг сарын 0,025 хувь буюу нийт 12,448,611 төгрөгийн хүүтэйгээр, 36 сарын хугацаагаар олгосон. Хэдийгээр гэрээний хугацаа дуусаагүй ч зээлдэгч нь зээлээр хэрэгжүүлэх төслөө 2 жилийн турш хэрэгжүүлээгүй, төсөлд заагдсан ямар ч ажил хийгээгүй тул зээлийн гэрээг цуцалж, олгосон зээлийг бүхэлд нь хүүгийн хамт нэхэмжилсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зээлдэгч гэрээний дагуу ямар эрх, үүрэг хүлээсэн эсэх нь ойлгомжгүй гэж дүгнэсэн нь шүүхийн алдаа гэж үзэж байна. ******* ХХК-нь зээлийн гэрээний дагуу агаар орчны бохирдлыг бууруулах бизнес төлөвлөгөөнд тулгуурлаж зээлийг зориулалтын дагуу зарцуулж буцаан төлөх үүрэгтэй. Бизнес төлөвлөгөөний дагуу ажлаа хийгээгүй бол зээлдүүлэгч зээлдэгчээс хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах бүрэн боломжтой юм. Зээлдэгчийн гэрээний үүрэг нь бизнес төлөвлөгөөнд заагдсан ажлыг хэрэгжүүлэх ёстой.

Зээлийн гэрээний хувьд тус гэрээнд эрх, үүргийг нарийвчлан заагаагүй бол Иргэний хуульд заасан зээлийн гэрээний ерөнхий нөхцлийг удирдлага болгох ёстой.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зээлийг буцаан шаардаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ тодорхойлж чадаагүй гэж үзлээ гэсэн нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн зөв дүгнэлт хийж чадаагүйг нотолж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* ******* орлогч Т.******* нь ******* ХХК-нд  холбогдуулан нэг талаас ******* аймгийн ******* ******* орлогч Т.*******, нөгөө талаас “*******” ХХК-ийн хооронд байгуулсан “******* аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээ”-г цуцалж, гэрээний үүргээ биелүүлээгүй “*******” ХХК-иас үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү 8,299,074 төгрөг нийт 208,299,074 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор талуудын хооронд байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “******* аймгийн агаар орчны бохирдлыг бууруулах зээлийн гэрээ”, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ******* ХХК нь ******* аймгийн ******* ******* Тамгын газраас 200,000,000 төгрөг нэхэмжилсэн баримт, ******* ******* Тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс санхүү, төрийн сангийн хэлтэст санхүүжилтийн эрх нээх мэдэгдэл, аймгийн Санхүү төрийн сангийн дарга Ч.Багдалд аймгийн ******* ******* орлогч Т.******* 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр “******* ХХК-ийн төсөл шалгарсан тул холбогдох санхүүжилтийг олгохыг хүссэн” албан тоот, ******* ХХК-ийн Хаан банкны 5862042079 тоот дансанд 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 100,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 100,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн төлбөрийн хүсэлт зэрэг баримтуудын хуулбарыг гарган өгчээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн дээр дурдсан нотлох баримтуудад ******* аймаг дахь шүүхийн ******* газрын “шүүхийн архивын хуулбар үнэн” тэмдэг дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангаагүй байхад шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байна.

2. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд  “ажил зохих хэмжээнд хийгээд явж байсан боловч Ковид-19 өвчний улмаас хил нээгдэхгүй үлдсэн захиалгат барилгын материал тоног төхөөрөмж ирэх боломжгүй болсноос ажил түр зогссон, зээлийн гэрээний 3.1 дэх хэсэгт заасан эргэн төлөлтийн хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй” гэжээ.

Хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлохоор нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн, дээр дурдсан бүх нотлох баримтуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт нийцсэн байна.

3. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.1-д “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдэгчээс шаардах эрхтэй” гэж заасан хэдий ч гэрээний дагуу ямар эрх үүрэг хүлээсэн эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй. ...төслийн хүрээнд тодорхой төрлийн ажил гүйцэтгэсэн байх ёстой гэх боловч энэ талаарх нотлох баримтаа аль аль талаас гаргаж өгөөгүй, тэдгээрийн тайлбарлаж байгаа байдал нь бусад хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүхээс “Агаар орчны бохирдлыг бууруулах” төслийн хүрээнд хариуцагч ******* ХХК нь ямар хэмжээний ажил хэрэгжүүлсэн, эсхүл хэрэгжүүлээгүй талаарх асуудалд дүгнэлт хийгээгүй. Гагцхүү зээлийн гэрээний дагуу үүргээ зөрчсөн эсэх, хэрэв зөрчсөн бол зээлдүүлэгч гэрээ болон хууль тогтоомжид заасан эрхээ хэрэгжүүлсэн эсэх үйл баримтын талаар үнэлэлт дүгнэлт өглөө гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “талуудын маргаж буй үйл баримт” тогтоогдоогүй байхад шүүх маргаантай үйл баримтын талаар дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Тухайлбал нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч ******* ХХК нь агаар орчны бохирдлыг бууруулах төслийн хүрээнд хийх ёстой ажил үүргээ хэрэгжүүлээгүй буюу зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй” гэж тайлбарласан байхад хариуцагч талаас “зээлийн хөрөнгөөр шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг татан авалт хийсэн байгаа бөгөөд мөн 3 айлын эрчим хүчний хэмнэлттэй орон сууц баригдаад 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байтал Ковид-19 өвчний улмаас хил нээгдэхгүй үлдсэн захиалгат барилгын материал тоног төхөөрөмж ирэх боломжгүй болсноос ажил түр зогссон” гэж тайлбарласан ба энэ байдлаар нотлох зорилгоор хэргийн 47-49 дүгээр хуудас 6 ширхэг фото зураг гаргаж өгсөн байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.5-д “******* ХХК-ийн Агаар орчныг бууруулах /2019-2022 онд хэрэгжих/ бизнес төлөвлөгөө гэрээний хавсралт хэсэг болно” гэж заасан байхад гэрээний хавсралт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь гэрээнд заасан ажил үүрэг гүйцэтгэхийн тулд хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн буюу тоног төхөөрөмж хилээр оруулж ирсэн, 3 айлын эрчим хүчний хэмнэлттэй орон сууц хэдэн хувийн гүйцэтгэлтэй баригдсан, цаашид 100 хувийн гүйцэтгэл буюу ашиглалтанд орох боломжтой эсэх, гүйцэтгэл дутуу орон сууцанд хэдий хэмжээний өртөг зардал орсон эсэх талаар шүүхэд гаргаж өгсөн 6 ширхэг фото зургаас өөр баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл талуудын аль аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “шүүхэд нотлох баримт гаргаж өгөх замаар мэтгэлцэх, маргаж буй үйл баримтыг нотлох баримтаар тогтоох” зарчмыг хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт заасан “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн” нөхцөл байдал бий болоогүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд “тухайн компанийн төсөл дээр зээлийн эргэн төлөлтийн хуваар харагдаж байсан, өнөөдрийн байдлаар 150,000,000 төгрөг төлсөн байх ёстой” гэж тайлбарласан байхад шүүх “зээлийн эргэн төлөлтийн хугацааг хариуцагч зөрчсөн, эсхүл хариуцагч нь “Агаар орчныг бууруулах” бизнес төлөвлөгөөнд заасан ажлаа хийгээгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан эсэх талаар нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулахгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.     

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдож байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

            4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоос “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх хүсэлтийг агуулгын хувьд хүлээн авсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 153/ШШ2022/00063 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч тал нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Н.ТУЯА

 

                                            ШҮҮГЧ                                               Л.АЛТАН

                                                                     

                                             ШҮҮГЧ                                             М.НЯМБАЯР