Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/01880

 

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/01880

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: М ХХК / /-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Б ХХК / /-д холбогдох

622.721.226,88 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, О.Х, хариуцагчийн өмгөөлөгч А.Д, нарийн бичгийн даргад Э.Байгалмаа нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М ХХК нь Б ХХК-тай 2006 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулж, Б ХХК-ийн Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт байрлах Алтан толгойн төслийн талбайд Катерингийн үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж ажилласан.

Энэхүү гэрээний 2.2-д зааснаар гэрээний хугацаа 24 сар байх бөгөөд сунгалтыг 12 сараар хийхээр харилцан тохиролцсон болно. Манай компанийн зүгээс гэрээнд заасан үүргээ хугацаанд нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн бөгөөд гэрээнд заасан 24 сарын хугацаа дуусахад 12 сараар сунгагдах нөхцөлтэйгээр байгуулсан. Үүний дагуу Б ХХК нь 2017-2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл нийт долоон удаа гэрээний хугацааг 1-3 сар хугацаатайгаар сунгалт хийж байсан.

Манай компанийн үзүүлж буй катерингийн үйлчилгээ нь Б ХХК-ийн ажиллуулж буй уурхайн үйл ажиллагаанд катерингийн үйлчилгээг үзүүлж, кемпийн байнгын хэвийн үйл ажиллагааг нь хангахад голлох үүргийг гүйцэтгэдэг нэн чухал үйлчилгээ юм.

Бид энэхүү үүргээ ухамсарлан гэрээний дагуу ямар нэгэн зөрчил дутагдалгүй ажиллаж заагдсан хугацаанд үйлчилгээг хэвийн үзүүлж ирсэн боловч тус компаний зүгээс төлөх ёстой үйлчилгээний төлбөрийг байнга хугацаа хоцруулж манай компаний үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан.

Б ХХК-д манай компани нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийт 11.214.086.054,58 төгрөгийн үнийн дүн бүхий үйлчилгээг үзүүлсэн.

Энэхүү төлбөрийг тогтмол хугацаа хоцроож гэрээний үүргээ зөрчиж ирсэн бөгөөд гэрээнд заасан тухайн үйлчилгээ үзүүлсэн сарын төлбөрийг дараа сард багтаан төлөх үүргээ зөрчиж ирсэн болно.Тухайлбал, 2015 оны 1 сард байгуулсан гэрээний төлбөрийг 2015 оны 5 дугаар сараас төлж эхэлсэн байдаг.

Гэрээнд заасны дагуу талууд хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05%-иар тооцож хоног тутамд алданги төлөхөөр тохиролцсон. Манай компанийн зүгээс Б ХХК-ийн төлбөрөө хугацаа хожимдуулах тохиолдол бүрт гэрээний заалтыг удирдлага болгон алданги тооцож санхүүгийн нэхэмжлэх хүргүүлж ирсэн.

Б ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 687.068.181,09 төгрөгний төлбөрийн үлдэгдэлтэй байсан ба энэ төлбөр нь байнга хугацаа хоцроож төлснөөс үүдэн хуримтлагдсан мөнгөн дүн юм.

Сүүлд 2018 оны 01 дүгээр сард үзүүлсэн үйлчилгээний төлбөр 348.383.989,80 төгрөгийн нэхэмжлэл хүргүүлсэн. Хариуцагч үүнээс хойш цувруулан төлсөөр өнөөдрийн байдлаар үндсэн үйлчилгээний төлбөрөөс 199.282.072,88 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байна. Мөн гэрээнд заасны дагуу төлбөрийн үлдэгдэл болгонд алданги тооцоход 421.251.453,61 төгрөг болсон байна.

            Хариуцагч Б ХХК нь гэрээ байгуулж үйлчилгээ үзүүлж ирсэн өдрөөс хойш төлбөрүүдийг анхнаасаа хоцроож байсан.

Алданги 421.251.453,61 төгрөгийг тухай бүрээр нь яг гэрээний дагуу тооцож бодсон. Хариуцагч компани манайхыг үл хүндэтгэсэн бөгөөд тухай бүр нь төлж байсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Бид өөр төсөлтэй байсан болохоор аргацааж байсан, хүний мөнгийг төлөхгүйгээр хэрэглэх эрх байхгүй, тиймээс алданги нэхэмжилж байгаа юм.

Алдангийг хугацаа хожимдуулсан тухай бүрээр нь бодсон бөгөөд хариуцагч хамгийн сүүлд 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 150.000.000 төгрөгийг өгсөн тул төлөгдөөгүй үлдсэн 199.282.072,88 төгрөгнөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх алдангийг 3.387.795,24 төгрөг гэж тооцоод нийт алдангийг 421.251.453,61 төгрөг гэж тооцоолсон юм.

Иймд Б ХХК-иас үзүүлсэн үйлчилгээний үндсэн төлбөрт 199.282.072,88 төгрөг, гэрээний үргэлжлэх хугацаанд тооцсон нийт алданги 421.251.453,61 төгрөг, бусад зардал буюу орчуулга, нотариатын төлсөн 2.187.700 төгрөг, нийт 622.721.226,49 төгрөгийг гаргуулан өгнө үү.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Манай Б ХХК нь 2006 оноос эхлэн М ХХК-ийн төслийн талбайд катеринг болон кемпийн туслах үйлчилгээг үзүүлэх эрхийг авч шаардлагатай үед үргэлж тусалж, дэмжиж хамтран ажилласаар ирсэн билээ.

Гэрээний хугацаанд төлбөрийн асуудлаар аливаа маргаан үүсэж байгаагүй, харилцан ойлголцол, хүндлэлийн зарчмаар хандаж хамтран ажилласаар ирсэн. Бид М ХХК-ийн үйлчилгээг нийт 10 жил авсаны дараа буюу 2017 онд үйлчилгээний чанарыг сайжруулах болон үнийг бууруулах боломжийг илэрхийлэн катерингийн үйлчилгээ үзүүлдэг нийт аж ахуйн нэгжүүдийн дунд тендер зарласан бөгөөд үр дүнд нь тус компанитай байгуулсан гэрээгээ цуцласан юм.

Өнөөдрийн байдлаар 2018 оны 01 дүгээр сард үзүүлсэн үйлчилгээний хөлс болох 199.282.073 төгрөгийн үлдэгдэлийг барагдуулахад татгалзах зүйлгүй бөгөөд харин бусад төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, 2 байгууллагын нягтлангууд тухай бүр нь тооцоо нийлээд баталгаажуулаад явсан байдаг. Энэ баримтан дээр ямар ч алданги тооцсон зүйл байхгүй. Алдангийн асуудал 3 жилийн хугацаанд үүссэн бол тухайн үедээ нэхэмжлэхгүй яасан юм, жил жилийн санхүүгийн тайланд тусгагдаад нэхэмжлэх ирүүлэх ёстой байтал ямар ч тийм зүйл ирүүлж байгаагүй, тооцоо нийлж байхад ч энэ тухай яригдаж байгаагүй, орчуулгын зардал, нотариатын зардалд 2.187.700 төгрөг нэхэмжилж байгааг ч хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ эдлэж өөрөө сайн дураараа төлбөр төлсөн, нотариатын үйлчилгээний хөлс зардал гээд байгаа нь яг энэ нэхэмжлэл гаргахад үүссэн зардал мөн эсэх нь ч тодорхойгүй байна. Иймээс бусад зардлыг хүлээн зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 199.282.072,88 төгрөг, алданги 421.251.453,61 төгрөг, орчуулга, нотариатад төлсөн 2.187.700 төгрөг, нийт 622.721.226,49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу алданги 421.251.453,61 төгрөг, орчуулга, нотариатад төлсөн 2.187.700 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажиллагч М ХХК нь хоолны үйлчилгээ /хоолны цэс, үдэшлэг баяр ёслолын хоол, зочдын хоол, хоол хүргэх, ажлын талбайд цайны өрөө байгуулах/, цэвэрлэгээ, жижүүрийн үйлчилгээ /цэвэрлэгээний үйлчилгээ, угаалгын үйлчилгээ, кэмпийн газрын арчилгаа, хог, хортон шавьжны устгал/, ерөнхий засвар үйлчилгээ /цахилгааны, сантехникийн, мужааны, агааржуулалтын гм/ үйлчилгээний тээврийн хэрэгсэл, аудит зэрэг гэрээгээр тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч Б ХХК нь гэрээгээр тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ. / хх-ийн 8-19,190-214-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан дээрх хөлсөөр ажиллах гэрээг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2., 360 дугаар зүйлийн 360.1., 360.2.-т тус тус зааснаар хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болох бөгөөд ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөх, шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно гэжээ.

