Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2022/00124

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд   нээлттэй   хийсэн   шүүх   хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 01-06 тоотод оршин суух, РЭ5902911 регистрийн дугаартай, Чулуут овогт Бгийн Мд холбогдох ажлаас халагдахдаа авсан тэтгэмж 7.800.000 төгрөг, Үндэсний аудитын газрын актаар тогтоогдсон төлбөр 1.587.000 төгрөг, нийт 9.387.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал Д.Ц, хариуцагч Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Хөвсгөл дулааны станц ТӨХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор Б овогтой Мыг ажлаас чөлөөлж, өөрийн саналын дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 7.800.000 төгрөгийг олгосон. Нэхэмжлэлд хавсаргасан Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ий төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 04 дугаартай тэмдэглэлд Б.М Эрчим хүчний систем дэх хамтын гэрээ хэлэлцээрийн дагуу 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж заасан байдаг юм. Тэтгэмж олгохгүй байсан ч мөн болно гэсэн хүсэлтийн дагуу гишүүдээс санал авч, 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн.

Гэвч Б.М нь Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ий төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанд өөрийн биеэр оролцож шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн ч дараа нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 629 дугаар шийдвэрээр 14.609.450 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргасан байна. Мөн Б овогтой М нь Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ий гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хувийн ашиг сонирхлын үүднээс эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчсөн шийдвэрүүд гаргаж, байгууллагыг өмч хөрөнгө, санхүүгийн хувьд алдагдалд оруулж байсан нь 2018 оны Санхүүгийн аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Үүний дагуу Үндэсний Аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03/48 дугаартай төлбөр барагдуулах тухай актын дагуу Б.Маас 1.587.000 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого төвлөрүүлэх акт гарсан. Иймд Б овогтой Мыг ажлаас чөлөөлөгдөхөд олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 7.800.000 төгрөг, Үндэсний Аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03/48 дугаартай төлбөр барагдуулах тухай актын дагуу төлөх 1.587.000 төгрөг, нийт 9.387.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Б.М би Хөвсгөл Дулааны Станц ТӨХК-ий төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээр, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 7.800.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсний дагуу авсан нь үнэн. Би хууль зөрчөөгүй авах ёстой хуультай тэтгэмжээ авсан. Ажлаас чөлөөлөхөд М зөвшөөрсөн гэж байгаа бол нотлох баримтыг үзье. Байгууллагыг алдагдалд оруулсан гэж байгаа бол хэдэн төгрөгийн ямар алдагдалд оруулсан нотлох баримтыг үзье. 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 03/48 дугаар бүхий акт гарсан гэж байна, би мэдэхгүй, үзээгүй, дуулаагүй надад тийм зүйл танилцуулаагүй. 1.587.000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Нийт 9.387.000 төгрөгийг төлөхгүй, зөвшөөрөхгүй, би хууль зөрчөөгүй. Би энэ байгууллагаас ажлаас чөлөөлөгдсөн цагаас хойш авсан цалин байхгүй. Би өнөөдөр ч ажилдаа ороогүй хохирч яваа гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Мыг ажлаас чөлөөлж, 6 сарын цалинтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн. Тус хуралдаанд Б.М  өөрийн биеэр оролцож тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, тэтгэмж авах санал гаргаж байсан мөртлөө дараа нь ажлаас үндэслэлгүй халсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх тухайн нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж, ажилд нь эгүүлэн тогтоосон ба ажилгүй байсан хугацааны цалин 14,609,450 төгрөгийг тус компаниас гаргуулж шийдвэрлэсэн.

2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор Б.Мыг ажилд нь буцаан томилоод Компанийн зүгээс ажилгүй байсан хугацааны цалинг нь олгосон, ажилд нь эгүүлэн томилсон тул тэтгэмжтэй холбоотой асуудал үүсэх боломжгүй болсон. Иймд тэтгэмжид олгосон 7.800.000 төгрөгийг Б.Маас буцаан төлүүлж компанийг хохиролгүй болгож өгнө үү.

Ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжилж, шүүхээр тогтоолгож авсан мөртлөө, ажлаас халагдсны тэтгэмжид авсан мөнгөө яагаад буцааж өгөхгүй гээд байгааг сайн ойлгохгүй байна. Уг тэтгэмжийг хамтын гэрээний заалтаар олгосон байдаг.

Тэтгэмж, цалин хоёр давхардаж олгогдсон тул тэтгэмжид олгосон мөнгийг буцаан өгөх нь хуульд нийцнэ гэж үзэж байна  гэв.

Хариуцагч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр намайг ажлаас төлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн шийдвэрт нь “зөвшөөрч байна” гэсэн үг орсон байгаа юм. Энэ байж болохгүй зүйл юм. Хамтын гэрээ хэлэлцээрийн дагуу би ажлаа бүрэн гүйцэд хийгээд Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар  хэлэлцүүлэхэд ажил хангалттай гэж дүгнэгдээд байж байтал гэнэт ажлаас чөлөөлсөн юм. Тэгээд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох шийдвэр гарсан. Би шүүхэд хандсан, шүүх үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн байна гэж шийдвэрлэж, би ажилдаа буцаан томилогдсон. Мөн ажилгүй байсан хугацааны цалин 14,000,000 төгрөг авсан. Хөвсгөл дулааны станц ТӨХК нь надад ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосноороо хохирохгүй юм. Хөвсгөл дулааны станц ТӨХК нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж байна. Үүнийг үндэслэлгүй буруу шийдвэр гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга н.Нямдорж төлөх ёстой. Энэ мөнгийг байгууллага төлж хохирохгүй юм. Энэ шийдвэр гарснаас хойш 13 сар би ажилгүй байсан. Ажилгүй байх хугацаандаа надад олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 7.800.000 төгрөгийг амьдралдаа хэрэглэсэн. Үүгээр амьдарсан гэж ойлгож болно. Үүний дараа шүүхэд хандсаны дагуу ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн байна гэж үзэж ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Тэгээд шүүхийн шийдвэрийн дагуу 2019 оны 15 дугаар тогтоолоор ажилд эгүүлэн тогтоож, энэ өдрөө 16 дугаар шийдвэрээр мөн эгүүлэн ажлаас халсан. Би өнөөдрийг хүртэл ажилгүй хохирч байна. Шүүхээс ажилд нь эгүүлэн  тогтоох шийдвэр гарсан байхад биелүүлээгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа.

Шүүхийн дээгүүр алхаж хууль зөрчин ажилд эгүүлэн томилж тэр дор нь буцаан ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан. Иймд би энэ 7.800.000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй.

Шүүхийн шийдвэр биелэгдэх ёстой. Би эгүүлэн ажилдаа томилогдсон. Томилсон бол ажилд нь оруулах ёстой байсан. Нэг хуудаст 10 минутын өмнө ажилд томилсон гээд 5 минутын дараа эгүүлээд халсан асуудлыг ажилд томилсон гэж үзэж болохгүй.

Үүний цаана хүний сэтгэл санаа, нэр төр хохирч байгаа юм. Энэ бол Хөвсгөл дулааны станц ТӨХК-д хамааралгүй. Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлтэй холбоотой маргаан юм. Буруу шийдвэр гаргасан Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга н.Нямдорж компаниас гарсан миний ажилгүй байсан хугацааны цалин хөлс, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг  төлөх ёстой. Иймд Хөвсгөл дулааны станц ТӨХК хохирохгүй гэж үзэж байна.

Төлөөлөн удирдах зөвлөл нь өөрсдөө буруу шийдвэр гаргаж намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн. Энэ нь шат, шатны шүүхээр тогтоогдсон байгаа. Энэ хооронд би тэр тэтгэмжийг амьдралдаа зарцуулсан. Эрчим хүчний салбарын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт гэдэг нь орон тоо цөөрүүлэх гэхээр намайг хасаж байгаа учраас цөөрүүлж байна гэж ойлгож байна. Эрчим хүчний салбарын 2017-2018 оны Хамтын гэрээ хэлэлцээрийн 5.15 дахь хэсэгт заасныг баримталж надад тэтгэмж олгосон гэж ойлгож байгаа гэв.

       Нотлох баримтаар:

        Нэхэмжлэгчээс Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай тогтоол хуулбар 1 хуудас, Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэл хуулбар 2 хуудас, Хаан банкны мөнгөн шилжүүлэг, хуулбар үнэн тэмдэг дарагдсан 1 хуудас, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас хуулбар 1 хуудас, Үндэсний аудитын газар 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03/48 дугаар Төлбөр барагдуулах тухай актын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,   Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 2422 дугаартай шүүгчийн захирамж хуулбар 2 хуудас, Үндэсний аудитын газар, Санхүүгийн аудитын тайлангийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 28 хуудас,  Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай тогтоолын  нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,  Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай тогтоолын  нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас,  Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай тогтоолын  нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1440 дугаартай шийдвэр, хуулбар үнэн тэмдэг дарагдсан  5 хуудас, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 629 дугаартай шийдвэр,  хуулбар үнэн тэмдэг дарагдсан 4 хуудас, Голомт банк харилцагчийн нэр Хөвсгөл дулааны станц ТӨХК,  дансны дугаар 4905101383 гэх дансны хуулга, эх хувиар 2 хуудас, Хаан банк харилцагчийн нэр Хөвсгөл дулааны станц, дансны дугаар 5890969143 гэх Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, эх хувиар 3 хуудас, Хас банк харилцагчийн нэр Хөвсгөл дулааны станц ТӨХК,  дансны дугаар 5000989267 гэх дансны хуулга, эх хувиар 1 хуудас, Хөвсгөл аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гэх толгой бүхий бичвэртэй баримтын хуулбар 1 хуудас,

         Хариуцагчаас Эрчим хүчний салбарын 2017-2018 оны Хамтын гэрээ хэлэлцээрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 4 хуудас, Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Үндэсний аудитын газар 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06/727 дугаар Аудитын гэрчилгээ гэх бичвэртэй баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 2 хуудас, Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас,  Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай тогтоолын  нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Эрүү Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай магадлалын  нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 537 дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 4 хуудас зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч  Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компани нь хариуцагч Б.Мд холбогдуулан  ажлаас халагдахдаа авсан тэтгэмж  7.800.000 (долоон сая найман зуун мянга) төгрөг, Үндэсний Аудитын газрын актаар тогтоогдсон төлбөр 1.587.000 (нэг сая таван зуун наян долоон мянга) төгрөг, нийт 9.387.000 (есөн сая гурван зуун наян долоон мянга)  төгрөг  гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа ажлаас халагдахдаа авсан тэтгэмж 7.800.000 (долоон сая найман зуун мянга)  төгрөг гаргуулахаар багасгасан.

          Хариуцагч Б.М нэхэмжлэлийн шаардлагыг  эс зөвшөөрч, маргалаа.

          Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ...Б.М нь Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад тус компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 09 дугаартай тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдөхдөө 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 7.800.000 төгрөгийг авахаар тохиролцож, түүнийг нь компаниас Б.Мы данс руу шилжүүлсэн. Гэвч Б.М нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс түүнийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 14.300.000 төгрөг гаргуулах шийдвэр гарч, манай байгууллагаас дээрх мөнгийг Б.Мд өгсөн тул ажлаас чөлөөлөгдөхөө авсан тэтгэмж 7.800.000 төгрөгийг буцаан байгууллагад төлөх нь зүйтэй гэж үзэн нэхэмжилж байна...гэж тайлбарласан.

Хэргийн баримтаас үзэхэд Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор Б.Мыг  Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат  компаний гүйцэтгэх захирлын ажлаас 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрийн дагуу ажлаас халагдсны тэтгэмж 7.800.000 төгрөгийг олгожээ.

         Түүнчлэн Б.М нь ажлаас үндэслэлгүй халагдсан хэмээн шүүхэд хандсанаар, ажилдаа эгүүлэн тогтоогдож, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх, ажилгүй байсан хугацааны цалин 14.300.000 төгрөгийг Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаниас гаргаж  шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан байх ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, шийдвэрийн дагуу 14.300.000 төгрөгийг  Б.Мд Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаниас шилжүүлжээ.

         Дээрх үйл баримтанд талуудын хэн аль нь маргаагүй.

         Хариуцагч нь татгалзалын үндэслэлээ...Миний бие ажлаас халагдахдаа Эрчим хүчний салбарын 2017-2018 оны Хамтын гэрээ хэлэлцээрийн 5.15 дахь хэсэгт заасны дагуу 6 сарын тэтгэмж буюу 7.800.000 төгрөг авсан. Энэ мөнгийг буцааж төлөх үндэслэл байхгүй...хэмээн тайлбарлав.

         Гэвч Эрчим хүчний салбарын 2017-2018 оны Хамтын гэрээ хэлэлцээрийн 5.15 дахь хэсэгт: Эрчим хүчний салбарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тоог цомхотгох, хувьчлагдсан тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор өмчийн хэлбэрийг үл харгалзан уг ажилтанд тус салбарт 1-4 жил ажилласан бол 4 сар, 5-10 жил ажилласан бол 6 сар, 11-15 жил ажилласан бол 12 сар, 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг сүүлийн 1 жилийн дундаж цалингаар бодож олгоно...гэжээ.

         Тэтгэмж олгох үндэслэл нь Эрчим хүчний салбарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тоог цомхотгох, хувьчлагдсан тохиолдол  юм. Гэтэл Б.М нь дээрх үндэслэлээр ажлаас халагдаагүй. Иймд Эрчим хүчний салбарын 2017-2018 оны Хамтын гэрээ хэлэлцээрийн 5.15 дахь заалт хамааралгүй байна.

         Мөн Б.Мы...би олон сар ажилгүй, цалингүй хохирсон ба буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаас дээрх мөнгийг гаргуулах нь зүйтэй...гэх тайлбарын тухайд   хариуцагч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй боловч холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийн оролцогчийн үүргээ хэрэгжүүлээгүй болно.

         Иргэний хуулийн 492 дугаар зүйлд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэйг хуульчилсан.

         Хуулийн дээрх заалтаас үзвэл үүрэг үүсээгүй гэдэг нь хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг хэлнэ.

         Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар ажил олгогч Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компани, ажилтан Б.М нарын хооронд хуульд заасан гэрээний болон  үүргийн харилцаа үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

         Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Мыг ажилд нь эгүүлэн тогтоосноор ажил олгогч болон ажилтны хооронд тэтгэмжтэй холбоотой үүрэг үүсэхгүй юм.

         Харин ажлаас халагдсны тэтгэмж болон ажилгүй байсан хугацааны цалинг давхардуулан олгосон явдал нь хариуцагч Б.Мд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсгэсэн нөхцөл бүрдсэн бөгөөд дээрх нөхцөл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасантай тохирч байгаа болно.

         Тодруулбал 7.800.000 төгрөг нь нэхэмжлэгчээс хариуцагчид  шилжсэн, нэхэмжлэгч, хариуцагчийн хооронд гэрээний болон хуульд зааснаар үүргийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч байгууллага нь ажлаас халагдсны тэтгэмжид өгсөн 7.800.000 төгрөгөө  буцаан шаардаж байгаа зэргээс хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж дүгнэлээ.

         Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Б.Маас 7.800.000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж ирүүлсэн Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09 дугаартай тогтоолын хуулбар, Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 04 дугаартай хурлын тэмдэглэлийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлийн хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүхийн гүйцэтгэх хуудасны хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2422 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 4-9, 11 дүгээр тал/ зэрэг баримтууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй ба     нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Маас 7.800.000 (долоон сая найман зуун мянга) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 139,750 төгрөг гаргуулж улсын орлогод оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Маас 7.800.000 (долоон сая найман зуун мянга) төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Маас улсын тэмдэгтийн хураажид 139, 750 (нэг зуун гучин есөн мянга долоон зуун тавь) төгрөг гаргуулан улсын орлогод оруулсуай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Г.ДАВААХҮҮ