Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2022/00047

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Хөвсгөл аймгийн Их Уул сумын 5 дугаар багт оршин суух, Этүгэн Бын Д -,

Хамтран нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Их Уул сумын 5 дугаар багт оршин суух Өвгөдийнхөн Огийн Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Их Уул сумын 5 дугаар багт байрлах “Их-Уул Дулаан” ХХК-д холбогдох,

30,970,300 (гучин сая есөн зуун далан мянга гурван зуу) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч “Их-Уул Дулаан” ХХК-ний халуун усны барилгыг албадан чөлөөлж, халаалт, цэвэр, бохир усны төлбөр болох 14,400,760 /арван дөрвөн сая дөрвөн зуун мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулах тухай  хамтран нэхэмжлэгч О.Г-д холбогдох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага, нэхэмжлэгч Б.Д, хамтран нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэг, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгс нар оролцов.

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэн ахмад настан Бын Д миний бие нөхөр О.Ггийн хамт “Их-Уул сумын халуун усны газрыг эзэмших сонгон шалгаруулах тендер”-т ялж, Төв халуун усны барилгын эзэмшигчээр шалгарч, тус барилгад их засварыг өөрийн хөрөнгөөр хийж, 30,970,300 (гучин сая есөн зуун далан мянга гурван зуу) төгрөг зарцуулж, 2 сар 20 хоногт багтааж гүйцэтгэн нутгийн иргэд, малчид хөдөлмөрчдөд соёлтой үйлчилгээг хямд үнээр үзүүлсээр ирсэн. Гэтэл 2015 оноос хойш сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч П.Э нь янз бүрээр дарамталж, ажил үйлчилгээнд саад учруулж, ажлын байрны дарамт үзүүлэн “Муу, сайн юмнуудаас халуун усыг хурааж авна, та нар муу, сайн юмнууд эндээс зайл” гэж дайрч доромжлон халуун усны үйлчилгээг хааж, ус тасалж  2015  оны 02 дугаар сараас 2015 оны 08 дугаар сар хүртэл бүтэн 6 сар ажил үйлчилгээг хүчээр зогсоож байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл байнгын сэтгэл санааны дарамтад байлгаж, муу муухайгаар хэлж байгаад, бид маш их гомдолтой байна. Манай нөхөр О.Г нь унаган Их-Уул сумын хүн юм. Сумын иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч байж байгаад одоогоор “Их-Уул дулаан” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа П.Эийн улс төржсөн, явуургүй байдал болон эгэл жирийн иргэдтэй харьцах харилцаа нь биднийг энэ орон нутагт амьдрах аргагүй болгож байгаа тул ахмад настай бид хоёр хаана очиж амьдрахаа мэдэхгүй хэцүү байдалд байна. Бид анх тендер шалгаруулалтад оролцож, төслөө танилцуулан 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын хуралдааны шийдвэрийн дагуу төв халуун усны барилгад их засвар хийж эзэмшилдээ авахдаа бидний өмчлөлд шилжүүллээ гэж ихэд баярлан өөрсдийн өмч мэт хайрлан хамгаалж ирсэн. 

Гэтэл 3 жилийн өмнөөс халуун усны барилга нь орон нутгийн өмч хэвээрээ байгаа төр өмчөө эргүүлж авна гэж сүрдүүлж, ажлын байрны болон сэтгэл санааны дарамт учруулсаар ирсэн. Нэгэнт дээрх барилга нь орон нутгийн өмч хэвээрээ байгаа бол бидний зүгээс өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ болон хүн авч ажиллуулсантай холбоотойгоор гарсан нийт 30,970,300 (гучин сая есөн зуун далан мянга гурван зуу) төгрөгийг “Их-Уул дулаан” ХХК-иас гаргуулах хүсэлтэй байх тул биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын захирал П.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Дгийн тус шүүхэд гаргасан засварын үнэ, ажилтны цалин хөлс, хог хаягдлын зардал 30,970,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Хөвсгөл аймгийн Их Уул сумын халуун усны газрыг ажиллуулж амьдрал ахуйгаа дээшлүүлэх үүднээс 2011 онд иргэн О.Г сумын халуун усны газрын барилгыг эзэмшихээр болж тус барилгад засвар хийж, нутгийн иргэд, малчид, хөдөлмөрчдөд үйлчлэхээр болсон. Их-Уул Дулаан ХХК нь иргэн О.Гд тухайн халуун усны байрыг өмчлүүлж өгөөгүй. Тухайн үед манай байгууллага Орон нутгийн өмчийн үйлчилгээний газар сумын Засаг даргын тамгын газрын мэдэлд төлөөлөн удирдах зөвлөл нь Иргэдийн төлөөлөгчийн хурал байсан ба иргэн О.Г нь  Засаг даргын тамгын газартай буюу сумын Засаг даргын тамгын газрын даргатай гэрээ хийснээр түр эзэмшин ажиллуулж байсан болно. Манай байгууллага нь 10-аад жил эдгээр хүмүүст тус халуун усыг эзэмшүүлж, ашиглуулж, өрхийн амьжиргааг нь дэмжиж ирсэн байтал ийм их хэмжээний төлбөр тооцоо нэхэмжилж байгаад гайхаж байна. Энэ хугацаанд халуун усны барилгыг засварласан хөрөнгийг хэд нугалан ашиг, орлого олсон гэж бодож байна. Харин ч О.Г, Б.Д нар нь 2014 оноос хойш халаалт дулаан, цэвэр, бохир усны төлбөрөө төлж байгаагүй ба 11,047,840.92 төгрөгийн өр манай байгууллагад үүссэн байгаа. Манай байгууллага дээрх төлбөрийг барагдуулахаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандахад О.Г, Б.Д нар нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон юм. 2011 онд Их-Уул дулаан ХХК нь ОНӨҮГазар байсан ба сумын ЗДТГ-ын мэдэлд ТУЗ нь сумын ИТХ байсан. Энэ үед О.Г нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон үнэ тарифын дагуу иргэдэд үйлчилнэ, халуун усны байрыг өөрсдийн хөрөнгөөр тог цахилгаанаар халдаг, түлээ мод түлдэггүй эко халуун ус болгоно хэмээн ажиллах эрх авсан. Гэвч сумаас тогтоосон үнэ тарифыг удаа дараа зөрчин үнэ нэмж иргэдийг хохироосон. Мөн сумын Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчийн хурлаас тавьсан шаардлагыг үл тоомсорлон байгууллагын халаалт, цэвэр, бохир усны төлбөрийг 10-аад жил төлөлгүй манай байгууллагыг алдагдалд оруулж өр, авлага үүсгэн өдийг хүрсэн. О.Г нь дээрх төлбөрөө төлөхгүй хирнээ халуун усны байранд засвар хийсэн гэх 30,970,300 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. 2011 онд засвар хийсэн гэх 30 гаруй сая төгрөгөөр тухайн үед ийм барилга иж бүрнээр нь хоёрыг барих боломжтой. Манай компанийн ахуй үйлчилгээний барилга болох 8x12 хэмжээтэй, 192 метр квадрат талбай бүхий 2 давхар барилгыг 2013 онд 36,472,878 төгрөгөөр шинээр барьж ашиглалтад оруулж хүлээлгэн өгч байсан. Халуун усны барилгад хийсэн засварыг харахад 30,000,000 төгрөгөөр засвар хийсэн байх боломжгүй нь харагдана. Харин 2-3 сая төгрөгөөс хэтрэх зардал гараагүйг тухайн үед сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсны хувьд сайн мэдэж байна. Манай байгууллагын зүгээс иргэн О.Гд ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй тул 30,970,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. О.Г, түүний эхнэр Б.Д нар нь Хурлын төлөөлөгчдийн зүгээс иргэдийн санал гомдол, зөрчил дутагдал гарах бүрд тавьсан шаардлагыг үл тоомсорлон хэл амаар доромжлох, ажил үүргээ гүйцэтгэж яваа байгууллагын ажилчдыг мод чулуугаар цохих зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргаж байсан. Эдгээр хүмүүс нь манай байгууллагын халуун усны барилгыг тодорхой нөхцөлтэйгээр эзэмшиж, ашиглаж байгаа гэдгээ мартаж өөрсдийн хувийн эд хөрөнгө шиг аашлах болсон. Манай байгууллагаас цаашид О.Гтэй хамтарч ажиллах боломжгүй тул байгууллагын өмч болох халуун усны байрыг буцаан авч, халаалт, цэвэр, бохир усны төлбөр болох 14,400,760 төгрөгийг нэхэмжлэх болно. Б.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2011 онд иргэн О.Гтэй Засаг даргын тамгын газраас халуун усны байрыг түрээслэн ашиглах гэрээг хийсэн. Б.Дтэй ямар нэгэн гэрээ хийгээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна.

Иймд Б.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын захирал П.Э шүүхэд гаргасан  сөрөг нэхэмжлэлдээ:

 Их-Уул Дулаан хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2011 онд Орон нутгийн өмчийн үйлчилгээний газар байх үед манай байгууллага нь сумын Засаг даргын тамгын газрын мэдэлд байсан ба Төлөөлөн удирдах зөвлөл нь сумын иргэдийн төлөөлөгчийн хурал байсан. Энэ үед буюу 2011 онд Их-Уул сумын Засаг даргын тамгын газар нь сумын Халуун усны барилгыг түр эзэмшүүлэн ажиллуулахаар иргэн О.Гтэй гэрээ байгуулсан байдаг юм. О.Г нь анх сумын халуун усыг ажиллуулж эхлэхдээ сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлаас тогтоосон үнэ тарифын дагуу иргэдэд үйлчилнэ, халуун усны байрыг өөрсдийн хөрөнгөөр тог цахилгаанаар халааж, түлээ мод түлдэггүй эко халуун ус болгоно гэж ажиллах эрх авсан боловч өнгөрсөн хугацаанд өөрсдийн дураар үнэ тарифыг нэмж, сумын Засаг даргын тамгын газар болон Иргэдийн төлөөлөгчийн хурлаас тавьсан шаардлагыг үл тоомсорлон түүгээр ч зогсохгүй халаалт, цэвэр, бохир усны төлбөрийг төлөлгүй өдийг хүрч байна. Одоо манай байгууллага нь хэдийгээр төсвөөс татаас авдаггүй ч төрийн өмчийн оролцоотой компани гэдэг утгаараа орон тоо болон жилийн төсвийн төлөвлөгөөгөө аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлаар батлуулан Төрийн аудит тогтмол хийлгэж явдаг компани юм. Тиймээс тухайн байгууллагын төсөв мөнгө хүндрэлтэй энэ үед олон жил дамнасан өр авлагыг үүсгэн төсвийн алдагдалд оруулж, байгууллага цаашид хэвийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөл боломж байхгүй байгаа тул төрийн өмч, байгууллагын өөрийн үндсэн хөрөнгө болох халуун усны барилгыг буцаан авах шаардлагатай байна. Мөн иргэн О.Г нь халуун усны барилгыг ашиглаж байх хугацаандаа 2011 оноос хойш халаалт дулааны төлбөр, цэвэр, бохир усны төлбөрийг төлөлгүй явсаар 2011-2013 хүртэл 3,352,920 төгрөг, 2014-2020 он хүртэл 11,047,840.92 төгрөг, нийт 14,400,760 төгрөгийн өр үүссэн байгаа болно. Үүнийг барагдуулахаар 2020 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч О.Г нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон.

Иймд О.Ггээс Хөвсгөл аймгийн Их-Уул сумын халуун усны барилгыг албадан чөлөөлж, халаалт, цэвэр, бохир усны төлбөр болох 14.400.760 (арван дөрвөн сая дөрвөн зуун мянга долоон зуун жар) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хамтран нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэг сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн тайлбартаа:

“Их-Уул дулаан” ХХК нь халаалт, цэвэр бохир усны төлбөр 14,400,760  төгрөг гаргуулах, халуун усны барилгыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд тус сөрөг нэхэмжлэлтэй танилцаж, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

 Нэг. Халаалт, цэвэр бохир усны төлбөр 14,400,760 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгч О.Гг 2011 онд Их-Уул сумын Засаг даргын тамгын газартай халуун усны барилгыг түр эзэмших гэрээ байгуулж, халуун усны байрыг ажиллуулах эрх авсан хэдий ч гэрээний үүргээ зөрчиж, өнгөрсөн хугацаанд өөрсдийн дураар халуун усны үнэ тарифыг нэмж, сумын Засаг даргын тамгын газар болон Иргэдийн төлөөлөгчийн хурлаас тавьсан шаардлагыг үл тоомсорлон, цэвэр бохир усны төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн талаар дурджээ. Анх нэхэмжлэгч О.Г нь “Их-Уул сумын халуун усны газрыг эзэмших сонгон шалгаруулах тендер”-т ялж, төв халуун усны барилгын эзэмшигчээр шалгарсан бөгөөд тухайн үед халуун усны газрыг түр эзэмшүүлэх гэрээг сумын Засаг даргын тамгын газартай огтхон ч байгуулаагүй, тус барилгыг тодорхой хугацаатай эзэмших талаар ярилцаж тохиролцсон зүйл байдаггүй.

Мөн халуун усны үнэ тарифыг нэмж, сумын ЗДТГ болон Иргэдийн төлөөлөгчийн хурлаас тавьсан шаардлагыг биелүүлдэггүй талаар бичжээ. О.Г, Б.Д нар нь Их-Уул сумын халуун усны газрыг эзэмших болсноос хойш маш хурдан хугацаанд буюу 2 сар 20 хоногийн хугацаанд хуучирч муудсан, ашиглалтаас гарах дөхсөн барилгад засвар үйлчилгээг хийж, тэр цагаас хойш саяхныг хүртэл нутгийн иргэд, малчид хөдөлмөрчдөд соёлтой боловсон үйлчилгээг тогтмол хямд үнээр үзүүлсээр ирсэн.

Хариуцагч нь цэвэр, бохир усны 2011-2013 он хүртэлх хугацааны 3,352,920 төгрөг, 2014-2020 он хүртэлх хугацааны 11,047,840 төгрөгийг нэхэмжилжээ. 2011-2013 оны хоорондох 3,352,920 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Их-Уул сумын халуун усны газрын эзэмшигчийг сонгон шалгаруулах 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрээр дулаан, цэвэр усны үнийг 3 жилийн хугацаанд “Их-Уул дулаан” ХХК хариуцахаар тохиролцсон. Дээрх тохиролцоог ч хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрч хариу тайлбартаа 2014 оноос хойшхи халаалт, цэвэр бохир усны мөнгийг нэхэмжлэх талаар дурдсан байдаг. 2014 оноос хойшхи төлбөрийн тухайд ийм өндөр төлбөр гарч байгаад гайхаж байна. Манай халуун усны барилгатай ойролцоо объектийн халаалт, цэвэр бохир усны төлбөр манайхаас хамаагүй бага гардаг.  Аль хууль, эрх зүйн актыг үндэслэн, ямар тооцооллыг ашиглан дээрх мөнгийг нэхэмжилж байгааг хариуцагч байгууллага өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд гаргасан хууль ёсны төлбөрийг нотлох баримтад үндэслэн төлөх болно. Дээрх халаалт, цэвэр бохир усны 2015 оноос хойшхи төлбөрийг нэхэмжлэгч нь тодорхой хэмжээнд төлж байсан. Тодруулбал, 2014 онд халаалтын мөнгийг “Их-Уул дулаан” ХХК хариуцахаар тохиролцсон хэдий ч 2015.09.15-ны өдөр 24,640.00 төгрөг, 2015.10.26-ны өдөр 49,280.00 төгрөг, 2016.02.26-ны өдөр 55,440.00 төгрөг, нийт 374,960 төгрөгийг төлсөн. 2015 оны 02 дугаар сараас 2015 оны 08 дугаар сар хүртэл бүтэн 6 сарын хугацаанд ажил, үйлчилгээг хүчээр зогсоож, ажлын байрны дарамт учруулж, халуун усаа буцааж авна гэж сүрдүүлж эхэлсэн тул бид обьектоо хамгаалж үлдэх үүднээс арга буюу төлбөр төлөлтийг хойшлуулж ирсэн.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд нэхэмжлэгчдийг ирээгүйгээс шалтгаалж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон талаар дурдсан байна. Бодит байдалд нэхэмжлэгч О.Г, Б.Д нар нь Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байсан ч эмчилгээний хугацааг дуусгалгүй яаран ирж, Хөвсгөл аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч н.Лхамдолгортой өөрийн биеэр биечлэн уулзсан бөгөөд тус ажиллагаанд хариуцагч байгууллагаас төлөөлөл ирээгүйтэй холбогдуулан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон байдаг.

Хоёр. Халуун усны барилгыг албадан чөлөөлүүлэх шаардлагын тухайд:

2011 онд халуун усны барилгыг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхөд нэхэмжлэгч нь өөрийнх нь өмчлөлд шилжүүлж өглөө гэж ихэд баярлан өөрсдийн өмч мэт хайрлан хамгаалсаар ирсэн. Гэтэл 3 жилийн өмнөөс “Их-Уул дулаан” ХХК-ийн захирал П.Э халуун усны барилга нь орон нутгийн өмч хэвээрээ байгаа төр өмчөө эргүүлж авна гэж сүрдүүлж, ажлын байрны болон сэтгэл санааны дарамт үзүүлж ирсэн байдаг. Нэгэнт дээрх барилга нь орон нутгийн өмч хэвээрээ байгаа бол өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийсэн 30,970,300 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулсны дараа “Их-Уул дулаан” ХХК-д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 онд Засаг даргын хурлын шийдвэртэй холбоотой сумын халуун усны газрыг өөрсдийнхөө хөрөнгөөр засварлаж иргэдэд үйлчлэх үүрэг даалгавар авч өөрсдийн минь өмч болгож өглөө гэсэн ойлголттойгоор 30 гаруй сая төгрөгийн засвар үйлчилгээг хийсэн.

Мөн 3 жилийн халаалт дулааны төлбөрөөс чөлөөлөх тухай аман шийдвэр гаргасан. Үүний дагуу 2011 оны 6 дугаар сараас 2014 оны 6 дугаар сар хүртэл халаалт дулааны төлбөрөөс чөлөөлөгдлөө гэж ойлгож байтал 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс халаалт дулааны мөнгө бичигдээд эхэлсэн. Энэ халаалт дулааны мөнгийг хэдэн удаа төлсөн. Бид нарыг анхнаасаа ажиллах нөхцөл боломжоор хангаж өгөөгүй. Бүх зүйлийг та нар өөрсдөө л хийх ёстой гэж хүлээлгэж өгч, орхисон. Тэр чинээгээр бид нар хичээж зүтгэсэн. Өөрсдөө ийм ажлын байртай боллоо. Үргэлжлүүлэн үр хүүхдээ ажиллуулна гэсэн итгэлтэй явсан. 2014 оноос хойш энэ бүхэн эхэлсэн. Учиргүй ирээд хаачихдаг. Хувь хүний байгаа байдлыг яаж тодорхойлоод байдгийг мэдэхгүй. Энэ нэг айхтар хүн гэсэн ойлголтоор явчихсан. Энэ хүмүүст би хэлэх гэснээ хэлээд, анхааруулах зүйлээ анхааруулаад дутагдал байвал хэлчихдэг байсан учраас түүнийхээ хариуг авч байна гэж ойлгож байгаа. Намайг мангар авгай гэж хэлдэг болсон. Энэ хүмүүст би өөрийгөө ойлгуулж чадаагүй. Одоо би ямар ч нэргүй намайг мангар авгай гэж дууддаг болсон. Тэгтэл тэрийгээ Манх-гар гэж салгаж хэлдэг юм байна л даа. Иймэрхүү харилцааны асуудлаас болоод энэ хүмүүст би өөрийгөө ойлгуулж чадаагүй. Ойлгуулах гэхээр л ямар нэгэн зөрчилд орчихдог. Хурлын тэргүүлэгчдийг доромжилж, хүн зодож байсан удаа надад байхгүй. Утасны бичлэг хийгээд, энэ жил 7 дугаар сард надад халдаж биед минь хүрэх хэмжээний болж миний халуун усыг хаасан. Энэ П.Э гэдэг залуу 2015 онд халуун усыг бас тэгж хаасан. Би энэ халуун усны барилгад  26 сая төгрөг, ажилчдын цалин хөлстэйгөө нийлээд 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.

Эхлээд энэ хүмүүстэй эв зүйгээр ярьж байсан. Би хөгшин настай хүн, та нар залуу хүмүүс нэг газарт амьдарч байна. Энэ барилгаа та нар авчих, би халуун усны чинь халаалтын мөнгийг төлж чадахгүй. Надад тэр хэмжээний орлого байхгүй, нэг хүнийхээ тэтгэврээр түлээгээ авч, өөрийнхөө тэтгэврээр амьдарч байна. Энэ чинь орлого болдоггүй юм. Өдөрт 2,000 төгрөг, зарим өдөр юу ч ордоггүй, зарим өдөр 30,000 төгрөг гэх зэрэг байдаг. Яагаад гэвэл угаалга бас ажиллуулдаг. Ийм учраас халуун усныхаа мөнгийг нэмэхгүй бол болохгүй байна. Одоо 1,000 төгрөгөөр том хүн, том болсон хүүхдүүдийг 500 төгрөгөөр оруулахад хэцүү байна. Өдрөөс өдөрт бок, савангийн мөнгө хүртэл нэмэгдэж байна, тогны үнэ нэмэгдэж байдаг, та нар өөрсдөө ус, дулааныхаа үнийг нэмчихлээ. Эгчид нь үүнийг төлөх ямар ч боломж байхгүй. Би энэ барилгад зохих хэмжээний мөнгө оруулсан учраас ингээд асуудлаа шийдье гэхэд үгүй мангар авгай, чам шиг юмтай тэгж ярихгүй, согтуу толгой минь гэсэн. Би ээж шиг нь хүн шүү дээ. Миний хүүхдүүд хууль хяналтын байгууллагад ажилладаг, би ингэж хэлүүлсэндээ маш их гомддог. Одоо би гэртээ ч амьдрах боломжгүй болсон. Би оруулсан хөрөнгөө олж авъя, хохирч чадахгүй. Настай хүний сэтгэлээр хандсан. Хүн шиг ёс зүйтэй, сэтгэл гаргасныхаа хариуд ингэж доромжлуулж байгаадаа би үнэхээр гомдолтой байдаг. Энэ асуудлаас болж хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэж байсан. Бие ч сайнгүй байдаг. Ямар ч байсан энэ мөнгөө гаргуулж авмаар байна. Иргэн хүний хувьд халуун усны халаалт дулааны мөнгөө баримт нь байвал  төлнө.

Би маш удаан хугацааны дарамт шахалтыг тэсэж тэвчээд ирсэн, мөн хүлээцтэй хандсан. Халуун усаа ав, тог цахилгааны мөнгөө байхгүй болгоод тохиролцъё гэсэн саналыг бид тавьсан, хүлээж авах байх гэж харсан. Гэвч хүлээн аваагүй.2014 оноос хойш үнэ дураараа нэмсэн гэж байна. Бид нар 30 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулчихсан байхад Тариалан сумтай жишээд байдаг. Тариалан сумын халуун ус төсвөөсөө цалинждаг, харин манайх орлогоосоо цалинждаг. Би халуун усаа үсчин, галч, үйлчлэгч гээд 3 ажлын байртай болгосон. Үсчин нь тусдаа орлогоо аваад явдаг бол үйлчлэгч, галч хоёр маань цалин авч чаддаггүй. Яагаад гэвэл бид нар нэг гэр бүлийн хүмүүс учраас өдөрт олсон 20,000 төгрөгөөс үргэлж нэмэгдэж байгаа түлээнийхээ мөнгийг яах вэ. Намайг хатуу 1,000 төгрөгөөр оруул гэдэг. Одоо зах зээлд 1,000 төгрөгөөр ордог халуун ус битгий хэл 1,000 төгрөгөөр авах талх ч байхгүй. Би 18 нас хүрсэн 10 дугаар ангийн хүүхдийг 500 төгрөгөөр усанд оруулаад надад ямар ашиг байгаа юм бэ?

 Тог цахилгаанаар ажиллуулахгүй яасан юм гэдэг. Тог цахилгаан чинь хүний эрүүл мэнд, амь насанд баталгаагүй зүйл. Баталгаагүй гэдгийг нь ярилцсан. Ус, трубагаар дамжаад тог цахилгааны богино харилцаа үүсэх юм бол бид нар хүний амь насанд хүрнэ.

Тийм учраас эхэлж тавьж байсан саналаараа бид зуухаа солиод стандарт юм тавьсан байгаа. Энэ хүмүүс ойлгохгүй байгаа юм. 2014 онд, 2015 онд, 2017 оны 7 дугаар сард ирж зодох шахаад халуун усыг хааж байсан. Шаардлагатай гэвэл би утасныхаа бичлэгийг үзүүлж болно. Монгол Улсын хууль иргэнээ хамгаалж, хуулийн дагуу шударга явагдах байх гэж бодож байна.

2011 онд засвар хийснээс хойш 10 гаруй жил өнгөрсөн байгаа учраас элэгдэл, хорогдолд 10,970,000 төгрөгийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаа 20,300,000 төгрөг болгон багасгаж байна гэв.

Хамтран нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Дгийн яриан дээр нэмээд давхардуулахгүй дараах хэдэн зүйлийг хэлье. Нэхэмжлэгч Б.Д сая ярьж байна. Их-Уул дулаан ХХК-г халуун усны барилгаа буцааж ав, харин оронд нь хөрөнгө оруулалт хийсэн мөнгөө бид нар буцааж авъя гэдэг хүсэлтийг удаа дараа тавьж байсан боловч хүлээн зөвшөөрөөгүй гэдэг. Энэ нь ямар хардлагыг төрүүлж байна вэ гэхээр санаатайгаар энэ хүмүүсийг халуун дулаан усны өрөнд оруулсан үйлдэл гэж үзэж байгаа. Хэрэгт хариуцагч байгууллагаас санхүүгийн хяналт дотоод аудитын албаны 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн албан шаардлагад Их-Уул дулаан ХХК-г дурдахдаа тус байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй халуун усны барилгыг 2011 онд иргэн О.Гд түрээслүүлсэн гэх боловч энэ талаар нотлох баримт байхгүй, иргэн байгууллагын хооронд одоо болтол хөрөнгийн болон төлбөр тооцооны маргаантай асуудалтай. Тус компанийн удирдлага энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох арга хэмжээ авахгүй олон жил даамжруулсан нь Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д заасан маргаантай асуудлаар үйлдвэрийн газраа төлөөлж шүүхэд нэхэмжлэл гарга гэсэн үүргийг хэрэгжүүлээгүй ба хөрөнгийн бүрдэл өөрчлөх үед анхан шатны баримтыг бүрдүүлэхгүй явж ирсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн талаарх дүгнэлтийг гаргасан байгаа. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр маш олон жилийн хугацаанд “танайх халуун усаа ав, бид нар хөрөнгө оруулалт хийсэн мөнгөө буцааж авъя” гэдэг зүйлийг ярихад өөрсдөө энэ талаар ямар ч арга хэмжээ аваагүй хирнээ эвлэрүүлэн зуучлалд хандсан, уг эвлэрүүлэн зуучлалд өөрсдөө ирээгүй байж одоо эвлэрлийн шаардлага тавиад, бүх асуудлыг шийдэх гэж байгаа юм шиг ингэж болохгүй гэдэг зүйлийг ярьж байгаа. Засвар үйлчилгээ хийсэнтэй холбоотой Улаанбаатар хотоос барилгынхаа бүх баримт материалыг татсан байдаг. Түүнтэй холбоотой баримтаа хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Мөн тухайн үед ямар байсныг одоо ямар болгосон байгааг гэрчлэх зорилгоор тухайн барилгад засвар үйлчилгээг гардан хийж байсан н.Бямбахишиг, нутгийн уугуул иргэн н.Батбаяр, тухайн үед сумын удирдлагаар ажиллаж байсан н.Амараа нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэ хүмүүс ямар байсан барилгыг хир богино хугацаанд ямар болгосон юм бэ, хир хэмжээний хөрөнгө мөнгө, хөлс хүчээ зориулсан юм бэ гэдгийг тодорхой бичиж өгсөн байгаа. Тэндээс тодорхой баримтуудыг гаргаж болно. Хэргийн материалаас хамгийн их сонирхол татаж байгаа зүйл нь шинжээчийн дүгнэлт. Энэ халуун усны барилга 2011 онд засвар үйлчилгээ хийснээс хойш одоо он гараад 11 жил болж байна. Тэгэхээр тухайн үеийн засвар үйлчилгээг яг хэдэн төгрөгийн засвар үйлчилгээг хийсэн юм бэ гэдгийг шинжээчээр тогтоолгохоос өөр ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл тухайн үед энэ хүмүүст шаардлагатай камер ч юм уу, утас гэсэн зүйл байхгүй байсан учраас тэрийг тодорхойлуулахаар шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг 5 дугаар сард гаргасан, шүүгчийн захирамжаар 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор дүгнэлтээ гаргаж ирүүлнэ гэсэн боловч хөрөнгийн үнэлгээний төв шинжээчийн дүгнэлтийг ямар ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, бүр ямар шалтгаанаар хойшлуулаад байгаа талаар баримтаа ч өгдөггүй, энэ талаар хүсэлтээ ч өгдөггүй байсан. Бид нар байнга араас нь залгаж манай шинжээчийн дүгнэлт яасан бэ, хэзээ ирэх вэ, шүүгчийн захирамжид заасан хугацаа өнгөрлөө гэхээр үнэлгээчид ковид туссан, үнэлгээ хийхээр өөр орон нутаг руу явж хоригдсон байгаа, хамгийн сүүлд хөрөнгийн үнэлгээний төвийн захирал н.Зоригт гэдэг хүн өөрөө сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн, дүгнэлт гаргах боломжгүй болсон гэдэг зүйлүүдийг ярьдаг байсан. Энэ дотроос хамгийн сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр шинжээчийн дүгнэлт ирүүлсэн баримтад шинжээчээр н.Баярбаатар гэдэг хүнийг томилсон. Гэтэл бодит байдалд халуун усны газарт 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр н.Зоригт гэдэг хүн өөрийнхөө үнэлгээчин н.Лхагвасүрэн гэдэг хүнтэй хамт ирсэн байдаг. Тэгсэн хирнээ шинжээчийн дүгнэлтийг н.Баярбаатар гэдэг хүн гаргаад байгаа юм.

