Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2022/00842

 

 

 

 

 

 

 

 

    2022            03             15                                            184/ШШ2022/00842

 

 

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Г ХХК ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.Ад холбогдох  

 “Зээлийн гэрээний үүрэгт 81,093,070  төгрөг, бусад зардалд 105,700 төгрөг нийт 81,198,770 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Ж.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, нарийн бичгийн даргад Т.Түвшинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 1111111 тоотод оршин суух, 1115 регистрийн дугаартай Б.А нь 2014 оны 09-р сарын 05-ны өдөр “Г” ББСБ ХХК-д хандан 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийн зээл авах өргөдөл гарган ББСБ-д зээл олгох журмын дагуу холбогдох материалуудыг бүрдүүлэн өгсөн. “Г” ХХК болон Б.А нарын хооронд 2014 оны 09-р сарын 08-ны өдөр ЗГ-О102140043 тоот Зээлийн гэрээ байгуулан 20,000,000 /хорин сая/ төгрөгийг 12 /арван хоёр/ сарын хугацаатай, сарын 3,5% хувийн үндсэн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй, эргэлтийн хөрөнгө зориулалтаар зээл авсан. /Зээлийн гэрээг хавсаргав/ Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаа болгож Б.А нь 2014 оны 09-р сарын 08-ны өдрийн ЗБО102140043 дугаартай Барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн дараах эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

1. 1111111тоот хаягт байршилтай, 60,8 м.кв талбайтай Ү-1111111тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт ЗБ-О102140043 дугаартай Барьцааны гэрээг 2014 оны 09-р сарын 08-ны өдөр Улсын бүртгэгчийн 29/1-27 дугаар тамгаар баталгаажуулан Г ХХК-ийн барьцаанд бүртгэснийг баталгаажуулсан. Зээлийн гэрээний 2.3-т заасан “Зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүү тооцох ба гэрээний 'Хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж суутал үндсэн хүүг 1.2.1-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг 1.2.6-д заасан хувиар тус тус тооцож авна. Зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 222.5 болон 452.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх” үүрэг хүлээсэн... Б.Ань гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2014 оны 10 сарын 16-ны өдөр, 2014 оны 12 сарын 01-ний өдөр, 2015 оны 01 сарын 15-ны өдөр, 2015 оны 02 сарын 11-ний өдөр, 2015 оны 05 сарын 06-ны өдөр, 2015 оны 08 сарын 26-ны өдөр, 2016 оны 06 сарын 09-ний өдөр, 2017 оны 08 сарын 11-ний өдөр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 7,097,749 /долоон сая ерөн долоон мянга долоон зуун дөчин есөн/ төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 1,583,000 /нэг сая таван зуун наян гурван мянган/ төгрөг, зээлийн хүүд 4,253,696 /дөрвөн сая хоёр зуун тавин гурван мянга зургаан зуун ерөн зургаан/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,261,053 /нэг сая хоёр зуун жаран нэгэн мянга тавин гурван/ төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна... 2015 оны 09-р сарын 08-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч нь зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй тул 2018 оны 05 сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2018 оны 05 сарын 16-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/Ш32018/07191 тоот захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2018 оны 08 дугаар  сарын 20-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2018/02623 тоот шийдвэрээр хариуцагчийн эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож баримтжуулахыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасан. 2021 оны 11  дүгээр сарын 29- ний өдрийн 26ё 1-1/7178 албан тоотоор хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоосон тул шүүхэд энэхүү нэхэмжлэлийг дахин гаргаж байна. Үндсэн зээл 18,417,000 төгрөг, зээлийн хүү 53,333,997 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,342,073 төгрөг, нотариатын төлбөр 35,500 төгрөг, эрэн сурвалжилж төлсөн 70,200 төгрөг нийт 81,198,770 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 634,150 төгрөгийн хамт Батбаяр овогтой Азжаргалаас гаргуулж,зээлдэгч зээлийн өрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд Зээлийн барьцааны гэрээний 2.1 дэх заалтад заасны дагуу доорх барьцаа хөрөнгө болох 111111111 тоот хаягт байршилтай, 60,8 м.кв талбайтай Ү-1111111тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш зээлдэгч Б.Ань банк болон банк бус санхүүгийн байгууллагаас зээл хөөцөлдөж байна. Мөн барьцаа хөрөнгөө худалдан борлуулах гэж байгаа тул хугацаа өгч тусална уу хэмээн баримт материал болон холбогдох хүмүүстэй уулзуулж итгэл үнэмшил төрүүлэн зээл төлөх хугацааг хойшлуулсаар байсан... 2018 оны 08 сарын 20-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2018/02623 тоот шийдвэрээр Б.А эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасан. Ингээд 2021 оны 11 сарын 29-нд Баянгол дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс Б.А 11111111 тоотод оршин суудаг болохыг олж тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон.Уг хаягийн дагуу Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргасан... Зээлийн хугацаанд зээлдэгч нь нийтдээ 7.097.749 төгрөг төлсөн байдаг. График дээр төлсөн дараалал, он, цаг нь харагдана. Зээлийн гэрээн дээр анх зээлдэгч нь  зээлийн гэрээтэйгээ нэг бүрчлэн уншиж танилцаад, хуудас болгон дээр өөрөө гарын үсэг зурж баталгаажуулж зээлийн гэрээг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр зээл нь гарсан байдаг. Эрэн сурвалжлах ажиллагаа манайхаас шалтгаалаагүй зүйл байгаа... нарийн тооцооллоор үндсэн зээлээс 1.583.000 төгрөг төлсөн болохоор 18,417,000 төгрөг үлдсэн. 2014 оны 10 дугаар сарын 06 өдрөөс эхлэн 18,417,000 төгрөг дээр хүү бодож явсан. 700,000 төгрөгөөс үндсэн хүү нь багасаж явж байгаа. Зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу зээлтэй холбоотой гарсан бүх зардлыг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжилсэн. Хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна гэж хэлж байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйл 453.1, 222.5  Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн  20.3, 21.2-т зааснаар... шаардаж байгаа. 2014 оны 09 дүгээр сарын 09 өдрөөс 2015 оны 10 сарын 16 өдөр хүртэл 20 сая төгрөг 3,5 хувийн хүүтэй 37 хоног байгаа. 30 хонгийн хүү 37,000 төгрөг, жил 2014 оны 10 дугаар сарын 16 өдрөөс хойш  18,417,000 төгрөг дээрээс хүү бодож явж байгаа. 18,417,000 төгрөг дээр сарын 30 хонгийн хүү 644,595 төгрөг, 1 хонгийн хүү нь 21,486,5 төгрөг нийт 2014 оны 10 дугаар сарын 16 өдрөөс 37 хоног байгаа түүнд 2 сая бодсон. Түүнээс хойш 18,417,000 төгрөг нь 2014 оны 10 дугаар сарын 16 өдрөөс  2022 оны 01 дүгээр сарын 07 өдөр хүртэл 2640 хоногоор тооцож 53 сая төгрөг гаргасан. Зээлийн гэрээний хугацаа үндсэн зээлээс сар болгон 1,670,000 төгрөг төлөх ёстой байсан. Тэр мөнгөө сардаа төлөөгүй тохиолдолд 1,670,000 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүг бодож байсан. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 08 өдрөөс хойш сард бодогдсон үндсэн хүүний 20 хувь гэж тооцож 9 сая төгрөг гарсан гэв.

 

3.Хариуцагч Б.А итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  1-рт Зээлийн гэрээний хугацаа гэдэг бол тухайн хугацаа дууслаа тухайн нэг тал нь мөнгийг шаардах эрх үүсэхийг нөгөө тал нь хугацаа дууссан учир зээлээ төлөх үүрэг үүсэх хугацаа байна. Зээлийн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд тодорхой зааж өгсөн байгаа. Банк болон банк бус санхүүгийн байгууллагуудыг тусдаа хуультай гэж хэлдэг. Мөнгөн хадгаламжийн зээл төлбөр тооцоо нь тусгай хуулиар зохицуулагдаж байдаг. Тийм учир энэ хүү зогсох ёсгүй гэж байна. Зээлийн гэрээ нь 2014 оны 09 дүгээр сарын 08 өдөр байгуулагдаад 2015 оны 09 дүгээр сарын 08 өдөр хугацаа дуусчихсан байна. Энэ хугацаанд бол гэрээгээр нийт 24.595,935 төгрөгийг  2015 оны 09 дүгээр сарын 08 өдөр гэхэд төлж дуусгасан байх ёстой. Гэтэл Банк  болон банк бус санхүүгийн байгууллага нь өөрсдөө гэрээ хийхдээ тухайн харилцагч Б.А эрх ашгийг ноцтой зөрчсөн зээлийн гэрээ хийсэн байна. Хугацаа дууссан ч  хүү чинь явж байна шүү гэдэг байдлаар ойлгуулсан. Гэтэл өнөөдөр мөрдөгдөж байгаа Иргэний хуульд тухайн зээлийн гэрээний хүүг заавал бичгээр тохиролцсон байх шаардлага тавьж байгаа...2-рт. 2018 онд бид нар нэхэмжлэлээ гаргасан юм аа гэж хэлдэг. Нэхэмжлэгч талын шаардах эрх 2015 онд үүсэж байгаа юм. Шүүхэд шууд л хандах эрхтэй байна. Тэр хугацаанд ямар харилцаа үүсэж байсан юм. Тухайн үед нэхэмжлэгч талын захиралтай ярьж байсан за танайх одоо шүүхдээ өгөө энэ мөнгийг чинь төлж барагдуулж чадахгүй нь гэж хэлсэн.Манайх байдаг боломжоороо төлөөд 7 сая төгрөг төлсөн үлдэгдэл дээрээ тохиролцоё гэсэн гэтэл чадаагүй. Тэгээд шүүхэд өгсөн тухайн үед миний итгэмжлэгч 3 дахь хүүхдээ гаргаж байсан. Эмэгтэй хүн чинь  жирэмсэн болоод хүүхэд төрүүлээд  өсгөхөөр ямар ч ажил хийх боломжгүй болдог. Ингээд 2017 оноос хойш зээлээ төлөх боломжгүй байсан. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлээс хэдийг нь хүлээн зөвшөөрч байгаа вэ гэхээр хавтас хэргийн 17 дугаар хуудсан байгаа. Хөнгөлөлтэй хүү 24 сая гэсэн нь 3,5 хувийн хүү гэж  зээл авсан. Үүний дагуу бид төлөлтөө хийж байсан. Үүгээр бодохоор 24,595 395 төгрөг болж байгаа юм. Энэ нь 2014 оны 09 дүгээр сарын 8 өдөр 20 сая төгрөг зээлээд зээлийн хугацаа дуусахад бид нар 24,595,395 төгрөг төлсөн байх ёстой гэж байгаа. Газар капитал банк бус санхүүгийн байгууллага манай төлөлт хийж байсан баримт авчирсан байна. Үүнд манай талаас 7,097,750 төгрөг төлсөн байна. Төлөх төлөх ёстой нийт зээлээсээ 7,097,750 төгрөгийг хасахаар 17,497,646 төгрөг болж байгаа юм. Бид энэ үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа. Энэ бол бидний төлөх ёстой үнийн дүн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилнэ хүлээн зөвшөөрч байна. Бусад үнийн дүн хангагдах боломжгүй юм. Яагаад хангагдах боломжгүй вэ гэвэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т зээлийн гэрээ нь ямар байх талаар зааж өгсөн. Энэ дээр зээлийн гэрээ хийж болно хүүг бичгээр заавал тохиролцон гэж зааж өгсөн байгаа. Өнөөдөр банк бус байгууллагын барьж орж ирж байгаа зээлийн гэрээн дээр 82 сая төгрөг нэхэмжлээд байгаа. Гэвч 20 сая төгрөг зээлчихээд 82 сая төгрөг төлөх гэж байна...Г нь зээлийн гэрээгээр 12 сар гэж хугацаа тавсан дахин хугацаа сунгах гэрээ хийгээгүй байж зээл дууссанаас хойш үндсэн зээлэн дээр хүү бодоод байгаа нь үндэслэлгүй байна...Гарсан зардлын хувьд энэ байгууллагаас өөрсдөөс нь гарах ёстой л зардал, өөрсдөө сайн дураараа шүүхэд хандаж байгаа нь сайн дурын л үйл ажиллагаа шүүдээ шүүхээр энэ байгууллага хэрэг маргаан шийдүүлэх нь тухайн байгууллагын шийдэх асуудал. Тэрнээс биш Б.А шалтгаалж байгаа асуудал биш... гэв.

 

4.Нэхэмжлэгч талаас: итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралт, салбарын гэрчилгээ, хариуцагч Б.А зээлийн өргөдөл, анкет, зээлийн гэрээ, зээлийн хүүг төлөх хуваарь, зээлийн барьцааны гэрээ, барьцаалбар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, зээл төлөлтийн дансны хуулга, төлбөрийн даалгавар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2018/07191 дугаар захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2018/02623 дугаар шийдвэр, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тоот, Монголын Нотариатчдын танхимын мөнгөний тасалбар, и-баримтны хуулбар, тайлбар /хх 6-29, 51-52/ хариуцагч талаас: итгэмжлэл шүүхэд ирүүлжээ. /хх 33/

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Б.А холбогдуулан “Зээлийн гэрээний  үүрэгт үндсэн төлбөрт  18,417,000    төгрөг, хүүд 53,333,997 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,342,073 төгрөг нийт  81,093,070  төгрөг, бусад зардалд 105,700 төгрөг бүгд 81,198,770 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. 1-р хх-1-3/

Шүүх  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

  1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь  хариуцагч

Б.А зээлийг гэрээний үүрэгт 81,093,070 төгрөг, нотариатын үйлчилгээний  болон эрэн сурвалжлахад төлсөн 105,700 төгрөг, нийт 81,198,770 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

             2. Хариуцагч  талаас  эс зөвшөөрч  “Г” ББСБ нь зээлийн гэрээгээр 12 сар гэж хугацаа тавьсан дахин хугацаа сунгах гэрээ хийгээгүй, зээл дууссанаас хойш үндсэн зээлэн дээр хүү бодсон нь үндэслэлгүй. 2014 оны 09 дүгээр сарын 08 өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 08 өдөр хүртэл 1 жилийн хугацаан дахь хүү, үүнээс үүсэх нэмэгдүүлсэн хүү хасагдах боломжтой. Өөрийн төлсөн 7,097,750 төгрөгийг нийт зээлээсээ хасахаар 17,497,646 төгрөг болно, энэ дүнг хүлээн зөвшөөрч байгаа, гарсан зардлын хувьд шүүхээр хэрэг маргаан шийдүүлэх нь тухайн байгууллагын шийдэх асуудал, тэрнээс биш Б.А шалтгаалж байгаа асуудал биш   хэмээн маргажээ.         

 

 3.Хэрэгт авагдсан  болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд,талуудын тайлбараар: нэхэмжлэгч “Г” ББСБ ХХК болон  хариуцагч  Б.Анарын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ-О102140043 тоот “Зээлийн гэрээ” байгуулагдаж, зээлдэгчээс 20,000,000 /хорин сая/ төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5% хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгө зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаа болгож, 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ЗБ-О102140043 дугаартай “ Зээлийн барьцааны гэрээ” байгуулан өөрийн өмчлөлийн  11111 тоот хаягт байрлах  60,8 м.кв талбайтай Ү-1111111тоот бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж, зээлийг  эргэн төлөлтийн  хуваарийн дагуу төлөхөөр  харилцан тохиролцсон болох нь тогтоогдов./ хх 13-23/

  

          4.Зээлдүүлэгч “Г” ББСБ-аас 20,000,000 төгрөгийг зээлдэгч Б.А ХААН банкны 5023227099 тоот дансанд шилжүүлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн ба хариуцагчаас үндсэн зээлд 1,583,000  төгрөг, зээлийн хүүд 4,253,696   төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,261,053 төгрөгийг нийт 7,097,749 /долоон сая ерөн долоон мянга долоон зуун дөчин есөн/ төгрөг төлсөн байна.

          5.Талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ-О102140043 тоот “Зээлийн гэрээ” ЗБ-О102140043 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ “  байгуулагдаж, зээлдэгчээс 20,000,000 /хорин сая/ төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдэж авсан, гэрээний хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дууссан  бөгөөд дээрх гэрээнүүд  Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд  хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах зарчимд нийцүүлэн гэрээний үүрэгтэй холбоотойгоор нөхцөлийг нэрлэн зааж тохиролцсон гэрээний нөхцөлийг хариуцагч Б.А хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.  / хх 15-23/

          Нэхэмжлэгч “Г” ББСБ ХХК болон  хариуцагч  Б.Анарын хооронд  байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1,  453 дугаар зүйлийн 453.1,  156 дугаар зүйлийн 156.1,156.2  дах хэсэгт  заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх дүгнэв. 

         6. Хариуцагч талаас  зээлийн болон барьцааны гэрээний    талаар, гэрээнд  зурсан гарын үсгийн тухайд зээлийн гэрээний дагуу авсан  20,000,000 төгрөгийн талаар  маргаагүй.      

 Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д “үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол” гэж, 222.2-д “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй “ гэж, 222.5-д “ Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д “ Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно” гэж,  452 дугаар зүйлийн 452.2-д “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас  хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт ” зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж,  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг,зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар  20.3-д “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж  тус тус заасан.

 тус тус зааснаар хариуцагч Б.Ань үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг  төлөх атал  гэрээгээр  хүлээсэн төлбөр төлөх үүргээ  хугацаандаа төлөөгүй  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон,  Б.Азжаргалыг зээлийн гэрээний хугацаанд зээл төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэхэд буюу зөрчсөн явдалд  зээлдүүлэгч “ Г”  ББСБ-ийн буруутай үйлдэл нөлөөлөөгүй байна.

      

           Иймд нэхэмжлэгч  Г” ББСБ-аас  Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар хариуцагч талыг гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж, энэ хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг  хариуцагчаас   шаардах эрхтэй.

 

              7. Хэргийн 17-р талд  талуудын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр  байгуулагдсан ЗГ-О102140043 тоот “Зээлийн гэрээ” –ний хавсралт болох 20,000,000 төгрөгийг зээл, зээлийн хүү төлөх хуваарь авагдсан ба зээлийн хуваариар зээлдэгч Б.А2014.10.08-наас 2015.09.08 буюу 365 хоногт зээлийн хүүд  /3,5 хувь/  нийт 4,595,395 төгрөг төлөхөөс   2014 оны 10  дугаар сарын 16-ны өдрөөс  2017 оны 08 сарын 11-ний хооронд  нийт 7,097,749 /долоон сая ерөн долоон мянга долоон зуун дөчин есөн/ төгрөг төлснийг зээлдүүлэгч Г” ББСБ-аас   үндсэн зээлд 1,583,000  төгрөг, зээлийн хүүд 4,253,696 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,261,053 төгрөг суутган тооцсон гэж тайлбарладаг энэ талаар талууд маргаагүй хэдий ч хариуцагч талаас 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрээний хугацаа дууссан дахин хугацаа сунгах гэрээ хийгээгүй тул 2015 оны 10 сарын 08-наас  хойших хугацааны зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй .

 

            Зээлдүүлэгчээс зээлдэгчийг зээлийн төлөлт хийхэд хүлээж авахгүй хугацаа хэтрүүлэх нөхцөл байдал үүсээгүй, зээлдэгчийг зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэнд  түүний буруутай үйл ажиллагаа нөлөөлж үүргээ  зохих ёсоор хугацаандаа биелүүлэхгүй  байх нөхцөл болоогүй байна. / гэрээнд заасны дагуу төлбөрөө дансанд байршуулахад/              

            8. Энэ талаар талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр  байгуулагдсан ЗГ-О102140043 тоот “Зээлийн гэрээний 2.3-т  “Зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүү тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн  үлдэгдлээс зээл төлөгдөж дуустал үндсэн хүүг 1.2.1-д зааснаар, нэмэгдүүлсэн хүүг 1.2.6-д заасан хувиар тус тус тооцож авна” гэж,

            2.7-д “ зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаа дуусахад зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд гэрээний хүчинтэй байх хугацаа нь цаашид зээлийн үндсэн өр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хүчин төгөлдөр үргэлжилнэ. Зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй байх үндэслэл болохгүй” гэж харилцан тохиролцжээ. /нэхэмжлэгчээс зээлийн хүүг 1.2.1-р биш 1.2.2-д заасан 3,5 хувиар тооцсон / / хх 22/   

                          

          Тиймээс  хариуцагч Б.А зээлийн гэрээний үүрэгт хугацаа болох 2015 оны 09 дүгээр сарын 08-нд зээлдэж авсан 20,000,000 төгрөгийг зээлийн хуваарийн дагуу төлж дуусгах атал энэ үүргээ  бүрэн биелүүлээгүй тул тэрээр гэрээний хугацаан дахь төлөгдөөгүй хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Тодруулбал зээлийн гэрээний хугацаан дахь төлөгдөөгүй хүү гэдэгт гэрээний үндсэн үүрэгт хамаарах ба  хэтэрсэн хугацааны хүү  нь  гэрээний үүргээ  зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэгт бөгөөд зээлдэгчээс  авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд үндсэн хүү дээр нэмж төлүүлэх хүүг нэмэгдүүлсэн хүү гэж ойлгох байна.

 

10. Нэхэмжлэгч Г” ББСБ-аас хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардахдаа   зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш бодогдсон  хүүд 53,333,997 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9,342,073 төгрөг тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул бүхэлд нь хангах боломжгүй.

 

Учир нь зээлдэгч Б.А 7,097,749 төгрөг төлснөөс зээлдүүлэгчээс үндсэн зээлд 1,583,000  төгрөг, зээлийн хүүд 4,253,696 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,261,053 төгрөг суутган тооцсон байх тул  үндсэн хүү 341,699 төгрөг  үлдсэн ба нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүү 4,595,395 төгрөгийн хорин хувиас хэтрэхгүй байхаар  /919,079 / тооцох атал  9,342,073 төгрөг шаардсан мөн зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул хугацаа хэтрүүлсэн  хүү төлөх үүрэгтэй хэдий ч  хугацаа дууссанаас хойш бодогдсон  хүүд 53,333,997 төгрөг төлөхгүй байна.

11.Шүүхээс хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул хугацаа хэтрүүлсэн  хүүг зээлийн гэрээний хугацаа дууссан 2015.10.08-ны өдрөөс  нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлсэн 2018.05.09-ны өдөр хүртэл бодохдоо хэргийн 22-р талд “зээл төлөлтийн дансны хуулга” гэсэн баримтын тооцоололд үндэслэхэд  үндсэн зээлийн үлдэгдэл 18,417,000 төгрөг, хэтрүүлсэн хугацааны хүүд 20,970,827 төгрөг, үндсэн зээлийн хүүний үлдэгдэлд 341,699 төгрөг, / 4,595,395 төгрөгөөс төлсөн 4,253,696 төгрөгийг хасахад 341.699 үлдэв/, нийт 39,729,526 төгрөгийг хариуцагч Б.А гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 Харин  нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн хүүг  үндсэн зээлийн хүү 4,595,395 төгрөгийн хорин хувиас хэтрэхгүй байхаар  тооцох атал  9,342,073 төгрөг шаардаж хууль зөрчсөн тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. /нэмэгдүүлсэн хүүд 1,261,053 төгрөг төлөгдсөн/

12. Нэхэмжлэгчээс гэрээний хугацаа дууссанаас хойш 2018 оны 05 дугаар сарын 09-нд шаардах эрхээ хэрэгжүүлэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд үндсэн зээл 18,417,000 төгрөг,  зээлийн хүүд 33,501,957 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,375,810 төгрөг, бусад зардалд 19,500 төгрөг, нийт 57,314267 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүгчийн 2018.05.16-ны өдрийн 102/ШЗ2018/07191 дугаар захирамжаар “хариуцагчийн хаяг тодорхойгүй “ гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, тус шүүхийн 2018.08.20-ны өдрийн 102/ШШ2018/02623 дугаар шийдвэрээр Б.А эрэн сурвалжилж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр  шийдвэр, захирамж байна.   /хх 24-27/

           Үүнийг үндэслээд нэхэмжлэгч талаас нотариатын үйлчилгээний төлбөрт 35,500 төгрөг,  хариуцагчийг  эрэн сурвалжлуулах хүсэлтийг  шүүхэд гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70,200 төгрөг, нийт 105.700 төгрөгийн зардал гаргасан гэж  шаарджээ.

         13.  Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгчГ” ХХК-аас  дээр дурдсан зардал гарсан болох нь  хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, энэ 105,700 төгрөгийн зардал гарсан нь хариуцагч Б.А зээлийн гэрээний үүргээ  хуулийн хугацаанд төлж барагдуулаагүйн улмаас нэхэмжлэгчээс  шаардах эрхээ хэрэгжүүлэх явцад гарсан  зардал байх тул  хариуцагч талын            шүүхээр хэрэг маргаан шийдүүлэх нь тухайн байгууллагын шийдэх асуудал, тэрнээс биш Б.А шалтгаалж байгаа асуудал биш  гэсэн тайлбар үндэслэлгүй байна. / хх 24-28/

14.  Ингээд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас   зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 18,417,000 төгрөг, үндсэн зээлийн хүүний үлдэгдэлд 341,699 төгрөг, хэтрүүлсэн хугацааны хүүд 20,970,827 төгрөг, бусад зардалд  105.700 төгрөг  нийт  39,835,226 төгрөгийг хариуцагч Б.А гаргуулан  нэхэмжлэгчГ” ХХК-д олгоод нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  41,363,544  төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

  Хариуцагч талаас  өөрсдийн шаардлага ба татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзэв

Барьцаа хөрөнгийн талаар:

           1.Хариуцагч Б.А  нэхэмжлэгчГ” ХХК-тай  2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ЗБ-О102140043 дугаартай “ Зээлийн барьцааны гэрээ” байгуулан зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн  1111111111 тоот хаягт байрлах  60,8 м.кв талбайтай Ү-1111111тоот бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж, зээлийг  эргэн төлөлтийн  хуваарийн дагуу төлөхөөр  харилцан тохиролцсон болох нь тогтоогдсон, талууд  тус гэрээний талаар  маргаагүй байна. / хх 13-23/ 

         Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг  Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1,156.2-д заасан заалтыг зөрчөөгүй хүчин төгөлдөр гэрээ гэж шүүх үзжээ.        

         Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “ Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана” гэж,

          энэ хуулийн169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт ”Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч  үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу  хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй “ гэж   тус тус заажээ.

 

         2. Иймд хариуцагч  Б.А зээлийн төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд  барьцаа хөрөнгө болох түүний  өмчлөлийн  1111111111 тоот хаягт байрлах  60,8 м.кв талбайтай Ү-1111111тоот бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр  үүргийн гүйцэтгэлийн хангуулах нь зүйтэй.

             Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт  зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд  хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй  талаас үнэлж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

  Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:   

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар  нэхэмжлэгчээс   улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 634,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,  хариуцагч  Б.А нэхэмжлэлийн шаардлагаар хангасан хэмжээгээд тооцоод улсын тэмдэгтийн хураамжид 357,126 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г” ХХК-д олгов.

            

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

        1.Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А 39.835.226 төгрөг / гучин есөн сая найман зуун гучин таван мянга хоёр зуун хорин зургаа/ гаргуулж нэхэмжлэгч “Г” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41.363.544 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ань төлбөрөө сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан барьцаа хөрөнгө болох 1111тоот хаягт байрлах 60,8 м.кв талбайтай, Ү-1111111дугаартай үйлчилгээний зориулалтай  үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн   улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 634,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.А  улсын тэмдэгтийн хураамжид  357,126 төгрөгийг нэхэмжлэгч “ Г”  ББСБ ХХК-д олгосугай.

 

  4.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

    

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОЮУНЖАРГАЛ