Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01079

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01079

 

 

Г.К.П ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2022/00842 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г.К.П ББСБ ХХК хариуцагч Б.Ад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 81,093,070 төгрөг, бусад зардалд 105,700 төгрөг нийт 81,198,770 гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнасан, Ж.Лхагважаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Г.К.П ББСБ ХХК болон Б.А нарын хооронд 2014 оны 09 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5% хувийн үндсэн хүүтэйгээр эргэн төлөх нөхцөлтэй, эргэлтийн хөрөнгө зориулалтаар зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаа болгож Б.А нь 2014 оны 09 дугаар сарын 08-ны өдрийн ЗБО102140043 дугаартай Барьцааны гэрээ байгуулан түүний өмчлөлийн дараах эд хөрөнгийг барьцаалсан. Үүнд: Дархан-Уул Дархан 10-р баг, 5 хороолол 380-р байрны 65 тоот хаягт байршилтай, 60,8 м.кв талбайтай Ү-2003003502 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт ЗБ-О102140043 дугаартай Барьцааны гэрээг 2014 оны 09-р сарын 08-ны өдөр Улсын бүртгэгчийн 29/1-27 дугаар тамгаар баталгаажуулан Г.К.П ББСБ ХХК-ийн барьцаанд бүртгэснийг баталгаажуулсан. Зээлийн гэрээний 2.3-т заасан Зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үндсэн зээлээ төлөөгүй тохиолдолд хуваарь зөрчсөн үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүү тооцох ба гэрээний хугацаа дууссан эцсийн өдрөөс эхлэн үндсэн зээлийн төлөгдөөгүй нийт өрийн үлдэгдлээс зээл төлөгдөж суутал үндсэн хүүг 1.2.1-д зааснаар, нэмэгдүүлсэн хүүг 1.2.6-д заасан хувиар тус тус тооцож авна. Зээлдэгч үндсэн зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 222.5 болон 452.2-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэг хүлээсэн... Б.А нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 7,097,749 төгрөг төлсөн. Үүнээс үндсэн зээлд 1,583,000 төгрөг, зээлийн хүүд 4,253,696 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,261,053 төгрөг төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч нь зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй тул 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч 102/Ш32018/07191 тоот захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2018/02623 тоот шийдвэрээр хариуцагчийн эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоож баримтжуулахыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасан. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 26ё 1-1/7178 албан тоотоор хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоосон тул шүүхэд энэхүү нэхэмжлэлийг дахин гаргаж байна. Үндсэн зээл 18,417,000 төгрөг, зээлийн хүү 53,333,997 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,342,073 төгрөг, нотариатын төлбөр 35,500 төгрөг, эрэн сурвалжилж төлсөн 70,200 төгрөг нийт 81,198,770 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 634,150 төгрөгийн хамт Б.Ааас гаргуулж, зээлийн өрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд зээлийн барьцааны гэрээний 2.1 дэх заалтад заасны дагуу доорх барьцаа хөрөнгө болох Ү-2003003502 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Зээлийн гэрээний харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд тодорхой зааж өгсөн. Банк болон банк бус санхүүгийн байгууллага тусдаа хуультай. Мөнгөн хадгаламжийн зээл төлбөр тооцоо нь тусгай хуулиар зохицуулагддаг. Иймээс хүү зогсох ёсгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээ нь 2014 онд байгуулагдаад 2015 онд хугацаа дууссан. Энэ хугацаанд гэрээгээр нийт 24,595,935 төгрөгийг төлж дуусгасан байх ёстой. Гэтэл Банк болон банк бус санхүүгийн байгууллага нь гэрээ байгуулахдаа тухайн харилцагч Б.Аын эрх ашгийг ноцтой зөрчсөн зээлийн гэрээ байгуулсан. Хугацаа дууссан ч хүү нь явж байгаа гэдэг байдлаар ойлгуулсан. Гэтэл Иргэний хуульд тухайн зээлийн гэрээний хүүг заавал бичгээр тохиролцсон байх шаардлага тавьж байгаа. 2017 оноос хойш зээлээ төлөх боломжгүй байсан. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлээс хөнгөлөлтэй хүү 24,000,000 төгрөг гэсэн нь 3,5 хувийн хүү гэж зээл авсан. Үүний дагуу бид төлөлтөө хийж байсан. Үүгээр бодохоор зээлийн хугацаа дуусахад 24,595,395 төгрөг төлөх ёстой. Нэхэмжлэгч нь манай төлөлт хийж байсан баримт авчирсан бөгөөд бид 7,097,750 төгрөг төлсөн. Төлөх ёстой нийт зээлээсээ хасахаар 17,497,646 төгрөг болж байгаа бөгөөд энэ үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ааас 39,835,226 төгрөг / гучин есөн сая найман зуун гучин таван мянга хоёр зуун хорин зургаа/ гаргуулж нэхэмжлэгч Г.К.П ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41,363,544 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А нь төлбөрөө сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймгийн Дархан 10-р баг, 5 дугаар хороолол 380-р байрны 65 тоот хаягт байрлах 60,8 м.кв талбайтай, Ү-2003003502 дугаартай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 634,150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 357,126 төгрөгийг нэхэмжлэгч Г.К.П ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Шүүхээс дээрх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 451.1, 451.2-т зааснаар шууд дүгнэжээ. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан Зээлийн гэрээ-ний дагуу нийт 81,198,770 төгрөгийн гэрээний үүрэг биелүүлэх шаардлага гаргасан. Хариуцагчийн зүгээс тухайн зээлийн гэрээний үндсэн төлбөрийг буцаан төлөх тал дээр ямарваа нэгэн байдлаар маргаагүй. Харин шүүхээс энэ нэхэмжлэлд дурьдаад байгаа нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох зээлийн хүүгийн хэт их байдал, нэмэгдүүлсэн хүүгийн хэт их байдал, мөн нэхэмжлэгчийн сайн дураараа гаргасан шүүхэд төлсөн баримт зэргийг нэг бүрчлэн, тал талаас нь дүгнэж шийдвэр гаргаагүйд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маш их гомдолтой байна. Шүүхийн шийдвэрээс харахад хариуцагч авсан зээлнээсээ 7 сая орчим төгрөг төлчихөөд байхад үлдэгдэл төлбөрөөсөө 3 дахин их төлбөр төлж байгаа нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх зарчим, шүүхээр хамгаалуулах зарчмыг ноцтой зөрчсөн. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 Зээлдэгч авсан зээлээ хагцаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан хэдий ч шүүхээс хэт өндөр тогтоогдож байгай хүүг нарийн судалж үзэлгүйгээр өнгөц байдлаар хандсан байгаа юм. Учир нь хариуцагчаас Газар капитал ББСБ ХХК-д тус мөнгийг төлөх боломжгүйгээгээ илэрхийлээд байхад нэхэмжлэлээ гаргалгүйгээр даруй 3 жил өнгөрөөж, мөнгө хүүлсээр байсан нь тухайн мөнгийг төлөх оролдлого хийж байсан хариуагчид хүнд тусаж, тухайн мөнгийн төлж чадахгүй хэмжээнд очсон байна. Газар капитал ББСБ ХХК нь Б.А нь зээлээ төлж чадахгүй байгааг мэдээд, төлөх тодорхой хугацаа өгсөн эхний шатанд шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болох байсан ч шаардах эрхээ хожим хэрэгжүүлсэн нь өнөөдрийн дааж давшгүй өр төлбөрт Б. Азжаргалыг унагаад байна. Гэтэл шүүх миний гаргасан тайлбарыг үл хэрэгсэж, Газар капитал ББСБ нь шаардах эрхээ хожим хэрэгжүүлж, зээлийн төлбөрөө шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй байхыг дүгнэлгүйгээр, мөнгө ихээр хүүлсэн эсэхийг дүгнэлгүйгээр дээрх шийдвэрийг гаргасан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзэж болохоор байна.

