Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/01411

 

“,,,,,,,,,,, ,,,,,,,,, ,,,,,,,,,,,” ТӨХК-ийн

  нэхэмжлэлтэй иргэний хэргийн

 тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШШ2019/01186 дугаар шийдвэртэй,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,, ,,,,,,,,, ,,,,,,,,,,” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

 ,,,,,,,,,,,,,,,,,,, д  холбогдох

Ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж 7,800,000 төгрөг, актаар тогтоогдсон төлбөр 1,587,000 төгрөг, нийт 9,387,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: “,,,,,,,,,,, ,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018.06.22-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор ,,,,,,,,,,,,,, овогтой ,,,,,,,,,,,,,,,,ыг ажлаас чөлөөлж, өөрийн саналын дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 7,800,000 төгрөгийг олгосон, уг хуралдаанд  ,,,,,,,,,,,,,,,,,  нь өөрийн биеэр оролцож шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн ч дараа нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2019.07.17-ны өдрийн 629 дугаар шийдвэрээр 14,609,450 төгрөгийг гаргуулах шийдвэр гарсан байна. Мөн  ,,,,,,,,,,,,,,,,,,,  нь “,,,,,,,,,, ,,,,,,,,, ,,,,,,,,,,” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хувийн ашиг сонирхлын үүднээс эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль зөрчсөн шийдвэрүүд гаргаж, байгууллагыг өмч хөрөнгө, санхүүгийн хувьд алдагдалд оруулж байсан нь 2018 оны Санхүүгийн аудитын дүгнэлтээр тогтоогдсон. Үүний дагуу Үндэсний Аудитын газрын 2019.3.21-ний өдрийн 03/48 дугаартай төлбөр барагдуулах тухай актаар  ,,,,,,,,,,,,,,,,аас 1,587,000 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. Иймд ,,,,,,,,,,,,,,ыг ажлаас чөлөөлөгдөхөд олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 7,800,000 төгрөг, Үндэсний Аудитын газрын 2019.03.21-ний өдрийн 03/48 дугаартай төлбөр барагдуулах тухай актын дагуу төлөх 1,587,000 төгрөг, нийт 9,387,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “,,,,,,,,, ,,,,,,,,, ,,,,,,,,,,” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018.6.22-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 7,800,000 төгрөгийг надад олгохоор шийдвэрлэсний дагуу авсан нь үнэн. Би хууль зөрчөөгүй авах ёстой тэтгэмжээ авсан. Эрчим хүчний салбарын 2017-2018 оны Хамтын гэрээ хэлэлцээрийн 5.15 дахь хэсэгт “Эрчим хүчний салбарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тоог цомхтгох, хувьчлагдсан тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор өмчийн хэлбэрийг үл харгалзан уг ажилтанд тус салбарт 1-4 жил ажилласан бол 4 сар, 5-10 жил ажилласан бол 6 сар, 11-15 жил ажилласан бол 12 сар, 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг сүүлийн 1 жилийн дундаж цалингаар бодож олгоно” гэж заасан. Энэ мөнгийг буцааж төлөх үндэслэл байхгүй. 2019.3.21-ний өдрийн 03/48 дугаар бүхий акт гарсныг би мэдээгүй, үзээгүй, дуулаагүй, надад тийм зүйл танилцуулаагүй. 1,587,000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй. Өр төлбөр тавигдах ёсгүй. 2017 оныхоо ажлыг дүгнээд манай байгууллага сайн ажилласан учраас урамшуулалт цалингаа авсан. Хэрвээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тохиролцъё гэвэл 2,800,000 төгрөгийг буцаан өгч болох юм. Энэ саналыг хүлээж авахгүй байгаа болохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШШ2019/01186 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, Төрийн Аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь хэсэгт тус тус зааснаар “,,,,,,,,,, ,,,,,,,,, ,,,,,,,,,,” төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,д холбогдох ажлаас чөлөөлөгдөхөд олгосон 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 7,800,000 төгрөг, аудитын төлбөр барагдуулах актын дагуу төлөх 1,587,000 төгрөг, нийт 9,387,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар магадлалаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1186 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,аас 7,800,000 төгрөг гаргуулж “,,,,,,,,,,, ,,,,,,,,, ,,,,,,,,,,” төрийн өмчит хувьцаат компанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,587,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,аас улсын тэмдэгтийн хураамжид 139,750 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч “,,,,,,,,,, ,,,,,,,,, ,,,,,,,,,,” төрийн өмчит хувьцаат компани давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,ы хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.17-ны өдрийн 06 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь заалтыг үндэслэж дараах үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэтэрхий нэг талыг барьсан, хэрэгт цугларсан, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэлт хийгээгүй. Энэ нь дараах байдлаар нотлогдож байна. Үүнд:

1.  ,,,,,,,,,,,,,,,,  би 2018.06.22-ны өдрийн “,,,,,,,,,, ,,,,,,,,, ,,,,,,,,,,” ТӨХК-ийг Төлөөлөн удирдах зөвлөлийн 09 дүгээр тогтоолоор ажлаасаа үндэслэлгүй халагдаж, өнөөдөр буюу 2020.03.16-ны өдөр хүртэл ажилгүй, цалингүй 21 сар хохирч байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв хувийг өгөх боломжгүй бол нотариатаар баталгаажуулж хуулбарыг өгнө” гэж заасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “ ,,,,,,,,,,,,,,,,,ыг ажлаас нь чөлөөлөхдөө компанийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдсан, тухайн хуралд  ,,,,,,,,,,,,,,,,  6 сарын тэтгэмжээ аваад ажлаасаа чөлөөлөгдөхийг зөвшөөрсөн гэсэн нь, мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нотлох баримтаар, “,,,,,,,,,,, ,,,,,,,,, ,,,,,,,,,,,” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2018.06.22-ны өдрийн 04 дүгээр хурлын тэмдэглэл зэргийг “,,,,,,,,,,, ,,,,,,,,, ,,,,,,,,,,” ТӨХК-ийн хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж шүүхэд ирүүлсэн нь хуулийн шаардлага хангахгүй байна.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасныг зөрчиж үүргээ хэрэгжүүлээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч тал татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэг үүсэх бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1-д “ Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн хуульчилсан бөгөөд  ,,,,,,,,,,,,,,,,  намайг үндэслэлгүй ажлаас халж 21 сар цалингүй, ажилгүй өнөөдрийг хүртэл хохироогоод тэтгэмж болгож өгсөн 7,800,000 төгрөгийг нэхэмжилж байгаад гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч “,,,,,,,,,, ,,,,,,,,, ,,,,,,,,,,” ТӨХК-аас хариуцагч  ,,,,,,,,,,,,,,д  холбогдуулан ажлаас чөлөөлөгдсөний тэтгэмж 7,800,000 төгрөг, актаар тогтоогдсон төлбөр 1,587,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх 7,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх “...хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,  нь Эрчим хүчний салбарын 2017-2018 оны Хамтын хэлэлцээрийн 5.15 дахь хэсэгт зааснаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжээ авсан гэж тайлбарлан энэ тухай нотариатчаар гэрчлүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч талаас үүнийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй..” гэсэн үндэслэлээр хариуцагчийн ажлаас чөлөөлөгдөхдөө авсан тэтгэмж 7,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

Учир нь, нэхэмжлэгчээс “... “,,,,,,,,, ,,,,,,,,, ,,,,,,,,,,,” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018.06.22-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Батаа овогтой ,,,,,,,,,,,,,,,ыг ажлаас чөлөөлж, өөрийн саналын дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 7,800,000 төгрөгийг олгосон, уг хуралдаанд  ,,,,,,,,,,,,,,,,,  нь өөрийн биеэр оролцож шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн ч дараа нь ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргаснаас 14,609,450 төгрөгийг гаргуулах шийдвэр гарсан...” гэж маргасан, хариуцагчаас уг шаардлагыг үл зөвшөөрч “... “,,,,,,,,,, ,,,,,,,,, ,,,,,,,,,,” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018.06.22-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 7,800,000 төгрөгийг надад олгохоор шийдвэрлэсний дагуу авсан нь үнэн. Би хууль зөрчөөгүй авах ёстой тэтгэмжээ авсан. Эрчим хүчний салбарын 2017-2018 оны Хамтын гэрээ хэлэлцээрийн 5.15 дахь хэсэгт “Эрчим хүчний салбарт бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр ажлын байрыг цөөрүүлэх, орон тоог цомхтгох, хувьчлагдсан тохиолдолд ажлаас халагдсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор өмчийн хэлбэрийг үл харгалзан уг ажилтанд тус салбарт 1-4 жил ажилласан бол 4 сар, 5-10 жил ажилласан бол 6 сар, 11-15 жил ажилласан бол 12 сар, 16 ба түүнээс дээш жил ажилласан бол 24 сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг сүүлийн 1 жилийн дундаж цалингаар бодож олгоно” гэж заасан. Энэ мөнгийг буцааж төлөх үндэслэл байхгүй...” гэж тайлбарлаж, татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор Эрчим хүчний салбарын 2017-2018 оны хамт (тариф)-ын хэлэлцээр, нэхэмжлэгч байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019.05.20-ны өдрийн 16 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гарган өгчээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч “Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018.06.22-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн, хамтын хэлэлцээрийн дагуу 7,800,000 төгрөгийг авсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн байхад шүүх хариуцагчаас яагаад Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019.05.20-ны өдрийн 16 дугаар тогтоолоор “дахин” ажлаас чөлөөлөгдсөн, мөн Хамтын хэлэлцээрийн 5.15 дахь заалт нь ямар учраас түүнд хамааралтай талаар тодруулж, талуудыг мэтгэлцүүлээгүй, түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т зааснаар “...Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй...” гэсний дагуу ажлаас чөлөөлсөн тогтоолыг авах боломжтой байсан.     

Харин давж заалдах шатны шүүх “... нэхэмжлэгч нь хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,,, д ажлаас халагдсан гэсэн үндэслэлээр тэтгэмж олгосон нь тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, нэхэмжлэгчийн тайлбараар, хариуцагч ажилдаа эгүүлэн тогтоогдсон нь зохигчийн тайлбараар нотлогдсон, хариуцагч  ,,,,,,,,,,,,,,,,,ыг ажилд нь эгүүлэн тогтоосноор ажил олгогч болон ажилтны хооронд тэтгэмжтэй холбоотой үүрэг үүсээгүй гэж үзэх тул хариуцагч ажлаас халагдсаны тэтгэмж давхардуулан авах эрхгүй тул нэхэмжлэгч буюу ажил олгогч өмнө олгосон тэтгэмжээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй...” гэж дүгнэхдээ хуульд заасан журмыг зөрчсөн баримтыг (“хуулбар үнэн” тэмдэгтэй Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол) шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, нотлох баримтад үндэслэгдээгүй дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2., 38 дугаар зүйлийн 38.5. дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзнэ. Тухайлбал, хариуцагчийг ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн болон ажил олгогч (нэхэмжлэгч)-ийн шийдвэр, ажилгүй байсан хугацааны цалинг (давхардуулан) олгосон, ингэснээр хариуцагч “үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэх үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад холбогдох шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу юм.      

Ийнхүү маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 155/ШШ2019/01186 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 139,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                    Л.АТАРЦЭЦЭГ

                                                                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД