Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 1242

 

 

 

 

  

 

    2020            9             22                                        2020/ДШМ/1242

 

Д.Б-т холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Түмэн-Өлзий,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С,

шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, Ю.Батболд,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/1386 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ю.Батболд, Ч.Шүрэнцэцэг нарын хамтарч гаргасан давж заалдсан гомдлуудад үндэслэн Д.Б-т холбогдох эрүүгийн 2006 0000 01068 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 дугаар байрны гадна иргэн Т.Т-ийг “Дүүтэй хамт архи уулаа” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь цохиж унагаан алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүгдэгч Д.Б-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-т 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-т оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-ын урьд цагдан хоригдсон 93 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Б-аас 9.306.135 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С /РД:.../-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, цементэн хар саарал өнгийн зүйл 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Б давж заалдсан гомдолдоо: “...Одоо би 64 настай ба өдий насандаа ийм байдалд хүрсэндээ сэтгэл санаа маш ихээр харамсаж, шаналж үүний улмаас хууч, ужиг өвчин байнга сэдэрч, цагдан хорих 461-р ангийн эмнэлэгт хэд хэдэн удаа хэвтэж эмчлүүлж байна. Миний нэг нүд хараагүй, нэг хөл маш муу, явж гишгэхэд хүндрэлтэй байдаг. Мэдээж миний энэ өвчин шаналал, зовиур нь талийгаачийн амь нас, үлдэж байгаа ар гэрийнхний сэтгэл санаатай юугаар ч харьцуулшгүй гэдгийг миний бие гүнээ их ойлгож харуусаж байдаг болно. Манай ар гэрийнхний зүгээс талийгаачийн ар гэрийнхэнд оршуулгын зардалд 11.600.000 төгрөгийг төлсөн ба үлдсэн 9.306.135 төгрөгийг төлж барагдуулах болно. Иймд энэ нөхцөл байдал, хувийн эрүүл мэндийн шалтгаан зэрэг байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Ю.Батболд, Ч.Шүрэнцэцэг нар давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Т.Т-ийг “дүүтэй хамт архи уулаа” гэх шалтгаанаар толгойн тус газар нь цохиж унагаан алсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд энэ хэрэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн ба хохирогчийг гэмтээж хохироох гэсэн санаа сэдэлт анхнаасаа байгаагүй бөгөөд энэ гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн энэ гэмт хэргийн зүйлчлэлийг буруу зүйлчилсэн, хүнийг алах сэдэл зорилго байгаагүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулахад Д.Б нь хохирогчийг нэг л удаа цохисон байдаг ба хохирогч хэрэг учрал болсон гэх өдрөөс хойш 3 хоногийн дараа хүнд гэмтлийн улмаас нас барсан. Энэ гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэх дүгнэлт зэрэг нь гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хоорондох шалтгаант холбоо үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл бидний үйлчлүүлэгчийн үйлдэл нь хохирогчийн амь насанд шууд үхэлд хүргээгүй, хохирогч шууд эмнэлгийн тусламж авч чадаагүй, хугацаа алдсаны улмаас нас барсан учраас гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх дээрх гэмтлүүд нь нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх тул олон удаагийн үйлчлэлээр болсон гэх дүгнэлтүүд зэргээр Д.Б нь Т.Т-ыг цохиж алсан үйл баримт хангалттай тогтоогдсон гэж үнэлж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж, яллах талыг үндэс болгож буй нь бидний үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна хэмээн үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн хуудас дугаарлаагүй, хавтаст хэргийн хуудасны тоо 250-аас хол давж стандартад заасан журам зөрчсөн, хэргийн оролцогч нарын хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулах эрхийг хязгаарласан бөгөөд хохирлын баримтуудын хуудас дугаарлаагүйн улмаас нотлох баримтаас хасах, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй үнэлж дүгнэхэд эргэлзээ бүхий ноцтой зөрчил үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь хохирлын баримтуудын зарим хэсэг нь хуульд заасан шаардлага хангаагүй тамга тэмдэг, огноо байхгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоогүй хуудас нь дугаарлагдаагүй хэд хэдэн баримт байсан ба үүнийг шүүхээр шинжлэн судлуулах хүсэлт гаргасан боловч шүүх эдгээр хуудас нь дугаарлагдаагүй нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судлалгүйгээр, зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 20.906.135 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Мөн шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, хохирлын төлбөрт 11.506.135 төгрөгийг Д.Б-аас гаргуулахаар  шийдвэрлэсэн учраас хохирол бүрэн төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирлын нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан учраас хуульд заасан шаардлага хангаагүй нотлох баримтуудыг нотлох баримтаас хасч шийдвэрлэсэн байна хэмээн ойлгосон учраас урьд нь өгсөн 9.400.000 төгрөгийг хасч 2.200.000 төгрөгийг төлж хохирлыг бүрэн төлсөн. Гэтэл анхан шатны шүүх төлбөр бүрэн барагдуулсан гэж үзээгүй ба нэгэнт төлөгдсөн дүнг дахин дурдах шаардлагагүй бөгөөд үлдэх 11.506.135 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тодорхой, ойлгомжтой гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүхээс шийдвэр гаргахдаа төлбөл зохих нийт үнийн дүн болон төлөгдсөн дүн болон үлдэгдэл дүнг тодорхой дурдаж шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн хэмээн үзэж байна. Үүний улмаас миний үйлчлүүлэгч хохирол төлбөрийг анхан шатны шүүхийн шатанд бүрэн барагдуулж чадаагүйн улмаас эрх зүйн байдал нь дордож, хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, боломжоо алдаж, эрх нь зөрчигдсөн хэмээн үзэж байна. Д.Б нь өдгөө 64 настай бөгөөд өөрийн хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин шаналж байгаа ба өндөр настай учраас үүний улмаас өөрийнх нь ужиг суурь өвчин сэдэрч, цагдан хоригдож байх хугацаандаа хэд хэдэн удаа Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан. Бидний үйлчлүүлэгчийн хувийн байдал нь өндөр настай төдийгүй эрүүл мэндийн хувьд чихрийн шижин оноштой ба дотоод шүүрлийн эмгэг судлалын эмч нарын хяналтад байдаг, нэг нүд нь хараагүй, мөн нэг хөл бэрхшээлтэй хүн юм. Үйлдсэн хэргийн хувьд өөрийн гэм бурууг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л үе шатанд тууштай үнэн зөвөөр мэдүүлгүүдийг мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 20.906.135 төгрөгөөс 11.600.000 төгрөгийг төлсөн нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулахыг эрмэлзсэн байх бөгөөд цаашид үлдэх 9.306.135 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болно. Д.Б-ын үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн; 1.2-т заасан  ...учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй байна. Мөн түүний хувийн байдал, өндөр нас, эрүүд мэндийн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой байх тул Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/1386 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “өндөр настай гэж байгаа хэдий ч миний аав 52 настайдаа, эрүүл байж байгаад нас барсан. Би аавынхаа ганц охин нь. Ааваасаа хойш 3 хүүхэдтэйгээ үлдчихсэн надад маш хэцүү байна. Хохирлын асуудлаар маш их маргаан гарч байна. Би анх мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын баримтуудаа аваачиж өгөх ёстой байсныг мэдээгүй. Сүүлд шүүх хуралдаанд баримтуудаар гаргаж  өгсөн. Би өөрөө нягтлан бодогч хүн учир ажил явдалд хэрэглэхээр авсан бүх эд зүйлийн үнийн баримт дээр Т-ийн С гэх Хаан банкны посс машины баримтыг наагаад үдсэн байсан. Тэр дунд ганцхан он, саргүй баримт байсан нь Нарантуул захаас худалдаж авсан модтой арц, арвай, хөвөн зэргийн баримт байсан. Тэдгээр зүйлсийг өдөр болгон авдаггүй биз дээ. Түүнийг аавынхаа цогцос дээр тавих гэж л авсан юм. Би нөхөн төлбөр, миний хүүхдүүдийн төлбөр гэж би 200.000.000 төгрөг нэхээгүй. Зөвхөн аавынхаа оршуулгын зардалд гарсан мөнгийг л нэхэмжилсэн. Хэрэв миний аав амьд байсан бол би 20.000.000 гаруй төгрөгийг олох байсан. Гэтэл удаа дараа намайг маш их доромжилж байна. Анхан шатны шүүх хуралдаанд ч гэсэн “би гомдолтой байна” гэхэд шүүгдэгчийн эгч над руу утсаар яриад “чи юманд хүлээцтэй байж сур. Чи гомдолтой гэж хэлснийхээ төлөө үлдэгдэл мөнгөө авч чадахгүй байна” гэх агуулга бүхий зүйл хэлсэн” гэв. 

 

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн гэм буруугийн хуралдаан дууссаны дараа хохирол төлбөрөөс 11.506.135 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ төлбөрийг нь төлж барагдуулах талаар өмгөөлөгч нарт ойлгомжтой хэлсэн. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд ч гэсэн тусгагдсан байгаа. Тэгэхээр үүнийг буруу ойлгосны улмаас төлөөгүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэх ёстой байсан гэж маргадаг. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль бус болохыг ухамсарлан, түүнийг хүсэж үйлдсэн байхыг санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тайлбарласан. Энэ хуулийн зохицуулалтаас харахад хүнийг алах гэмт хэргийн санаа, сэдэлтийг агуулсан байна. Мөн талийгаач нь өөр бусад өвчинтэй хавсарч нас бараагүй, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр эмнэлгийн тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй байсан гэж гарсан. Мөн өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлөгдсөн, төлөгдөөгүй талаар ярьж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас амь, эрүүл мэнд учирсан үр дагаврыг хохирол”, 2 дахь хэсэгт “хохирол учруулсны улмаас үүсэх үр дагаврыг хор уршиг” гэнэ гэж заасан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хохирлыг төлж барагдуулсан гэж байгаа боловч хүний амь нас эрсэдсэн асуудалд хохирол яригдахгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 дугаар байрны гадна иргэн Т.Т-ийг “...дүүтэй хамт архи уулаа...” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь цохиж газарт унагаан алсан болох нь хэрэгт авагдаж хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар:

 

хохирогч Т.С-ын: “...манай аав 22 цагийн орчим гэртээ ирсэн бөгөөд эрүү нь хөхөрч хавдсан байдалтай архи бага зэрэг үнэртүүлсэн орж ирсэн. Тэгснээ нэг л сонин гөлийсөн царайтай байж байгаад унтсан бөгөөд тэр шөнөдөө 4-5 удаа бөөлжсөн. ...манай аав надад хандан “Энхбаяр гэх хүний ах нь гэх залуу аавынх нь толгойруу цохисон” гэж хэлсэн. ...манай аав ухаан алдаж унасан бөгөөд сэхээний тасагт хэвтэж байгаад нас барсан. ...эмнэлэг авч яваад үзүүлэхэд тархины гэмтэлтэй, маш хүнд гэсэн. Анх тархины гэмтэл нь ил биш болохоор бид нар мэдээгүй, хэрэв мэдсэн бол шууд эмнэлэгт хүргэх байсан. ...” /1 хх 66-67/,

 

гэрч А.Пүрэвнямын: “...2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талд нь граж, байр хоёрын дунд машины зогсоолын хэсэгт их дуу чимээ гараад хартал 4 эрэгтэй хүн байсан. Нэг эрэгтэй хүн нь газар уначихсан хэвтэж байсан. Тэгээд яваад очтол нэг хөгшин эрэгтэй хүнийг нөгөө хоёр нь тоосгоор хүн цохиод унагаачихлаа гээд яриад байсан. Тэгээд хөгшин эрэгтэй хүн нь нөгөө гурван хүнрүү зодох гээд дайраад байхаар нь болиулаад цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед цагдаа хувцастай хүн ирээд “юу болоод байна, би энд амьдардаг хүн байна” гээд байсан. Тэр хүн бас цагдаад дуудлага өгсөн байх. “Би сая цагдаад дуудлага өгчихлөө, би ингээд явчих уу” гэж хэлээд гэр лүүгээ харьж байтал араас цагдаа утсаар залгахаар нь байршлыг нь зааж өгсөн. Тухайн үед тэдгээр хүмүүс бүгд согтуу байсан. Хэн нь хэнийгээ цохиж байгааг хараагүй. Намайг яваад очсоноос хойш ямар нэгэн зодоон болоогүй, би болиулсан юм. Нэг эрэгтэй хүн нь “намайг цохичихлоо” гээд нүүрээ дараад байсан. Нөгөө эрэгтэй нь унасан эрэгтэйгээ босгох гээд хажууд нь байсан. Тэгээд байж байтал газар унасан нь босч ирээд машин налаад зогсоод байсан. Тухайн үед нэг их юм яриагүй. Газар унасан хэвтэж байсан эрэгтэйг ямар хүн нь цохиод унагаасныг хараагүй. Анх намайг харахад л нэг нь уначихсан газар хэвтэж байсан.” /1 хх 68/,

 

гэрч Д.Энхбаярын: “...2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр, цагийг хэлж мэдэхгүй байна, Билэгсайхан, Т.Т бид гурав Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талд нь машины гадна талд 0.5 литрийн “Хараа” нэртэй архи хувааж уусан. Бид гурав уулзахын өмнө Т.Т архи уучихсан ирсэн. “Нэг шил юм уучихмаар байна” гэхээр нь би 0.5 литрийн хараа архи авч өгсөн юм. Архиа уугаад сууж байхад манай ах Б гарч ирсэн. Намайг “дандаа архи уудаг, яагаад хүн амьтанд архи авч өгдөг юм” гээд надад уурлаж загнасан. Мөн нөгөө хоёрыг “дандаа нийлж архи уудаг” гээд загнасан. Би бас өөрөө нилээн уучихсан байсан болохоор яг тэр үед юу болсон гэдгийг санахгүй байна. Тэгээд гэррүүгээ гүйгээд орчихсон. Тэрний дараа юу болсон гэдгийг нь мэдэхгүй байна.” /1 хх 74/,

 

гэрч Ш.Билэгсайханы: “...2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 12 цагийн үед би Т.Т-г гар утсаараа “хоёулаа нөгөө цонхны хаалтаа дуусгая” гэж дуудсан. Тэгээд бид хоёр уулзаад нөгөө байранд очоод цонхны хаалтаа дуусгачихаад гарч ирсэн чинь оройны 18 цагийн үе болж байсан. Тэгээд бид хоёрыг 16-д байдаг найз Энхбаяр “хүрээд ирээч, уулзъя” гэж дуудсан. Тэгээд бид хоёр тэрэн дээр очоод байрных нь гадаа уулзаад тэрний машин дотор нэг шил “Хараа” нэртэй 500 граммын архи задлаад уусан. Тэр архийг бид хоёрыг очих үед Энхбаяр авчихсан байсан. Т.Т бид хоёр тэр машины хойд талын суудал дээр, харин Энхбаяр жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр сууж байсан юм. Тэгээд тэр архийг уугаад байж байсан чинь Энхбаярын ах Д.Б гэж хүн ирээд машины хаалга онгойлгоод дүүгээ машин дотор зодож эхэлсэн. Тэр үед Д.Б гартаа ямар нэгэн зүйл барьсан байсан эсэхийг нь би хараагүй. Харин тэр үед Энхбаярын нүүр царай тэр чигтээ цус болсон. Тэгэнгүүтээ машины нөгөө талаар тойрч ирээд Т.Т-г хувцаснаас нь татаж буулгах үедээ Д.Б баруун гартаа чулуу барьчихсан байсан. Тэгээд тэр Т.Т-г татаж буулгаад гараараа цохисон. Тэгээд тэр хоёр бужигнаж барьцалдаж аваад машинаас гараад тэр машины урд талын хэсэгт очих үед Т.Т газар дээшээ хараад уначихсан байсан. Тэгээд би тэр хоёрын араас машинаас буугаад ирсэн чинь Д.Б намайг ална гээд миний нүүр, шанаа хэсэгрүү чулуу атгасан байсан гараараа 2 удаа цохисон. Тэгсэн чинь миний баруун урд талын дээд нэг шүд уначихсан. Тэгээд тэр намайг ална гээд хөөгөөд би тэр машиныг тойроод зугтаасан. Тэр үед тэнд юм болж байх үед Энхбаяр машинаас буугаад алга болчихсон байсан. Тэгшээ машины урд талын хэсэгт босч ирэхгүй ухаангүй хэвтээд байсан. Харин Энхбаярын ах намайг ална гээд машин тойроод гүйгээд байсан. Тэгж байтал нэг энгийн хувцастай цагдаа явган, хойноос урагш чиглэлтэй алхаад хүрээд ирсэн. Тэгээд тэр энгийн хувцастай цагдаа “боль” гэж хэлсэн. Тэр энгийн хувцастай залуу өөрийгөө цагдаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр энгийн хувцастай цагдаад “наад хүн чинь үхлээ шүү дээ, цагдаа, эмнэлэг дуудаад өгөөч” гэж хэлсэн. Тэгээд байж байтал хоёр цагдаа эргүүлийн машинтай хүрээд ирсэн. Цагдаа нар ирэх үед Т.Т өөрөө босоод ирсэн. Тэгээд бид гурвыг цагдаа нар дүүрэг дээр аваад ирсэн. ...Д.Б Энхбаярыг зодчихоод машины баруун хойд талын хаалгыг онгойлгоод Т.Т-г хувцаснаас нь татаж буулгах үед Д.Б-ын баруун гарт гартаа атгах хэмжээний чулуу байсан. ...Тухайн үед Б нь  эхлээд дүү Энхбаяртайгаа маргалдаж улмаар Т.Т-ийг машинд сууж байхад гараараа толгойруу нь цохисон. Дараа нь машинаас гараад бид нар маргалдаж байхад Т.Т-ийг Д.Б нь дахин гараараа цохиж, улмаар Т.Т хойшоо савж унаад босч чадахгүй байсан. Д.Б надруу дайрч гараараа миний нүүррүү цохисон. Тэгэхэд миний шүд уначихсан юм. ...Түүнээс надад гэмтэл бэртэл учраагүй болохоор цагдаад гомдол гаргаж, шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм. Би тухайн үед Д.Б-ыг чулуу барьсан байхыг харсан. Гэхдээ чулуутай гараараа цохисон эсэхийг хэлж  мэдэхгүй байна. Хэрэв чулуутай гараар цохисон бол биднээс юу ч үлдэхгүй, яз яз цохиж, хүнд гэмтэл учруулах байсан. ...” /1 хх 77-78, 80/,

 

гэрч Т.Тэгшгэрэлийн: “...намайг 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байж байхад манай төрсөн эгч Т.Оюун надруу залгаад “ах Т.Т Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт сэхээнд байна яаралтай ир” гэсэн. Ингээд намайг яваад очиход ах сэхээн амьдруулах тасагт ухаангүй байдалтай биеийн байдал маш хүнд байгаа. Манай ах дүү нар бүгд ирчихсэн сахиж байгаа. Бид нарын зүгээс ахын амь насыг аврахын тулд ямар боломж бололцоо байна тэр бүх эмчилгээг хийлгэсэн. Эмчийн хэлснээр томографикийн зургаар харахад тархины яс духнаасаа ар дагз хүртлээ цуурсан, багаар бодоход 20 орчим см цууралттай байна гэсэн. ...Манай ах урьд өмнө тархины болон биедээ гэмтэл шарх авч байгаагүй. Миний мэдэхийн сүүлийн 3 жил эмнэлэг гэж яваагүй, тархиндаа ямар нэгэн гэмтэл шарх авч байгаагүй. ...” /1 хх 81/,

 

гэрч Т.Батдэлгэрийн: “Өвчтөн Т.Т нь 2020 оны 4 дүгээр сарын 26-ны 13:45 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар биеийн байдал маш хүнд ухаангүй ирж компьютер томографикийн шинжилгээ хийж, тархины гэмтэл гарсан. Биеийн байдал маш хүнд тул яаралтай эрчимд эмчилгээний тасагт хэвтүүлж Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гэмтлийн эмч дуудаж биеийн байдал маш хүнд, хагалгаа хийх боломжгүй эмчийн эмчилгээг үргэлжлүүлэн хийхэд эрчимт эмчилгээний тасагт 1 хоног 4 цаг эмчлэгдээд биеийн байдал сайжраагүй. Амьсгалыг зохиомол амьсгалын аппаратаар удирдаж, зүрх агшаах эмийн эмчилгээгээр үргэлжлүүлсэн боловч өвчин үр дүнгүй байсаар 2020 оны 6 дугаар сарын 27-ны 18 цагийн үед нас барсан. ...Тухайн хүн нь архаг хууч өвчингүй гэж ар гэрийнхэн нь хэлсэн. Тухайн өвчтөн нь биеийн байдал маш хүнд, ухаангүй, асуусан асуултад хариулахгүй, комманд биелүүлэхгүй, хүүхэн хараа хоёр талд өргөссөн, гэрлийн урвалгүй, зохиомол амьсгалын аппараттай, даралт пульс хэмжигдэхгүй, их бие нилэнхүйдээ эрээлжсэн, шээсний сүвээр гуурстай, шээсгүй, мөчдийн хөдөлгөөн идэвхгүй, сул, захад ил хавангүй” /1 хх 83-84/,

 

гэрч Б.Жавхлангийн: “2020 оны 4 дүгээр сарын 24-ний орой цагийг тодорхой санахгүй байна. Бүрэнхий болох гэж байсан. Би ажлаа тараад албаны хувцастай гэррүүгээ явж байхад нэг эрэгтэй шоконд орсон гэхээр байдалтай түшүүлж босч ирж байсан. Тэр хүнийг хамт явсан найзынх нь ах цохиж унагаад дүүгээ мөн найзтай нь цохисон гэж байсан” /1 хх 85/,

 

гэрч Л.Бямбацогтын: “2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн машинт эргүүлийн Улиастай-115 чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад 102 дугаарын утсаар дамжин жижүүрээс “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар байрны гадна согтуу хүмүүс хоорондоо зодолдоод нэгийгээ цохиод унагачихлаа” гэх дуудлагын дагуу 20:30 цагийн орчим очиж шалгахад танихгүй, нэрийг нь мэдэхгүй 1 замын цагдаа, мөн дуудлага өгсөн 1 иргэн, зодуулсан гэх эрэгтэй, зодсон гэх гар нь цус болсон эрэгтэй, зодуулсан гэх эрэгтэйгийн найз гэх 1 эрэгтэй нар байсан. Биднийг очиход маргаан зодоон болоод дуусчихсан байсан. Улмаар зодсон эрэгтэй, зодуулсан эрэгтэй, мөн зодуулсан эрэгтэйгийн найз гэх эрэгтэй нар согтуу байсан тул тэр гурвыг авч, цагдаагийн хэлтэс дээр  ирсэн. Улмаар зодуулсан эрэгтэй нь надад гомдол санал байхгүй гээд 21 цагийн орчим байх яваад өгсөн. Харин зодсон эрэгтэй, зодуулсан залуугийн найз гэх эрэгтэй хоёрыг манай эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөх гэсэн боловч тэр хоёрын даралт өндөр байсан тул эрүүлжүүлэх боломжгүй болсон.” /1 хх 88/,

 

гэрч Л.Ламжавын: “2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн машинт эргүүлийн Улиастай-115 чиглэлд эргүүлийн цагдаа Бямбацогтын хамт үүрэг гүйцэтгэж байхад Улиастай-10 жижүүрээс “Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 72 дугаар байрны гадна согтуу хүмүүс хоорондоо зодолдоод нэгийгээ цохиод унагачихлаа” гэх дуудлагын дагуу 20 цаг 30 минутын орчим байх очиж шалгахад 1 замын цагдаа, мөн дуудлага өгсөн 1 залуу, зодуулсан гэх эрэгтэй, зодсон гэх гар нь цус болсон эрэгтэй, бас тэдний найз гэх 1 эрэгтэй нар байсан. Дуудлагаар Бямбацогт бид хоёрыг очиход маргаан зодоон болоод дуусчихсан байсан тул зодсон эрэгтэй, зодуулсан эрэгтэй, зодуулсан эрэгтэйгийн найз гэх эрэгтэй нар согтуу байсан тул тэр гурвыг авч, тус цагдаагийн хэлтэс дээр хүргэж ирсэн. Улмаар зодсон эрэгтэй зодуулсан залуугийн найз гэх эрэгтэй хоёрыг манай эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгөх гэсэн боловч тэр хоёрын даралт өндөр байсан тул эрүүлжүүлэх боломжгүй болж, тэр хоёрыг жижүүрт хүлээлгэн өгсөн. Харин зодуулсан эрэгтэй нь надад гомдол санал байхгүй гээд 21 цагийн орчим байх ганцаараа хэвийн яваад өгсөн тул бид дараагийн дуудлагадаа явсан юм.” /1 хх 89/,

 

шинжээч эмч О.Болороогийн: “...шинжилгээгээр тогтоогдсон тархины няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь тархмал том талбайг хамарсан байсан учир энэ гэмтэлтэй үед амь насыг аврах боломж муутай байдаг. Цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байдаг. ...” /1 хх 126/,

 

шүүгдэгч Д.Б-ын: “...манай дүүг байнга уруу татдаг, байнга архи уудаг учраас уурласандаа би цохичихсон юм. ...Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Би гараараа цохиж гэмтээсэн...” /1 хх 72, 151/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1000 дугаартай: “Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас тархины гүүрэнд цус харваж төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цогцост дух яснаас баруун зулай ясруу үргэлжилсэн шугаман хугарал, дагз ясны төвгөрөөс зүүн чулуулаг хүрсэн шугаман хугарал, баруун зулай чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун духны дэлбэнгийн эдийн гүн дэх цусан хураа, баруун дух, чамархай, зулай, дагз, зүүн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн дэлбэн, духны дэлбэнгийн суурийн хэсэг, баруун чамархайн дэлбэн, духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, дух, баруун зулай, дагзны хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, духны цус хуралт, амны зүүн тал, эрүүний доод хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр архины шалтгаант зүрхний булчингийн эмгэгшил, зогсонгишлын хатгаа өвчтэй байжээ. Дээрх өвчнүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй болно. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр хордлогын шинж тэмдэг илрээгүй. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр согтууруулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй.” /1 хх 96/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №735 дугаартай: “ Т.Т-ийн биед үүссэн эрүүний зүүн талын цус хуралт гэмтэл нь тухайн хэсэгт цохигдох үед дагз ясны төвгөрөөс зүүн чулуулаг хүрсэн шугаман хугарал нь хавтгай өргөн, хязгаарлагдмал бус гадаргуутай зүйл дээр толгойн ар хэсгээр унах үед үүсэх боломжтой.  Духны цус хуралт, дух яснаас баруун зулай ясруу үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл нь духны хэсэгт хүч үйлчлэх, хязгаарлагдмал бус гадаргуутай зүйл дээр унах зэрэг нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх тул олон удаагийн үйлчлэлээр гэсэн болсон. Дээрх гэмтлүүд нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр үүссэн байх боломжтой. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед цус бүлэгнэх систем хямарч фибрийн үүсэлт нь удааширдаг тул MSB будгийн аргад алдаа гарч болно. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, эдийн гүн дэх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, эдийн няцрал гэмтлүүдийн улмаас тархины гүүрний хэсэгт цус харваж нас баржээ. Дээрх гэмтлүүдийг авсан даруйд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломж муутай.” гэх дүгнэлтүүд /1 хх-107/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /1 хх 3-14/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, /17-22/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 58/, болон хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б-ыг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №480 дугаартай дүгнэлтэд: “Д.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Б нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байна. Д.Б нь хэргийн талаар тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. Д.Б нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл эмнэлгийн бичиг баримт байхгүй байна. Д.Б нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэж /1 хх 125/ дүгнэсэн байгааг дурдав.

 

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдолдоо “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тухайн зүйл, хэсэгт зааснаар түүнд хамгийн бага буюу 8 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйлчилсэн зүйл, хэсэгт заасан ялын хамгийн доод хэмжээгээр сонгон оногдуулахад энэ төрлийн бусад гэмт хэргүүдээс ямар ялгаатай, хуульд заасан эрүүгийн хариуцлагын хамгийн хөнгөн хэлбэрийг хэрэглэхээс өөр аргагүй нөхцөл байдал тогтоогдож байгаа талаар шүүх заавал дүгнэлт хийсэн байвал зохино.

 

Өөрөө хэлбэл, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг алах гэмт хэрэгт наймаас арван таван жил хүртэл хорих ял оногдуулах бөгөөд хөнгөрүүлэх тохиолдолд Эрүүгийн хуулиар нарийвчлан тодорхойлсон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх ямар нөхцөл байдал тогтоогдсоныг дүгнэх зайлшгүй шаардлагатай.

 

Энэхүү шаардлагын үүднээс анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзсэн” талаар дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээгээр найман жил хорих ял шийтгэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт санаа буюу гэм буруугийн хэлбэр, байдлаас гадна учруулсан хохирол, хор уршгийн хэмжээгээр тодорхойлогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэжээ.  Шүүгдэгч Д.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд хүний амь нас хохирсон, хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, мөн анхан шатны шүүхээс дээр дурдсан хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтүүдийг хийж оногдуулсан байхад хорих ялыг дахин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хуульд зааснаас хөнгөрүүлэх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдолд “...тухайн үйлдэл нь хохирогчийн амь насанд шууд үхэлд хүргээгүй, хохирогч шууд эмнэлгийн тусламж авч чадаагүй, хугацаа алдсаны улмаас нас барсан учраас гэмт хэргийн зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэгдэх үндэслэлтэй...” гэжээ.

 

Хүнийг алах  гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогддог ба амь хохирогч шууд эсхүл хэсэг хугацааны дараа нас барсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Өөрөөр хэлбэл, гэмт этгээдийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байх нь хүнийг алах гэмт хэргийн заавал байх шинж бөгөөд хохирогч хэзээ нас барсан нь зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болохгүй юм.

 

Шүүгдэгч Д.Б нь амь хохирогч Т.Т-ийн эрх, эрх чөлөөнд халдаж буй хууль бус үйлдлийнхээ нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хүний эрүүл мэнд, амь нас хохирч болохыг урьдчилан мэдсэн, тэрхүү хор уршгийг хүсээгүй боловч өөрийн үйлдлээрээ зориуд хүргэсэн болох нь хэрэгт авагдсан гэрч А.Пүрэвням, Д.Энхбаяр, Ш.Билэгсайхан, Т.Батдэлгэр нарын мэдүүлгүүд, шинжээч эмч О.Болороогийн “...энэ гэмтэлтэй үед амь насыг аврах боломж муутай байдаг. Цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байдаг. ...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №1000 дугаартай дүгнэлт , 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №735 дугаартай “...гэмтлүүдийг авсан даруйд цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломж муутай...” гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, өөрсдийн дотоод итгэлээр үнэлэх замаар шүүгдэгч Д.Б-ыг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсоныг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ю.Батболд, Ч.Шүрэнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/1386 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/1386 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ю.Батболд, Ч.Шүрэнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ОЧМАНДАХ

                     ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