Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 86

 

А.Б-, М.О-, С.О-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2020/0042/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                     Б.Батсүх

Шүүгдэгч                                      А.Б-

Шүүгдэгчдийн  өмгөөлөгч           Б.Чинбаатар, Ө.Өлзиймаа

                                                      Г.Должинсүрэн /онлайнаар/

Цагаатгагдсан этгээдийн

өмгөөлөгч                                     Д.Энхцэцэг/ онлайнаар/

Нарийн бичгийн дарга                 Чойном нарыг оролцуулан хийж

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолтой, А-гийн Б-, М-ын О-, С-ын О- нарт холбогдох, 1818000990538  дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч А.Б-, шүүгдэгч М.О-ын өмгөөлөгч Г.Должинсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд нь 2011 онд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2.т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан., ********** регистрийн дугаартай Т- овогт А-гийн Б-.,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй,  ********** регистрийн дугаартай, Х- овогт М-ын О-.,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Х- овогт С-ын О-.

1./Шүүгдэгч А.Б- нь Дархан-уул аймгийн “Залуучууд” театрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаар тушаалаар биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй С.О-ыг Дархан-уул аймгийн “Залуучууд” театрт цахилгааны инженер албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй С.О-ын нэрийг цагийн баланст нэмж оруулан 3.352.709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон.,

- 2017 оны 3 дугаар сард иргэн Д.О-аар тус байгууллагын төгөлдөр хуурыг хөглүүлж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 37 дугаар тушаал гаргаж, Д.О-ыг Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт концертмэйстрийн албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй Д.О-ын нэрийг цагийн баланст нэмж оруулан 541.221 төгрөгийн цалин олгон 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан.,

- 2017 оны 12 дугаар сард иргэн Х.Х-ын “М-” хамтлагийг тус байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцуулж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 131 дугаар тушаал гаргаж, Х.Х-, Б.М- нарыг Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын хөгжимчин албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй Х.Х-, Б.М- нарын нэрийг цагийн баланст нэмж оруулан нийт 1.191.944 төгрөгийн цалин олгож төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан.,

2/ Шүүгдэгч М.О- нь Дархан-уул аймгийн “Залуучууд” театрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа шүүгдэгч А.Б-ийн дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

3./ Шүүгдэгч С.О- нь шүүгдэгч А.Б-ийн дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.т зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Т- овогт А-гийн Б-, Х- овогт М-ын О-, Х- овогт С-ын О- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х- овогт С-ын О-ыг цагаатгаж,

Шүүгдэгч Т- овогт А-гийн Б-, Х- овогт М-ын О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1.т заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1.т зааснаар шүүгдэгч А.Б-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1.т зааснаар шүүгдэгч М.О-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч А.Б-эд оногдуулсан 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч М.О-т оногдуулсан 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй оргох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч А.Б-, М.О- нараас тус бүр 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргаж Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд олгох,

Шүүгдэгч нар нь хохирол төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол С.О-ад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, А.Б-, М.О- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэлдээ:

            Анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр прокурорын эсэргүүцэл гаргаж байна.

            Шийтгэх тогтоолд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.д заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг гэдэг нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэм буруутай үйлдлийг ойлгоно. Шүүгдэгч А.Б- нь ажил олгогчийн хувьд өөрийн байгууллагад ажилтан томилох, чөлөөлөх, цалинтай болон цалингүй чөлөө олгох эрхтэй бөгөөд С.О-ын хүсэлтийг үндэслэн түүнийг “Залуучууд театр”-т цахилгааны инженерээр томилсон,

            цалинтай чөлөө олгосон, ажлаас чөлөөлсөн үйлдлийг хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн, хийх ёсгүй үйлдэл хийсэн, бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгах боломжгүй юм. Түүнчлэн А.Б-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй тул шүүгдэгч М.О-, С.О- нарыг А.Б-ийн үйлдсэн гэмт хэргийг дэмжиж хамтран оролцсон гэж үзэхгүй.” гэж дүгнээд шүүгдэгч А.Б-, М.О- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.О-ыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан нь шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэт нэг талыг барьсан, явцуу дүгнэлт гаргасан гэж үзэж байна.

            Хавтаст хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, улсын байцаагчийн акт, шинжээчийн дүгнэлт, болон Залуучууд театрын даргын тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зэрэг бичгийн нотлох баримтуудаар Залуучууд театрын дарга А.Б- нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, С.О-ад давуу байдал олгох субьектив санаа зорилгоор түүнийг цахилгааны инженерийн ажлын байранд ажиллуулахгүйгээр хий цалин өгч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, С.О- нь анхнаасаа тус байгууллагад ажиллах хүсэл тэмүүлэл, зорилго байгаагүй, тус байгууллагад ажиллахгүйгээр хий цалин авч өөртөө давуу байдал бий болгох субьектив санаа зорилгоор А.Б-ийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, мөн нягтлан бодогч М.О- нь С.О-ад давуу байдал бий болгох зорилгоор А.Б-ийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн болох нь тогтоогдсон байна. Тухайлбал:

            Дархан-Уул аймгийн “Залуучууд театр”-ын даргын ажлын байрны тодорхойлолтын 1 дүгээр үндсэн зорилтод “...Төсөвт хөрөнгийн зарцуулалтыг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах,

            Дархан-Уул аймгийн “Залуучууд театр”-ын цахилгааны инженерийн ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлага хэсэгт цахилгааны инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан, төрийн албаны болон тухайн ажлыг хийх дадлага туршлагатай байх,

            Дархан-Уул аймгийн “Залуучууд театр”ын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт "... Ажилтны амьдрал ахуйд тохиолдсон хүндэтгэн үзэх шалтгаантай онцгой үйл явдал, гачигдалтай байдал, эрүүл мэндийн байдал, томилгооны онцлог, ажилтны хувийн өргөдөл, удирдах албан тушаалтны саналыг үндэслэн, ажил мэргэжлийн онцлогийг харгалзан Театрын захиргаа нэг удаа 1-3 сарын цалинтай, түүнээс дээш сарын цалингүй чөлөө олгож болно.

            7.2.т Удирдах албан тушаалтнууд ажилтанд чөлөө олгосон тухайгаа заавал шат дараалан мэдэгдсэн байна. Урьдчилан мэдэгдээгүйгээс үүдэн байгууллагад хохирол учирвал чөлөө олгосон албан тушаалтанд хариуцлага тооцно”,

            7.3.т Ажлын цагийн бүртгэл /хуудас/ цахим бүртгэл нь тухайн ажилтанд цалин хөлс олгох болон сахилгын шийтгэл ногдуулах баримт болно гэж тус тус заасан байна.

            Дархан-Уул аймгийн “Залуучууд театр”-ын дарга А.Б- нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай тушаалаар биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй С.О-ыг Дархан-Уул аймгийн Залуучууд театрт цахилгааны инженер албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй С.О-ын нэрийг цагийн баланст нэмж оруулан 3.352.709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг.

            Дээрх хугацаанд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр буюу ажилд томилох тушаал гарснаас хойш 2 хоногийн дараа С.О- нь "... Хонконг улсад зохиогдох Жудо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэл хангагчаар оролцох тул 3 сарын цалинтай чөлөө олгоно уу” гэж, мөн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “...Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын бэлтгэл цугларалтад гарах хүсэлтэй байгаа тул 2 сарын цалинтай чөлөө олгоно уу” гэж тус тус хүсэлт гаргасан байна.

            Гэтэл 2017 онд С.О-ын дээр 2 удаагийн хүсэлтийг шийдвэрлэсэн даргын тушаал гараагүйн зэрэгцээ 6 сарын хугацаанд цалинтай чөлөө олгож байгаа асуудал нь Дархан-Уул аймгийн Залуучууд театрын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт “... Ажилтны амьдрал ахуйд тохиолдсон хүндэтгэн үзэх шалтгаантай онцгой үйл явдал, гачигдалтай байдал, эрүүл мэндийн байдал, томилгооны онцлог, ажилтны хувийн өргөдөл, удирдах албан тушаалтны саналыг үндэслэн, ажил мэргэжлийн онцлогийг харгалзан Театрын захиргаа нэг удаа 1-3 сарын цалинтай, түүнээс дээш сарын цалингүй чөлөө олгож болно.” гэх заалтыг зөрчсөн шийдвэр гаргасан байна.

            Дүгнэн үзэхэд “Залуучууд театр”-ын дарга А.Б- нь ажил олгогчийн хувьд өөрийн байгууллагад ажилтан томилох, чөлөөлөх, цалинтай болон цалингүй чөлөө олгох эрхтэй.

            Гэвч А.Б-ийн дээрх үйлдэл нь наанаа тодорхой хөдөлмөрийн харилцааг зохицуулсан ажилд томилох, чөлөөлөх тушаал зэргийг гаргаж байгаа мэт боловч анхнаасаа тус байгууллагад цахилгааны инженерээр ажиллах субьектив санаа зорилгогүй, хий цалин авч, өөртөө давуу байдал бий болгох субьектив санаа зорилгыг агуулсан С.О-ын үйл хэргийг гүйцэлдүүлсэн шийдвэрийг гаргаж байгаагаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжийг агуулж байна.

            Дээрх нөхцөл байдлыг нотолсон бичгийн нотлох баримтуудыг шүүх хэрхэн үнэлж, хэрхэн үгүйсгэсэн, няцаасан үндэслэл, үүнийг нотолж буй баримтын талаар тогтоолд тодорхой, ойлгомжтой байдлаар тусгаагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.5-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

            Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор эсэргүүцлээ дэмжин оролцох болно гэжээ.

Шүүгдэгч А.Б- давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрч, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1.т заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би төсвийн хөрөнгийг өөрийн эрх ашгийн төлөө захиран зарцуулаагүй театрын эрх ашгийн төлөө захиран зарцуулсан.

Би гэмт хэрэг үйлдээгүй. Иймд шүүгдэгч А.Б- намайг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1.т зааснаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцож гомдол гаргасан үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлана гэжээ.

Шүүгдэгч М.О-ын өмгөөлөгч Г.Должинсүрэн давж заалдах гомдолдоо:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 .д  энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно., мөн зүйлийн 2.т  Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно., 2.2 дугаар зүйлийн 1.д   Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана, мөн зүйлийн 2.3 дугаар зүйлийн 2.т  Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно., 3.5 дугаар зүйлийн 1.д  Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ., гэж тус тус заасан.

Дээрх хуулийн заалтуудаас үзвэл эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг нь 1-т Нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийгдсэн байх, 2-т Уг үйлдлийн улмаас хохирол учирсан байх, 3-рт уг үйлдлээ хүсэж үйлдсэн буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж үйлдсэн, мөн хамжигч нь гүйцэтгэгчид урьдчилан амласан байж тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, гэм буруутайд тооцохоор заасан байна.

Прокуророос А.Б-, М.О- нарт яллах дүгнэлт үйлдэхдээ Монгол Улсын сангийн яамны Улсын ахлах байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06, мөн өдрийн 23-02-18/07 дугаар бүхий актад үндэслэн тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд аливаа хууль бус үйлдэл, үйл ажиллагаа нь Иргэний хэрэг, Эрүүгийн хэрэг, Захиргааны хэрэг, Зөрчлийн хэрэг гэсэн 4 төрөлд хуваагдах бөгөөд нэг үйлдэл, үйл ажиллагаа нь энэхүү 4 төрлийн 2-т зэрэг багтах боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг нь Захиргааны хэрэг, Иргэний хэрэг, Зөрчлийн хэргээс ялгагдах онцлог нь Нийгэмд аюултай үйлдэл хэмээх гол шинжээрээ ялгагдах бөгөөд А.Б-, М.О-ын хувьд Нийгэмд аюултай үйлдэл хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1.д Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана., гэж заасан.

Прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон Монгол Улсын сангийн яамны улсын ахлах байцаагчийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 23-02-18/06, мөн өдрийн 23-02-18/07 дугаар бүхий актыг болон М.О-ын үйлдлийг Захиргааны хэргийн 3 шатны шүүх үнэлж, дүгнэсэн бөгөөд энэхүү актын улмаас учирсан хохирлыг мөн 3 шатны шүүхээс тодорхойлж, уг шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, хаагдсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг өөр ямар ч шүүх ахиж үнэлж, дүгнэх боломжгүй бөгөөд Захиргааны хэрэг гэж үзэн, 3 шатны шүүхээс М.О-ын буруутай үйлдлийг тодорхойлж, түүнд захиргааны хариуцлага тооцож, тодорхой төлбөр тогтоосон үйл баримтыг ахин ямар ч шүүх үнэлж дүгнэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд 5уюу яллах дүгнэлтийн хүрээд энэхүү асуудлыг шийдвэрлэх эрхтэй бөгөөд анхан шатны шүүхийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд уг хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүхээс М.О-ыг эрүүгийн хуулийн  3.5 дугаар зүйлийн 1.т заасан Гэмт хэргийн хамжигч гэж үзсэн бөгөөд хамжигчийн эрүүгийн хэргийн бусад оролцогчоос ялгагдах гол шинж нь ...Гэмт хэрэг санаатай үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, мөн гүйцэтгэгчид /урьдчилсан амласан... байх шинжийг Эрүүгийн хуульд шаардаж байгаа гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар М.О-ыг А.Б-ийн үйлдэлд урьдчилан амласан шинж тогтоогдоогүй бөгөөд өөрөөр хэлбэл нотлогдоогүй бол цагаатгах зарчмыг анхан шатны шүүх баримтлах ёстой байсан.

Гэтэл энэ шинж агуулагдаагүй, нотлогдоогүй байхад М.О-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд уг хэргийг бүхэлд нь хянаж Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолын зарим хэсгийн Эрүүгийн хуулийн  22.8 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг гэм буруутайд тооцсон хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

        Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.О-ын өмгөөлөгч Г.Должинсүрэн тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч гэмт хэрэгт хамтран оролцоогүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар А.Б-тэй урьдчилан үгсэж тохиролцсон үйл баримт тогтоогддоггүй. Захиргааны хэргийн шүүхээс гаргасан дүгнэлтээр шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэв.     

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Б- тайлбартаа:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1.т зааснаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Түүний үйлдлүүд нь гэмт хэргийн шинжгүй. Байгууллагынхаа ажил үйлчилгээний төлөө хийсэн үйлдлийнхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:

Миний үйлчлүүлэгчийн гаргасан үйлдэл нь санхүүгийн зөрчил гэж үзэж байгаа. Хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас ийм үйлдэл хийсэн байх гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 1.2., 1.3.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд С.О-ын өмгөөлөгч Д.Энхцэцэг тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн Прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч А.Б-, шүүгдэгч М.О-ын өмгөөлөгч Г.Должинсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шийтгэх тогтоолыг болон   хэргийн бүх ажиллагааг хянаж үзвэл :

- Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч А.Б-ийг Дархан-уул аймгийн “Залуучууд” театрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаар тушаалаар биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй С.О-ыг Дархан-уул аймгийн “Залуучууд” театрт цахилгааны инженер албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй С.О-ын нэрийг цагийн баланст нэмж оруулан 3.352.709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт  хэрэгт.,

-  2017 оны 3 дугаар сард иргэн Д.О-аар тус байгууллагын төгөлдөр хуурыг хөглүүлж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 37 дугаар тушаал гаргаж, Д.О-ыг Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт концерт мэйстрийн албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй Д.О-ын нэрийг цагийн баланст нэмж оруулан 541.221 төгрөгийн цалин олгон 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан.,

-2017 оны 12 дугаар сард иргэн Х.Х-ын “М-” хамтлагийг тус байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцуулж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 131 дугаар тушаал гаргаж, Х.Х-, Б.М- нарыг Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын хөгжимчин албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй Х.Х-, Б.М- нарын нэрийг цагийн баланст нэмж оруулан нийт 1.191.944 төгрөгийн цалин олгож төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан., гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан .

-Шүүгдэгч  М.О-ыг  нь  Дархан-уул аймгийн “Залуучууд” театрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа шүүгдэгч А.Б-ийн дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1., 22.8 дугаар зүйлийн 1.1.д заасан гэмт хэрэгт.,

- Шүүгдэгч С.О-ыг биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй цахилгаанчны  мэргэжилгүй атлаа шүүгдэгч А.Б-ийн 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаар тушаалаар  “Залуучууд” театрт цахилгааны инженер албан тушаалд томилогдож тус байгууллагад ажиллалгүйгээр цагийн баланст нэрээ оруулан 3.352.709 төгрөгийн цалин авч, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 72 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээгээ цуцалж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт  хэрэгт дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт  хэрэгт тус тус холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.т зааснаар Прокуророос А.Б-, М.О-, С.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийг хэрэгсэхгүй болгож,  С.О-ыг цагаатгаж, шүүгдэгч А.Б-,  М.О- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1.т заасан төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан мөн  хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1.т зааснаар шүүгдэгч А.Б-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1.т зааснаар шүүгдэгч М.О-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, ялыг хуульд заасан журмын дагуу хэсэгчлэн төлөхөөр тогтоожээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, болсон үйл баримтаас үзвэл  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийг  зөрчсөн байна.  Үүнд :

1./  Шүүх  шүүгдэгч А.Б-ийг театрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 2 дугаар сарын 06-ны 19 дугаар тушаалаар биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй С.О-ыг театрт цахилгааны инженер албан тушаалд томилж  түүнийг тус байгууллагад ажиллаагүй байхад нэрийг нь цагийн баланст нэмж оруулан 3.352.709 төгрөгийн цалин олгоод 2017 оны 8 дугаар сарын 22-нд 72 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон нягтлан бодогч М.О-ыг дээрх үйлдэлд хамтран оролцсон  гэсэн үйлдлийг

 ....А.Б- нь театрын дарга бөгөөд түүнийг Засаг даргын 2015-9-18-ны өдрийн Б/31 дугаар захирамжаар театрын даргаар шүүгдэгч М.О-ыг ерөнхий нягтлан бодогчоор театрын даргын / А.Б-ийн / 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 36 дугаар тушаалаар томилсон., Авлигын эсрэг хуулийн 4.1.2.т заасан энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь тэдний  ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ,  гэрчүүдийн мэдүүлэг,улсын байцаагчийн  акт зэргээр тогтоогдсон бөгөөд тэрээр тушаал гаргаж биеийн тамирын багш С.О-ыг цахилгааны инженерээр томилж, түүнийг  театрт ажиллуулалгүйгээр 3.020.459 төгрөгийн цалин олгож, ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэлд 322,250.49 төлсөн болох нь Аудитын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019- 01-04-ны 12 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар  нотлогдсон ., /1-р хх-ийн 5-27., 2-р хх-ийн 167-213.,  167-213., 3-р хх-ийн 90-96., 118-119-р хуудас /

“ ...Гэвч театрын дарга А.Б- нь ажил олгогчийн хувьд өөрийн байгууллагад ажилтан томилох, чөлөөлөх, цалинтай болон цалингүй чөлөө олгох эрхтэй бөгөөд С.О-ын хүсэлтийг үндэслэн түүнийг театрт цахилгааны инженерээр томилсон, цалинтай чөлөө олгосон, ажлаас чөлөөлсөн үйлдлийг хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн, хийх ёсгүй үйлдэл хийсэн, бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгах боломжгүй..., гэсэн дүгнэлт хийж  хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг  буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл “Залуучууд Театр” нь улсын төсвөөс санхүүждэг төсвийн байгууллага бөгөөд нийтийн албан тушаалтан, байгууллагын дарга, захирал эрх бүхий этгээд  нь аливаа тушаал, захирамж гаргаж, ажил албан тушаалд томилох, чөлөөлөх,  эрхтэй боловч  энэ  эрх нь  Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэх., мөн  төрөөс олгосон эрх хэмжээний хүрээнд, зөвшөөрөгдсөн, тогтоосон төсөв, орон тоо, цалингийн сан, төсвийн зарцуулалт зэргийг хуульд заасан үндэслэл журмын захиран зарцуулах, олгогдсон албаны  эрх мэдлээ хэтрүүлэн бусдад давуу байдал бий болгохгүй байх хуулийг зөрчжээ.

Мөн шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохдоо хавтаст хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хуулж бичсэн бөгөөд тэдгээрээс аль нотлох баримт хуулийн шаардлага хангасан., ямар нотлох баримт болон хэний мэдүүлэг  ямар нотлох баримтаар нотлогдож байгаа эсхүл үгүйсгэгдэж байгаа талаар ямар ч  хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй,  түүнчлэн улсын яллагчаас шүүгдэгч нарыг  буруутгаж байгаа нотлох баримт, үйл баримтыг няцааж, үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулгыг заагаагүй байна.

2./Болсон үйл баримтаас үзвэл шүүгдэгч А.Б-  театрын  дарга, М.О- театрын ерөнхий нягтлан бодогч, С.О- нь биеийн тамирын багш бөгөөд С.О-  А.Б-ээр тушаал гаргуулан театрт цахилгааны инженерийн албан тушаалд томилогдсон боловч  энэ ажлыг хийгээгүй, цагийн баланст нэрээ оруулж, цалин авсан буюу  улсын төсвийн хөрөнгөөс авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “...нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа, урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон...” гэмт хэргийн шинжийг агуулсан эсэх, тэрээр энэ хэргийн субъект мөн эсэхэд  хууль зүйн  дүгнэлт хийгээгүй..,

3./ Мөн хэргээс үзэхэд шүүгдэгч М.О- нь гэмт хэрэг гарахад дэмжлэг үзүүлээгүй, гэмт хэрэгт  оролцоогүй  талаар мэдүүлж байсан бөгөөд түүний өмгөөлөгч   Г.Должинсүрэн энэ талаар тодорхой үндэслэл зааж  давж заалдах гомдол гаргаснаас  үзвэл шүүгдэгч А.Б-, М.О- нар үгсэн тохирч, санаа нэгдэн гэмт хэрэг үйлдсэн эсэх, тэдний  гэмт хэрэг үйлдсэн арга хэлбэр,  оролцсон,  хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг шүүгдэгч тус бүрийн үйлдлээр, хэрвээ гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тогтоогоогүй байна. 

4./ Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй С.О-ыг Дархан-уул аймгийн “Залуучууд” театрт цахилгааны инженер албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй байхад нь түүний нэрийг цагийн баланст оруулан 3.352.709 төгрөгийн цалин олгосон үйлдлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан.,  Д.О-ыг  Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт концерт мэйстрийн албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй Д.О-ын нэрийг цагийн баланст нэмж оруулан 541.221 төгрөгийн цалин олгосон үйлдэл, Х.Х-, Б.М- нарыг Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын хөгжимчин албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй Х.Х-, Б.М- нарын нэрийг цагийн баланст нэмж оруулан нийт 1.191.944 төгрөгийн цалин олгосон  үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1.т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүх ямар үндэслэлээр  зүйлчлэлийг зөв гэж үзсэн, мөн Эрүүгийн хуульд заасан ямар шинжээр хорондоо ялгаатай болох талаар дүгнэлт хийгээгүй.

Дээрх 3 үйлдлийн хувьд эрх бүхий этгээд нь тус байгууллагад ажиллаагүй  3 хүнийг ажилд авсан мэтээр тушаал гаргасан., тэднийг ажил хийгээгүй байхад нь нэрийг нь цагийн баланст оруулж, төсвөөс цалин олгож төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар  зарцуулсан  талаарх үйл баримтууд  тогтоогдсон.,  эдгээр нь  шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг зүйлчлэх шинж бөгөөд харин  ...Х.Х-, Б.М-, Д.О- нар театраас авлагатай байсан нь... хэргийн зүйлчлэлд нөлөөлөх эсэх талаар үндэслэл бүхий  дүгнэлт хийх нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл анхан шатны шүүх хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг бүрэн дүүрэн  үнэлж чадаагүй, энэ талаар  хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэрэгт чухал хамааралтай байж болох зарим үйл баримтыг дүгнээгүй, шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдал байгааг анхаарч үзэлгүй орхигдуулж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх  тул  шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Харин гэмт хэрэг нотлогдож,  тогтоогдсон эсэх, хэргийн зүйлчлэлийн  талаар болон шүүгдэгч нар гэм буруутай эсэх талаар  ямар нэг дүгнэлт, тайлбар  хийх  боломжгүй байх тул шүүгдэгч А.Б-, шүүгдэгч М.О-ын өмгөөлөгч Г.Должинсүрэн нарын гаргасан  ....хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тухай... давж заалдах гомдолд дүгнэлт өгөх боломжгүй  байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1.,  1.2., 39.6 дугаар  1.2.,  39.7 дугаар зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Б-, М.О-, С.О- нарт холбогдох, 1818000990538 дугаартай,  5 хавтастай, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.Б-, М.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, С.О-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгдэгч А.Б-, шүүгдэгч М.О-ын өмгөөлөгч Г.Должинсүрэн  нарын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

                                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.МАНЛАЙБААТАР

                                                                     ШҮҮГЧИД                           Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                 Ц.ТУЯА