Нэхэмжлэгч М ХХК- нь хариуцагч Б ХХК -тай Үйлчилгээ үзүүлэх гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2 жилийн хугацаатай байгуулж 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар, 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар, 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар тус тус сунган энэ хугацаанд гэрээнд заасан ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсэн байна./хх-ийн 8-33,190-214-р хуудас/

Талуудын хооронд байгуулсан Үйлчилгээ үзүүлэх гэрээний 5.6-д Төлбөрийн нэхэмжлэх болон дагалдах баримт бичгийг хүргүүлсэн тохиолдолд Б ХХК нь үйлчилгээний төлбөрийг сарын эцсээс хойш хуанлийн 30 хоногийн дотор төлнө. Хэрэв Б ХХК нь М ХХК-д төлөх төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүн дээр 0,05%-ийн алданги тооцно. Алдангийг төлбөр нэхэмжлэх хугацаа бүрийн сүүлд тооцох ба үйлчилгээний төлбөртэй хамт нэхэмжилнэ гэжээ. /хх-ийн 15-р хуудас/

Уг гэрээгээр М ХХК нь гэрээгээр тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, Б ХХК нь гэрээгээр тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Нэхэмжлэгч Мон руд ХХК нь үйлчилгээний төлбөрийг гэрээний 5.6.-д заасан хугацаанд нэхэмжлэхдээ алдангийг тухай бүр нь тооцож нэхэмжилж байгаагүй, хэрэгт авагдсан нэхэмжлэхүүдийг Б ХХК хүлээн авсан тухай гарын үсэг, тэмдэглэгээ байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна./хх-ийн 73-112-р хуудас/

Харин 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хугацаа хэтэрсэн хоногт алданги тооцсон тухай мэдэгдлийг хүргүүлсэн байх тул 2018 оны 3 дугаар сарын 01-нээс 4 дүгээр сарын 23-ны хоорондох хугацааны алданги 3.387.795,24 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх алдангид нэхэмжилсэн 417.863.658,37 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй. /хх-ийн 34,35,46-53- р хуудас/

Мөн нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ нэхэмжлэлд хавсаргасан баримтуудыг Монгол хэл дээр орчуулах, нотариатаар баталгаажуулахдаа гаргаж буй төлбөр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангахдаа өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөөсөө /мөнгөнөөсөө/ гаргаж буй зардал тул гэрээний талууд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн орчуулгын зардал болон нотариатын үйлчилгээнд төлсөн 2.187.700 төгрөгийг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлгүй. /хх-ийн 43-45-р хуудас/

Нэхэмжлэгч М ХХК /ажиллагч/-нь гэрээнд заасан хугацаа болох 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд гэрээнд заасан ажил үйлчилгээг гүйцэтгэсэн, хариуцагч /ажиллуулагч/ Б ХХК -нь хөлс төлөх үүрэгтэй болох нь Үйлчилгээ үзүүлэх гэрээ, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, тооцоо нийлсэн акт болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байх тул Б ХХК-иас 199.282.072,88 төгрөгийг алданги 3.387.795,24 төгрөгийн хамт нийт 202.669.868,12 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 420.051.358,37 төгрөгийн нэхэмжлэлийн шаардалгыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б ХХК-иас 199.282.072,88 төгрөгийг алданги 3.387.795,24 төгрөгийн хамт нийт 202.669.868,12 /хоёр зуун хоёр сая зургаан зуун жаран есөн мянга найман зуун жаран найман төгрөг арван хоёр мөнгө/-ийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 420.051.358,37 /дөрвөн зуун хорин сая тавин нэгэн мянга гурван зуун тавин найман төгрөг гучин долоон мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардалгыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.271.560 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.171.299 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                                         

                                   

 

ДАРГАЛАГЧ                                 Ч.ИЧИНХОРЛОО