4.б. Мөн ИХШХШтХ-ийн 38 дугаар зүйлийн 38.1, 44 дүгээр зүйлийн 44.1 гэх заалтуудыг харгалзалгүйгээр бусад зардал гэсэн 105,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдлыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч гомдолдоо 3 дахин их хэмжээний мөнгө гаргуулахаар шийдсэн мэт тайлбарласан байна. Тусгай зөвшөөрлийн хүрээнд банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу, нэхэмжлэлээ хугацаандаа гаргасан. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс тухайн нэхэмжлэлийг 40,000,000 гаруй төгрөгөөр багасгаад хуулийн хүрээнд зөв шийдсэн гэж үзэж байна. Анхан шатын шүүхийн шйидвэрт хариуцагчаас 3 дахин их хэмжээний хүртэлх хувийн хүү гаргуулахаар заагаагүй. Мөн мөнгө хүүлсэн, 3 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа мэт агуулгыг гомдолдоо гаргасан байна. Нэхэмжлэлдээ бид тодорхой бичсэн. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 08-нд дууссан. 2018 оны 05 дугаар сарын 08-нд анхны нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр 2018 оны 08 дугаар сарын 20-нд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн хүний хаягийг тогтоолгож эрэн сурвалжлуухаар 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүсэлт гаргаж, Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн албан тоотоор тухайн хүний хаягийг тогтоож, оршин суугаа мэдээллийг өгсөн. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг тухайн хүний оршин суугаа хаяг тодорхойгүй тул харьяаллын дагуу нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагч гомдолдоо банк бус санхүүгийн байгуулгыг мөнгө хүүлж байгаа мэтээр буруу тайлбар гаргасан байна. Зээлийн гэрээн дээр зөвхөн манайх зээлийн гэрээгээ цуцлах буюу нөгөө талаас мөн зээлийн гэрээгээ цуцлаад шүүхэд нэхэмжлэлд гаргах эрх нь нээлттэй байсан буюу хариуцагч эрхээ мэдэж байж манай байгуулгыг үүргээ хэрэгжүүлээгүй мэт урвуулан ашигласан гэж үзсэн хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Г.К.П ББСБ ХХК нь хариуцагч Б.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 81,093,070 төгрөг, бусад зардалд 105,700 төгрөг, нийт 81,198,770 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч 17,497,646 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Г.К.П ББСБ ХХК нь Б.Атай 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ЗГ-О102140043, ЗБ-О102140043 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын үндсэн хүү 5 хувь, хөнгөлөлттэй хүү 3,5 хувь, нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувийн нөхцөлтэйгээр зээлүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх-1-3, 15-23/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байна.

4.а. Нэхэмжлэгч компани нь хариуцагч Б.Ааас үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүд 53,333,997 төгрөгийг шаардсан. Зээлийн гэрээний 1.2.1-д зээлийн үндсэн хүү 5 хувь, 1.2.2-д хөнгөлөлттэй зээлийн хүү 3,5 хувь байхаар тус тус заажээ. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ хүүтэй байж болно.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ бөгөөд 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт Стандарт нөхцлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасан.

Иймд хариуцагч Б.Ааас зээлийн хүүг нэг сарын 3,5 хувиар тооцож зээлийн гэрээний хугацаа буюу 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны хүүд 8,400,000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

4.б. Нэхэмжлэгч компани хэтэрсэн хугцаааны хүү шаардах эрхгүй байна. Гэрээний 2.3, 1.2.1-д хэтэрсэн хугацааны хүүг 5 хувь байхаар заажээ. Иргэний хуулийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 он/ 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрүүлэлгүйгээр гэрээнд заах үүрэгтэй. Талуудын хоорондын гэрээнд заагдсан хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээ үндсэн хүүгийн хэмжээнээс хэтэрсэн байх тул нэхэмжлэгч нь энэхүү хүүг шаардах эрх үүсээгүй.

 

4.в. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 он/ 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээгээр гэрээнд заах учиртай. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.2.6, 2.3-т зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг сарын 1 хувь гэж тогтоосон нь үндсэн хүүгийн 20 хувиас хэтэрсэн байна.

 

4.г. Талуудын гэрээнд заасан хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ хуульд заасан хязгаараас давсан байгаа тохиолдолд шүүх уг заалтыг хуульд нийцүүлэх байдлаар гэрээнд зааснаас өөрөөр тодорхойлох эрхийг хуулиар олгоогүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэрээний заалтад үндэслэн хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүү гаргуулах боломжгүй.

 

Иймээс хариуцагч Б.Ааас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 8,400,000 төгрөг нийт 28,400,000 төгрөгийн үүрэг үүссэнээс хариуцагчийн төлсөн 7,097,749 төгрөгийг хасч, 21,302,251 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.К.П ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 59,896,519 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад хамааралгүй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсгийг үндэслэсэн нь буруу байна. Учир нь талуудын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүрэгтэй холбоотой тусгай харилцаа үүссэн байх тул хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх шаардлагатай.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2022/00842 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын 39,835,226 төгрөг /гучин есөн сая найман зуун гучин таван мянга хоёр зуун хорин зургаа/ гэснийг 21,302,251 төгрөг /хорин нэгэн сая гурван зуун хоёр мянга хоёр зуун тавин нэгэн төгрөг/ гэж, 41,363,544 гэснийг 59,896,519 гэж, 3 дахь заалтын 357,126 гэснийг 264,462 гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 265,041 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

 

Д.БЯМБАСҮРЭН