Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 208

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2018/01001/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч Д.Оюундарь, шүүгч Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... тоотод оршин суух, Д.Н- нэхэмжлэлтэй

                                                                                        

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...тоотод оршин суух, Д.Н--т холбогдох, 

 

Г.Г-ий эмчилгээний зардал 2750 000 төгрөг, онгоцны тийзний зардал 2 306 700 төгрөг нийт 5 056 700 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ө, хариуцагч Д.Н-, иргэдийн төлөөлөгч Т.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Н-шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний хүү Г.Г- нь 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Д.Н-ын жолоодож явсан 22-48 Дах дугаарын Соната машинд мөргүүлж биедээ гавал тархины битүү гэмтэл, тархи няцрал, зүүн чамархайн ясны хугарал, элэгний няцрал, нүүрний болон хамрын хянга ясан няцрал, гавлын хөндийн цус хуралт, тархины эдийн цөмрөл няцрал, дарагдал гэх мэт гэмтлүүдийг авсан. Энэ гэмтлийн улмаас Монгол Улсад эмчлэгдэж байгаад Солонгос улс руу нарийн шинжилгээ эмчилгээнд 2018 оны 07 дугаар сарын 10-нд явсан. Солонгос улс руу очиж гэмтэлтэй холбоотой бүх шинжилгээг өгч үзүүлсэн зардалд 2 750 000 төгрөг (1 250 000 вон) зарцуулагдсан. Хүү, бид 2-ын онгоцны тийзний зардалд 2 306 700 төгрөг зарцуулагдсан. Иймд Д.Н-аас 5 056 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Н-шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч миний бие нь Р-аас хүү Г.Г-ий эмчилгээний зардалд 2 750 000 төгрөг, онгоцны тийзний зардалд 2 306 700 нийт 5 056 700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь гаргаж байсан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа 502 942 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Учир нь миний бие хүү Г.Г-ийг Солонгос улсад эмнэлэгт хэвтүүлж тархи толгойн зураг авахуулж шинжилгээ хийлгүүлсэн. Бага насны хүүхдийг наркозонд оруулж тархины зураг авдаг журамтай юм билээ. Тиймээс эмнэлэгт хэвтэсний төлбөр 228610 вон буюу Монгол төгрөгөөр 502942 төгрөг болсон. Нэхэмжлэл гаргах үед энэ талын баримт нь Солонгос улсаас ирээгүй байсан учир нэхэмжлэлдээ оруулаагүй байсан юм. Одоо баримт нь ирсэн учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага 502942 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 5 559 642 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Н- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 40 гаруй жил тээврийн хэрэгсэл жолоодож байна. Би зам тээврийн осол гаргаж, хэргийг үйлдсэндээ гэмшиж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, осол болсон өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Д.Н-...гийн хүүгийн эмчилгээний зардал төлбөрийг төлж барагдуулсан. Шүүхээр нэхэмжилсэн эмчилгээний зардлыг төлж барагдуулснаас хойш Д.