Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 143/ШШ2022/00120

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Р.Уранчимэг, Б.Отгонсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Э

Хариуцагч: Э.Б

2 010 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл, хариуцагч Э.*******, иргэдийн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* гэх хүн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гудамжны өмнөх засмал дээр эргэх үйлдэл буруу хийж төв замаар явж байсан мотоцикль мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухайн зам тээврийн ослын улмаас Г.******* миний мотоцикльд 1 920 000 төгрөгийн хохирол учирсан. Тухайн замын осолд ******* аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас зөрчлийн хэрэг нээж шалгаад, Э.*******гийн буруутай үйлдлийн улмаас осол гарсан болохыг тогтоож, хуулийн дагуу зохих торгуулийн арга хэмжээг нь авч иргэн надад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулахыг даалгасан боловч Э.******* нь одоог хүртэл хохирол төлбөр төлж барагдуулахгүй байгаа тул тухайн ослын улмаас учирсан хохирол төлбөрийн үнэлгээгээр тогтоогдсон мотоциклын хохирол болох 1 920 000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний компаниар хохирол төлбөрийн үнэлгээ хийлгэсэн төлбөр болох 90 000 төгрөг, нийт 2 010 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн зам тээврийн ослыг гаргасан Э.*******гаас бол эд мөнгөөр, хүүхдийн эрүүл мэндээр хохирсон байгаа учраас энэ нэхэмжлэлийг гаргасан. Хүүхдийн эмчилгээний зардал гэж би нэхээгүй. Хүүхдийн гэмтэл бол гар, бугуйгаараа гэмтсэн. 28 хоног гипстэй байсан. Би эмчилгээний зардал гэж илүү дутуу зүйл нэхээгүй. Энэ зам тээврийн ослоос болж би хоёр талаараа хохирсон. Нэг тал нь эд хөрөнгөөрөө хохирмооргүй байна гэж энэ нэхэмжлэлийг гаргасан. Энэ ослыг гаргахад зам тээврийн цагдаа нар очиход ******* байцаагч очоод 100 хувь приус машины буруу гэж тэгж байсан. Хариуцагч өөрөө ч мэдэж байгаа. Үүнийг шийдвэрлэсний дараа ******* байцаагч бид хоёрыг хоёуланг нь дуудаж өрөөндөө оруулж байгаад энэ хохирлыг төлөх ёстой гэж хариуцагчид хэлсэн. Тэгээд одоо болтол миний хохирлыг барагдуулаагүй байгаа учраас энэ нэхэмжлэлийг гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Хариуцагч Э.******* нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчлийг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн. Мөн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөн эхлэхдээ бусад оролцогчдод зам тавьж өгнө гэсэн үүргүүдийг биелүүлээгүйн улмаас зам тээврийн осол гарсан байгаа. Энэ ослын улмаас манай үйлчлүүлэгчийн эд хөрөнгөд 1 920 000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Энэ хохирлын үнэлгээний төлбөр 90 000 төгрөг. Нийт 2 010 000 төгрөгийн хохирол манай үйлчлүүлэгчид учирсан байгаа. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилсан. Энэ хохирлыг манай үйлчлүүлэгч мөнгөн хэлбэрээр нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Тийм учраас эдгээр хуулийн зохицуулалтыг үндэслээд тухайн зөрчлийг гаргасан гэм буруутай Э.*******гаас энэ хохирол төлбөрийг нэхэмжилж байгаа юм гэв.

Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.******* нь Э.******* надаас 2 010 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэлд бичигдсэн шиг би машинаараа нэхэмжлэгчийн мотоцикль унаж явсан хүүхдийг мөргөөгүй. Харин би эргэх ёсгүй хэсэгт эргэх үед нэхэмжлэгчийн хүү мотоцикльтой ирж мөргөсөн. Уг осолд замын хөдөлгөөний дүрмийн дагуу хэн хэн маань буруутай гэх агуулгатай шинжээчийн дүгнэлт гарч байсан.

Г.*******ы мотоцикльд 1 920 000 төгрөгийн хохирол үүссэ, миний машинд 728 000 төгрөгийн хохирол учирсан.

Насанд хүрээгүй хүүхдэд мотоцикль унаж явах боломж олгосон нь осол, хохирол үүсэхэд нөлөөлсөн.

Хэн хэндээ учирсан хохирлыг өөрсдөө хариуцан арилгах ёстой гэж бодож байна. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ер нь бол 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр осол гарахад би эргэх ёсгүй газар буцаж эргээд тэр осол гарсан. Тэгээд ахлагч ирээд приусны буруу байна гээд хэлсэн. Нэхэмжлэл гаргасан Г.******* гэдэг хүний хүүхэд Э.******* тэр үед мотог барьж явж байсан. ******* ахлагч Э.*******ээс чи хэдэн настай вэ? гэхэд 14 настай гэсэн. Тэгээд насанд хүрээгүй хүүхдэд жолоо шилжүүлж болохгүй гээд цагдаагаас хэн хэн нь буруутай гэж шийдвэрлэсэн. Шүүх шинжилгээний хариу нь бас хэн хэн нь ямар ч бэртэлгүй гэж гарсан. Би яагаад татгалзаж байгаа вэ гэхээр хэн хэн нь буруутай гээд цагдаагаас тогтоосон. Насанд хүрээгүй хүүхдэд жолоо барих эрх өгсний улмаас энэ осол гарсан гэж үзээд татгалзсан байгаа гэв.

Иргэдийн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ерөнхийдөө хоёр талын саналыг сонслоо. Нэхэмжлэгч талыг дүгнэхэд насанд хүрээгүй хүүхдийг ямар ч анхаарал болгоомжгүй, хамгаалалтын хувцас, хэрэглэлгүй өндөр мотоциклыг эзэмшүүлж байгаа нь асран хамгаалагчийн зүгээс анхаарал муу тавьсан байна гэж үзэж байна. Сая бичлэгийг харахад хариуцагч Э.******* дохиогоо өгөөд эргэсэн байсан. Нэлээн эргээд орсон байхад хүүхэд өөрөө хүрч ирээд шууд дайрчихаж байна. Тэр зүйлийг бас сайн ажиглах хэрэгтэй байх гэж бодож байна. Машиных нь өмнүүр нь орж байгаа биш машиных нь хэвлий рүү дайрч байгаа тэр хэсэг нь хүүхэд өөрөө маш анхаарал болгоомжгүй, хурд хэтрүүлж явсан байна гэж миний хувьд үзэж байна. Тэгэхээр талууд хоорондоо тохиролцоод, хэн хэнийхээ саналыг сонсоод энэхүү маргаанаа шийдвэрлэх байх гэж миний хувьд бодож байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан Г.*******ы нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, автотмашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний хуулбар, хариуцагчийн хариу тайлбар, -ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 427 дугаартай тайлан, зөрчлийн талаар амаар болон холбооо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, холбогдогчийн мэдүүлэг, 00025221 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар, 0002392 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар, шинжээч томилж шинижлгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 241 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын хуулбар, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 245 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар, эрх бүхий албан тушаалтны магадлагааны хуулбар, CD бичлэг зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г.******* нь Э.*******д холбогдуулж гэм хорын хохирол 2.010.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Г.******* нь ... замын осолд ******* аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас зөрчлийн хэрэг нээж шалгаад, Э.*******гийн буруутай үйлдлийн улмаас осол гарсан болохыг тогтоож, хуулийн дагуу зохих торгуулийн арга хэмжээг нь авч иргэн надад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулахыг даалгасан боловч Э.******* нь одоог хүртэл хохирол төлбөр төлж барагдуулахгүй байгаа тул тухайн ослын улмаас учирсан хохирол төлбөрийн үнэлгээгээр тогтоогдсон мотоциклын хохирол болох 1 920 000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний компаниар хохирол төлбөрийн үнэлгээ хийлгэсэн төлбөр болох 90 000 төгрөг, нийт 2 010 000 төгрөгийг гаргуулна ... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж,

Хариуцагч Э.******* нь ... Би яагаад татгалзаж байгаа вэ гэхээр хэн хэн нь буруутай гээд цагдаагаас тогтоосон. Насанд хүрээгүй хүүхдэд жолоо барих эрх өгсний улмаас энэ осол гарсан гэж үзээд татгалзсан байгаа... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагч Э.******* нь улсын дугаартай Toyota prius маркийн автомашин жолоодож явахдаа 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цаг 22 минутанд ******* аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* дэлгүүрийн зогсоолоос зүүн тийш эргэх үйлдэл хийх явцад улсын дугааргүй Kwasiki маркийн мотоцикльтой мөргөлдсөн үйл баримт нь талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Уг зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Г.*******ы мотоцикльд учирсан гэм хорыг хариуцагч Э.******* хариуцан арилгах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хариуцагч Э.*******гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчиж, зөрчил гаргасан хариуцагчийн болгоомжгүй үйлдлээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд хохирол учруулсан шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл / эс үйлдэхүй/- ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байна.

Хариуцагч Э.*******гийн жолоодож явсан улсын дугаартай Toyota prius маркийн автомашины өмчлөгч өөр этгээд болох нь түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан миний жолоодож явсан тээврийн хэрэгсэл манай ээжийн өмчлөлийнх, би өөрөө хамтран эзэмшигчээр явдаг, гэрчилгээ нь ээжийн нэр дээр байдаг гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Монгол Улсад бүртгэлтэй аж ахуй нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авсанаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш 1 сарын дотор бүртгүүлдэг, бүртгэлийн байгууллага тээврийн хэрэгсэлийг бүртгэж, гэрчилгээ олгодог ба тээврийн хэрэгсэлийн улсын бүртгэл нь гэм хор хүлээх этгээдийг шууд тодорхойлох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна гэж заасан ба хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл тээврийн хэрэгслийг байнга буюу түр хугацаагаар өөрийн эзэмшилдээ байлгаж хөдөлгөөнд оруулж, ашиглаж байгаа этгээд эзэмшигч байх ба тээврийн хэрэгсэлийг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй нь түүнийг эзэмшигч биш гэж үзэх үндэслэл болохгүй байна. Түүнчлэн хариуцагчийн автомашиныг 2020 оноос хойш, би өөрөө одоо ч гэсэн унаж л байгаа, ээжтэйгээ тусдаа амьдардаг, ээж маань өөр тээврийн хэрэгсэл ашигладаг, би унаж ашиглах эрхтэй, бүртгэлийг нь хийлгээгүй гэсэн тайлбар гаргасан нь хариуцагч тээврийн хэрэгсэлийг ашиглах явцад бусдын эд хөрөнгө эвдэрч гэмтсэн тохиолдолд гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Иймд -ийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 509 дугаартай тайлангийн эд анги солих 200.000 төгрөгийн зардлыг гаргаагүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан мотоциклио задлаад 2 000 000 төгрөгөнд зарсан гэсэн тайлбараар нотлогдож байх тул хохирлын үнэлгээ 1 720 000 төгрөг + үнэлгээ гаргуулахад төлсөн хөлс 90 000 төгрөг = 1 810 000 төгрөгнөөс нэхэмжлэгч насанд хүрээгүй хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгосон нь гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байдлыг харгалзан Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг 50 хувь багасгаж 905 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэдийн төлөөлөгч Б.******* нь ...Нэхэмжлэгч талыг дүгнэхэд насанд хүрээгүй хүүхдийг ямар ч анхаарал болгоомжгүй, хамгаалалтын хувцас, хэрэглэлгүй өндөр мотоциклыг эзэмшүүлж байгаа нь асран хамгаалагчийн зүгээс анхаарал муу тавьсан байна гэж үзэж байна. Сая бичлэгийг харахад хариуцагч Э.******* дохиогоо өгөөд эргэсэн байсан. Нэлээн эргээд орсон байхад хүүхэд өөрөө хүрч ирээд шууд дайрчихаж байна. Тэр зүйлийг бас сайн ажиглах хэрэгтэй байх гэж бодож байна. Машиных нь өмнүүр нь орж байгаа биш машиных нь хэвлий рүү дайрч байгаа тэр хэсэг нь хүүхэд өөрөө маш анхаарал болгоомжгүй, хурд хэтрүүлж явсан байна гэж миний хувьд үзэж байна... гэсэн дүгнэлт гаргасан ба шүүх дээрхи дүгнэлтийг харгалзан хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг багасгаж шийдвэрлэсэн тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499.1, 510.1, 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.*******гаас 905 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 1 105 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47 110 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******гаас 26 270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Л.УГТАХБАЯР

                ШҮҮГЧ                         Р.УРАНЧИМЭГ

                                                        Б.ОТГОНСҮРЭН