Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 225/МА2022/00006

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 225/МА2022/00006

 

 

 

Б.*******, О.Галхүү нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 155/ШШ2022/00047 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.*******, О.Галхүү нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* ХХК-нд холбогдох 30,970,300 (гучин сая есөн зуун далан мянга гурван зуу) төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хамтран нэхэмжлэгч О.Галхүүд холбогдуулан гаргасан Их-Уул Дулаан ХХК-ний халуун усны барилгыг албадан чөлөөлж, халаалт, цэвэр, бохир усны төлбөр 14,400,760 /арван дөрвөн сая дөрвөн зуун мянга долоон зуун жар/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгч О.Галхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Их-Уул сумын халуун усны газрыг эзэмших сонгон шалгаруулах тендерт ялж, Төв халуун усны барилгын эзэмшигчээр шалгарч, тус барилгад их засварыг өөрийн хөрөнгөөр хийж, 30,970,300 (гучин сая есөн зуун далан мянга гурван зуутөгрөг зарцуулж, 2 сар 20 хоногт багтааж гүйцэтгэн нутгийн иргэд, малчид хөдөлмөрчдөд соёлтой үйлчилгээг хямд үнээр үзүүлсээр ирсэн. ...Нэгэнт дээрх барилга нь орон нутгийн өмч хэвээрээ байгаа бол бидний зүгээс өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ болон хүн авч ажиллуулсантай холбоотойгоор гарсан нийт 30,970,300 (гучин сая есөн зуун далан мянга гурван зуу) төгрөгийг Их-Уул дулаан ХХК-иас гаргуулах хүсэлтэй байх тул биднийг хохиролгүй болгож өгнө үү.

...2011 онд засвар хийснээс хойш 10 гаруй жил өнгөрсөн байгаа учраас элэгдэл, хорогдолд 10,970,000 төгрөгийг хасч, нэхэмжлэлийн шаардлагаа 20,300,000 төгрөг болгон багасгаж байна. Эндээс халаалт, цэвэр бохир усны мөнгө гэж нэхэмжилж байгаа 11,000,000 төгрөгийг хасуулаад үлдсэнийг нь би нөхөн төлбөр маягаар аваад, одоо ч чөлөөлж өгч болно гэжээ.

Хариуцагч Их-Уул Дулаан ХХК-ний захирал П.Эрдэнэбилэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...О.Галхүү нь дээрх төлбөрөө төлөхгүй хирнээ халуун усны байранд засвар хийсэн гэх 30,970,300 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

...Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2011 онд иргэн О.Галхүүтэй Засаг даргын тамгын газраас халуун усны байрыг түрээслэн ашиглах гэрээг хийсэн. Б.*******тэй ямар нэгэн гэрээ хийгээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Иймд Б.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Их-Уул Дулаан ХХК-ний захирал П.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:******* хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2011 онд Орон нутгийн өмчийн үйлчилгээний газар байх үед манай байгууллага нь сумын Засаг даргын тамгын газрын мэдэлд байсан ба Төлөөлөн удирдах зөвлөл нь сумын иргэдийн төлөөлөгчийн хурал байсан. Энэ үед буюу 2011 онд Их-Уул сумын Засаг даргын тамгын газар нь сумын Халуун усны барилгыг түр эзэмшүүлэн ажиллуулахаар иргэн О.Галхүүтэй гэрээ байгуулсан байдаг юм.

...иргэн О.Галхүү нь халуун усны барилгыг ашиглаж байх хугацаандаа 2011 оноос хойш халаалт дулааны төлбөр, цэвэр, бохир усны төлбөрийг төлөлгүй явсаар 2011-2013 хүртэл 3,352,920 төгрөг, 2014-2020 он хүртэл 11,047,840.92 төгрөг, нийт 14,400,760 төгрөгийн өр үүссэн байгаа болно.

...Иймд О.Галхүүгээс Хөвсгөл аймгийн Их-Уул сумын халуун усны барилгыг албадан чөлөөлж, халаалт, цэвэр, бохир усны төлбөр болох 14.400.760 (арван дөрвөн сая дөрвөн зуун мянга долоон зуун жар) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлтэй танилцаж, дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэг. Халаалт, цэвэр бохир усны төлбөр 14,400,760 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

... 2011-2013 оны хоорондох 3,352,920 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Их-Уул сумын халуун усны газрын эзэмшигчийг сонгон шалгаруулах 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хурлын шийдвэрээр дулаан, цэвэр усны үнийг 3 жилийн хугацаанд Их-Уул дулаан ХХК хариуцахаар тохиролцсон. ...Аль хууль, эрх зүйн актыг үндэслэн, ямар тооцооллыг ашиглан дээрх мөнгийг нэхэмжилж байгааг хариуцагч байгууллага өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд гаргасан хууль ёсны төлбөрийг нотлох баримтад үндэслэн төлөх болно. Дээрх халаалт, цэвэр бохир усны 2015 оноос хойшхи төлбөр ...нийт 374,960 төгрөгийг төлсөн.

Хоёр. Халуун усны барилгыг албадан чөлөөлүүлэх шаардлагын тухайд:

...Нэгэнт дээрх барилга нь орон нутгийн өмч хэвээрээ байгаа бол өөрийн хөрөнгөөр засвар үйлчилгээ хийсэн 30,970,300 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулсны дараа Их-Уул дулаан ХХК-д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...14,400,760 төгрөгийн шаардлагаас гэрээнд заасан 2011-2013 оны төлбөр болох 3,352,920 төгрөгийг хасч, 2014-2020 оны дулаан, бохир, цэвэр усны төлбөрт 11,047,840 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, халуун усны барилгыг албадан чөлөөлүүлэх шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 155/ШШ2022/00047 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 466 дугаар зүйлийн 466.2, 466.6-д заасныг баримтлан хариуцагч Их-Уул дулаан ХХК-д холбогдох 20,000,300 /хорин сая гурван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******, О.Галхүү нарын үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Их-Уул дулаан ХХК-ний О.Галхүүд холбогдох халуун усны барилгыг албадан чөлөөлж, халаалт, цэвэр, бохир усны төлбөрт 11,047,840 / арван нэгэн сая дөчин долоон мянга найман зуун дөч / төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,802 /гурван зуун арван хоёр мянга найман зуун хоёр/ төгрөг, хариуцагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,150 /гурван зуун далан зургаан мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгс давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Хөвсгөл аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/172 дугаартай Их-Уул сумын төвд байрлах Халуун усны барилга нь 20021960004 дугаартай 5401600 төгрөгийн өртөгтэй Их-Уул дулаан ХХК-ийн эзэмшилд Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчиийн барилга байгууламж үнэн болохыг тодорхойлов гэх, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 58 дугаартай Их-Уул сумын Нийтийн халуун усны байр нь газрын хамт Их-Уул дулаан ХХК-ний үндсэн хөрөнгө болно гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан хэдий ч бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй, шүүх дээрх тодорхойлолт болон хариуцагч талын тайлбар зэргийг үнэлж Их-Уул дулаан ХХК-г энэхүү эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх боломжгүй юм гэж шийдвэрлэлээ.

Тус шийдвэр нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Учир нь шүүх тухайн хэргийг ингэж шийдвэрлэхдээ тухайн нотлох баримтуудыг яагаад нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй, мөн түүнчлэн ямар шалтгаанаар давхар нотлох баримтаар нотлох шаардлагатай болохоо дурьдаагүй юм.

Иймд ...шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Б.*******, О.Галхүү нар нь******* ХХК-нд холбогдуулан халуун усны барилгад өөрийн хөрөнгөөр их засвар хийсэн 30,970,300  (гучин сая есөн зуун далан мянга гурван зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 20,300,000 төгрөг болгосон байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн байна.

Мөн Хариуцагч Их-Уул Дулаан ХХК-ний захирал П.Эрдэнэбилэг нь О.Галхүүгээс халаалт дулааны төлбөр, цэвэр, бохир усны төлбөр 14,400,760 төгрөг гаргуулах, Их-Уул сумын халуун усны барилгыг албадан чөлөөлөхийг хүссэн сөрөг нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэгч О.Галхүүгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батчимэг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрчээ.

Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн бол шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзнэ.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх дээрх шаардлагыг хангаагүй байна.

Үндсэн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, татгалзлын үндэслэлээс үзэхэд талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн эсэх, ямар байгууллага, албан тушаалтан халуун усны барилгыг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох, шилжүүлэхдээ нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөлийн алинд шилжүүлсэн, ямар тохиролцоо байсан нь ойлгомжгүй, хариуцагч хэрхэн оролцсон, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нь ямар байгууллага болох нь тодорхойгүй байх тул эдгээрийг тодруулж, маргааны үйл баримтыг тогтоох шаардлагатай.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэн эсэх, халаалт дулааны төлбөр, цэвэр, бохир усны үнэ, тарифыг хэрхэн тооцсон, сард болон жилд хэдэн төгрөг төлвөл зохихоос хэдэн төгрөг төлсөн, талууд тооцоо нийлсэн эсэх нь тодорхойгүй байх тул тодруулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Талууд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг дутуу тодруулсан, орхисон тохиолдолд шүүх талуудын тэгш байдлыг зөрчихгүйгээр дээрх байдлыг тодруулж, тодорхой болгох үүрэгтэй бөгөөд ингэснээр тухайн харилцааг зохицуулсан хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэх үндэс бүрдэх учиртай.

Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй тохиолдолд давж заалдах шатны шүүх маргааны харилцааг зөв тодорхойлох, үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3-т заасныг баримтлан хэргийг шийдвэрлэж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар дүгнэсэн атал нэхэмжлэгч Б.*******, О.Галхүү нарын үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Их-Уул дулаан ХХК-ний сөрөг нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдвол шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгох бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нэхэмжлэлийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг засч, нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй, харин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах боломжгүй болдог онцлогтой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн өөр өөр үр дагавар үүсгэдэг, ялгаатай ойлголт атал шүүх тэдгээрийг хамт хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 117 дугаар зүйлийг зөрчжээ.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулга бүхий давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 155/ШШ/2022/00047 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                Л.ЭРДЭНЭБАТ

Б.СОСОРБАРАМ

 

 

 

 

.