Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 203/МА2022/00015

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 22 өдөр Дугаар 203/МА2022/00015 Даланзадгад сум

 

*******ы нэхэмжлэлтэй, *******д

холбогдох иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2022/00120 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Гэм хорын хохиролд 2,010,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгч *******, хариуцагч *******гийн өмгөөлөгч Б.Энхбат нарын давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага:

Эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 2,010,000 төгрөг гаргуулах

1.б. нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарын агуулга:

******* гэх хүн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багийн нутаг, Хан-Уулын 11 дүгээр гудамжны өмнөх засмал дээр эргэх үйлдэл буруу хийж төв замаар явж байсан мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухайн зам тээврийн ослын улмаас ******* миний мотоцикльд 1 920 000 төгрөгийн хохирол учирсан.

Тухайн замын осолд Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас зөрчлийн хэрэг нээж шалгаад, *******гийн буруутай үйлдлийн улмаас осол гарсан болохыг тогтоож, хуулийн дагуу зохих торгуулийн арга хэмжээг нь авч иргэн надад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулахыг даалгасан боловч ******* нь одоог хүртэл хохирол төлбөр төлж барагдуулахгүй байгаа тул тухайн ослын улмаас учирсан хохирол төлбөрийн үнэлгээгээр тогтоогдсон мотоциклийн хохирол болох 1 920 000 төгрөг, хөрөнгийн үнэлгээний компаниар хохирол төлбөрийн үнэлгээ хийлгэсэн төлбөр болох 90 000 төгрөг, нийт 2 010 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2.    Хариуцагч *******гийн татгалзал, татгалзлын үндэслэл агуулга

Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд бичигдсэн шиг би машинаараа нэхэмжлэгчийн мотоцикль унаж явсан хүүхдийг мөргөөгүй. Харин би эргэх ёсгүй хэсэгт эргэх үед нэхэмжлэгчийн хүү мотоцикльтой ирж мөргөсөн. Уг осолд замын хөдөлгөөний дүрмийн дагуу хэн хэн маань буруутай гэх агуулгатай шинжээчийн дүгнэлт гарч байсан.

*******ы мотоциклд 1 920 000 төгрөгийн хохирол үүссэн, миний машинд 728 000 төгрөгийн хохирол учирсан. Насанд хүрээгүй хүүхдэд мотоцикль унаж явах боломж олгосон нь осол, хохирол үүсэхэд нөлөөлсөн. Хэн хэндээ учирсан хохирлыг өөрсдөө хариуцан арилгах ёстой гэж бодож байна. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499.1, 510.1, 514.1-д зааснаар хариуцагч *******гаас 905000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 1 105 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47110 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 26 270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч *******ы давж заалдах журмаар гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Зам тээврийн осол гарахад нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж хохирол төлбөрийг 50 хувь багасгаж шийдвэрлэсэнд гомдолтой.

******* эргэх үйлдэл буруу хийж осол гаргаагүй бол миний хөрөнгөнд ийм хохирол гарахгүй байсан. Анх тухайн осолд орсон мотоциклийг миний бие 2019 онд 8000000 төгрөгөөр худалдан авч байсан.

Эвдрэл гэмтлийг нь засварлах гэхээр 4 сая орчим төгрөгийн зардал гарахаар байгаа, үнэлгээгээр 1920000 төгрөгийн хохирол төлбөр гарсан энэ нь эвдрэл гэмтлийг нь засварлахад хаана нь ч хүрэхээргүй байсан.

Гэтэл шүүхээс үнэлгээгээр тогтоогдсон хохирол төлбөрийг 50 хувь багасгаж *******гаас гаргуулж шийдвэрлэж байгаа нь маш их хохиролтой байна.

Хэдийгээр тухайн зам тээврийн осол гарах үед миний бие насанд хүрээгүй хүүхдэд жолоо шилжүүлсэн буруутай үйлдэл байгаа ч ******* нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй бол тухайн осол гарахгүй байх боломжтой байсан. Иймээс эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж хохирол төлбөрийг 50 хувь багасгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, *******гаас гаргуулах хохирлын хэмжээг нэмэгдүүлж өгнө үү гэв.

5. Хариуцагч *******гийн өмгөөлөгч Б.Энхбатын давж заалдах журмаар гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Энэ үед тухайн зам дээр улсын дугааргүй мотоцикль жолоодож явсан 14 настай Э.Билгүүн нь Замын хөдөлгөөний тухай хуулийн 12.3, 3.7 дахь хэсэгт заасныг зөрчсөний улмаас *******гийн унаж явсан машиныг мөргөсөн зам тээврийн осол болсон.

Мотоцикльд учирсан гэх 1,920,000 төгрөгийн хохирол, уг хохирлыг үнэлсэн шинжээчийн ажлын зардал 90,000 төгрөгийг хэн нь хэрхэн хариуцах талаар саналын зөрүү гарч маргаан үүссэн.

Эрх бүхий албан тушаалтны магадлагаанд зааснаас үзвэл нэхэмжлэгч ******* өөрөө Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж насанд хүрээгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлснээс хохирол үүссэн тул өөрт ногдох хэсгийг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 155000 төгрөгийг хариуцагч хүлээнэ. Шүүхээс тогтоосон төлбөрийн зөрүү 750000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

6. Хариуцагч *******гаас давж заалдах гомдолтой танилцаад тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу *******ы нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбат нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж үзлээ.

2. ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 2,010,00.0 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ *******г тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа эргэх үйлдэл буруу хийж замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргасны улмаас эд хөрөнгөнд хохирол учирсан гэх агуулгаар тайлбарласан байна.

3. Хариуцагч ******* нь шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, осолд замын хөдөлгөөний дүрмийн дагуу хэн хэн маань буруутай гэсэн дүгнэлт гарсан, насанд хүрээгүй хүүхдэд мотоцикль унаж явах зөвшөөрөл олгосон нь осол хохирол гарахад нөлөөлсөн, хохирлоо өөрсдөө хариуцан арилгах ёстой гэх агуулгаар маргасан байна.

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

5. Хэргийн 22-52 дугаар хуудсанд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар авагдсан зам тээврийн ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, холбогдогч нараас авсан мэдүүлгийн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтаны гаргасан үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон тогтоол, уг тогтоолын дагуу гарсан үнэлгээний тайлан зэрэг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар, хуулбар үнэн гэх тэмдэг дарагдсан бичмэл баримтуудыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд үнэлсэн нь учир дутагдалтай болжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заажээ. Иймд хуулийн зорилго, зохицуулалтаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журам түүнчлэн шүүхэд үйл баримтын талаар нотлох эрх этгээдийн эрх хэмжээ өөр өөр тогтоогдсон гэж үзнэ.

Дээрх баримтуудаас 34, 35 дугаар хуудсанд авагдсан баримт нь энгийн нүдээр уншигдах боломжгүйгээс гадна зарим баримтад дарагдсан тэмдэг тод биш байх ба шүүх эдгээр баримтуудад авагдсан мэдээллийн талаар зохигчдыг мэтгэлцээгүйгээс гадна баримтуудыг хооронд нь хэрхэн харьцуулан үнэлсэн нь, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг шүүхийн шийдвэр болгосон үндэслэл нь тодорхойгүй.

Зохигчид тухайн бичмэл нотлох баримтад авагдсан мэдээллийн талаар маргасан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх нь шаардлага, татгалзлаа нотолсон нотлох баримт гаргах зохигчдын нотолгооны үүргийг тодорхойлохоос гадна тухайн маргааныг шийдвэрлэхэд холбогдох хуулийн зохицуулалтыг үндэслэлтэй хэрэглэх боломж бүрдэх тул дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулах боломжгүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй байна гэж үзэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

6. Хэргийн бодит байдлын талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгөн хөрөнгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2022/00120 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Голомт банкин дахь МТА татвар, 1165117377 дугаартай харилцах дансанд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбатын 22550 /хорин хоёр мянга таван зуун тавь/, *******ы 47110 /дөчин долоон мянга нэг зуун арав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

Л.НЯМДОРЖ