Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 02208

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/02208

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01880 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “БАЭ” ХХК-д холбогдох,

 

622 721 226.88 төгрөг гаргуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Л.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагчийн өмгөөлөгч А.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, О.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: “М” ХХК нь “БАЭ” ХХК-тай 2006 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж, “БАЭ” ХХК-ийн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт байрлах Алтан толгойн төслийн талбайд Катерингийн үйлчилгээг үргэлжлүүлэн ажилласан. Нэхмжлэгч нь хариуцагчийн ажиллуулж буй уурхайн үйл ажиллагаанд катерингийн үйлчилгээг үзүүлж, кемпийн байнгын хэвийн үйл ажиллагааг нь хангахад голлох үүргийг гүйцэтгэдэг нэн чухал үйлчилгээ үзүүлдэг. Гэрээний 2.2-т зааснаар гэрээний хугацаа 24 сар байх бөгөөд гэрээний хугацаа дуусахад 12 сараар сунгагдах нөхцөлтэйгээр харилцан тохиролцон байгуулсан. Үүний дагуу хариуцагч нь 2017-2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл нийт долоон удаа гэрээний хугацааг 1-3 сарын хугацаатай сунгалт хийж байсан. Бид гэрээний дагуу тус үүргээ ямар нэгэн зөрчилгүй, заагдсан хугацаанд хэвийн үзүүлж ирсэн боловч тус компанийн зүгээс төлөх ёстой үйлчилгээний төлбөрийг байнга хугацаа хоцруулж манай компаний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан. Манай компани нь “БАЭ” ХХК-д 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийт 11 214 086 054.58 төгрөгийн үнийн дүн бүхий үйлчилгээг үзүүлсэн.

Гэрээнд заасны дагуу талууд хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувиар тооцож хоног тутамд алданги төлөхөөр тохиролцсон. Манай компанийн зүгээс “БАЭ” ХХК-ийн төлбөрөө хугацаа хожимдуулах тохиолдол бүрт гэрээний заалтыг удирдлага болгон алданги тооцож санхүүгийн нэхэмжлэх хүргүүлж байсан.

“БАЭ” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 687 068 181.09 төгрөгний төлбөрийн үлдэгдэлтэй байсан ба энэ төлбөр нь байнга хугацаа хоцроож төлснөөс үүдэн хуримтлагдсан мөнгөн дүн юм. 2018 оны 01 дүгээр сард үзүүлсэн үйлчилгээний төлбөр 348 383 989.80 төгрөгийн нэхэмжлэл хүргүүлсэн. Хариуцагч үндсэн үйлчилгээний төлбөрөөс 199 282 072.88 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байна. Алданги 421 251 453.61 төгрөгийг гэрээний дагуу хугацаа хожимдуулсан тухай бүрээр нь бодсон бөгөөд хариуцагч хамгийн сүүлд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 150 000 000 төгрөг өгсөн тул төлөгдөөгүй үлдсэн 199 282 072.88 төгрөгөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх алдангийг 3 387 795.24 төгрөг гэж тооцоод нийт алдангийг 421 251 453.61 төгрөг гэж тооцоолсон. Иймд “БАЭ” ХХК-аас үзүүлсэн үйлчилгээний үндсэн төлбөрт 199 282 072.88 төгрөг, гэрээний үргэлжлэх хугацаанд тооцсон нийт алданги 421 251 453.61 төгрөг, бусад зардал буюу орчуулга, нотариатын төлсөн 2 187 700 төгрөг, нийт 622 721 226.49 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: “БАЭ” ХХК нь 2006 оноос эхлэн “М” ХХК-ийн төслийн талбайд катеринг болон кемпийн туслах үйлчилгээг үзүүлэх эрхийг авч шаардлагатай үед үргэлж тусалж, дэмжиж хамтран ажилласаар ирсэн. Бид “М” ХХК-ийн үйлчилгээг нийт 10 жил авсны дараа буюу 2017 онд үйлчилгээний чанарыг сайжруулах болон үнийг бууруулах боломжийг илэрхийлэн катерингийн үйлчилгээ үзүүлдэг нийт аж ахуйн нэгжүүдийн дунд тендер зарласан бөгөөд үр дүнд нь тус компанитай байгуулсан гэрээг цуцласан.

2018 оны 01 дүгээр сард үзүүлсэн үйлчилгээний хөлс болох 199 282 073 төгрөгийн үлдэгдлийг барагдуулахад татгалзах зүйлгүй бөгөөд бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Хоёр байгууллагын нягтлангууд тухай бүр нь тооцоо нийлээд баталгаажуулсан байдаг ба тус баримтанд ямар ч алданги тооцсон зүйлгүй. Алдангийн асуудал 3 жилийн хугацаанд үүссэн бол тухайн санхүүгийн тайланд тусгагдаад нэхэмжлэх ирүүлэх, тооцоо нийлж байхад шаардах ёстой байсан. Нэхэмжлэлээс орчуулга болон нотариатын зардалд төлсөн 2 187 700 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс бусад зардлыг хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “БАЭ” ХХК-аас 199 282 072.88 төгрөг, алданги 3 387 795.24 төгрөг, нийт 202 669 868.12 /хоёр зуун хоёр сая зургаан зуун жаран есөн мянга найман зуун жаран найман төгрөг арван хоёр мөнгө/-ийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 420 051 358.37 /дөрвөн зуун хорин сая тавин нэгэн мянга гурван зуун тавин найман төгрөг гучин долоон мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардалгыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 271 560 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 171 299 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.  “М” ХХК нь “БАЭ” ХХК-тай 2006 оноос эхлэн Завхан аймгийн Дөрвөлжин суманд орших Алтан толгой төслийн хүрээнд “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж хамтран ажилласан. “Баян айраг эксплорейшн” ХХК нь тодорхойгүй шалтгааны улмаас гэрээний хугацааг нэгээс гурван сарын хугацаатай нийт долоон удаа сунгасан. Энэ хугацаанд “БАЭ” ХХК нь өөрийн хүлээсэн үүргийг байнга зөрчиж үйлчилгээний хөлсийг удаан хугацаагаар үргэлж хугацаа хоцроон төлж ирсэн нь 2015 онд байгуулсан гэрээнд зааснаар алданги тооцох үндэслэл болж байгаа юм. Үндсэн ажлын төлбөрийг “БАЭ” ХХК нь удаа дараа хугацаа хоцроон төлж ирсэн боловч алдангийг огт төлөөгүй.

Хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээний дагуу 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн баримтаас үзэхэд “М” ХХК-ийн 2014 оны авлага 1 026 882 323.28 төгрөг болохыг баталгаажуулсан байна. Үүнээс хойш 2015 оны 12 дугаар сарын 31 -ны өдөр тооцоо нийлэхэд 939 628 845.60 төгрөгийн өртэйг, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж 1 299 797 431.43 төгрөгийн өртэйг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 1 696 781 572.65 төгрөгийн өртэйг, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1 719 813 208.81 төгрөгийн өртэйг, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1 780 803 753.25 төгрөгийн өртэйг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдпаар 1 604 339 135.13 төгрөгийн өртэйг, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 687 068 181.09 төгрөгийг өртэйг тус тус баталгаажуулж ирсэн. “М” ХХК нь нийт 8 удаагийн тооцоо нийлсэн актыг, 2016 оны 04 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хүртэлх хугацаанд “БАЭ” ХХК-д хүргүүлж байсан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6 дахь хэсэгт заасны дагуу  талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.6-д заасан алданги төлөх зохицуулалт нь хуульд нийцэж байхад шүүхээс нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй нь илт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан алдангийн зохицуулалт болоод талуудын хооронд байгуулсан гэрээ, нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн алданги тооцсон талаар дэлгэрэнгүй тооцоолол, “М” ХХК-ийн нягтлан бодогчийн тайлбар зэргийг огт анхаарч үзээгүй ноцтой алдаа гаргасан. Мөн хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтыг бүрдүүлэх зорилгоор хийлгэсэн орчуулга болоод нотариатын үйлчилгээний хөлсийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй юм. Энэхүү зардал нь хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгчид учирсан бодит хохирол юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “БАЭ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 199 282 072.88 төгрөг, алданги 421 251 453.61 төгрөг, орчуулга, нотариатын зардалд 2 187 700 төгрөг, нийт 622 721 226.49 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үйлчилгээ үзүүлэх гэрээг 2 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “М” ХХК нь хоолны үйлчилгээ, цэвэрлэгээ, жижүүрийн үйлчилгээ, ерөнхий засвар үйлчилгээ, үйлчилгээний тээврийн хэрэгсэл, аудит зэрэг гэрээгээр тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, хариуцагч “БАЭ” ХХК нь хөлс төлөхөөр тохиролцсон байх бөгөөд гэрээний хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл нийт 11 сарын хугацаагаар сунгасан үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 8-33,196-202/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгджээ.

Нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсэн, хариуцагч 199 282 072 төгрөгийн хөлс төлөх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын  тайлбараар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Хэргийн 46-53 дугаар талд авагдсан тооцоо нийлсэн актаар талууд 6 сар тутамд тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдлийг тухай бүр баталгаажуулсан байх ба хариуцагч уг төлбөрийг үе шаттайгаар  буюу сард 2-3 удаа төлж байжээ. /хх 133-158/

 

Зохигчид гэрээний 5.6-д “...компани гүйцэтгэгчид төлөх төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүн дээр 0.05 хувийн алданги төлнө. Алдангийг үйлчилгээний төлбөртэй хамт нэхэмжилнэ” гэж тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч “М” ХХК нь үйлчилгээний төлбөрийг алдангийн хамт нэхэмжилсэн нэхэмжлэхийг хариуцагч “БАЭ” ХХК-д тухай бүрт хүргүүлсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Хэргийн 38-42, 122-124 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч талын нягтлан бодогчийн үйлдсэн санхүүгийн баримтыг үндэслэн хариуцагчийн төлөх алдангийг тооцох боломжгүй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй. Харин нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үйлчилгээний төлбөр 199 282 072 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 06-ны дотор төлж барагдуулах тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн байх ба тэрээр уг мэдэгдэлд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээний 5.6, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хариуцагчаас 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны алдангид 3 387 795 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардахдаа холбогдох баримтыг нотариатаар гэрчлүүлэх болон орчуулга хийхэд гаргасан 2 187 700 төгрөгийн зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохирол гэж үзэхгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтлоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/2018/01880 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 258 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

            ШҮҮГЧИД                                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    А.МӨНХЗУЛ