Тэгэхээр субъект буюу тэр хүн өөрөө тухайн газар дээр ирээгүй байж яаж 11,000,000 төгрөг гэсэн дүгнэлтийг хэрхэн гаргасан юм бэ гэдэг нь тодорхойгүй.

Нэхэмжлэгч талаас шинжээчийн дүгнэлт худлаа гарсан, хөрөнгийн үнэлгээг бодитоор үнэлж чадаагүй, энэ бол нэг хэсгийн үнэлгээ гэж үзэж байгаа. Тийм учраас шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хуулийн үүднээс юу гэж харж байна гэхээр энд иргэнийг хамгаалах зохицуулалт хэрэгтэй. Энэ хүмүүс тухайн үед тендер шалгаруулалтаар бидний өмчлөлд шилжиж байна гэж өөрийнхөө сэтгэлээр хандсан байгаа юм. Ард иргэддээ соёлтой боловсон үйлчилгээг үзүүлэхийн тулд бүхий л засвар үйлчилгээг маш хурдан хийж, өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, бараа материалаа маш хурдан хугацаанд татаж 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд ажиллуулсан. Энэ хүмүүс тухайн үедээ энэ газрыг бид нарын өмчлөлд шилжүүлж, бид нарыг аваад яв гэж байгаа юм байна гэсэн өөриймсөг сэтгэлээр хандсан. Гэтэл энэ олон жилийн дараа 2015 оноос хойш байнга ажлын байрны дарамт үзүүлж, дандаа намын үзэл суртлаар хааж боодог, янз бүрээр доромжилдог. Одоо энэ хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлд бас маш их гомдмоор үгнүүдийг бичсэн байсан. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр тухайн үед  яагаад энэ халуун усны байраа аваад хөрөнгө оруулсан мөнгийг нь өгч болоогүй юм бэ, одоо яагаад ийм эвлэрэх гэсэн зүйл яриад байгаа юм бэ? Иргэний эрх зүйн харилцаанд иргэн хүн хохирчихоод байна шүү дээ. 2011 оны 30 сая төгрөг гэдэг бол одоогийн ханшаар хэдэн төгрөг билээ. Энэ хүмүүсийг хамгаалах иргэний эрх зүйн зохицуулалт байх ёстой гэж үзэж байгаа. Шударга ёсны зарчим гэж байдаг бол энэ хүмүүст мөнгийг нь гаргаж өгөөч ээ. Би хариуцагч байгууллагыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл тухайн өмчөө авах л байсан юм бол энэ хүмүүст олон сая төгрөгийн хохирол учруулаад одоо үүнийгээ буцааж авъя танайх 2-3 сая төгрөгийн зардал л гаргасан тэр мөнгийг нь ч өгөхгүй гэж ярьж болохгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын өмнө хүлээсэн үүргийг гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж байгаа. Тэгэхээр би үүнийг 492.1.1-д заасны  дагуу үүрэг үүсээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс үүргээ гүйцэтгээд 2011 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүхий л засвар үйлчилгээгээ дуусгаад ашиглалтад оруулаад өгч байхад Их-Уул дулаан ХХК өөрсдөө үүргээ гүйцэтгэж чадаагүй байна. Ийм учраас Иргэний хуулийн 56.5-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл, өгсөн авсан зүйлээ буцаах эрх үүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 30,970,300 төгрөгөөр гаргуулна.

Хариуцагч байгууллага нь сөрөг нэхэмжлэлдээ 2 асуудлыг дурдсан байсан. Эхний шаардлага бол 2011- 2013 он, 2014-2020 оны хоорондох дулаан, цэвэр бохир усны төлбөр нийт 14 сая төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Энэ дээр 2011-2013 он хүртэлх төлбөр 3,352,920 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Учир нь маргааны гол зүйл болоод байгаа халуун усны эзэмшигчийг сонгон шалгаруулах тендерийн хурлын тэмдэглэл байгаа. Манайд үүний хуулбар хувь нь байгаа.Үүнийг хэрэгт гаргасан өгсөн. Сүүлд хариуцагч байгууллага энэ баримтыг шүүхэд гаргаж өгсөн байсан.

Үүнийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Энэ хурлын тэмдэглэл дээр юу гэж тохирсон байгаа вэ гэхээр 2011 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс тасалбар болгон хүлээлцэхийг Дулааны газрын дарга н.Батболдод даалгав, О.Гд өгөхөөр шийдвэрлэв, дулаан, цэвэр усны мөнгийг 3 жил авахгүй байхаар тохиролцов гээд тухайн үед тэмдэглэл хөтөлж байсан Засаг даргын тамгын газрын дарга н.Пүрэв гэж хүн гарын үсэг зурж албажуулсан байдаг. Хариуцагч хариу тайлбартаа 2014 оноос хойших төлбөрийг нэхэмжилнэ. Нэгэнт хурлын тэмдэглэлд 2011 оноос 2014 оны төлбөрийг хариуцагч байгууллага төлнө. 2014 оноос хойш халаалт, дулааныхаа мөнгийг тооцоод яв гэсэн байдаг, үүнийг хариуцагч байгууллага хариу тайлбартаа хүлээн зөвшөөрөөд 2014 оноос хойших төлбөрийг нэхэмжлэх бодолтой байна гэж бичсэн байгаа. Тэгэхээр 2011 оноос 2013 оны хооронд гарсан төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Харин 2014-2020 оны төлбөр ийм өндөр гарч байгааг гайхаж байна. Жишээ нь Их-Уул суманд яг энэ халуун усны барилгатай ижил хэмжээтэй объектын төлбөр үүнээс бага гардаг. Үүнийг Б.Д өөрөө Их-Уул сумандаа амьдардаг учраас мэдэж байна.

Тэгэхээр энэ 14 сая төгрөг бол үнэхээр өндөр төлбөр. Үүнийгээ яаж тооцоолж гаргасан юм, эрчим хүчний төлбөрийг Улаанбаатар хот, аймаг, сум гээд өөр, өөр тарифаар тооцдог байх. Энэ 14,400,760 төгрөгийг хариуцагч байгууллага ямар аргачлалаар яаж тооцсон, ямар баримтыг үндэслэсэн гэдгээ өгөөгүй байгаа учраас энэ төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хоёрдугаар шаардлагын тухайд халуун усны барилгыг албадан чөлөөлөх шаардлага байгаа. Энэ дээр манайх нийт засвар үйлчилгээ хийсэн 30,970,300 төгрөгийг гаргуулж авсны дараа энэ барилгыг чөлөөлж өгөхөд татгалзах зүйл байхгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч яриандаа 2015 оноос хойш дарамт үзүүлсэн юм бол тухайн үедээ шүүхэд нэхэмжлэл өгөхгүй яасан юм бэ гэдэг зүйлийг ярьсан.

