Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2184

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2018/02184

 

 

 

 

Д.Т-ын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01800 дугаар шийдвэртэй, Д.Т-ын нэхэмжлэлтэй, Ж.От холбогдох

 

Бусдын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Т нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 07 сарын 08-ны өдрийн 189 тоот шийдвэрээр Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Санзайн зусланд 400 м.кв талбайтай газрыг эзэмших болсон. 2006 онд Япон улс руу суралцахаар явахдаа дээрх газрыг “Аюуми” сургалтын төвд барьцаалсан. Уг барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй.

“Аюуми” сургалтын төвийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан н.Оюунбилэг, Ж.О нар нь газар эзэмшлийн гэрчилгээтэй бөгөөд эрх шилжүүлэн авсан гэрээ болон барьцааны зүйлийг шилжүүлэн авсан гэрээгүй байтал тус газарт Ж.О болон түүний ах н.Мөнхбат нар байшин барьж байна. Маргаж байгаа газар нь өнөөдрийг хүртэл Д.Т миний эзэмшилд байгаа. “Аюуми” сургалтын төв, н.Оюунбилэг болон Ж.О нар дээрх газрыг эзэмшдэггүй болно.

2017 оны 07 сараас эхлэн газрын албанд хандаж Ж.О, Мөнхбат нарын хоёр байшин барихыг зогсоохыг шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн барьсаар байна. Сүхбаатар дүүргийн Газрын албаны зохион байгуулагч н.Чинсанаа болон кадастрын хүмүүстэй очиж хэмжилт хийхэд нэг торхон байшин нь манай 400 м.кв газарт бүхлээрээ орсон байна. Иймд Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Санзайн зуслангийн газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.О болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунбилэгийн тайлбарт: С.Оюунбилэг миний бие "Аюуми" ХХК-д 2006-2010 онд хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрт нэхэмжлэгч Д.Т эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Санзайн зуслангийн зориулалттай ГД:052969 дугаар бүхий кадастрын зураггүй гэрчилгээг авч, улмаар 2012 оны 06 сарын 17-ны өдөр Санзайн зусланд өөрөө газраа сонгож "Вектор Меп" ХХК-аар эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас нээлгэн кадастрын зураглал хийлгэн Сүхбаатар дүүргийн Газрын албанд хүсэлт гаргаж кадастрт оруулсан болно.

Д.Т нь кадастрын зураглалыг оруулж байх үед Япон улсад визийн хугацаа хэтрүүлэн ажиллаж амьдарч байсан. Эцэг н.Дашравдан нь 2015 оны 03 сарын 04-ний өдөр дээрх кадастрын зураглалтай газрын гэрчилгээг үрэгдүүлсэн гэж бичиг баримт бүрдүүлэн шинээр газрын гэрчилгээ, кадастрын зураглал гаргуулан гэрээ хийж бидний татсан хашааны хамт бусдад худалдсан байна.

"Аюуми" ХХК нь дээрх газрыг надад хууль зүйн туслалцаа авсан хөлсөнд өгсөн боловч одоо намайг 10 000 000 төгрөг өгвөл бичиг хийж өгнө, үгүй бол өгөхгүй гээд худалдан авсан гэх иргэнийг 2018 оны 05 сарын 23-ны өдөр газрын албанд дагуулан очиж нэр шилжүүлэхийг зөвшөөрсөн байна. Газрын гэрчилгээг Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга 2018 оны 04 сарын 26-ны өдөр хурааж авсан. Би газар эзэмшигчийн нэрийг шилжүүлэх тодорхойлолт гаргуулахаар “Аюуми” ХХК-д 2018 оны 05 сарын 02-ны өдөр 2 000 000 төгрөг өгсөн. Тус компанийн захирал П.Саранчимэг нь миний ажлын байрны тодорхойлолтыг хийж өгөх үүргээ биелүүлээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 95 дугаар зүйлийн 95.1-т зааснаар Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 18640336710354 дугаарт бүртгэлтэй, 400 м.кв талбай бүхий газрыг хариуцагч Ж.Оийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Оээс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тд буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.Оийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг онцгой харьяаллын дагуу гаргахдаа Иргэний  хуулийн  92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн. Энэ тохиолдолд хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах ёстой. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2-т зааснаар хүлээн авахаас татгалзах эсхүл 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой ч түүнийг анхааран үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Хариуцагч, түүний төлөөлөгчид хэргийн материалтай танилцах, тэмдэглэл хийх шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх, өмгөөлөгч авах боломж нөхцөл олгоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан зохицуулалтыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс хариуцагчийн эрхийг хязгаарласан, хэргийг хэт яаран нэг талыг барьж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэн хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Ж.От холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн газар эзэмшүүлэх тухай захирамжаар нэхэмжлэгч Д.Т нь Сүхбаатар дүүргийн 5 хороо, Санзайд байршилтай 0.04 га талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын байршлын кадастрын зургаар тогтоогдож байна. /хх 56-58/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг “Аюуми” ХХК-д хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд өөрийн эзэмшилдээ авсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул түүнийг маргаан бүхий газрын шударга эзэмшигч гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий газрын эзэмшигч мөн байх ба хариуцагч Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий газрыг чөлөөлж, нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. Түүнчлэн талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн нутаг дэвсгэрийн харъяаллыг өөрчлөх тухай хүсэлт гаргаагүй болно.

 

Хэрэгт хариуцагч талд шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт авагдсан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй явдалд шүүхийг буруутгах боломжгүй. /хх 68/

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01800 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

               

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    А.МӨНХЗУЛ