Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2018/2149

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 01 өдөр

   Дугаар 183/ШШ2018/02149

         Улаанбаатар хот

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Элизабет 214-135 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Дашцэрэнгийн Дашдорлиг /РД:НЙ73112210/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Монфрешийн байранд байрлах, “С” ХХК /РД:5142474/-д холбогдох, 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, түүний өмгөөлөгч Д.Сг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор нар оролцов.                                                                               

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д. Дашдорлиг “” ХХК-ийн, Гүний уурхайн, Засварын хэлтэст, Засварчинаар 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхлэсэн. Манай ажил нь 14/7 гэсэн ээлжийн ажил бөгөөд аймгийн Х суманд байрлах О Т төсөл дээр ажилладаг. 2018 оны 5 дугаар сарын 30-наас 2018 оны 6 дугаар сарын 13-ныг хүртэл 1 ростр ажилласан. 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс амраад 6 сарын 20-ны өдөр ажилдаа явах байсан. Гэтэл 6 сарын 19-ны өдөр Улаанбаатар хотод байрладаг төв компаниас ирж уулз гэж дуудахаар нь очиж уулзтал 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №85/18 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай, Гүйцэтгэх захирлын тушаалыг өгсөн. Учрыг нь Хүний Нөөцийн үйл ажиллагаа хариуцсан захирал Э.Номингэрэлээс лавлан асуухад хөдөлмөрийн гэрээ цуцлахаар хэмжээний зөрчил гаргасан байна гэсэн. Миний бие 2018 оны 6 дугаар сарын 11-ийн өдөр ажиллаж байхад О Т гүний уурхайн засвар хариуцсан менежер болох Р В  ажлаа зогсоо гээд зогсоолгосон. Тэгээд надад ажлаа хийхдээ техникт тусгаарлалт хийгээгүй байна. Ахиж ийм алдаа гаргахгүй байх тухай санууллаа шүү гээд явсан. Ингэж сануулахад манай компанийн экслат М Б хамт байсан. Би тухайн үед сануулга авчихлаа гэж ойлгосон бөгөөд үргэлжпүүлээд ажпаа хий гэхээр нь ажлаа хийж дуусгасан. Ингээд 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ээлжийн ажлын хугацаанд хэвийн ажиллаж, амралтаараа Улаанбаатар хотод гэртээ ирсэн. Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаал нь Хөдөлмөрийн хуулийн 40.1.4 дэх заалт болон Хөдөлмөрийн гэрээний 10.2 зүйлүүдийг үндэслэн гаргасан байна. Дээрх хуулийн заалтууд болон гэрээний заалтуудтай танилцахад яг аль зүйл заалтыг зөрчсөн эсэх нь үндэслэлгүй бөгөөд тодорхойгүй байна. “С” ХХК-мйн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №85/18 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай, Гүйцэтгэх захирлын тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хуулийн шаардлага хангасан гэж үзэхгүй байна. Иймд гүний уурхайн Засварын хэлтэст Засварчинаар эргүүлэн томилуулах, эрүүл мзнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Боржигон овогтой Д Д нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн “ажлаас үндэслэлгүй халагдсан” гэх агуулга бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлүүлэхээр С М ХХК (Компани)-ийн эсрэг гаргасан нэхэмжлэлтэй танилцаад, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Компани Б овогтой Д Д-ийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Компанийн засварын хэлтэс, О Т ХХК-ийн гүний уурхайн төсөлд Засварчин албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан. Д.Д нь техникт тусгаарлалт хийлгүйгээр ажил гүйцэтгэж О Т ХХК-ийн Амь нас хамгаалах алтан дүрмийг зөрчсөн, Хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөн ажиллаагүй зэргээр хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг гаргасан. Д.Д нь хөдөлмөрийн гэрээний 10.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн болно. Д.Д нь 2018 оны 6 сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ тийнхүү ноцтой зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “Ажилтан сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх заалттай. Компани Д.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргасан бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

         Хариуцагч “С” ХХК нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2 дугаар зүйлд заасан “Техник технологийн горим журмыг ноцтой зөрчсөн ...”,  “Аюулгүй ажиллах дүрэм, журмыг биелүүлээгүй ажлын нөхцөл байдал, ... “  заалтуудыг тус тус нэхэмжлэгч Д.Д зөрчсөн. Манай компани нь О Т компанийн туслан гүйцэтгэгч, О Т компанийн далд уурхайн техникийн засварын ажлыг “С” ХХК хариуцдаг тул далд уурхайд ажиллаж буй манай компанийн ажилтан О Т компанийн Амь нас хамгаалах алтан дүрмийг баримталж ажиллах ёстой. Техник технологийн горим журам зөрчсөн гэдэг нь уг алтан дүрмийг зөрчсөн учраас ноцтой зөрчил болно. Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллах дүрэм журам зөрчсөн тул хөдөлмөрийн гэрээний дагуу  шууд цуцлах  үндэслэлтэй гэж маргажээ.

          Шүүх нэхэмжлэгч Д.Д-ийг “С” ХХК-ийн засварчингийн  ажилд эгүүлэн тогтоох дараах үндэслэл байна гэж дүгнэлээ.

