Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2017/184

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д  даргалж, шүүгч Б.А , шүүгч А.Н  нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ө.Г, С.М, Д.Б, Д.Ц, Д.Б, Ц.М,Г.Б, М.М, М.А, М.Д, М.Р, Ү.Ү, Б.Л, М.К,

Хариуцагч: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-230, А-429, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-271 дүгээр тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г, С.М, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Д.Б, С.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгсэн төлөөлөгч Ө.Г, С.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хууль зүйн үндэслэлээ:

“...Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг “өртөө өвөлжөө гэдэг газрын жижигхэн амны зүүн салаанд Д.Б  миний бие болон бидний төрөл төрөгсдийн өвөг дээдэс 1860-аад оноос, тэдний гурав дахь үе нь болох бид өнөөг хүртэл удам залган энэ нутагт төрж өсөн, суурьшин амьдарч байна. Баруун салаанд нь 1983 оноос өнөөг хүртэл С.М, түүний үр хүүхэд болон монгол, казах 8 айл, уг аманд нийтдээ 14 малчин айл олон жил суурьшиж, жилийн дөрвөн улиралд уламжлалт мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Горхи тэрэлжийн Байгалийн цогцолборт газар нь улсын тусгай хамгаалалтай газар юм. Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.О, Д.О нарын хууль бус тушаалаар 2014 он болон 2015 онд тус яам, түүний харьяа байгууллагуудын ажилтнуудад энэ газарт байшин барьж амьдрах, газар ашиглах зөвшөөрөл олгожээ. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны ажилтан болон харьяа газруудад нийлээд 250 гаруй ажилтнуудад газар эзэмших эрх олгосон. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, түүний харьяа байгууллагын ажилтнуудад байшин барилга барьж амьдрах зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгосон сайд асан С.О  2014 оны А/230 тоот, сайд асан Д.О ын 2015 оны А/271 дүгээр тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү.  

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу “Өртөө өвөлжөө” гэдэг газар амьдарч байгаа айлууд бол хязгаарлалтын бүсэл хамаарч байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасны дагуу 3 төрлийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд “Онцгой бүсэд байгалийн унаган төрхийг нь хадгалах шаардлагад нийцүүлэн хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ байгальд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр судалгаа, шинжилгээний ажил явуулах, ургамал, амьтны өсч үржих нөхцөлийг хангах, хөрсийг нөхөн сэргээх, байгалийн гамшгаас учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авна” гэж заасан.  

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 16 дугаар зүйлд аялал жуулчлалын бүсийн дэглэмийг тогтоож өгсөн.  Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т  уламжлалт  аргаар  мал  аж  ахуй  эрхлэхийг  зөвшөөрсөн.  Дээрх  3  төрлөөр үйл

 ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн. Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд асан С.О 2014 оны А/230 тоот, сайд асан Д.О2015 оны А/271 тоот утга санаа, үг үсгийн хувьд зөрөөгүй нэг нь нөгөөгөө хуулбарласан  тушаал гаргахдаа үндэслэл болгосон хууль, дүрмийн заалтууд нь уг газрыг эзэмших, ашиглахтай огт хамааралгүй, "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль"-иас давж гарсан хууль бус тушаал гаргажээ. Уг тушаалд:

1. Яамны болон харьяа газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан хаагчдын хүсэлтийг судлан  үзэж, Горхи тэрэлжийн   байгалийн цогцолборт газарт амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх "Эко ногоон хөгжил" зуслан байгуулах төсөл хэрэгжүүлэхийг дэмжсүгэй. Захиргааны шүүх хариуцагч талаас ганцхан нотлох баримт шаардсан зураг төслөө авчирж өгнө үү гэхэд зураг төслөө хийгдэж байгаа гэсэн хариу тайлбар өгсөн. Зураг төсөл байхгүй байхад газрыг урьдчилан олгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн Байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулахыг хориглох гэсэн 18 дугаар зүйлийг мэдсээр байж зориуд, санаатайгаар зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын нутаг дэвсгэр учраас хариуцагч талд ямар ч эрх мэдэл байхгүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу харьяалагдана. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд захиран зарцуулах эрх байхгүй. Зөвхөн хяналт тавих үүрэг байгаа.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд ямар үйл ажиллагаа явуулахыг заасан. Энэ хуулийн 12 дугаар зүйлийн 5-д "Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барихыг хориглоно" гэж заажээ. Тэгвэл 11 дүгээр зүйлийн 7 дугаар заалт нь: "Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр бүр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах" гэж заасан. 250 айл орон сууц барин амьдарвал тус хуулийг зөрчинө. Өнгөрсөн жил н.Саруул гэдэг хүн байшин барьсан. Саруулын нэр 250 хүний нэр дотор байхгүй. Бид хоёр дахь зайсан гарч ирэх гэж байна гэж үзээд захиргааны шүүхэд хандсан. Зайсангийн аманд зөвшөөрөл өгсөн хүмүүст ямар ч хариуцлага тооцоогүй. Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаас 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичигт “14 айлын жилийн 4 улирлын бэлчээр нутаг мөн” гэж тусгасан байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь заалтыг зөрчсөн. Дээрх баримтууд хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд байгаа.

Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд албан бичиг ирүүлсэн. 250 айлын байшинг Эко хотхон буюу эко төсөл гэж нэрлэсэн. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зохиогдоогүй хот, тосгон, бусад сууринд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн энэ хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж заасан. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулахад дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлын шаардлага, газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөөг үндэслэнэ” гэж заасны дагуу хот байгуулах юм бол цахилгаан бохирын шугамыг шийдвэрлэх ёстой.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Б, Нийслэлийн Засаг дарга Э.Б нарт тус тус хандаад хариу ирүүлсэн албан бичиг нь 2 дугаар хавтаст хэргийн 22 дугаар хуудсанд байгаа. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн албан бичигт “тус иргэдийн мэдээлэл мэдээллийн санд бүртгэгдээгүй, ямар нэгэн байгууламж барих зөвшөөрөл олгогдоогүй байна” гэсэн хариу ирүүлсэн.

Манай оронд тарвага ховордсон байгаа учир агнахыг хориглосон. Гэтэл Өртөө өвөлжөөнд цөөн тарвага байгаа.  250 айлуудын 10 гаруй айлын газар нь тарваганы нүхэн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон. Захиргааны шүүхээс газрын үзлэг хийсэн. Тус газар байшин баригдвал тарваганууд устаж, үгүй болно. Амьтны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т “амьтны хэвийн өсөлт үржилтийг хадгалах, тархац нутгийг хамгаалах, нүүдлийн замыг чөлөөтэй байлгах” гэж заасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 3 дугаар зүйлд тодорхой заасан. Орон нутгийн засаг захиргаа бидний эрхийг хаан боогдуулсан. Хамгаалалтын захиргаа байхгүй газар дүүргийн Засаг дарга газар эзэмшүүлж болно. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Хамгаалалтын захиргаа буюу Засаг дарга нь газар ашиглах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт болон түүний талаарх саналаа төрийн захиргааны төв байгууллагад уламжилна” гэж заасан байгаа. Гэтэл саналыг үндэслээгүй дангаар шийдвэр гаргасан. Мөн хуулийн 37 дугаар зүйлд газар эзэмшүүлэх гэрээ байгуулах заалт байгаа. Энэ нь хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд байгаа. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн албан бичигт 3 зүйлийн талаар тусгасан. Төрийн захиргааны аж ахуйн нэгжүүд газар эзэмших эрх олгохдоо дүүргийн Засаг

 

даргын саналыг үндэслэнэ гэж заасан байгаа.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас ирсэн албан бичигт “газар эзэмших эрх олгохдоо Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг баримталж олгох ёстой” гэж заасан. Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам тус заалтыг зөрчсөн гэсэн баримт хавтаст хэргийн 22 дугаар хуудсан байгаа. 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайд асан Л.Г тушаал гарсан. Төрийн захиргааны төв байгууллага шийдвэр гаргахдаа дүүргийн Засаг даргын саналыг аваагүй. Налайх дүүргийн Засаг даргатай хамтарч шийдвэрлүүлэх байтал хамгаалалтын захиргаа  дангаар шийдвэр гаргаж байгаа нь буруу гэдгийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайд Л.Гхэлсэн. Сайдын тушаалаас үзэхэд Налайх дүүргийн Засаг дарга саналаа боловсруулаад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам шийдвэр гаргах ёстой.

Тушаал гаргахдаа сайдууд албан тушаалаа хэтрүүлэн гаргасан. Өртөө өвөлжөө гэдэг газар амьдарч байгаа иргэдийн айлуудын хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх” гэж заасан байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Энэ нь төрөөс мал бүхий иргэдийг нутаг, бэлчээрээр хангана гэсэн үг. Монгол Улсын Үндсэн Хуульд гэж заасан байгаа. 2500 гаруй малын даацтай бэлчээр нутаг гэдгийг тогтоож өгсөн. Байшин барилга барьж байгаа хүмүүс маш бүдүүлэг хандаж байгаа. Хонины хашаан дотор байшин барих ёстой хонины хашааг зайлуул гэж хэлсэн. С.Мгийн бие засах газар байшин барьж байгаа хүмүүсийн хашаан дотор орсон. Хонины хашааны үүднээс 6 метрийн зайд байшингийн шав тавьсан. Одоо малаа ч хашиж чадахгүй, бие засаж чадахгүй байна. Монгол Улсын Үндсэн хуульд оршин суух газраа чөлөөтэй сонгох гэж заасан байгаа.

2010 оны Л.Гсайдын гаргасан тушаалыг зөрчсөн. Мөн 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/466 дугаар тушаалд “өвөлжөөтэй, хаваржаатай, өөрийн хашаатай бүх айлын координатыг баталгаажуулж гэрчилгээжүүл гэж заасан. Гэтэл гэрчилгээ олгохгүй байгаа. 14 айл байгаагаас 4 айлын албан ёсны гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн. Өмнө нь ажиллаж байсан Налайх дүүргийн Засаг даргын гарын үсэг болон Хамгаалалтын захиргааны даргын гарын үсэгтэй албан бичиг бол хүчингүй зөвхөн миний гарын үсэгтэй гэрчилгээг хүчинтэй гэж  хэлсэн.  Газрын  гэрчилгээ  авъя  гэж  өргөдөл  өгөхөөр  тус  асуудлыг   шийдэж

өгөхгүй байна. н.Доржготов бидэнд худлаа хэлж дарамталсан. Захиргааны шүүхэд Доржготов гэдэг хүний гүтгэж ирүүлсэн албан бичигт “14 айл амьдардаггүй” гэж заасан байгаа. Шүүхээс үзлэг хийхэд 14 айл байсан. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийг хариуцсан н.Батсансар гэдэг хүний 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн албан бичигт “Горхи-тэрэлжийн цогцолбор газарт амьдарч байгаа айлуудад газар эзэмших гэрчилгээ огт олгогдоогүй” гэсэн. Эрх мэдэл албан тушаалаа ашиглан биднийг дарамталж байна.

Нэхэмжлэгч нарын асуудлаас илүү улс орны эрх ашиг хэцүү байна. Газар доорх ашигт малтмалыг гадны бүлэглэлүүд хувааж идсэн. Газар дээрх баялаг руу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам дайрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Б   шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хууль зүйн үндэслэлээ:

“...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5-д "төрөөс орон байраар хангагдах", яамны хөдөлмөрийн дотоод журмын 9.8 дахь заалт, Яамны төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-т "Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр газар ашиглуулж болно" гэх заалтуудыг үндэслэн яамны болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан хаагчдын нийгмийн баталгааг хангах, орон сууц, хашаа байшин худалдан авах, шинээр барих, нөхцөлийг нь сайжруулах, зуслангийн байр барихад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230 дугаар тушаал, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А-271 дугаар тушаалаар зуслан байгуулах төсөл хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн нь тус яам Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчсөн, хууль бус тушаал гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ нь дараах байдлаар нотлогдоно. Байгалийн цогцолборт газарт зөвшөөрдөг болон хориглодог үйл ажиллагааг хуульд дотоод бүсчлэлээр тодорхой заасан байдаг. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд мөрдөх хамгаалалтын горимд:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-т "зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих” 4-т "батлагдсан зураг төсөл, зохих журмын дагуу зам тавих, тээврийн хэрэгслийн зогсоол гаргах", 5-д "биеийн тамир, нийтийн арга хэмжээнд шаардагдах талбайг засаж тохижуулах", 6-д "тухайн нутаг дэвсгэр дэх сууриныг экологийн магадлан шинжилгээ хийж баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх" зэрэг заалтыг үндэслэн тушаал гарсан нь хуулийн дагуу сайдын эрх хэмжээний хүрээнд гаргасан тушаал болно.

Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 7-д "зөвшөөрөгдсөн бүс дэх сууринг тохижуулах, барилга байгууламж барих ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байгаад хяналт тавих; 10/ зөвшөөрөгдсөн бүсэд байлгаж болох малын төрөл, тоо болон зохих журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрыг тогтоох" зэрэг үйл ажиллагаа явуулна гэж заасан байдаг. Дээрх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтуудаас үзэхэд Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд батлагдсан зураг төслөөр барилга барих, зам тавих, тээврийн хэрэгслийн зогсоол гаргах, биеийн тамир нийтийн арга хэмжээний талбайг засаж тохижуулах, суурин газрыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх зэрэг арга хэмжээг авахаар зохицуулсан байдаг.

... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1-т "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана", 36 дугаар зүйлийн 1-т "Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана. Дээрх заалтууд нь Төрийн захиргааны төв байгууллага, өөрийн гэсэн хамгаалалтын захиргаатай Горхи-Тэрэлжийн сав газрын Хамгаалалтын захиргааны саналыг авахаас бус сум дүүргийн Засаг даргын саналыг заавал авна гэсэн үг биш юм.

Харин Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн  8-д "тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин

газрын ерөнхий төлөвлөгөө, шинээр байгуулах аялал, жуулчлалын бааз, амралт, сувиллын байршил, төслийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтран хянан батлах", 9/ "тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, уг газарт байлгаж болох малын төрөл, тоог тогтоох" Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өөрийн бүрэн эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлэхээр зохицуулсан байдаг. Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хувьд Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогыг дагнан боловсруулах эрх бүхий субъект юм. Хуулиар олгогдсон сайдын эрхлэх асуудалд ажилчдынхаа ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг нь хангахтай холбогдсон бодлого боловсруулж хэрэгжүүлэх ажлын хүрээнд дээрх хоёр тушаалыг баталсан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зуйлийн 3-т "зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах барилга байгууламжийг батлагдсан зураг, төсөл, зөвшөөрлийн дагуу барих", б-д "тухайн нутаг дэвсгэр дэх сууриныг экологийн магадлан шинжилгээ хийж баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх" зэрэг заалтуудыг үндэслэл болгон "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам"-ын 3.4-т "..,. Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно...." гэж заасныг баримтлан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230 дугаар тушаал, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А-271 дугаар тушаалаар тус тус батлагдсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд яамны болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны албан хаагчдын нийгмийн баталгааг хангах үүднээс зуслангийн зориулалтаар газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаатай хууль тогтоомжийн хүрээнд олгосон бөгөөд хууль тогтоомж, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.

Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутаг нь экосистемийн онцлог бүс бөгөөд тусгай хуулиар зохицуулагдаж явдаг. Нөгөө талаар газар нутгийг тусгай хамгаалалтад авах асуудал нь аливаа ашиглалтыг хориглоно гэсэн үг биш зөвшөөрөгдсөн бүсэд байгальд сөрөг нөлөөгүй аливаа үйл ажиллагааг өргөн хүрээтэй    явуулах   эрх   нээлттэй   байх   бөгөөд  гагцхүү  эдгээр  ашиглалтын  үйл

 ажиллагаа нь жинхэнэ утгаараа хуульд нийцсэн, хариуцлагатай, байгальд ээлтэйгээр зохион байгуулагдсан байх ёстой. Гэтэл эдгээр иргэд олон жил уг нутагт амьдарсан нутгийн иргэд гэдэг үүднээс өөрсдийн эрх амин хувийн ашгийг илүүд тавьж гагцхүү өөрсдөө эзэмшиж ашиглах ёстой юм шиг авирлаж, бусдын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байгааг анхааралдаа авах нь зүйтэй. Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг сахин биелүүлэх үүрэгтэй. Энэ тухай Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 1-т заасан Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ: 1/ Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх 2/ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй билээ.

Иймд иргэн Ө.Г, С.М, Д.Б, Д.Ц, Д.Б, Ц.М,Г.Б, М.М, М.А, М.Д, М.Р, Ү.Ү, Б.Л, М.К  нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч С.М, Ү.Ү , М.К  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бусад нэхэмжлэгч болох .Г, С.М, Д.Б, Д.Ц, Д.Б, Ц.М,Г.Б, М.М, М.А, М.Д, М.Р, Ү.Ү, Б.Л, М.К  нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.   

.Г, С.М, Д.Б, Д.Ц, Д.Б, Ц.М,Г.Б, М.М, М.А, М.Д, М.Р, Ү.Ү, Б.Л, М.К  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г , С.М нар нь “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-429, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А-271 дүгээр тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-230, А-429, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-271 дүгээр тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/429 дугаар тушаал болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/271 дүгээр тушаалаар Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Төрийн албаны тухай хуулийн 27 зүйлийн 27.1.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4, 17.5, 17.6, 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.10, 33 дугаар зүйлийн 33.1 36 дугаар зүйлийн 36.1, Засгийн газрын 2013 дугаар 7 сарын 09-ний өдрийн 259 дүгээр тогтоол, яамны Хөдөлмөрийн дотоод журмын 9.8 дахь заалт, Яамны төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг тус тус үндэслэн “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-т нийт 37.5 га газарт амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, “Эко ногоон хөгжил” зуслан байгуулах төсөл хэрэгжүүлэхийг дэмжиж, дээрх тушаалуудын хавсралтаар тус яамны болон харъяа газруудын нийт 271 албан хаагчид газар ашиглуулах гэрчилгээ олгохыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаанд зөвшөөрч, эдгээр иргэдэд зуслангийн зориулалтаар газар ашиглах эрхийн гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон, дээрхи зуслангийн зураг төсөл, байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнүүд хийгдсэн зэрэг үйл баримт тогтоогдов.

Нэхэмжлэгч нар дээрх актуудыг эс зөвшөөрч “...байгалийн цогцолбор газарт зөвхөн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалтаар газар ашиглуулахыг зөвшөөрсөн байхад төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах зорилгоор зуслангийн зориулалтаар зөвшөөрөл олгосон нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн...орон нутгийн засаг захиргаатай хамтран шийдвэрлэх ёстой асуудлыг дангаараа шийдвэрлэсэн...Налайх дүүргийн Засаг даргаас саналыг аваагүй....газар ашиглах гэрээ байгуулаагүй...малын зуслан намаржааны бэлчээрийн газар дээр олон байшин бариулснаар мал бэлчээх газаргүй болно...” гэж, хариуцагчаас “...маргаан бүхий актыг эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан...Горхи-Тэрэлжийн хамгаалалтын захиргааны саналыг авах ёстой, харин дүүргийн Засаг даргын саналыг авах шаардлагагүй...тусгай хамгаалалттай газар нутагт мал бэлчээрлүүлэхийг хориглодог...” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Нэхэмжлэгч С.Мд Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа болон Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас олгосон Горхи-Тэрэлжийн байгалийн үндэсний цогцолбор газарт байрлах эрхийн 57 дугаар  гэрчилгээг 1999 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр, нэхэмжлэгч М.К  58

 дугаартай гэрчилгээг мөн өдрөөр огноолон, нэхэмжлэгч Ү.Ү  2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Д  гарын үсэг бүхий  218 дугаартай гэрчилгээг тус тус олгосон байх ба уг гэрчилгээнд нэхэмжлэгч С.М  малыг 350 бог, 10 бод, Ү.Ү  малыг 200 бог гэж тогтоож өгчээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын  сайдын 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А-213 дугаар бүхий “Газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгох тухай” тушаалаар “төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэсэн заалтыг зөрчиж...319 иргэнд “...байрлах эрхийн гэрчилгээ” нэрээр 5 жилийн хугацаагаар олгосон газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгох, 3 дахь заалтаар “тус газрыг тусгай хамгаалалтанд авах үед уламжлалт мал аж ахуй эрхэлж байсан иргэдийн судалгааг нарийвчлан гаргаж, хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд үүрэг болгожээ.  Түүнчлэн Байгаль орчин, аялал жуулчлалын  сайдын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А-466 дугаар бүхий “Гэрчилгээжүүлэлт хийх тухай” тушаалаар...байгалийн цогцолбор газарт өвөлжөө, хаваржаа, хашаа бүхий байнга оршин суудаг иргэдийн ашиглаж байгаа газарт хэмжилт хийж,  координатыг тогтоон гэрчилгээжүүлэлт хийхийг Хан хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга С.Доржготовт зөвшөөрсөн байна. 

Үүнээс үзвэл нэхэмжлэгч С.М, М.К  нарт олгогдсон дээрхи гэрчилгээ хүчингүй болсон байхаар боловч тогтоолд зааснаар уг гэрчилгээг цуцалсан тухай албан ёсоор мэдэгдэл өгөх, газар чөлөөлүүлэх ажиллагаа хийгдээгүй, тогтоолын хавсралтанд нэр ороогүй, нэхэмжлэгч нар гэрчилгээгээ солиулахаар хариуцагч захиргааны байгууллагад хандсан, шийдвэрлэж өгөөгүй гэж тайлбарласан, хариуцагч дээрхи үндэслэлүүдийг няцаахгүй байна.  Иймд эдгээр иргэдийн байрлах эрхийн гэрчилгээ шууд хүчингүй болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.М, М.К , Ү.Ү  нарыг тус газарт байрлах эрхгүй гэж дүгнэх боломжгүй байна. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлд байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн дэглэмд явуулж болох үйл ажиллагааг зохицуулсан бөгөөд 17.3 аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн ашиглах   барилга   байгууламжийг   батлагдсан  зураг,  төсөл,  зөвшөөрлийн  дагуу

барих”, 17.4 батлагдсан зураг төсөл, зохих журмын дагуу зам тавих, тээврийн хэрэгслийн зогсоол гаргах”, 17.5-д “биеийн тамир, нийтийн арга хэмжээнд шаардагдах талбайг засч тохижуулах”, 17.6 тухайн нутаг дэвсгэр дэх сууринг экологийн магадлан шинжилгээ хийж баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлэх”-ийг тус тус зөвшөөрч уг асуудлыг тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх байхаар тус тус заажээ.  

Хуулийн дээрхи заалтуудыг үндэслэн хариуцагчаас яамны болон яамны харъяа байгууллагад ажилладаг нэр бүхий 271 албан хаагчид Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах эрхийн гэрчилгээ олгон “Эко ногоон зуслан” төслийн хүрээнд зуслангийн зориулалтаар газар олгосон шийдвэр нь нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд тул илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 292 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зураг, Байгаль орчин,  аялал жуулчлалын яамны 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 10/2055 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн зураг, шүүхээс хийсэн газрын үзлэг, нэхэмжлэгч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргээс үзвэл нэр бүхий 271 албан хаагчид олгосон нийт 37.5 га газар нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд орших “Өртөө өвөлжөө” нэртэй газарт байрлаж байх боловч нэхэмжлэгч нарын хашаа барьж амьдарч буй газартай солбицлын хувьд давхцалгүй болох нь тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд газрын нэгдмэл санг хөдөө аж ахуйн газар...хот, тосгон, бусад суурины газар....тусгай хэрэгцээний газар гэж ангилах ба Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт “уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх”  боломжтой  боловч мөн хуулийн 17.10-д зааснаар “тухайн зөвшөөрөгдсөн

 бүсэд байлгаж болох малын төрөл, тоо болон зохих журмын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах газрыг Тусгай хамгаалалтттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас тогтоож өгсөн нөхцөлд тэдний уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх эрх нээгдэхээр байна.

Нэхэмжлэгч С.М, М.К , Ү.Ү  нарт тус газарт байрлах эрхийн гэрчилгээ  олгохдоо   тэдний  өмчлөлийн  малын  тоог  С.М  бо г 350,  бод-10,

Ү.Ү  бог-200 нийтдээ бог-550, бод-10 байхыг эрх бүхий захиргааны байгууллагаас тогтоож өгснөөс үзвэл нэхэмжлэгч С.М, М.К  / /, Ү.Ү  нарын байрлаж буй газар нь “Эко зуслан”-гийн зориулалтаар олгогдож буй газартай давхцаагүйн дээр эдгээр нэхэмжлэгчдийн тухайн газарт уламжлалт мал аж ахуйг зохих журмын дагуу эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “бэлчээр гэж мал, амьтан бэлчээх зориулалттай байгалийн болон таримал ургамлын нөмрөг бүхий хөдөө аж ахуйн газарт хамааруулсан газрыг ойлгоно” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч иргэдийн “малын бэлчээр” гэж үзэж байгаа газар нь ангиллын хувьд хөдөө аж ахуйн газарт хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх дурдсан үндэслэлүүдээс гадна маргаан бүхий захиргааны актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “илт хууль бус захиргааны акт” гэж үзэх тохиолдлын алинд ч хамаарахгүй байх тул нэхэмжлэгч С.М, М.К , Ү.Ү й нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч .Г, С.М, Д.Б, Д.Ц, Д.Б, Ц.М,Г.Б, М.М, М.А, М.Д, М.Р, Ү.Ү, Б.Л, М.К  нарын 11 иргэний тухайд эдгээр иргэд нь байгалийн цогцолборт газарт өөрөөр хэлбэл “Өртөө өвөлжөө” гэх газарт газар ашиглах болон түр байрлах эрх олгогдоогүй байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Ө.Г  иргэн Д.Ц  итгэмжлэл олгоогүй, түүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэх боломжгүй бөгөөд Д.Ц  нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүйг тус тус тэмдэглэв.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан .Г, С.М, Д.Б, Д.Ц, Д.Б, Ц.М,Г.Б, М.М, М.А, М.Д, М.Р, Ү.Ү, Б.Л, М.К  нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4, 17.5, 17.6, 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.10, 33 дугаар зүйлийн 33.1 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан С.М, М.К Ү.Ү  нараас гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-429, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А-271 дүгээр тушаалуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.Д

    ШҮҮГЧИД                                        Б.А

                                                  А.Н