Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2340

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2018/02149 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Д-ийн хариуцагч “С ” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д, өмгөөлөгч Д.Саранчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, Б.Шайрийбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “С ” ХХК-ийн гүний уурхайн засварын хэлтэст засварчнаар 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах Оюу толгой төсөл дээр ажиллаж байсан. 2018 оны 5 дугаар сарын 30-наас 2018 оны 6 дугаар сарын 13-ныг хүртэл 1 ростр ажилласан. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс амраад 6 сарын 20-ны өдөр ажилдаа явах байсан. Гэтэл 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод байрладаг төв компаниас ирж уулз гэж дуудахаар нь очиж уулзтал 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №85/18 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг өгсөн. 2018 оны 6 дугаар сарын 11-ийн өдөр ажлаа гүйцэтгэж байхад Оюу толгой гүний уурхайн засвар хариуцсан менежер болох Роби Вүүдэн ажлаа зогсоо гээд зогсоолгосон. Тэгээд надад ажлаа хийхдээ техникт тусгаарлалт хийгээгүй байна, ахиж ийм алдаа гаргахгүй байх тухай санууллаа шүү гээд явсан. Би тухайн үед сануулга авчихлаа гэж ойлгосон бөгөөд үргэлжлүүлээд ажлаа хий гэхээр нь ажлаа хийж дуусгасан.

Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 10.2 зүйлүүдийг үндэслэн гарсан байна. Дээрх хуулийн заалтууд болон гэрээний заалтуудтай танилцахад яг аль зүйл заалтыг зөрчсөн эсэх нь үндэслэлгүй бөгөөд тодорхойгүй байна. Иймд гүний уурхайн засварын хэлтэст засварчнаар эгүүлэн томилуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Д нь техникт тусгаарлалт хийлгүйгээр ажил гүйцэтгэж “Оюу толгой” ХХК-ийн Амь нас хамгаалах алтан дүрмийг зөрчсөн, Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөн ажиллаагүй зэргээр хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг гаргасан. Д.Д нь хөдөлмөрийн гэрээний 10.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ тийнхүү ноцтой зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “Ажилтан сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх заалттай. Компани Д.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлаас чөлөөлсөн гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгчийг “С ” ХХК-ийн далд уурхайн тоног төхөөрөмжийн засварчин албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас Д.Дийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11 524 555 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “С ” ХХК-нд даалган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 199 343 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4.2-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж заасан. Үүний дагуу компани болон Д.Д нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу 10.2-д заасан зөрчил нь ноцтой болох талаар талууд маргаагүй болно. Хөдөлмөрийн гэрээний 10.2-д талууд “Техник технологийн горим журмыг ноцтой зөрчсөн буюу осол аваар гаргасан”, “Аюулгүй ажиллах дүрэм, журмыг биелүүлэлгүй ажлын нөхцөл байдал, түүнчлэн ажил олгогчийн болон түүний хамтран ажиллагчийн бизнесийн хэвийн үйл ажиллагааг зогсоосон, түүнд хор хохирол учруулсан” тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тусгайлан тохиролцсон. Гэтэл шүүхээс “Оюу Толгой компанийн амь нас хамгаалах дүрэм” нь хөдөлмөрийн гэрээний 10.2-д заасан “Техник технологийн горим журам”, “Аюулгүй ажиллах дүрэм, журам” гэдэгт хамаарахгүй гэж тайлбарлан хэргийг шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хөдөлмөрийн гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу Д.Д нь “Оюутолгой гүний уурхайн төсөл”-д ажилладаг бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу уурхайн талбарын болон компанийн аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн тул Оюутолгой төслийн уурхайн талбарын амин сүнс болсон Амь нас хамгаалах дүрэм нь талуудын харилцан тохиролцсон “Техник технологийн горим журмыг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлд хамаарах болохыг шүүх анхаарч үзээгүй. Шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг зөрчсөн ажилтанд энэ хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасан хариуцлага хүлээлгэх” гэж заасан ажил олгогчийн эрхэнд халдан шийдвэрлэжээ. Д.Дийн ажил, албан тушаалын онцлог нь олон төрлийн техник, тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийдэг тул аюулгүй ажиллагааны заавар, дүрэм, журмыг чанд мөрдөн ажиллах шаардлагыг компани болон Оюу Толгой ХХК-ийн зүгээс тавьдаг. Компани болон Оюу Толгой ХХК-д маш олон аюулгүй ажиллагааны дүрэм журам, заавартай боловч тэр дундаас Оюу Толгой ХХК-ийн “Амь нас хамгаалах дүрэм” нь уурхайн талбайн аюулгүй ажиллагааны амин сүнс бөгөөд уурхайн талбайд ажиллаж буй ажилчин бүрийн хамгийн чухал хөтөч юм. Энэхүү дүрмийг зөрчсөнөөр ажилтны эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учрах эрсдэл маш өндөр тул компанийн зүгээс хатуу шаардлага тавьж, зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авч ажиллахаас өөр аргагүй байдаг. Оюу Толгой ХХК болон түүний туслан гүйцэтгэгч компанийн хувьд амь нас хамгаалах дүрмийг зөрчих нь тэдгээрийн ажилтнууд болон бусдын эрүүл мэнд, амь насыг шууд эрсдэлд оруулдаг тул ажилтнуудын хувьд зайлшгүй баримтлах ёстой дүрэм журам болох талаар талууд маргаагүй. Гэтэл шүүхээс талуудын маргаагүй асуудалд дүгнэлт хийж зөрчлийн шинж чанарыг харгалзан үзээгүй гэх байдлаар хууль хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал “...Д.Д нь техникт тусгаарлалт хийлгүйгээр ажил гүйцэтгэж Оюу Толгой ХХК-ийн Амь нас хамгаалах алтан дүрмийг зөрчиж, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй тул 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсүгэй" гэж заасан. Д.Дийн гаргасан зөрчил нь түүний ажлын байрны тодорхойлолтод заасан уурхайн талбарын аюулгүй ажиллагааны дүрэм болох “Амь нас хамгаалах дүрэм”-ийг зөрчсөн болох нь шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар нотлогдож байхад шүүх түүнийг үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу Д.Д энэ талаар тайлбар гаргаагүй бөгөөд тушаалд заасан уг үндэслэлийг эсэргүүцээгүй байтал шүүх түүнийг харгалзаж үзээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг батлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч “С ” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгчийг “С ” ХХК-ийн далд уурхайн тоног төхөөрөмжийн засварчин албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 11 524 555 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “С ” ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн эвлэрлийн гэрээг өгсөн байна.

Эвлэрлийн гэрээнд “нэхэмжлэгч нь өмнө эрхэлж байсан буюу Оюу толгойн гүний уурхайн Засварын хэлтэст засварчнаар эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахыг, хариуцагч нь дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговорт 32 300 000 төгрөг төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг тус тус хүлээн зөвшөөрч байна” гэж заажээ.

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч Д.Д, хариуцагч “С ” ХХК-ийн гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаахгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2018/02149 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 199 350 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   

                            ШҮҮГЧИД                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