Сая нэхэмжлэгч Б.Д ерөнхийдөө бол хүлээцтэй хандсан, аль болох эвлэрье, болгож бүтээе гэдэг талаас нь хандаж байсан гэдгээ хэлсэн. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд нэхэмжлэгч Б.Д өөрийн биеэр ирсэн. Тухайн үед хажууд нь “Их-Уул дулаан” ХХК-ний захирал П.Э гэдэг хүнтэй яриад “танай уригдсан тал чинь ирсэн байна. Эвлэрүүлэн зуучлах боломж байна уу эвлэрэх үү” гэхэд нь “тийм боломж байхгүй” гэсэн. Гэхдээ эвлэрүүлэн зуучлагч тэмдэглэл дээрээ уригдсан тал буюу нэхэмжлэгч Б.Дэлгэрмаа  ирээгүйгээс болоод эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон гэдэг тэмдэглэл хийсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Б.Д эвлэрүүлэн зуучлагчтай уулзсан, уулзаад “та яагаад буруу тэмдэглэл бичиж өгсөн юм бэ, би өөрөө ирсэн шүү дээ” гэхэд “уучлаарай энэ миний алдаа байна” гэсэн байдаг.

Би үүнийг ярьж байгаа учир нь эвлэрүүлэх ажиллагааг манай талаас байнга гаргадаг байсан юм шүү гэдгийг илэрхийлж байгаа юм. Сая хөөн хэлэлцэх хугацааны тухай ярьж байна. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд тусгай хугацаа энд үйлчлэхгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан ч юм уу, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой гэрээний шаардлага зэрэг тусгай шаардлагууд хэрэгжихгүй. Иргэний хууль дээр ерөнхий 10 жилийн хугацаа тоологддог. Энэ хугацаа бол шаардах эрх үүссэн өдрөөс эхлээд тоологддог. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2011 оны харилцааг яриад байна. Одоо чинь 2022 он шүү дээ. Энэ 10 жилийн хугацаа өнгөрсөн байна гэдэг зүйл яриад байна. Гэхдээ шаардах эрх үүссэн хугацаа иргэний хэргийн зарчмын дагуу шаардах эрх үүссэн үеэс тоолно. Энэ шаардах эрх үүссэн үе нь хэзээ вэ гэхээр 2015 оноос эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүмүүст энэ бол та нарын өмч биш орон нутгийн өмч юм. Бид өмчөө буцааж авъя гэдэг дарамт шахалт учруулсан, энэ хүмүүс тэр өмч чинь бид нарын өмч биш юм байна гэж мэдсэн үеэс хугацаа тоологдох учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй юм.

 Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Б.Д өөрөө багасгаж байгаа учраас дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлага дээр 2015 оны 02 дугаар сараас 08 дугаар сар хүртэлх 6 сарын хугацаанд ажиллаагүй, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажиллаагүй хугацааныхаа ашиг, орлогыг бас нэхэмжлэх боломжтой байсан. Гэхдээ нэхэмжлэгч Б.Дгийн хувьд ажиллаагүй байж ёс зүйгүй үйлдэл юм уу даа, нэгэнт шүүхэд ийм маргаан үүссэн байхад дахиж мөнгө нэхэмжлээд яахав дээ гэдэг зүйлийг ярьж байсан болохоор үүнийг нэхэмжлээгүй. Гэхдээ саяны 20,000,300 төгрөгөөс дахиж нэхэмжлэлийн шаардлагыг багасгахгүй гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Одоо эвлэрэх санал тавилаа өмнө нь ингэсэн гэж байна. Энэ эвлэрэх саналын тухайд миний хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа итгэмжлэлийнхээ эрх хэмжээний хүрээнд тавьсан юм.

Түүнээс биш  иргэнийг хохироож чирэгдүүлж байгаад одоо ийм санал тавих юм гэж надад ямар нэгэн байдлаар хэлээгүй. Хуульд заасан итгэмжлэлээр олгосон эрхийнхээ хүрээнд ийм санал тавьсан юм гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд Их-Уул сумын халуун усны газрыг ажиллуулахаар нэхэмжлэгч О.Г тамгын газрын даргатай гэрээ хийгээд тухайн үедээ хуралдаад сумын халуун усны байранд засвар хийгээд эзэмшиж, ашиглахаар тохиролцсон байдаг. Их-Уул дулаан компанийн хувьд өөрийн эзэмшлийн халуун усны барилгаа эдгээр хүмүүст 10 гаруй жил эзэмшүүлж, ашиглуулсан ба энэ хүмүүсийн өрхийн амьжиргааг дэмжиж тодорхой хэмжээний ашиг орлого халуун усны газар нь олсон гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа.

Нэхэмжлэгч нар нь халуун усны барилгыг өөрсдийн хөрөнгөөр тог цахилгаан ашигладаггүй, түлээ мод түлдэггүй болгоно гэж санал тавьсан учраас ашиглуулахаар зөвшөөрсөн байдаг. Гэтэл 2011 оноос хойш Иргэдийн хурлын ТУЗ-ын зөвшөөрөлгүй халуун усныхаа үнийг нэмэх ч юм уу, эсхүл цэвэр, бохир ус, халаалт, дулааныхаа мөнгийг төлөхгүй байсан учраас халуун усаа буцааж авъя гэдэг асуудал тавьсан. Хамтран нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэ гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл гэж байна. Би үүнийг хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл гэж үзэхгүй. 2011 онд хэн аль нь халуун усыг засвар үйлчилгээ хийгээд ашиглая, ашиглуулъя гэдэг байдлаар тохиролцож, арван хэдэн жилийн турш энэ халуун усыг эзэмшиж, ашиглаж ажиллуулсан. Үүнийг хүчин төгөлдөр бус гэж бодохгүй байна.

Хамтран нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2015 оноос хойш ажиллах боломж бололцоо олгоогүй, дарамт шахалт үзүүлдэг, тэр үедээ өгсөн авснаа буцаая гэдэг шаардлага тавихад хүлээн зөвшөөрдөггүй байсан гэж тайлбарласан. Тэгвэл үнэхээр тийм дарамт шахалт их ирдэг байсан юм бол 2015 онд шаардлага шүүхэд гаргаж байхгүй яасан юм бэ гэж бодож байна. Гэтэл  ийм удаан хугацаанд юм хэлэхгүй, үйл ажиллагаа явуулж байсан гэдэг нь хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл гэж үзэхгүй. Нэгэнт гэрээ хэлцлээ зөвшөөрөөд ийм удаан хугацаанд үйл ажиллагаа явуулсан нь Их-Уул сумын халуун усны барилгыг эзэмшүүлж, ашиглуулахаар гэрээ хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

Харин гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж харж байна. 2014, 2015 оноос хойш нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд маргаан үүссэн гэх хэдий ч түүнээс хойш үргэлжлүүлэн бараг 7 жил ашигласан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна. Мөн хариуцагч талаас нэг зүйлийг хэлэхийг хүссэн. Үүнд 2013 онд Их-Уул дулаан конторын барилгыг бариулсан. Тэгэхэд 36 сая төгрөгөөр энэ конторын барилгыг бүтнээр нь цоо шинээр барьж  өгсөн байхад 2011 онд хуучин халуун усны барилгыг засахад яахаараа 30 сая төгрөг ордог юм бэ? Энэ арай үнэнд нийцэхгүй, амьдралд нийцэхгүй байна. Үүнийг хэлээрэй гэж хүссэн. Хэрэгт конторын барилга бариулсан “Хөх тэнгэр” компанитай хийсэн гэрээгээ гаргаж өгсөн байгаа.  “Их-Уул дулаан” ХХК нь 2011 онд Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байхдаа Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын мэдэлд байсан. Энэ үедээ төлөөлөн удирдах зөвлөл нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал байсан. 2011 онд Их-Уул сумын Засаг даргын тамгын газар нь халуун усны барилгыг бусдад түр эзэмшүүлж, ашиглуулахаар О.Гтэй гэрээ байгуулсан юм. Тухайн үед О.Г нь халуун усыг анх ажиллуулж эхлэхдээ сумын иргэдийн хурлаас тогтоосон үнэ тарифын дагуу иргэдэд үйлчилнэ, халуун усны байрыг өөрсдийн хөрөнгөөрөө тог цахилгаанаар халаана, түлээ мод түлдэггүй эко халуун ус болгоно гэсний дагуу ажиллах эрх авсан. Гэвч өнгөрсөн хугацаанд өөрсдийн дураараа үнэ тарифыг нэмсэн. Сумын Засаг даргын тамгын газар болон Иргэдийн хурлаас тавьсан шаардлагыг тоодоггүй. Халаалт цэвэр, бохир усны төлбөрөө ч өгөхгүй байгаа зэрэг шалтгаанаар халуун усны байраа буцаан авъя гэдэг асуудлыг хариуцагч талаас тавьсан. Их-Уул дулаан ХХК-ний тухайд хэдийгээр төсвөөс татаас авдаггүй ч гэсэн төрийн өмчит оролцоотой компани гэдэг утгаараа жилийн төсвийн төлөвлөгөөг Аймгийн иргэдийн хурлаар батлуулна, Төрийн аудит тогтмол хийлгэж явдаг.

Ийм учраас тухайн байгууллагын төсөв мөнгө хүндрэлтэй байна. Халаалт дулааны төлбөрөө төлөхгүй. Ийм олон жил дамнасан өр авлагыг үүсгэж байгууллагыг  алдагдалд оруулсан тул цаашид үргэлжүүлэн халуун усаа ашиглуулах боломжгүй юм. Иймд өөрийн үндсэн хөрөнгө болох халуун усны барилгыг буцааж авах шаардлагатай байна. Мөн О.Ггийн тухайд халуун усны барилгыг ашиглаж байх хугацаандаа 2011 оноос хойш халаалт дулааны төлбөр, цэвэр бохир усны төлбөрийг төлөөгүй явсаар нийт 14,400,760 төгрөгийн өр үүссэн. Энэ нь 2011-2013 онд 3,352,920 төгрөг, 2014-2020 онд 11,047,840 төгрөг, нийт 14,400,760 төгрөг болсон. Үүнийг О.Ггээс гаргуулж, Их-Уул сумын халуун усны барилгыг албадан чөлөөлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа.Би өөрт олгогдсон эрхийн хүрээнд дулаан, бохир, цэвэр усны төлбөрт 14,400,760 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас гэрээнд заасан 2011-2013 оны төлбөр болох 3,352,920 төгрөгийг хасаж, 2014-2020 оны дулаан, бохир, цэвэр усны төлбөрт 11,047,840 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Их-Уул сумын халуун усны барилгыг албадан чөлөөлүүлэх шаардлагаа дэмжиж байгаа.

Нэхэмжлэгч тал шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, хууль бус гарсан гэж үзэж байсан бол холбогдох газарт нь гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан хирнээ одоо ийм асуудал ярьж байгаа нь ойлгомжгүй байна  гэв.

       Шүүх, талуудын тайлбар, мэтгэлцээн, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                         ҮНДЭСЛЭХ нь:  

      Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Их-Уул дулаан ХХК-д холбогдуулан 30,970,300 /гучин сая есөн зуун далан мянга гурван зуу/ төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг гаргаж, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр О.Гг оролцуулсан бол хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа төдийгүй, халуун усны барилгыг албадан чөлөөлж, халаалт, цэвэр, бохир усны төлбөр  14,400,760 /арван дөрвөн сая дөрвөн зуун мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Нэг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

       Нэхэмжлэгч Б.Д, О.Г нар нь хариуцагч Их-Уул дулаан ХХК-д холбогдуулан Их-Уул сумын төв халуун усны байранд засвар үйлчилгээ хийсэнтэй холбоотой 26,815,300 төгрөг, ажлын хөлс 4,115,000 төгрөг, нийт  30,970,300 / гучин сая есөн зуун далан мянга гурван зуу/ төгрөг  гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 20,000,300 /хорин сая гурван зуу/ төгрөг гаргуулахаар багасгаж, нэхэмжлэгч Б.Д, хамтран нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэг нар хамт оролцлоо.

      Хариуцагч тал нэхэмжлэлийг үл зөвшөөрч, марган итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцсон.

      Нэхэмжлэгч талаас...халуун усны байрыг 2011 оны 6 дугаар сараас 2021 оны 7 дугаар сарыг хүртэл ажиллуулсан ба уг халуун усны байрыг бидний өмчлөлд  шилжүүлсэн гэж ойлгож 30,970,300 / гучин сая есөн зуун далан мянга гурван зуу/ төгрөгний  засвар үйлчилгээг хийсэн. Гэтэл Их-Уул дулаан ХХК нь халуун усны байраа авна, чөлөөлж өг гэсэн. Иймд засвар үйлчилгээ хийсэн мөнгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар гаргуулж авна...хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

      Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэйг Иргэний хуулийн 492 дугаар зүйлд хуульчилсан.

     Хуулийн дээрх заалтаас үзвэл үүрэг үүсээгүй гэдэг нь хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг хэлэх бөгөөд  үүрэг дуусгавар болсон гэдэг нь Иргэний хуулийн 236-240 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдийн алин ч хамаарах боломжтой.

     Хүчин төгөлдөр бус болсон гэдэгт Иргэний хуулийн 56-61 дүгээр зүйлд зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн, эсхүл хүчин төгөлдөр бусад тооцсон байх тохиолдлуудлыг хамааруулах ба хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

       Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг.

      Харин нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйл заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй.

      Гэтэл нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотолж чадаагүй, харин сөрөг нэхэмжлэлийн татгалзлалын үндэслэлээ...халуун усны байрыг ажиллуулах эхний 3 жилийн хугацаанд дулаан, цэвэр, бохир усны төлбөр авахгүй байхаар тохиролцсон нь хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлээр нотлогдоно...гэж тайлбарлаж байна.   

      Хариуцагч талаас “...Их-Уул сумын Засаг даргын тамгын газраас иргэн О.Гд Их-Уул сумын төвд байрлах халуун усны байрыг үнэ төлбөргүй ашиглуулахаар тохиролцсон....” гэх тайлбар гаргаж, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Хурлын тэмдэглэл”-ийн нотариатоор баталгаажуулсан хуулбарыг нотлох баримтаар гаргасныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй.

      Хэрэгт авагдсан 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Хурлын тэмдэглэл” гэх баримтаас үзвэл 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын өрөөнд халуун усны газарт ажиллах хүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэг хуралдаж, уг хурлаар тус сумын иргэн О.Г нь 2011 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд засвар хийж дуусган ашиглалтад оруулах, Дулааны газрын дарга, нябо, механик нарт гэрээ хийж, түүнийгээ хэрэгжүүлж ажиллах, дулаан, цэвэр усны үнийг 3 жилийн хугацаанд авахгүй байхаар харилцан тохиролцсноор талуудын хооронд  Иргэний  хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй  ашиглах  гэрээний  харилцаа  үүссэн  гэж  үзэх  үндэслэлтэй.  

      Тодруулбал эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээгээр нэг тал нь нөгөө талдаа нэг бүрийн шинжээр тодорхойлогдох тодорхой эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлэх, нөгөө тал нь тухайн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээ дуусгавар болоход бүтэн буцааж өгөх үүргийг харилцан хүлээдэг.  Их-Уул сумын Засаг даргын тамгын газраас халуун усны байрыг О.Гд шилжүүлсэн, О.Г уг байрыг хүлээн авч, ямар нэгэн хариу төлбөргүйгээр, зориулалтын дагуу 2011 оны 6 дугаар сараас 2021 оны 7 дугаар сарыг хүртэл ашиглаж байсан нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулсанд тооцох үндэслэл болж байна.

        Хэргийн зохигч “Их-Уул дулаан” ХХК нь гэрээ байгууллагдах үед Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын мэдэлд, төлөөлөн удирдах зөвлөл нь сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал байсан, нэршлийн хувьд “Их-Уул дулаан” ОНӨҮГ байсан болох нь  зохигчдийн тайлбараар нотлогдож байх ба нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь маргаагүй.

      Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.  

      Мөн гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2 дахь хэсгүүдээр зохицуулсан.

      Нэхэмжлэгч талаас Их-Уул дулаан ХХК нь 2015 оноос хойш дарамт шахалт үзүүлж хэвийн ажиллах боломж, бололцоо олгоогүй, тэр үед өгсөн авснаа буцаах шаардлага тавихад зөвшөөрдөггүй байсан гэх тайлбар, мэдүүлэг өгч байгаа боловч үүнийгээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт цугларсан баримтуудаар гэрээний нэг тал болох Их-Уул дулаан ХХК нь үүргээ зөрчсөн байдал  тогтоогдоогүй болно.

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж мэтгэлцсэн. 

      Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хөлөлцэх хугацаа  гурван жил, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.4-т шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно гэж тус тус заасан.

      Хуулийн дээрх заалтаас дүгнэвэл гэрээ байгууллагдсан 2011 оноос хөөн хэлэлцэх хугацаа тооллогдож эхлэх  ба уг хугацаанаас тоолоход шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, эсхүл тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэг гэрээг бичгээр байгуулаагүй, хүчин төгөлдөр бус гэж мэтгэлцэж байгаа боловч энэ гэрээнд хэлбэрийн хувьд тусгайлсан шаардлага тавигдаагүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар талууд амаар буюу бичгээр хийж болно.

      Нэхэмжлэгч Б.Дгийн...маргаан бүхий халуун усны байранд миний бие засвар хийж, үйл ажиллагааг явуулж байсан тул засвар үйлчилгээ хийсэнтэй холбоотой зардлаа Их-Уул дулаан ХХК-аас гаргуулна...гэх тайлбарын тухайд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь иргэний эрх зүйн харилцааг үүсгэх үндэслэл болдог бөгөөд Б.Д нь гэрээний харилцаанд ороогүй тул шаардах эрхгүй. 

       Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Их-Уул дулаан ХХК-аас  20,000,300 /хорин сая гурван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

     Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

     Хариуцагч Их-Уул дулаан ХХК нь хамтран нэхэмжлэгч О.Гд холбогдуулан халуун усны барилгыг албадан чөлөөлж, халаалт, цэвэр, бохир усны төлбөр 14,400,760 /арван дөрвөн сая дөрвөн зуун мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулах тухай  сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагаа 11,047,840 /арван нэгэн сая дөчин долоон мянга найман зуун дөч/ төгрөг гаргуулахаар багасгасан.

      Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ...нэхэмжлэлийн шаардлагаас 2011-2013 оны халаалт, дулаан, цэвэр, бохир усны төлбөр 3,352,920 төгрөгийг хасаж, байгууллагын үндсэн хөрөнгө болох халуун усны барилгыг албадан чөлөөлүүлж, 2014-2020 оны халаалт, дулаан, цэвэр, бохир усны төлбөр нийт 11,047,840,92 төгрөг гаргуулна...гэж тайлбарлаж байна.

      О.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргалаа.

Хариуцагч тал маргаан бүхий Хөвсгөл аймгийн Их-Уул сумын төвд байрлах халуун усны байрыг Их-Уул дулаан ХХК-ний үндсэн хөрөнгө гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, энэ талаарх холбогдох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

      Хөвсгөл аймгийн  Орон нутгийн өмчийн газрын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/172 дугаартай “Их-Уул сумын төвд байрлах “Халуун усны барилга нь” 20021960004 дугаартай 5,401,600 төгрөгний өртөгтэй Их-Уул дулаан ХХК-ийн эзэмшилд, Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчийн барилга байгууламж үнэн болохыг тодорхойлов” гэх,  Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаартай “Их-Уул сумын Нийтийн халуун усны байр нь газрын хамт Их-Уул дулаан ХХК-ний үндсэн хөрөнгө мөн болно” гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан хэдий ч бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй, шүүх дээрх тодорхойлолт болон хариуцагч талын тайлбар зэргийг үнэлж Их-Уул дулаан ХХК-г энэхүү эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх боломжгүй юм.

      Мөн Их-Уул дулаан ХХК нь 2014-2020 оны хооронд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын төвд байрлах маргаан бүхий халуун усны байрыг дулааны эрчим хүч болон цэвэр, бохир усаар  хангасан болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, бусад холбогдох баримтуудаар тогтоогдлоо, талууд дээрх үйл баримтанд маргаагүй.

      Төсвийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт: Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна гэж, 28.2 дахь хэсэгт: Иргэнтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага тооцох журам, эрчим хүчний шугам сүлжээний эзэмшлийн зааг, шаардлагатай бусад асуудлыг тусгана гэж, 28.3 дахь хэсэгт: Хуулийн этгээдтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд энэ хуулийн 28.2-т зааснаас гадна эрчим хүчний хэрэглээний горим, сар бүрийн хуваарь, хэрэглэгч хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа болон шаардлагатай бусад асуудлыг тусгана гэж тус тус зааснаас үзэхэд эрчим хүчээр хангагч байгуулага нь иргэд, хуулийн этгээдтэй бичгээр гэрээ байгуулахаар байна.

      Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад зохигч талуудын хооронд хийгдсэн гэрээ байхгүй, Их-Уул дулаан ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дулааны эрчим хүч болон цэвэр, бохир усаар хангах гэрээг бичгээр байгуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ дулаан, цэвэр, бохир усаар халуун усны байрыг хангаж байсан нь гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл болно хэмээн тайлбарласан.

      Хэдийгээр талуудын хооронд бичгийн гэрээ байгуулагдаагүй боловч 2014-2020 онд дээрх халуун усны байр нь дулааны эрчим хүч болон цэвэр, бохир усаар хангагдсан гэдэгтэй талууд маргаагүй, харин холбогдох баримтаа хэрэгт гаргаж ирүүлээгүй тул  зөвшөөрөхгүй хэмээн маргаж байх тул талуудын хооронд Тооцоо нийлэх гэрээ буюу Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

      Гэвч 2014-2020 онд  үнэ тарифийг хэрхэн мөрдөж байсан, хэдэн нэгж талбайг дулааны эрчим хүчээр хангаж, сард хичнээн төгрөгөөр тооцон тогтоож, нийт хэдэн төгрөгний дулааны төлбөр, хэдэн төгрөгний цэвэр, бохир усны төлбөр гарсан эсэх талаарх тооцоо нийлсэн баримт байхгүй, энэ талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй.

      Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болох  ба  нэхэмжлэлийн шаардлагаа нотлох нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч болж буй тал татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

      Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,802 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 376,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                             ТОГТООХ НЬ:

      1. Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 466 дугаар зүйлийн 466.2, 466.6-д заасныг баримтлан хариуцагч Их-Уул дулаан ХХК-д холбогдох 20,000,300 /хорин сая гурван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Д, О.Г нарын үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Их-Уул дулаан ХХК-ний О.Гд холбогдох халуун усны барилгыг албадан чөлөөлж, халаалт, цэвэр, бохир усны төлбөрт  11,047,840 / арван нэгэн сая дөчин долоон мянга найман зуун дөч / төгрөг гаргуулах тухай  сөрөг нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

      2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн  57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,802 /гурван зуун арван хоёр мянга найман зуун хоёр/ төгрөг, хариуцагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,150 /гурван зуун далан зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.     

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.ДАВААХҮ