Н-надад холбогдуулан дахин нэхэмжлэл гаргасан байна. Д.Н-нь өөрөө Солонгос улс руу явдаг байнгын визтэй хүн. Би Д.Н-...г хүүгээ Солонгос улс руу авч явсан гэж бодохгүй байна. Хэрэгт Д.Н-...гийн гаргаж өгсөн гадаад паспортын хил гаалийн тамга, тэмдгийг шүүхээс сайтар шалгах хэрэгтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Д.Н-...гийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг хуурамч гэж би үзэж байна. Д.Н-...гийн хувьд тухайн осол болох өдөр 0-10 хүртэлх насны хүүхдээ харгалзаж явах үүрэгтэй байсан. Тэр хариуцлагыг Д.Н-өөрөө хүлээх ёстой. Би Д.Н-...гийн нэхэмжилж байгаа онгоцны тийзний мөнгийг төлөхгүй. Д.Н-нь хүүгээ эмчлүүлэх нэрийдлээр төлбөртэй эмнэлэгт хэвтэж, бүтэн 2 хүний цагаан хэрэглэлийн ком, халуун сав, халуун тогоо зэргийг авч өгсөн. Мөн Д.Н-...гийн түрээсийн төлбөрт 500,000 төгрөг төлсөн. Д.Н-...д хамгийн эхний шүүх хурал хүртэл 1,696,619 төгрөг өгсөн. Дараа нь Д.Н-...д 680,000 төгрөг төлсөн. 2 дахь шүүх хурлын дараа 1,560,000 төгрөг, нийт 4,210,000 төгрөг Д.Н-...д төлсөн байсан. Д.Н-...д ямар нэг нотлох баримтгүй 100,000 төгрөг, 2017.10.05-ны өдөр П гэдэг хүнтэй цайны газар уулзаж бэлнээр 50000 төгрөг, 2017.10.08-ны өдөр цайны газар П гэдэг хүнтэй уулзаж бэлнээр 100,000 төгрөг, 10 ширхэг хуушууртай, 2017.10.10-ны өдөр нэг бүтэн хонины махыг турк сургуулийн шар байранд Д.Н-...д аваачиж өгсөн. Анхан шатны шүүхийн шүүх хурлын өмнө 200,000 төгрөгийг өөрийн өмгөөлөгч Л.О-аар дамжуулан Д.Н-...д бэлнээр өгсөн. Д.Н-...д баримтгүй нийт 550,000 төгрөг өгсөн. Д.Н-...д баримтаар болон баримтгүй нийт 4,760,000 төгрөг төлсөн. Гэтэл Д.Н-...гийн хүүгийн эмчилгээний зардалд нотлох баримтаар харахад ердөө 640,000 төгрөг зарцуулсан байдаг. Д.Н-хүүгээ Монголд эмчилгээ хийлгэсэн гэж тайлбар гаргадаг. Гэтэл Д.Н-хүүгээ Монгол улсад эмчлүүлсэн талаарх баримт гаргаж өгөөгүй. Харин Анхан шатны шүүхэд Д.Н-нь хүүгийнхээ эмчилгээний зардалд кассын орлого гэсэн нэг ширхэг баримт гаргаж өгсөн. Би Д.Н-...гийн хүүгийнхээ эмчилгээний зардалд нэхэмжилсэн мөнгийг төлсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр эмчилгээний зардлыг намайг төл гэсэн шийдвэр гараагүй. Харин шаардлагатай тохиолдолд хүүгийн эмчилгэний төлбөрийг төл гэсэн шийдвэр гарсан. Би шүүхийн шийдвэрийн дагуу 1,500,000 төгрөгийг төлсөн. Д.Н-надаас түрээсийн төлбөрт 450,000 төгрөгийг 4 сараар тооцон хүүгийнхээ эмчилгээний зардалтай нийт 4 сая гаруй төгрөг нэхэмжилсэн. Гэтэл Д.Н-...гийн түрээсийн сарын төлбөр 170,000 төгрөг байсан. Тэгтэл би Д.Н-...д ямар ч төлөх ёсгүй 500,000 төгрөгийг төлсөн байсан гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Н-нь хариуцагч Д.Н-т холбогдуулан Г.Г-ий эмчилгээний зардалд 2 750 000 төгрөг,  2 хүний ирж, буцах онгоцны тийзний зардал 2 306 700 төгрөг нийт 5 056 700 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлж эмнэлэгт хэвтэсний төлбөр 228610 вон буюу 507514 төгрөг, нийт 5 559 642 төгрөг нэхэмжилж байгаа болно.

 

Хариуцагч Д.Н- нь Солонгос явсан гэх нотлох баримтууд нь эргэлзээтэй, нотлох баримтгүйгээр ахуйн зүйл, мөнгө болон өмнө шүүх хуралдаанаар эмчилгээний зардал 1 560 000 төгрөг нийт 4 760 000 төгрөгийг өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Д.Н-2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Г.Г-ийг  төлөөлөн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор ...шүүгдэгч Д.Н- нь 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах МБМ зочид буудлын урд талын шинэ Дарханаас хуучин Дархан чиглэлийн төв зам дээр Хьюндай Соната 6 маркийн 22-48 Дах улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан 5 настай Г.Г-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн лангууны 3 сарын түрээсийн төлбөр 1 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шинжилгээ хийлгэхэд шаардлагатай 1 744 400 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардал гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.Н-т оногдуулсан хорих ялыг тэнсэж шийдвэрлэжээ. / хх-ийн 8-10 дахь тал/

 

Ослын улмаас 5 настай Г.Г-ий эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл, тархи няцрал 2-р зэрэг, зүүн чамархайн яс хугарал, элэгний няцрал, нүүрний хэсгийн зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын 3 хурууны зулгаралт бүхий учрах үедээ амь насанд халтай хүнд зэргийн гэмтэл учирсан байх бөгөөд дээрхи гэмтлийг учруулсан гэмт үйлдэл, гэм буруугийн талаар хариуцагч Д.Н- маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнө байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ...ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ....зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Д.Н- нь Г.Г-ий эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Н-нь Монгол банкны 2018 оны 8 дугаар сарын 23, 31-ний өдрийн вон, төгрөгийн харьцуулсан ханшийн лавлагааны дагуу Г.Г-ийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Солонгос улсад явж Солонгос улсын MYONGJI эмнэлэгт үзүүлж, эмчлүүлсний эмчилгээний зардал 1 250 000 вон буюу 2 750 000 төгрөг, эмнэлэгт 2 хоног хэвтүүлж шинжилгээ хийлгэсний төлбөр 228610 вон буюу 507514 төгрөг,  Г.Г-ий онгоцны тийз 934800 төгрөг, өөрийн онгоцны тийзний үнэ 1 185 100 төгрөг нийт 5 377 414 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхойлж ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч Д.Н-...гийн 5 377 414 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Элит орчуулгын товчоогоор орчуулж ирүүлсэн MYONGJI эмнэлэгийн эмчилгээний төлбөр тооцооны баримтад 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хэвтэж эмчлүүлсний урьдчилгаа төлбөрт 228614 вон, эмчилгээний төлбөрт 1 250 000 вон төлсөн баримт, Корейн айр компаний Улаанбаатар төлөөлөгчийн газраар үйлчлүүлсэн баримтад онгоцны тийзэнд Г.Г-ээс 934800 төгрөг төлсөн баримт, Д.Н-...гийн Аэр маркет ХХК-д онгоцны тийз захиалсан баримтаар онгоцны тийзэнд 1 185 100 төгрөг төлсөн тодорхойлолт зэргээр тогтоогдож, эмчилгээний зардлыг төгрөгт хөрвуулж шаардсан нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргийг Монгол улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэх бөгөөд гадаадын мөнгөн тэмдэгт болох вон –оор эмнэлэгийн тусламж үйлчилгээг  төлсөн тохиолдолд  төгрөг- вонын хөрвүүлэх ханшийн талаарх мэдээлэл ирүүлнэ гэсэн хуулийн шаардлага хангасан байна.

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 257 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Д.Н-...гийн Д.Н-т холбогдуулан шинжилгээ, оношилгооны төлбөр 1 744 000 төгрөг, 3 сарын түрээсийн төлбөр 1 365 000  төгрөг нийт 3 109 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 564 000 төгрөг болгосныг хариуцагч зөвшөөрч, зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.Н- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Г-ий эмчилгээний зардалд 1 969 619 төгрөг, шүүгчийн захирамжаар цаашид гарах эмчилгээний зардалд 1 564 000 төгрөг нийт 3 533 619 төгрөгийг төлсөн байх бөгөөд энэхүү төлбөрийг эмчилгээний зардалд хэрхэн зарцуулсан болохоо нотлох баримтаар нотлоогүйгээс гадна Д.Н-нь 5 настай хүү Г.Г-ийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-д эцэг, эх, асран хамгаалагч бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага 5 377 414 төгрөгнөөс өөрийн онгоцны тийзэнд төлсөн 1 185 100 төгрөгийг өөрөө хариуцахаар, мөн нэхэмжлэлийн шаардлагаас дээрх Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн захирамжинд дурьдсан цаашид гарах эмчилгээний зардал 1 564 000 төгрөгийг хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлж, дуусгавар болсон байх тул хасч тооцож, үлдэх 2 628 314 төгрөгийн тал хувь 1 314 157 төгрөгийг хариуцагч Д.Н-аас гаргуулж нэхэмжлэгч Б.Н...д олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Н...д шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч өмгөөлөгчөөр дамжуулж шүүх хуралдаанд оролцох хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Р-аас 1 314 157  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-...д олгож, үлдэх 4 063 257 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 35976 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА

 

 

 

                  ШҮҮГЧИД                                                     Ч.БАТЧИМЭГ

 

 

                                                                                         Д.ОЮУНДАРЬ