          Нэхэмжлэгч Д.Д нь туслах засварчинаар  2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж ажиллаж байгаад 2017 оны 6 дүгээр сарын 1-ний өдрөөс засварчинаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  /хэргийн - 14-16, 39-46 дугаар хуудас/     

        “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлын  2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №84/18 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн  38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4  дэх заалт, ажилтан Д.Дтой 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Тус компанийн ОТ гүний уурхайн Засварын хэлтэст Засварчин албан тушаалтай  Д.Д нь техникт тусгаарлалт хийлгүйгээр ажил гүйцэтгэж ОТ ХХК-ийн Амь нас хамгаалах алтан дүрмийг зөрчиж, ажлын байрны  тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэн Д.Дийн хөдөлмөрийн гэрээг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хэргийн 4 дүгээр  хуудас/

        Нэхэмжлэгч Д.Д ажлаас халсан тухай 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №84/18 тоот тушаалыг хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно.х

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.

Зохигчдын хооронд байгуулсан 2017.06.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 1-т “О Т гүний уурхайн төсөл”-д нэхэмжлэгч Д.Дийн  ажиллах газар, нэгжийг харилцан тохиролцсон, мөн гэрээний 10.2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг нэрлэн заажээ. Хариуцагч буюу ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж баримталж буй үндэслэл нь хөдөлмөрийн гэрээний 10.2 дугаар зүйлд заасан “Техник технологийн горим журмыг ноцтой зөрчсөн буюу ...”, “Аюулгүй ажиллах дүрэм, журмыг биелүүлээгүй ажлын нөхцөл байдал, ... “заалтыг зөрчсөн нь О Т компанийн Амь нас хамгаалах алтан дүрмийг зөрчсөн гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна. Хариуцагч “С” ХХК нь О Т компанийн туслан гүйцэтгэгч гэж тайлбарлаж байгаа боловч хөдөлмөрийн гэрээг Д.Дтой байгуулсан тул тэдгээрийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ноцтой зөрчлийг шүүх үндэслэлээ болгох нь хуульд нийцнэ.

           2017.06.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний  “Техник технологийн горим журам зөрчсөн гэж буй үндэслэлээ О Т компанийн Амь нас хамгаалах алтан дүрэм хамаарна гэж өргөн утгаар тайлбарлаж ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй байна.

          Нөгөөтэйгүүр ноцтой зөрчил гэдэг нь  тухайн ажил үүргийг гүйцэтгэх явцдаа ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдлийг ажил олгогч, ажилтан хоёр харилцан тодорхойлж хөдөлмөрийн гэрээнд тусгах юм. Хариуцагч “С” ХХК нь “Техник технологийн горим журам ..., Аюулгүй ажиллах дүрэм, журам гэж ерөнхий утгаар нь бүхэлд нь ноцтой зөрчил гэж хөдөлмөрийн гэрээнд тусгаж буй нь ажилтан хөдөлмөрлөх явцдаа гаргаж буй Техник, технологийн горим журам ..., Аюулгүй ажиллах дүрэм, журамд заасан бүх зохицуулалтыг ноцтой зөрчил гэж тооцож байгаа нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцээгүй байна.

        Нөгөөтэйгүүр сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан шат дараалсан сахилгын арга хэмжээг ажил олгогч авах эрхтэй.

         Гэтэл талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2-т ноцтой зөрчил гэж тодорхойлж буй Техник, технологийн горим журам зөрчсөн гэж буй үндэслэлээ О Т компанийн Амь нас хамгаалах алтан дүрэм хамаарна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Харин “С” ХХК буюу  ажил олгогч нь О Т ХХК-ийн далд уурхайн засварын ажлыг хийж гүйцэтгэхдээ ажилтантай байгуулж буй хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд тухайн далд уурхайн талбайд заавал баримтлах дүрэм, журмаас хөдөлмөрийн харилцаанд ноцтой зөрчилд тооцогдох зохих зөрчлүүдийг хөдөлмөрийн гэрээнд заавал нэрлэн зааж байж ноцтой зөрчилд тооцогдох үндэслэл болох юм.

           Иймд хариуцагчийн тушаалд дурдсан ноцтой  зөрчлүүд гаргасан болох нь баримтаар тогтоогдохгүй,  ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэл бүхий гэж дүгнэх боломжгүй байх тул нэхэмжлэгч Д.Дийг засварчны ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин гаргуулах нь зүйтэй байна гэж үзэв.

          Нэхэмжлэгчийн ажилгүй байсан  2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 10-ний өдрийг хүртэлх дундаж цалинг тооцохдоо түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын бичилтийг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 3 622 003 төгрөг /5 020 369+3 908 321+ 1 937 319 =10 866 009 :3= 3 622 003 төгрөг/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны ажлын 70 /2016.06.19-2018.09.26 өдрийг хүртэлх 5 ээлж х 14 хоног/ хоногийн цалин нийт 11 524 555 төгрөгийг /3 622 003 : 22 хоног = 164 636,5 төгрөг 1 хоногт ногдох цалин, 70 хоног х 164 636,5 төгрөг= 11 524 555 төгрөг,/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

           Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”, 46.2-т “ ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

           Иймд “С” ХХК-нд Д.Дийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.  

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулан шийдвэрлэх нь  хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Дашцэрэнгийн Дашдорлигийг “С” ХХК-ийн далд уурхайн тоног төхөөрөмжийн засварчин албан тушаалд нь эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “С” ХХК-иас Д.Дийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт   11 524 555  төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Д.Дийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч  “С” ХХК -нд даалгасугай.

4.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “С М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 199 343 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