Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 122

 

Д.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01001/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1112 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Н-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Р-т холбогдох

          “Г.Г-ий эмчилгээний зардал 2.750.000 төгрөг, онгоцны тийзийн зардал 2.306.700 төгрөг, нийт 5.056.700 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Д.Н-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 11 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд хариуцагч Б.Р-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Н-гаас:

Миний хүү Г.Г- нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр авто осолд орж хүнд гэмтэл авсан. Уг гэмтлийн улмаас Монгол Улсад эмчлэгдэж байгаад Бүгд Найрамдах Солонгос улс руу нарийн шинжилгээ, эмчилгээнд 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр явсан. Солонгос улс руу очиж гэмтэлтэй холбоотой бүх шинжилгээг өгч үзүүлсэн тул гарсан нийт зардал 5.056.700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Н- шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Хариуцагч Б.Р-аас хүү Г.Г-ий эмчилгээний зардалд 2.750.000 төгрөг, онгоцны тийзийн зардалд 2.306.700 нийт 5 056 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь гаргаж, одоо нэхэмжлэлийн шаардлагаа 502.942 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Учир нь Бүгд Найрамдах Солонгос улсад эмнэлэгт хэвтсэний төлбөр 228.610 вон буюу Монгол төгрөгөөр 502.942 төгрөг болсон. Нэхэмжлэл гаргах үед энэ талын баримт нь Солонгос улсаас ирээгүй байсан учир нэхэмжлэлдээ оруулаагүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага 502.942 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 5.559.642 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Н-гаас:

Миний хүү Г.Г- осолд орох үедээ 5 нас 4 сартай байсан. Хүү маань осолд орсноос хойш нэгдсэн эмнэлэгт 1 сар гаруй хугацаанд хэвтэн эмчлүүлсэн. Хамгийн сүүлд 14 хоног эмнэлэгт хэвтээд гарсан. Тэгээд Улаанбаатар хот руу хүүгээ эмнэлэгт үзүүлэхээр авч явсан. Тухайн үед би санхүүгийн боломжгүйн улмаас хүүгээ үзүүлж чадаагүй. Б.Р-аас хүүгийнхээ эмчилгээний зардалтай холбоотой төлбөр нэхсэн. Гэтэл Б.Р- мөнгөний боломжгүй байна гэсэн шалтгаанаар мөнгө өгөөгүй. Үүний улмаас хүүгийн маань эмчилгээ хойшилсон. Осол болсноос хойш нэлээдгүй хугацааны дараа Б.Р-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж шүүх хурлаар орсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр Б.Р- миний хүүгийн эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг өгсөн. Хариуцагч Б.Р- эмчилгээний төлбөрийг цаг хугацаандаа төлөөгүйн улмаас миний хүү эмчилгээ хийлгэх хугацаа маш их алдсан. Миний хүү Г.Г- Бүгд Найрамдах Солонгос улсад 2 хоног эмнэлэгт хэвтэх хугацаандаа бүх төрлийн шинжилгээ өгч, эмчийн дүгнэлт, шинжилгээний хариуг гаргуулсан. Солонгос эмч нар миний хүүгийн элэгний бяцралыг сайн эмчилсэн бөгөөд тархины няцрал сайн эдгэрсэн байна. Мөн цус хуралт багассан байна гэж хэлсэн. Одоо таны хүүгийн тархины бяцрал нь нүд, сонсгол хоёртоо нөлөөлж магадгүй байна. Тиймээс шаардлагатай тохиолдолд дахин ирж үзүүлээрэй гэж хэлсэн. Би нэхэмжлэлийн шаардлагадаа зөвхөн Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан онгоцны тийз, хүүгээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн эмчилгээний төлбөр зэргийг нэхэмжилсэн. Одоо хүү Г.Г- маань өнгө ялгахгүй байгаа гэжээ.

Хариуцагч Б.Р-аас:

Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, осол болсон өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Д.Н-гийн хүүгийн эмчилгээний зардал төлбөрийг төлж барагдуулсан. Шүүхээр нэхэмжилсэн эмчилгээний зардлыг төлж барагдуулснаас хойш Д.Н- надад холбогдуулан дахин нэхэмжлэл гаргасан байна. Д.Н- нь өөрөө Солонгос улс руу явдаг байнгын визтэй хүн. Нэхэмжлэгч Д.Н-гийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг хуурамч гэж би үзэж байна. Д.Н-гийн хувьд тухайн осол болох өдөр 0-10 хүртэлх насны хүүхдээ харгалзаж явах үүрэгтэй байсан. Тэр хариуцлагыг Д.Н- өөрөө хүлээх ёстой. Би Д.Н-гийн нэхэмжилж байгаа онгоцны тийзийн мөнгийг төлөхгүй, нэхэмжлэгч Д.Н- нь хүүгээ эмчлүүлэх нэрийдлээр төлбөртэй эмнэлэгт хэвтэж, бүтэн 2 хүний цагаан хэрэглэлийн ком, халуун сав, халуун тогоо зэргийг авч өгсөн. Д.Н-д хамгийн эхний шүүх хурал хүртэл 1.696.619 төгрөг, дараа нь Д.Н-д 680.000 төгрөг төлсөн. 2 дахь шүүх хурлын дараа 1.560.000 төгрөг, нийт 4.210.000 төгрөгийн төлсөн. Мөн нэхэмжлэгч Д.Н-д ямар нэг нотлох баримтгүйгээр 4.760.000 төгрөгийг төлсөн. Гэтэл хүүгийн эмчилгээний зардалд нотлох баримтаар харахад ердөө 640.000 төгрөг зарцуулсан байдаг. Д.Н- хүүгээ Монгол Улсад эмчлүүлсэн талаарх баримт гаргаж өгөөгүй. Д.Н-гийн хүүгийнхээ эмчилгээний зардалд нэхэмжилсэн мөнгийг төлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр эмчилгээний зардлыг намайг төл гэсэн шийдвэр гараагүй, харин шаардлагатай тохиолдолд хүүгийн эмчилгээний төлбөрийг төл гэсэн шийдвэр гарсан. Би шүүхийн шийдвэрийн дагуу 1.500.000 төгрөгийг төлсөн. Д.Н- надаас түрээсийн төлбөрт 450.000 төгрөгийг 4 сараар тооцон хүүгийнхээ эмчилгээний зардалтай нийт 4.000.000 гаруй төгрөг нэхэмжилсэн. Гэтэл Д.Н-гийн түрээсийн сарын төлбөр 170.000 төгрөг байсан. Иймд би Д.Н-д ямар ч төлөх ёсгүй 500.000 төгрөгийг төлсөн байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1112 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Р-аас 5.559.642 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Н- давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч Б.Р-т холбогдуулан Г.Г-ий эмчилгээний зардалд 2.750.000 төгрөг, 2 хүний ирж, буцах онгоцны тийзийн зардал 2.306.700 төгрөг нийт 5.056.700 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж эмнэлэгт хэвтсэний төлбөр 502.942 төгрөг, нийт 5.559.642 төгрөгийг нэхэмжилсэн. Миний хүү Г.Г- хариуцагч Б.Р-ын гэм буруутай үйлдлээс болж авто машины ослоор тархины чамархайн няцрал, элэгний бяцрал, хөхрөлт зэрэг маш хүнд гэмтлүүдийг авсан учир би 2018 оны 08 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Бүгд найрамдах Солонгос улс руу авч явж шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэсэн. Хүү Г.Г-ий биедээ авсан хүнд гэмтлүүдийг шинжээчийн дүгнэлтээр тодорхой гарсан байхад хэн нэгэн эмнэлгийн ажилтнаар хаана очиж шинжилгээ, эмчилгээ хийлгэх талаар бичүүлж авах шаардлагагүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Д.Н- хариуцагч Б.Р-т холбогдуулж хүү Г.Г-ий эмчилгээний зардалд 2.750.000 төгрөг, БНСУ-д ирж, буцах 2 хүний онгоцны тийзийн үнэ 2.306.700 төгрөг, эмнэлэгт хэвтсэний төлбөр 502.942 төгрөг нийт 5.559.642 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Б.Р- нэхэмжлэгчийг БНСУ-д явсан гэх нотлох баримтууд нь эргэлзээтэй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1112 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Н-гийн гаргаж өгсөн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

            Давж заалдах шатны шүүх болсон үйл явдал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хариуцагч Б.Р- 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  5 настай Г.Г-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлсэн байна. 

            Ослын улмаас хохирогч Г.Г-ий эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл, тархины 2 дугаар зэргийн няцрал, зүүн чамархайн яс хугарал, элэгний няцрал, нүүрний хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын 3 хурууны зулгаралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан байх бөгөөд энэ талаар хариуцагч Б.Р- маргаагүй болно.

            Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ...ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй “гэж зааснаар хариуцагч Б.Р-  Г.Г-ий эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Хавтаст хэргийн 48-67 дугаар талд авагдсан баримтууд нь хохирогч Г.Г-ийг БНСУ-ын МЁНГЖИ эмнэлэгт үзүүлж, оношилгоо хийлгэсэн тухай баримт байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн зөвхөн 13, 24 дүгээр талд авагдсан орчуулгагүй баримтыг үнэлж, эмчилгээний төлбөр төлсөн эсэх нь нотлогдохгүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т зааснаар “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг  албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна” гэж заасныг нэхэмжлэгч хэдийгээр зөрчсөн байх боловч шүүх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тухайн нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангуулж, бүрдүүлэх боломжтой байсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлаа нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх, шүүхээр нотлох баримт бүдүүлүүлэх эрхтэй. Ийнхүү шүүхэд гаргаж өгсөн баримт нь гадаад хэл дээр байгаа тохиолдолд орчуулуулах орчуулга нь тус хуулийн 7 дугаар зүйлд нийцсэн байвал зохино.

Дээрх шаардлагыг хангуулах, хэргийн оролцогчдын шүүхэд мэтгэлцэх эрхийг шүүх хангасан байх учиртай.

Ийм ажиллагаа хийлгүйгээр зохигчдоос ирүүлсэн эмнэлгийн баримт бичгүүдийг “орчуулгагүй” гэж үзэн тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь шүүхийн үйл ажиллагааны алдаа болох юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1112 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгч Д.Н-гийн давж заалдсан гомдлыг хангасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104.000 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ  

                                                                ШҮҮГЧИД                                  С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                   Л.АМАРСАНАА