Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хурметханы Тасхын |
Хэргийн индекс | 153/2021/01030/И |
Дугаар | 153/ШШ2022/00088 |
Огноо | 2022-01-28 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 153/ШШ2022/00088
2022 оны 01 сарын 28 өдөр | Дугаар 153/ШШ2022/00088 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 5-24 тоотод оршин суух, Санжжавын Пунцагноровын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Эрүүл мэндийн газар /РД:9066373/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай С.Пунцагноровыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, мөн өдрийн А/02 дугаартай С.Пунцагноровын ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах, Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас 2,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Пунцагноров, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Далайбаяр /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Пунцагноров нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Миний бие С.Пунцагноров нь Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт нягтлан бодогчоор 2013 онд орсон. Түүнээс хойш тасралтгүй ажиллаж байсан. 2019 онд аудитын байгууллага шалгалт хийж зөрчил дутагдал илэрсэн. Тэгээд 2019 онд намайг ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр цалингийн хувиар арга хэмжээ авагдсан. Мөн эрүүгийн журмаар шийтгүүлсэн. Би тухайн зөрчлүүдээ хүлээн зөвшөөрч байгаа. Ингээд би ажлаасаа өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдөх хүсэлт гаргасан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Ингээд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хамт олны зөвлөгөөн хийгээд гэнэт миний ажлыг хүлээж аваад өөр хүнд өгсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл надад ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөөгүй. Би тушаалаа авах гэж удаа дараа очсон боловч таны ажлыг өөр хүнд хүлээлцсэн тул өгөх боломжгүй гэдэг байдлаар хандсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд тушаалыг заавал гардуулж өгсөн байхыг шаарддаг. Би улсад нийтдээ 30 орчим жил ажиллаж байна. Би өөрийн гаргасан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрсөн. Би цаашид ажиллахгүй, өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдье гэхэд хүсэлтийг санаатайгаар дарагдуулж, миний хөдөлмөрийн хуульд заасан эрхийг ноцтойгоор зөрчсөн. Би өөрийн гаргасан зөрчил дээрээ арга хэмжээ үндэслэлгүйгээр авахуулж, мөн эрүүгийн журмаар шалгуулж холбогдох шийтгэлээ хүлээсэн. Эрүүл мэндийн даргын хувьд өөрөө байгууллагын хөрөнгийг шамшигдуулдаг, бэлэн мөнгийг дур мэдэн бэлнээр гаргуулж зарцуулдаг. Энэ асуудлыг шат шатанд нь хэрэг хянан шийдвэрлэх явцад холбогдох байгууллагуудад гомдол гаргаж шийдвэрлүүлэх болно. Миний гаргасан зөрчил дээр үндсэндээ 3 удаа арга хэмжээ авсан. Иймд миний хүсэлтийг хүлээн авч намайг Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын нягтлан бологчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 5,982,562 төгрөг, мөн ажиллаж байх хугацаандаа би хувиасаа гаргасан мөнгө болох 2,200,000 төгрөг, нийт 8,182,564 төгрөгийг Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч С.Пунцагноров нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: ...Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/02 дугаартай С.Пунцагноровын ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаал гаргахдаа Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.2 дахь заалтыг үндэслэж тушаал гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Хавтаст хэргийн материалтай танилцаж байхдаа Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай тушаал байгааг мэдсэн. Уг тушаалыг надад танилцуулаагүй, гардуулаагүй, намайг ажил хүлээлцэх үед гараагүй байсан бөгөөд нөхөж, хуурамч тушаал гаргасан байна. Намайг ажил хүлээлцэх үед Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/02 дугаартай тушаалыг уншиж сонсгосон. Тухайн өдрийн хурлын протокол дээр тодорхой байгаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлаагүй.
Миний хувьд Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/02 дугаартай С.Пунцагноровын ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаалыг гардаж авахаар удаа дараа Эрүүл мэндийн газарт очсон боловч 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гардаж авснаар гарын үсэг зурвал өгнө эс тэгвээс шүүхээр гаргуулж ав гэж өнөөдрийг хүртэл өгөхгүй чирэгдүүлсээр ирсэн тул хэргийн материалаас хуулбарлаж аваад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж байна. Ховд аймгийн Эрүүл мэндийн газар нь миний Монгол улсын Үндсэн хуулинд заасан хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрхийг зөрчиж ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
3. Хариуцагчийн төлөөлөгч Ц.Мягмарсүрэн нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Ховд аймгийн Эрүүл мэндийн газар нь С.Пунцагноровын танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан аваад бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасны дагуу дараах тайлбарыг гаргалаа. Үүнд:
Нэг.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэжээ. С.Пунцагноров нь Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гаргасан нь хуулийн дээрх заалтад дурдсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаар шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ. Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар С.Пунцагноровыг нягтлан бодогчийн ажлаас халж, мөн өдрийн А/02 дугаар тушаалаар ажил хүлээлцүүлэх комиссыг томилсон. Ажил хүлээлцүүлэх комисс 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нягтлан бодогчийн ажил хүлээлцүүлж, ажлаас халсан тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хамт мөн өдөрт нь С.Пунцагноровт гардуулан өгсөн. Иймдээ ч С.Пунцагноров нь 2020 оны 1 дүгээр улиралд нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авсан байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10 дугаар зүйлийн 3-т зааснаар ажилгүйдлийн тэтгэмж тогтоохдоо ажлаас халсан шийдвэрийг үндэслэж олгодог.
Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 28 дахь заалтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан "хүндэтгэн үзэх шалтгаан-ыг энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж албан ёсоор тайлбарлажээ. С.Пунцагноровын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг удаа дараагийн үйлдлээр хувьдаа завшсан гэмт хэрэгтээ гэм буруутайд тооцуулж, ялаар шийтгүүлсэн үйл баримт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдал буюу хүндэтгэн үзэх шалтгаан биш. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 153/Ш32020/00479 дүгээр захирамжаар ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас хойш С.Пунцагноров нь хуулийн дээрх заалтад дурдсан хугацааны дотор дахин шүүхэд нэхэмжлэл гаргаагүй.
Хоёр. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байхаар заажээ. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны "ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй" нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг шаарддаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгодог. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй.
Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Пунцагноровын удаа дараалан сахилгын зөрчил гаргаж, ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон нийцлийн аудитын дүгнэлтээр тус тус тогтоогдсон. Тодруулбал:
1.С.Пунцагноров нь 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу эрүүл мэндийн салбарын ажилтнуудад олгох тэтгэмжээс албан тушаалын байдлаа ашиглаж 6,295,200 төгрөгийг өөрийн болон эхнэр Ц.Юмжавын данс руу шилжүүлэн хувьдаа завшсан гэмт үйлдэлдээ Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
2.С.Пунцагноров нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрийн хүсэлтээр Хаан банк руу 69 хүнд 128,000,000 төгрөгийн тэтгэмж шилжүүлсэн бөгөөд жагсаалтын мөнгөн дүнгээс 1,853,200 төгрөгийг эхнэр Ц.Юмжавын Хаан банк дахь 5845403876 тоот харилцах данс руу шилжүүлж, итгэмжлэн хариуцсан хөрөнгө завшсан.
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр лаборант Л.Энхжаргалын Хаан банк дахь дансанд 3,464,000 төгрөгийг шилжүүлж, батлагдсан дүнгээс 966,000 төгрөгийг илүү олгож, тухайн мөнгийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Хаан банкны 5862028611 тоот данснаас өөрийн 5850008925 тоот данс руу шилжүүлж, итгэмжлэн хариуцсан хөрөнгө завшсан, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 80 хүнд 282,900,000 төгрөгийн тэтгэмжийг олгохдоо байгууллагын санхүүгийн баримтад ПЮ71102098 дугаартай Б.Алтангэрэлийн 5845417483 тоот дансанд 1,818,800 төгрөг олгохоор бичсэн, банканд хүргүүлсэн жагсаалтад ПП69042414 регистрийн дугаартай С.Пунцагноровын 5845417483 тоот дансанд 1,800,000 төгрөгийг шилжүүлэн авч, итгэмжлэн хариуцсан хөрөнгө завшсан, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мөнгөн тэтгэмж олгох жагсаалтад ПМ84050302 регистрийн дугаартай Б.Уранцэцэгт 2,872,400 төгрөгийг 5845242910 тоот дансанд Хаан банканд хүргүүлсэн жагсаалтаар ПВ77010302 регистрийн дугаартай Б.Оюунтуулын Хаан банкны 5845242910 тоот дансанд 2,872,400 төгрөгийг 2 удаа шилжүүлж, 5845242910 тоот данснаас 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 5850008925 тоот өөрийн данс руу шилжүүлэн авч, итгэмжлэн хариуцсан хөрөнгө завшсан, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 13 хүнд 40,000,000 төгрөгийн тэтгэмж олгох жагсаалтыг Хаан банк руу шилжүүлсэн боловч тэтгэмжээс Л.Баярцэцэгийн 5845417483 тоот дансанд 3,100,000 төгрөгийг нягтлан бодогчийн ПП69042414 регистрийн дугаартай өөрийн дансанд 5845403878 тоот данстай Л.Баярцэцэг гэж бичиж, ПП69012007 регистрийн дугаартай Ц.Юмжавын дансруу шилжүүлж, нийт 13,733,200 төгрөгийг хохирол учруулсан гэмт үйлдэлдээ Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 16,250,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн. Уг шийтгэх тогтоолоор С.Пунцагноровоос 13,733,200 төгрөг гаргуулж, Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт олгохоор шийдвэрлэсэн.
3. Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/105 дугаар Төсвийн орлого болгох тухай актаар С.Пунцагноровын эмнэлгийн мэргэжилтэнд олгогдох тэтгэмжээс өөрийн болон гэр бүлийн хүний Хаан банк дахь харилцах данс руу шилжүүлсэн, зарим мэргэжилтэнд тэтгэмжийн мөнгийг илүү олгож, зөрүүг тухайн хүнээр өөрийн хувийн харилцах данс руу шилжүүлэн авсантай холбоотой 13,733,200 төгрөгийн алдааг илрүүлсэн. Улмаар уг 13,733,200 төгрөгийг С.Пунцагноровоор нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг тэрээр хүлээн зөвшөөрч аудиторын актад гарын үсэг зурсан байдаг.
Гурав. Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалаар С.Пунцагноровт эмнэлгийн мэргэжилтэнд олгогдох тэтгэмжийг илүү олгосон, тушаалгүйгээр гүйлгээ хийсэн зөрчилд нь үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг сахилгын зөрчил, түүнд ногдуулсан шийтгэлийг С.Пунцагноров хүлээн зөвшөөрч, 3 сарын хугацаанд цалингаасаа суутгал хийлгэсэн.
Дөрөв. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-т Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэжээ. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор С.Пунцагноровоос 13,733,200 төгрөгийн хохирол гаргуулж, Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт олгохоор шийдвэрлэсэн. Ховд аймгийн Эрүүл мэндийн газар нь С.Пунцагноровт төлөх ямар нэг төлбөр байхгүй. Харин С.Пунцагноров нь Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт учруулсан хохирлоо бүрэн төлөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. С.Пунцагноров нь 2014-2019 онуудад 14,090,000 төгрөгийн цалингийн урьдчилгааг өөртөө авснаас 4,145,704 төгрөгийг одоог хүртэл буцааж төлөөгүй, Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа завшсан удаагийн гэмт үйлдлээ С.Пунцагноров хүлээн зөвшөөрч, ял шийтгүүлсэн талаараа нэхэмжлэлдээ дурдсан. Иймд Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын санаачилгаар С.Пунцагноровтой байгуулсан хөдөлмөрийг гэрээг цуцалж, түүнийг нягтлан бодогчийн ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасантай нийцсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу С.Пунцагноровын Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсье... гэжээ.
4. Нэхэмжлэгчээс Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШЗ2020/00479 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Ховд аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 217 дугаартай албан бичиг, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.5-д заасны дагуу Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас олгосон тэтгэмжийн орлого, зарлагын тооцоо, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасны дагуу Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас тэтгэмж авах хүмүүсийн нэрсийн жагсаалт, Алаг адуу овогт Санжжавын Пунцагноровын нэр дээрх №А000056474 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Пунцагноровын цалингийн тооцоолол, С.Пунцагноровын 2020 оны 02 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сарыг дуустал хугацааны цалингийн тооцоолол зэрэг баримтуудыг,
Хариуцагч талаас Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1/104 дугаартай актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/105 дугаартай актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2/107 дугаартай албан шаардлагын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/03 дугаартай С.Пунцагноровт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Н/732 дугаартай мэдэгдлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай С.Пунцагноровыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/02 дугаартай С.Пунцагноровын ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/29 дугаартай Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын хөдөлмөрийн дотоод журмын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн С.Пунцагноровын ажлыг С.Мөнх-Уянгад хүлээлцүүлсэн актын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтангэрэл, С.Пунцагноров нарын байгуулсан 05 дугаартай хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, С.Пунцагноровын 2019 оны цалингийн картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны ээлжийн амралтын тооцооны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Ногдох амралт олгох хуудас-ны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын ажилчдын цалингийн картын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Ээлжийн амралт олгох хуудас-ны хуулбар, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/23 дугаартай Ээлжийн амралтын хуваарь батлах тухай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын ажилчдын 2019 оны амралтын хуваарийн хуулбар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШЗ2020/02184 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 153/ШЗ2020/02279 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын 2019 оны Баримт бичиг хүлээлцэх дэвтэр, 2020 оны Цагийн бүртгэл-1 зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын Албан бичгийн бүртгэл-ээс нэхэмжлэгч С.Пунцагноровыг ажлаас чөлөөлүүлэхийг мэдэгдсэн мэдэгдэх хуудсыг танилцуулсан баримт, ажлаас чөлөөлсөн тушаалыг албан ёсоор гардуулан өгсөн баримтын хуулбар зэргийг, хариуцагч талын хүсэлтээр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хадгалагдаж байгаа С.Пунцагноровын ажилгүйдлийн тэтгэмжийн хувийн хэрэгт үзлэг хийж баталгаажуулж авсан С.Пунцагноровын ажилгүйдлийн тэтгэмжийн хувийн хэрэг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай С.Пунцагноровыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай, мөн өдрийн А/02 дугаартай С.Пунцагноровын ажлыг хүлээлцэх комисс томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгуулах, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт хувиасаа гаргасан мөнгө болох 2,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Хариуцагч талаас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
- С.Пунцагноровыг Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 тоот тушаалаар халж, мөн өдрийн А/02 тоот тушаалаар ажил хүлээлцүүлэх комиссыг томилж, уг комисс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ажлаас халсан тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хамт С.Пунцагноровт гардуулан өгсөн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3-т зааснаар ажилгүйдлийн тэтгэмж тогтоохдоо ажлаас халсан шийдвэрийг үндэслэж олгодог. С.Пунцагноров нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн.
- С.Пунцагноров нь Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгүүлсэн.
- С.Пунцагноров нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 3,100,000 төгрөгийг эхнэр Ц.Юмжавын данс руу шилжүүлсэн гэмт үйлдэлдээ 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн шийтгэх тогтоолоор торгох ялаар шийтгүүлсэн.
- Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2/105 дугаар Төсвийн орлого болгох тухай актаар С.Пунцагноровын эмнэлгийн мэргэжилтэнд олгох тэтгэмжээс өөрийн болон гэр бүлийн хүний данс руу мөнгө шилжүүлсэн, зарим мэргэжилтэнд тэтгэмжийн мөнгө илүү олгож, зөрүүг өөрийн данс руу шилжүүлэн авсантай холбоотой 13,733,200 төгрөгийн алдааг илрүүлсэн, үүнийг хүлээн зөвшөөрч, аудиторын актад гарын үсэг зурсан... гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.Пунцагноров нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь С.Пунцагноровын 000056474 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай С.Пунцагноровыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай, мөн өдрийн А/02 дугаартай С.Пунцагноровын ажлыг хүлээлцэх комисс томилох тухай тушаалуудаар тус тус тогтоогдож байна.
Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.1, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг тус тус баримтлан;
Санхүүгийн сахилга бат удаа дараа зөрчиж холбогдох хууль, хяналтын байгууллагаас зөрчлийн дүгнэлт, шийтгэх тогтоол, албан бичиг ирсэн гэсэн үндэслэлээр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн н/732 дугаартай С.Пунцагноровыг ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэл, уг мэдэгдлийг нэхэмжлэгч С.Пунцагноров 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан тухай тус газрын Баримт бичиг хүлээлцэх дэвтэр-т бичсэн түүний тайлбар, Тогтоол, захирамж, тушаалын бүртгэлийн дэвтэр, 2020 оны 01 дүгээр сарын цагийн бүртгэлийн дэвтэр, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хадгалагдаж буй С.Пунцагноровын Ажилгүйдлийн тэтгэмжийн хувийн хэрэг-т хийсэн тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, мөн тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШЗ2020/00479 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудаар С.Пунцагноровт Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01, мөн өдрийн А/02 дугаартай тушаалуудын эх хувийг албан ёсоор гардуулсан эсэх нь шууд байдлаар тогтоогдохгүй боловч нэхэмжлэгч С.Пунцагноров 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн өөрийнхөө хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөнийг мэдсэн байна гэж дүгнэлээ.
5. Нэхэмжлэгч талаас ...2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай ажлаас халсан тушаалын эрх зүйн үндэслэл буруу, ажлаас халсан тушаалыг уншиж танилцуулаагүй, албан ёсоор гардуулж өгөөгүй тул би өөрийгөө ажлаас чөлөөлөгдөөгүй гэж ойлгож байгаа, нөгөөтэйгүүр ажлаас халсан тушаалыг гардуулаагүй атал ажил хүлээлцүүлсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гаргасан зөрчилтэй холбоотой хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тушаал буюу захиргааны актыг 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор гаргах ёстой байсан. Мөн ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тулгуурлан гаргах ёстой. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу баримталж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон... гэж,
Хариуцагч талаас ...Эрүүл мэндийн салбарын мэргэжилтэнд олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмж байдаг бөгөөд тус мөнгийг өөртөө шилжүүлэн авсан гэх шалтгаанаар нэхэмжлэгч 2 удаа шүүхийн шийтгэх тогтоолоор ял авсан. Үүнтэй холбоотой цаашид үндсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон учраас даргын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар 1 сарын дотор шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрийг гардаж авсан эсэхээс үл хамаараад 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан. 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх нэхэмжлэлийг дахин хүлээн авахаас татгалзсан тул 2020 оны 09 дүгээр сар, 11 дүгээр сард дахин нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд нэхэмжлэгч шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа алдсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж заасан нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох онцлог зохицуулалтын дагуу хугацааг тооцохоос биш сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш хариуцагч байгууллагад нэхэмжлэгчид хариуцлага тооцох боломж байгаагүй. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан заалтын үйлчлэл энэ үеэс эхэлж байгаа. Хугацаандаа сахилгын шийтгэл тооцоогүй гэдэг нь үндэслэлгүй... гэж маргана.
Харин Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн гэх 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2/215 дугаартай Зөрчил арилгуулах тухай албан бичгийг үндэслэн Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/03 дугаартай тушаалаар нэхэмжлэгч С.Пунцагноровын үндсэн цалинг 20 хувиар, 3 сар хасаж, сахилгын шийтгэл ногдуулсан талаар, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1/104, 2/105 дугаартай Төсвийн орлого болгох тухай акт, 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2/107 дугаартай албан шаардлага зэргийг нэхэмжлэгч С.Пунцагноров хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан талаар, тус аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор, мөн тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор С.Пунцагноровт эрүүгийн хариуцлага хүлээлгэж, гэм буруутайд тооцсон талаар талууд маргаагүй байх бөгөөд нэхэмжлэгч С.Пунцагноров нь Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын акт, албан шаардлагад тусгагдсан зөрчлүүд болон шүүхийн шийтгэх тогтоолд заасан гэмт хэргийг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн асуудлын талаар маргахгүй гэдгээ шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд илэрхийлсэн болно.
6. Ажил олгогч ажилтан нар нь харилцан тохиролцож 2016 онд хугацаагүй хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар бичгээр байгуулсан байх ба мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар хөдөлмөрийн гэрээнд талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болсон, ажилтан байнгын ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэж байсан, ажил олгогч цалин хөлсийг олгож байсан болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.
С.Пунцагноровыг ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд:
Ажил олгогчийн шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халсан үндэслэлтэй тохирсон байх учиртай бөгөөд Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэгт заасныг зөв баримталсан боловч зарим зүйл, заалтыг баримтлаагүй, хамааралгүй заалтыг баримталсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд... гэж тус тус заажээ. Хариуцагч нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй учир нэхэмжлэгч С.Пунцагноровыг ажлаас халахдаа 1 сарын өмнө мэдэгдэх шаардлагагүй байжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэжээ. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаартай тогтоолын 15.4.2-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж тайлбарлажээ.
Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/29 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн дотоод журам-ыг шинэчлэн баталсан байх ба тус байгууллагын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ямар зөрчлийг ноцтой зөрчилд хамаарахыг уг Хөдөлмөрийн дотоод журамдаа нэрлэн заагаагүй, мөн ажил олгогч ажилтан нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээнд талууд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг тохиролцоогүй байна.
Хэдийгээр Хөдөлмөрийн гэрээнд талууд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг тохиролцоогүй боловч ажилтан С.Пунцагноров нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон, улмаар гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээсэн байх учир түүний гаргасан зөрчлийг ноцтой зөрчил мөн гэж дүгнэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ...Акт, албан шаардлагыг мэдээд Эрүүл мэндийн газрын дарга, нягтлан бодогч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, танилцахдаа мэдсэн..., ...яг хэзээ гэдгийг мэдэхгүй... гэж, нэхэмжлэгч шүүх хуралдаанд ...2019 оны 08 дугаар сард аудитын шалгалт сарын хугацаанд үргэлжилж, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр албан ёсоор гарч гарын үсэг зуруулсан... гэж тус тус тайлбарласан.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх Ховд аймаг Төрийн аудитын газрын актуудын Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар; Тогтоосон төлбөрийг барагдуулах арга хэмжээ авч төлбөрийн актын биелэлтийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны дотор Ховд аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн, эдийн засагч Ц.Мөнхцэцэг, нягтлан бодогч С.Пунцагноров нарт тус тус хариуцуулав гэх, 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2/107 дугаартай албан шаардлагын Шаардах хэсгийн 3 дахь заалтаар; Албан шаардлагын биелэлтийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны дотор Ховд аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн, эдийн засагч Ц.Мөнхцэцэг, нягтлан бодогч С.Пунцагноров нарт тус тус даалгав гэж зөвшөөрсөн гэх хэсэгт тус тус гарын үсэг зуруулсан байснаас үзэхэд ажил олгогчоос дээрх актууд, албан шаардлагад тусгагдсан нэхэмжлэгч С.Пунцагноровын гаргасан зөрчил тус бүрийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө мэдсэн байна.
Түүнчлэн, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор С.Пунцагноровыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд С.Пунцагноров нь уг шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө, 4-т Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлнэ, 38.2 дугаар зүйлийн 1-д Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана гэж тус тус зааснаар С.Пунцагноровт холбогдох 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоол 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүчин төгөлдөр болох хуулийн боломжит хугацаатай байна. Үүнээс харахад, ажил олгогч Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга уг шийтгэх тогтоолоор С.Пунцагноров нь эрүүгийн хариуцлага хүлээсэн болохыг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахаас өмнөх буюу 2019 оны 12 дугаар сарын 20-ноос өмнө мэдсэн байх бүрэн боломжтой юм.
Иймд, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тогтоосон 2 удаагийн актаар зөрчил илэрснийг, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээсэн болохыг ажил олгогч Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга тухайн бүрт нь буюу зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаанд мэдсэн боловч дээрх зөрчлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас халсан сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу С.Пунцагноровт холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэлээ.
Мөн хариуцагч Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар С.Пунцагноравт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлаагүй буюу хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэгт заасан сануулах арга хэмжээ авах заалтыг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр С.Пунцагноровын гаргасан зөрчил тус бүр тогтоогдсон, өөрөө хүлээн зөвшөөрч байх боловч тухайн ажилтныг ажлаас халах, хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгохдоо хуулийг буруу хэрэглэсэн, сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг хангаж, Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай С.Пунцагноровыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай, мөн өдрийн А/02 дугаартай С.Пунцагноровын ажлыг хүлээлцэх комисс томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, тус газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэлээ.
Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч тал ажилгүй байсан хугацааны цалингийн олговроо 2020 оны 02 дугаар сараас 2022 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны 24,970,716 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан.
Шүүхээс 1 дүгээр хавтаст хэргийн 184 дэх хуудсанд авагдсан цалингийн хүснэгтийн С.Пунцагноровт холбогдох хэсэг, мөн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтад заасан ТҮ-8-ын 5 дугаар шатлалын цалингийн сүлжээг үндэслэн нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тооцсон. Харин удаан жилийн нэмэгдлийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх учир хасаж тооцсон болно.
Ажилтан С.Пунцагноровын нэг сарын дундаж цалинг тооцоход 832,357 төгрөг байна. Нэг өдрийн цалинг тооцоход (832,357 : 21,5)=38,714 төгрөг байх бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг дуусталх хугацааг тооцоход нийт 23 сар 19 өдөр байх ба энэ хугацаа дахь олговрыг тооцвол; (832,357 *23 сар)+( 38,714 *19 хоног)=19,879,977 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулан нэхэмжлэгч С.Пунцагноровт олгож, илүү нэхэмжилсэн 5,090,739 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд:
Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны Б/01 дугаартай С.Пунцагноровыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай, мөн өдрийн А/02 дугаартай С.Пунцагноровын ажлыг хүлээлцэх комисс томилох тухай тушаалуудын эх хувийг албан ёсоор гардуулсан эсэх нь тогтоогдохгүй боловч нэхэмжлэгч С.Пунцагноров 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөнийг мэдсэн гэж дээрх үндэслэлдээ дүгнэсэн байх ба тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШЗ2020/00479 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч С.Пунцагноров нь шүүхэд анх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд гаргасан байна. Гэвч шүүхээс нэхэмжлэгч С.Пунцагноровын нэхэмжлэлийг удаа дараа хүлээн авахаас татгалзсан бөгөөд энэ нь нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг хэтрүүлэхэд шүүхийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэжээ.
Иймд, шүүх хавтаст хэрэгт авагдсан тус шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 153/ШЗ2020/00479 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 153/ШЗ2020/02184 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний 153/ШЗ2020/02279 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж тус бүрийг судлан үзэж, нэхэмжлэгч С.Пунцагноровын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ...шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрх зөрчигдсөн байна гэж дүгнэн нэхэмжлэгчийн хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хангасан болно.
Нэхэмжлэгчийн хариуцагч Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас 2,200,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар:
Хариуцагч талаас Ховд аймгийн Эрүүл мэндийн газар нь С.Пунцагноровт төлөх ямар нэгэн төлбөр байхгүй. 2,200,000 төгрөгийн илүү төлөлттэй холбоотой асуудлын хувьд нэхэмжлэгч нь ажиллаж байх үедээ өөрийнхөө данс руу 6,000,000 төгрөг гаргаж аваад 8,000,000 төгрөгийг буцааж өгсөн гэж тайлбарладаг. Энэ нь Эрүүл мэндийн газрын санхүүжилттэй холбоотой асуудал биш, хувь хүмүүсийн хоорондох асуудал. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж нэхэмжлэлийн уг шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтын дагуу тэтгэмж авах хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргаж тооцоо нийлсэн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн баримтаар ...дутуу санхүүжсэн дүн 2,285,806 төгрөг, тооцоогоор 2,688,806 төгрөгийн санхүүжилт авах...-аар тооцоо гаргасан, хэдийгээр С.Пунцагноров нь санхүүжилт дутуу ирсэн тул хувиасаа мөнгө гаргасан гэж тайлбарласан нь санхүүгийн зөрчил боловч уг тооцоо нийлсэн баримтыг шалгасан эдийн засагч Ц.Мөнхцэцэг, хянасан Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн нар тус тус тооцоог зөвшөөрч, гарын үсэг зурж, байгууллагын тамга дарсан байх тул уг үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнээд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Пунцагноров нь шаардах эрхтэй байна гэж үзсэн. Хэдийгээр уг тооцоо нийлсэн баримтаар дутуу санхүүжилт 2,688,806 төгрөг авахаар тооцоо гарсан боловч нэхэмжлэгч С.Пунцагноров нэхэмжлэлийн шаардлагаа 2,200,000 төгрөг гэж тодорхойлсон учир хариуцагч Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас 2,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,871 төгрөгөөс 95,721 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагч талаас 50,150 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/01 дугаартай С.Пунцагноровыг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай, мөн өдрийн А/02 дугаартай С.Пунцагноровын ажлыг хүлээлцэх комисс томилох тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, тус газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 19,879,977 /гурван сая есөн зуун хорин есөн мянга зургаан зуун наян гурван/ төгрөгийг Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 5,090,739 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч С.Пунцагноровын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Эрүүл мэндийн газарт даалгасугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар С.Пунцагноровын гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг хангасугай.
4. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас 2,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Пунцагнорорвт олгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,871 төгрөгөөс 95,721 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагч талаас 50,150 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН